Гоо сайханд сарны хуанли нөлөөлөх нь

ddddАрьсаа зөв арчилж эрүүл, залуу, гоо байдалд нь буцаан оруулахын тулд Сарны хөдөлгөөнийг  ажиглаж,  түүнийг тэнгэрийн хаана нь байрлаж байгаатай уялдуулан арчилж байх хэрэгтэй юм. Гоо сайхны бүтээгдхүүнүүдийг илүү үр дүнтэйгээр хэрэглэхийн тулд энэ тухай мэдлэгтэй байвал зүйтэй.

Гоо сайханд нөлөөлөх сарны байрлал:
Арван тавны сараас шинэ сар хүртэлх (сар багасах) хугацаанд аливаа согогыг арилгахад үр дүн сайтай, учир нь сар “хасагдаж” байгаа үед аливаа юмыг өөрөөсөө хасах – арилгах үйлдлийг хийхэд сайн байдаг: хар цагаан батга, сэвх, толбо гэх зэрэг танд тээр болж байгаа согогууд болон целлюлиттэй тэмцэхэд ч сайн үр дүн гарна. Энэ өдрүүдэд таны арьс цэвэрших тэмүүлэлтэй болсон байна. Шинийн нэгнээс шинийн арван таван буюу сар томрох (нэмэгдэх) хугацаанд биедээ аливаа юмыг нэмэх, шингээх зэрэгт тохиромжтой байдаг тул арьсаа ашигтай бодисуудаар тэжээхэд сайн. Чийгшүүлэгч болон тэжээлийн тос, маскийг арьс тань талархалтайгаар хүлээн авч, тэднээс хамгийн их ашиг хүртэж чадна.

Сарны хуанли ба хоолны дэглэм:
Хэрэв та турахыг хүсч байгаа бол, сар багасах үед хоолны дэглэм баривал бусад үед барьснаас хоёр дахин илүү үр дүнтэй байх болно.

Сарны хуанли ба хумс:
Хумсаа арчилж, маникюр, педикюр хийхэд сарны хуанлигаар хамгийн тохиромжтой үе бол Баасан гарагуудад нар шингэснээс хойших үе бөгөөд хэрэв Баасан гараг дээр нэмээд сар Матарын ордод байрлаж байвал бүр илүү сайн. Маникюрыг сар Загасны ордод байрлаж байхад хийсний хэрэггүй гэж зөвлөдөг. Гоо сайхны болон ер нь өөр ямар нэгэн мэс засал хийлгэх болсон тохиолдолд өөрийн зурхайн ордны зөвлөмжийг харж тооцоолох хэрэгтэй бөгөөд мэс заслыг сар багасч байгаа үед хийлгэвэл үр дүн сайтай байдаг.

Сарны хуанли ба биеэ шарах:
Хэрэв та тэнгисийн эргээр зугаалж, наранд биеэ шарахаар төлөвлөж байгаа бол сар багасч байгаа үеийг сонговол дээр бөгөөд энэ нь бусад хугацааг бодвол аюул багатай байх болно.

Сар Хонины ордод байрлах үе: Хонины орд нь хүний толгойн хэсгийг хариуцдаг учир энэ үед нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийлгэж болохгүй. Нүүрний гүн цэвэрлэгээ хийлгэх, үү авахуулах, хумс засуулах гэх зэрэг зөвхөн гадна арчилгаанууд л зөвшөөрөгдөнө. Чихээ цоолуулах, хөмсөг сормуусаа будуулахгүй байхыг зөвлөж байна. Энэ үед, толгойд хуйхны массаж хийлгэх, тусгай коллаген агуулсан эмульс хэрэглэн үсээ янзлуулах зэрэг ч үр дүнгүй өнгөрнө. Үсэндээ хими хийлгэх, үсээ будуулах зэрэг асуудал бүр ч байж болохгүй. Энэ үед, организм бүхэлдээ хүчилтөрөгчийн хурц дутагдалд ордог тул массаж хийлгэх, биеээ нүцгэлж амьсгалуулах зэргээр өөрийгөө сэргээж байх нь чухал. Саунд орж ч болно.

Сар Үхрийн ордод байрлах үе: Энэ бол толгойн арьс хуйхыг эрүүлжүүлэх, бууралтсан үсээ будахад гайхамшигтай тохирдог үе юм. Гэдэс, өгзөг, гуян дээрх өөхийг соруулах, авахуулах зэрэг гоо сайхны янз бүрийн асуудлуудыг шийдэж болно. Үсээ цайвар өнгөөр будуулах, хөмсөгөө засуулах, үсэндээ сор тавиулах зэрэгт сайн. Арьс, эд эсэнд гүнзгий үйлчлэл үзүүлэх зориулалттай нүүр арчилагааний үйлчилгээнүүд сайн үр дүн үзүүлнэ. Тиймээс маск тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлэх хэрэгтэй. Тоснуудаас, биоидэвхит хольцуудтай тослог ихтэй тоснууд хамгийн тохиромжтой.

Сар Ихрийн ордод байрлах үе: Энэ үед гелэн болон бусад хиймэл хумс хийлгэх, үсээ тайруулах, будуулах зэрэг үйлдлүүд хийхгүй байхыг зөвлөж байна. Сарны энэ байрлал нь богино хугацаагаар мацаг барих болон организм цэвэрлэх үйл ажиллагаа, нүүрний булчингийн дасгал хийх зэрэгт сайнаар нөлөөлнө. Саунд суух, бассейнд явах зэрэг усан арчилгаа мөн сайн нөлөө үзүүлнэ. Сар багасах үед шаардлагатай бол эрүүнийхээ хэлбэрийг засч болох юм. Сар Ихрийн ордод байрлаж байх үед арьсыг залуужуулахад чиглэсэн арчилгаанууд хамгийн үр дүнтэй байна. Гоо сайхны бүтээгдхүүнүүдээс хөнгөн, хурдан шингэдэг, чийгшүүлэгч, тэжээлийн тоснууд хамгийн тохиромжтой.

Сар Мэлхийн ордод байрлах үе: Мэлхийн ордод байрлан сар багасч байгаа үе нь нүүрэнд гоо сайхны мэс засал хийлгэхэд хамгийн тохиромжтой хугацаа юм. Энэ өдрүүдэд мөн дотрын болон шүдний эмчид үзүүлэхэд сайн үе. Гоо сайхны бүтээгдхүүнүүдээс зөвхөн зөөлнийг нь хэрэглээрэй. Энэ үед хийсэн цээж, хүзүүний арчилгаа хүсэн хүлээсэн үр дүнг авчрахгүй. Хөхөндөө гоо сайхны хагалгаа хийлгэхийг бас хориглоно. Үсээ тайруулахгүй байхыг зөвлөж байна. Сарны энэ байрлал нь богино хугацаагаар мацаг барих болон организмаа цэвэрлэх үйл ажиллагаа, нүүрний булчингийн дасгал хийх зэрэгт сайнаар нөлөөлнө. Арьсыг залуужуулах арчилгаанууд мөн үр дүнтэй байх болно.

Сар Арслангийн ордод байрлах үе: Энэ хугацаа нь эрүүний хэлбэрийг засах, хүзүү хоолойн илүүдэл давхарга, үрчлээг арилгахад тохиромжтой үе. Энэ хугацаанд ууранд суух болон нүүрний гүн цэвэрлэгээнээс татгалзах нь зүйтэй. Мөн мэнгэ, үү авахуулах, чихээ цоолуулж хэрэггүй. Харин залуужуулах арчилгаа хийх, үрчлээтэй тэмцэхэд хамгийн гайхамшигтай үе юм. Мөн идэвхитэй өөрийгөө төгс төгөлдөржүүлэх, гадаад төрхөндөө уран бүтээлчээр хандах, хувцасныхаа өнгийг эргэж нэг харах, нүүрэндээ маск тавьж, нүүрний шинэ будалт туршихад хамгийн тохиромжтой хугацаа. Нүүрэндээ тэжээллэг, витаминлаг маскийг заавал тавьж эрхлүүлээрэй.

Сар Охины ордод байрлах үе: Энэ бол үсээ засуулах, маникюр, педикюр хийлгэж, хумс хийлгэхэд хамгийн сайхан үе. Хөлөндөө янз бүрийн арчилгаа хийлгэхэд (эвэр авахуулах, эмчилгээний ванн хийлгэх) мөн л тохиромжтой цаг. Арьс арчилгааны бүтээгдхүүнүүдээ: гоо сайхны сүүн шингэнээс авахуулаад тэжээлийн тоснуудаа ч гэсэн нэр төрлийг нь олшруулж болно. Хэрэв таны арьс хэт мэдрэмтгий бол энэ л үед гоо сайхны шинэ бүтээгдхүүнийг турших хэрэгтэй. Гоо сайханчаас зөвлөгөө авч, арьс арчилгааны шинэ хөтөлбөр боловсруулахад энэ хугацаа мөн хамгийн тохиромжтой.

Сар Жинлүүрийн ордод байрлах үе: Жинлүүрийн ордод байрлах сар багасах үе нь нүүр, хүзүүнд гоо сайхны мэс засал хийлгэх, гэмтсэн хөмсөг сормуусаа сэргээх, шүдний эмчид очиход хамгийн сайхан хугацаа юм. Нүдний дасгал, нурууны уян байдлын дасгал, бүтэн биеийн массаж хийлгэхэд маш үр дүнтэй. Бидний арьс, эфирийн тосны сайхан үнэрээр баяжсан бүх ашигтай бодисуудыг маш тааламжтайгаар хүлээн авна. Ийм маск, тосыг та өөрөө бэлтгэх ёстой, яагаад гэвэл бэлэн болсон бүтээгдхүүн дээр эфирийн тосыг нэмж хийж болдоггүй. Үүнийг санаж яваарай. Сар жинлүүрийн ордонд байгаа үед эмэгтэйчүүдийн өнгө мэдрэх чадамж өндөр байдаг тул хувцасныхаа өнгийг сайхан зохицуулж өмсөн сэтгэл санаагаа өргөх боломжтой. Цэнхэр тэнгэр рүүгээ, ургах шингэх нар руу аль болох дахин дахин харахыг хичээгээрэй, ингэснээр зөвхөн сэтгэлээ хөглөөд зогсохгүй, нүдэнд тань бяцхан дасгал болох тул мэлмий юугаа баясгах болно.
Сар Хилэнцийн ордод байрлах үе: Энэ үед массаж хийлгэх болон тосоор биеэ арчуулах нь үр дүнтэй. Усан арчилгаануудыг аль болох багасгаж, нүүрээ усаар угаахын оронд гоо сайхны бүтээгдхүүн хэрэглээрэй. Гормонтой тос, түрхлэгүүд хэрэглэж эхлэх гэж байгаа бол түр азнаарай. Сар Хилэнцийн ордод байрлах үед хүзүү, цээжний хэсэгт гоо сайхны зөөлөн арчилгаа хийхэд тохиромжтой. Хүзүү, цээжний хэсэгт халуун, хүйтэн жин ээлжлэн тавих, халуун хүйтэн ээлжилсэн шүршүүрт орох нь стресс тайлах сайн үйлчилгээ үзүүлнэ.

Сар Нумын ордод байрлах үе: Энэ үе бол целлюлиттэй тэмцэхэд, ялангуяа сар багасч байгаа үетэй таарвал хамгийн тохиромжтой үе юм. Энэ үед асуудалтай байгаа цэгүүд дээрээ өөрөө массаж хийсэн ч эерэг үйлчлэл үзүүлнэ. Целлюлитийн эсрэг массаж хийхдээ кофеин, теофиллин, цахиурын нэгдлүүд, А витамин, янз бүрийн ферментүүд, эфирийн тос найрлаганд нь орсон тоснуудыг хэрэглээрэй. Гуяны хэсэгт гоо сайхны болон бусад мэс засал хийлгэж болохгүй. Гоо сайхны бүтээгдхүүн хэрэглэхдээ зөгийн бал, өндөгний шар, оливийн тос зэрэг байгалийн бүтээгдхүүнүүд найрлаганд нь орсон “эмээ”-гийн гоо сайхны бүтээгдхүүнийг хэрэглэх нь үр дүнтэй.

Сар Матарын ордод байрлах үе: Гоо сайхны мэс засал хийлгэхээс бусад арьс арчилгааны үйлчилгээнд маш сайн тохирно. Матарын ордод байрлах сар гэрийн ч, мэргэжлийн ч гоо сайхны арчилгаануудад сайн нөлөө үзүүлнэ. Хэрэв та бага зэргийн эвгүй зүйлүүдээсээ (үү, сэвх толбо, шивээс, сорви гэх зэрэг) салахыг хүсч байвал сар Матарын ордод байрлан, багасч байгаа үеийг сонгох хэрэгтэй бол сар нэмэгдэх үед арьсаа тэжээллэг, чийгшүүлэгч, витаминлаг бодисуудаар хангаж өгөхийг эрхэмлээрэй. Арьсны бүтцийг сайжруулж, залуужуулах арчилгаанууд ч энд үр дүнтэй байна. Сарны энэ байрлал нь маникюр, педикюр хийхэд мөн сайн нөлөө үзүүлнэ.

Сар Хумхын ордод байрлах үе: Энэ бол гар болон хөлөндөө массаж, маникюр педикюр хийлгэхэд сайхан үе. Хөлийн арьсны үрэвсэл, хагарал зэргийг эмчлэхэд амжилттай болно. Үсээ сорлох, шүдний эмчид очиход тохиромжтой. Стрессийн эсрэг маскууд, нүүрэнд зориулсан түрхлэгүүд, тайвшруулах үйлчилгээтэй ургамлын хандууд, А, С, Е витаминууд, гоо сайхны маск хэлбэрт оруулсан жүржийн үр, мөн цахиур найрлаганд нь орсон тоснууд нь мэдэгдэхүйц үр дүн авчирна. Мөн ямар ч чийгшүүлэх арчилгаа нь арьсны уян хатан чанарыг хадгалахад тусална. Энэ үед хийгдсэн гоо сайхны мэс заслуудын ихэнхи нь эерэг үр дүнтэй байж чадахгүй.

Сар Загасны ордод байрлах үе: Сарны энэ байрлалд бидний арьс, бүх организм маш их мэдрэмтгий болдог учир гоо сайхны ямар ч мэс засал хийлгэхгүй байх хэрэгтэй. Энэ үеийг хөлний тавхайн хавтгайрал, судас өргөсөх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх байдлаар ашиглавал үр дүнтэй. Хөлөндөө, хөлний тавхайндаа дасгал, массаж хийх нь маш үр дүнтэй байна. Ийм дасгал, массажуудыг шүршүүрт болон ваннд орсны дараа, булчингаа суларсан үед хийх нь зүйтэй. Хэт мэдрэмтгий арьстай бол гоо сайхны шинэ бүтээгдхүүн өнөө маргаашдаа бүү туршаарай. Сар Загасны ордод байрлах үед арьс чийгийг сайн тогтоож авдаг тул зуун наст, далай тэнгисийн ургамлын ханд бүхий гоо сайхны чийгшүүлэгч бүтээгдхүүнүүд хамгийн өндөр үр дүнг үзүүлнэ. Арьсаа цэвэрлэхийн тулд гель, сүүн шингэн зэрэг зөвхөн зөөлөн бүтээгдхүүнүүдийг хэрэглэх нь тохиромжтой. Энэ үед арьсаа цэвэрлэх ажиллагааг өөрөө хийхгүй байсан нь дээр учраас үүнийг зөвхөн гоо сайхны салонд очиж, мэргэжлийн гоо сайханчдаар хийлгээрэй.

Бэлтгэсэн А.Тамир

ugluu-logo-fongui

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …