Д.Ганзул: Багийн ахлагч болох үнэхээр дургүй

-10022015-1423544586-1191177775-ganzul4

ОУХМ Даваасүрэнгийн Ганзул. Инчёны Азийн наадмын эмэгтэйчүүдийн шигшээ багийг ахалж, шилдэг найман багийн нэг болгоход түүний оролцоо өндөр байсныг онцлох ёстой.

МҮСБХ-ны оны шилдэг эмэгтэй тоглогч, “Баянгол Фалконс” багийн тоглогч Д. Ганзултай ярилцлаа.

Д.Ганзулын хувьд Монгол Улсын Хөгжлийн банкинд зээлийн мэргэжилтнээр ажилладаг.

Түүнтэй ажил дээр нь цаг товлон уулзахад “Өнөөдөр 16.00 цагаас тоглолттой. Спортын төв ордон луу 15.10 гээд гарна даа. Тэрнээс өмнө ярилцлага дуусчих уу” гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм.

Үндэсний супер лигийг GoGo.mn сайт шууд дамжуулан хүргэж байгаа. Монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогч, дасгалжуулагч, легионер, багийн эздээс цуврал ярилцлага эхлүүлсэн. Эмэгтэйчүүдийн супер лигийн тоглогчдоос ярилцлага авах хамгийн эхний хүн яах аргагүй ОУХМ  Д.Ганзул байлаа?

-Баярлалаа та бүхэнд.

ganzul10-133931-642877088

Би Инчёны Азийн наадмыг сурвалжилсан. Сагсчдын тоглолт эхэлсэн цагаас л анх удаа олон улсын том тэмцээнд оролцсон эмэгтэй тоглогчдоороо бахархаж байлаа. Ялангуяа багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэсэн та энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн. Сагсан бөмбөгийн ур чадварын суурийг хэрхэн тавьсан бэ. Анхны багш хэн гэж хүн байна?
-Миний хувьд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборыг төгссөн. Зургаа, долдугаар ангиасаа хөнгөн атлетикаар анх хичээллэсэн юм. Өвөл болохоор хөнгөн атлетикийн бэлтгэл зааланд сагс, хөлбөмбөг тоглуулна. Хажуугаар гудамжинд сагс их тоглоно. Багаасаа л их гүйх дуртай байсан болохоор хөнгөнөөр хичээллэсэн.

-Тэгээд л Д.Ганзул их хурдтай тоглолт үзүүлдэг юм байна шүү дээ?

-Суурийг нь хөнгөн атлетикаар тавьсан болохоор магадгүй. Долоо билүү наймдугаар ангид байхад Дархан-Уул аймгийн спортын ордны Д.Гүржав багш сагсны бэлтгэл хийх санал тавьсан. Ингээд л хоёр алхалтаас эхлээд сагсан бөмбөгийн бүхий л техникийг надад зааж өгсөн. Өсвөрийн улсын аваргад анх удаа оролцоод зөндөө алдаж, багшдаа загнуулснаа мартдаггүй юм. Дараа, дараагийн тэмцээнээр алдаагаа засаад, сайжруулаад явсан. Гүрээ багшийнхаа ачаар өдий зэрэгт хүрсэн дээ. Ихбаяр ах, Уугаа ах, эмэгтэйчүүдийн “Шаркс”, “Фалконс” зэрэг олон баг Гүржав багшийн шавь нар байгаа. Хөнгөнөөр сууриа тавьснаар давуу талаас гадна дутагдалтай нэг зүйл бий.

gurjav1-133434-1094451775

-Юун дутагдалтай гэж?

-Би эхлээд гүйж байгаад дараа нь уртын харайлтад харайдаг байсан. Гурван алхамт хийж харайдаг. Үүнээс болоод ч тэр юм уу миний хоёр алхамтыг зарим шүүгч илүү алхаад байна гэж үздэг. Зарим нь явалт хийчихлээ гээд алдаа өгчихнө.

-Анхнаасаа хамгаалагчийн байрлалд тоглосон уу?

-Тийм. Гүрээ багш аливаа зүйлд хамгаалалт хамгийн чухал. Сайн хамгаалалтай баг хожилд хүрдэг, цаашаа явдаг гэдэг байсан. Хамгаалахаас гадна довтлуулах бэлтгэл их хийлгэдэг байсан.

-Сагс тоглохыг гэр бүлийнхэн нь хэр дэмждэг байв?

-Аав, ээж минь намайг сагсан бөмбөг тоглуулах дургүй байсан. Эмэгтэй хүүхэд байж хичээлээ хий гээд эсэргүүцнэ. Бэлтгэл, тэмцээндээ дандаа нууцаар явна. Гүрээ багш байнга л маргааш цүнхээ аваад гараад ирээрэй гээд захина.

155565-10022015-1423543521-1827102959-ganzul31

-Аав, ээж нь дургүйцэж байгааг багшдаа хэлчихсэн үү?

-Хэлэлгүй яахав. Багштайгаа хуйвалдаад л тэмцээндээ явна. Аав, ээждээ хэлэхгүй явж байгаа болохоор надад мөнгө төгрөг юу ч өгөхгүй. Цонхны доор багийнхаа охиныг зогсоож байгаад бэлтгэлийн цүнхээ шидээд өгчихнө. Хичээлдээ гарлаа гээд л цүнхээ үүрээд гарна. Тэгээд л “Аав, ээжээ тэмцээнд явлаа. Долоо хоногийн дараа ирнэ” гээд захиа бичээд үлдээчихнэ дээ. Тэмцээнээс ирэхдээ медалиа бариад ороход арай гайгүй. Гэхдээ л загнуулна. Медальгүй бол бүр илүү загнуулна. Тэгж явсаар аравдугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөхөд аав, ээж цэргийн хүн болгоно гээд.

-Аав, ээж нь цэргийн хүмүүс үү?

-Үгүй. Манай хамаатнууд дотор цэргийн хүмүүс олон. Аав, ээжийнхээ үгэнд ороод Батлан хамгаалахын их сургуульд конкурс өгтөл тэнцчихсэн. Тэр үед ШУТИС-ийн Баатарзориг багш “Чи манайд бэлтгэл хийгээд залуучуудын улсын аваргад ороодхооч” гээд санал тавиад. Майжаргал, Шүүгий эгчтэйгээ нийлээд залуучуудын улсын аваргын ШУТИС-ийн өмнөөс тоглоод мөнгөн медаль хүртэв. Гэтэл Баатарзориг багш “Чи манай сургуулийн дуртай ангидаа ор” гэдэг санал тавьсан.

ganzu9l-133636-1825787766

-Батлан хамгаалах сургах хүсэлтэй аав, ээж нь эсэргүүцсэн үү?

-Тэгсэн. Баатраа багш та манай аав, ээжтэй уулзсан дээр байх гэсэн. Багш минь уулзаад аав, ээж хоёрыг минь зөвшөөрүүлж чадсанаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд орсон. Амьдралд хөл тавихад минь зөв залж мэргэжилтэй болоход минь ингэж сэтгэл гаргасан болохоор Баатарзориг, Энхтуяа багшдаа үнэхээр их баярлаж явдаг. Ингээд л оюутан болж “Акул Шаркс” багт тоглож эхэлсэн.

-Оюутан байхдаа ээж болсон гэсэн?

-Тийм ээ. Охин минь одоо таван настай. Охиноо төрүүлээд дипломоо хамгаалчихаад Дарханд очоод хэсэг хугацаанд сагсан бөмбөгөөс хол байсан. Багш нар маань утасдаад “Чи хаачив аа. Ажил төрөлд орооч. Хүүхэд гаргаад гэртээ суухаар шийдээ юу” гээд тоглоом болгоод их ярьцгаадаг байсан.

ganzul7-131316-890222669

-Ээж болчихоод сагснаас хол байх ямар байв. Хэсэг хугацаанд сайхан амраад авъя гэж бодов уу эсвэл тогломоор санагдаад хэцүү байв уу?

-Үгүйлэгддэг юм билээ. Би жирэмсэн болсноо мэдэхгүй улсын аваргад орчихсон юм.

Хоёр сар гарантай байсан байх. Улсын аваргад дуусаад маргааш нь хүүхэд нь тогтохгүй гарчих гээд сандаргасан. Сагс тоглодог эмэгтэйчүүдийн сав далий болчихдог юм байна. Эмч маань “Чи яасан азтай юм. Яаж ийм далийчихсан саванд хүүхэд тогтсон байна” гээд гайхаж байсан. Тэгээд эмчдээ загнуулж аваад төртлөө хэвтрийн дэглэм барьсан даа. Охиноо төрүүлээд 10 сар болгоод аав, ээждээ үлдээгээд “Энержи ресурс”-д ажилд ороод л “Спрайт лигт” тоглож эхэлсэн дээ  /инээв.сур/

-Аав, ээж нь одоо дэмждэг болчихсон уу?

Тэгэлгүй яахав. Сагсан бөмбөгийн буянаар хоолоо олж идэж байгаа болохоор дэмжилгүй яахав. Одоо медалийг минь туузанд өлгөөд л байж байна. /инээв.сур/ Охиныг минь ч өсгөхөөр болж сагсаа тогло, ажил төрлөө хий гээд хот руу явуулсан. Охин минь одоо таван настай. Өвөө, эмээгийн амины хүүхэд бий. Аав, ээждээ ханьдаа маш их баярлаж явдаг даа.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач ?

-Манай нөхөр бид хоёр Дарханд нэг сургуулийнх. Сагс тоглох их дуртай. Байгууллагаасаа тэмцээнд оролцоод сагс гээд бас явна. Лигийн тэмцээнийг зав зайгаараа үзнэ. Ойрдоо ажил ихтэй болохоор үзэж чадахгүй байгаа. Нөхөр минь намайг дэмжиж ар гэрийг минь дааж явдаг болохоор би бас сагсан бөмбөгөөс холдохгүй өнөөдрийг хүртэл тоглож байгаа гэж бодож явдаг.

155565-10022015-1423543461-1499064735-ganzul11

-Ажлын хажуугаар бэлтгэлээ хийгээд, лигт тоглоно. Манай сагсчдын нийтлэг жишиг энэ шүү?

-Тийм шүү. Мэдээж ажлаа нэгдүгээрт тавихгүй бол болохгүй. Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг гээд цалинжуулдаг байсан бол хамаа алга. Амьдралаа авч явах үүднээс ажил бол бүхнээс чухал. Би 15.10 гэж ажлаасаа гараад Спортын төв ордон луу гүйж очсоор байтал 15.50 болчихно. Дасгалжуулагч 15.30-д бэлэн байсангүй, тас хөлдүү юм талбайд гарах юм, эртхэн ирэхгүй гээд загнуулна л даа. Өглөө ажилдаа ирээд орой нь бэлтгэл эсвэл тоглолттой. Гэртээ очоод эмэгтэй хүний ажил дуусахгүй шүү дээ. Мөнхтулга захирал болон хамт олон минь их ойлгож дэмжинэ. Гялс явж тоглочихоод ирье гэхэд зөвшөөрөл авна. ОБЕГ-ын Аврагч тусгай ангийн тамирчин гэж явдаг.

-Д.Ганзулын хувьд эмэгтэйчүүдийн супер лигт “Баянгол Фалконс” багт хүчин тоглож байгаа. Энэ багт орох саналыг хэн тавьсан бэ?

gurvantamir-132649-1580148673

-Манай баг хоёр багаас бүрдэлтэй. Дарханы эмэгтэй тоглогчид нийлээд “Танан Дархан” гэж тоглодог байсан. “Танан гарьд”-ын эмэгтэй баг болж тоглосон. Тэгээд дараа жил нь “Эхлэл”, “Танан” хоёр нэгдье гээд ярьж байтал ихэнх нь ээж болцгоож, баг бүрт 4-5 хүн үлдсэн. Тэр үед ”ТLG-13”-ын Тулга ах “Та нар нэгдээд ”Гурван тамир” баг дээр тоглох уу” гэдэг санал тавьснаар баг бүрдсэн. Ингээд энэ багаараа хоёр дахь жилдээ тоглож байна.

-Одоогоор “Хасын Хүлэгүүд” болон “Баянгол Фалконс” хамгийн олон хожилтой тэргүүлж яваа. Мэдээж анхдугаар лигт түрүүлнэ гэсэн зорилготой байгаа байх?

-Багууд тоглолт бүрт яван чангарч байна. Лиг эхлэхэд эмэгтэй багууд бэлтгэлгүй шахам орцгоосон. Одоо бол бэлтгэл нь жигдэрч багийн тоглолт гэдгийг  жинхэнэ утгаар нь харуулж байна. “Хасын Хүлэгүүд” Монголд анх удаа эмэгтэй легионер тоглогч авчирлаа. Цаашид өрсөлдөөн улам ширүүсэх байх. Тоглогчдын хувьд насны хувьд их залуужиж байна. Эмэгтэй лигийн тэмцээнийг зохион байгуулах болсонд бидний хувьд маш их баяртай байгаа.

ganzul6-133225-428407110

-Эмэгтэй лигт хамгийн олон жил тоглож буй тоглогчид гэвэл?

-“Таван дохио” багийнхан бол миний үеийнх. “Шаркс”-аас гэвэл Уянга, Майжаргал, Даваадаш нарыг нэрлэж болно. Манай багаас хамгийн ахмад нь би. /инээв.сур/.

-“Шаркс” багийнхаа эсрэг тоглох эвгүй юу?

-Эвгүй байлгүй яахав. “Шаркс” баг бид хамтдаа гээд уриан дор хамтдаа таван жил тоглосон. “Танан Дархан” багт орох болчихоод багийнхандаа хэлж чадахгүй бөөн юм болж байсан. Багийнхаа охидыг гомдоогоод л өөр багт орсон. Тийм болохоор багийнхаа эсрэг тоглох хэцүү. Манай багш хааяа ирчихсэн сууж байдаг.

-“Д.Ганзул ч аймаар тоглодог гар даа. Манай Дарханых ш дээ” гэдэг яриаг Инчёны Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсны эхний тоглолтын өдрөөс хойш л Монголын хөгжөөн дэмжигчид дунд сууж байхдаа сонссон. Үнэхээр ч тэдний ярьснаар аймаар тоглолтыг үзүүлж эмэгтэй Т. Санчир гэсэн дүгнэлтийг хүмүүс өгсөн?

155565-10022015-1423543831-1613014690-incheon_sags1

-Инчёны Азийн наадамд мөнгө төгрөгөө өөрсдөө гаргаад, зээл өр тавиад л багагүй бэрхшээлийг давж явцгаасан. Зовсны эцэст жаргана гэдгээр хамаг хүчээ шавхаж байж яах гэж очсон зорилгоо биелүүлсэн дээ. Тивийн шилдэг найман багийн нэгээр тодроход Монголын хөгжөөн дэмжигчид үнэхээр их урам өгсөн шүү. Тоглолт бүрийн дараа Монголдоо тоглоод байна уу, Солонгост уу гээд л бид хэд инээлддэг байлаа шүү дээ.

-Монголын багийн хувьд нуруу намхантай байсан. Өндөр тоглогчдын эсрэг ямар тактик ашигласан бэ?
-Нурууны хувьд яалт ч үгүй харахад л илт байсан. Манай багийн өндөр тоглогч, багийн ахлагч Алтанзаяа маань гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон нь хамгийн хүнд байсан. Гэхдээ 2012 онд Бээжингийн их сургуульд очиж өндөр тоглогчидтой анх удаа тоглосон. Дараа нь Монголдоо ОХУ-ын нэг баг ирэхэд тоглоод үзчихсэн болохоор бас ч гэж гайгүй. Азийн наадмын тоглолтын үеэр намхан байлаа гээд сүүлдээ аргаа олж тоглохоос өөр аргагүй байдалд хүрсэн.

Багийн ахлагч Б.Алтанзаяа гэмтэл авч, хагалгаанд орсноор багийн ахлагчийн үүргийг танд шилжүүлсэн?
-Үнэндээ би багийн ахлагч болох үнэхээр дургүй. Тоглолтын хажуугаар бүх ачааг нуруундаа үүрнэ гэдэг хэцүү. Тэгснээс 100 хувь тоглолтондоо анхаарлаа хандуулаад өөрийн хийх ёстой зүйлээ төгс хийж багтаа туслахыг илүүд үздэг. Шигшээ болон үндсэн багтаа яалт ч үгүй хамгийн ахмад нь. Тийм болохоор багийн ахлагч болох үүрэг ирдэг. Олон улсын тэмцээнд багийн ахлагч бол гэхэд үгүй гэж эрхгүй л дээ. Гэхдээ багийн ахлагч биш байсан ч манай багийн дүү нар үгийг минь сайн сонсч, хүлээж авдаг болохоор асуудал гардаггүй.

ganzul8-133126-412567113

-Б.Алтанзаяа Азийн наадмын үеэр Солонгост хагалгаанд орсон шүү дээ. Одоо хөл нь гайгүй юу?

-Гайгүй ээ. Лигийн тоглолтоо байнга л үзэж байгаа. “Таван дохио” багтайгаа бэлтгэлдээ орсон.

-Инчёны Азийн наадмын бүрэлдэхүүнд багтсан сагсчдын ихэнх нь ээж болчихсон. Зарим нь хоёр хүүхэдтэй байхад нялх биетэй тоглогч байгааг ч дасгалжуулагч Мандуул ярихад та нараар бахархаж байлаа?

-Тийм шүү. Манай багийн тоглогч Мөнхсувд хүүхдээ таван сартайд нь орхиод бэлтгэлдээ ороод Азийн наадмыг зорьсон. Нялх биетэй хүн сагс тоглож байна гээд төсөөлөхөд ч хэцүү байгаа биз дээ. Манай Сувдаа өөрөө их хичээсэн. Одоо бол формондоо орчихсон, багийнхаа түлхүү тоглогчийн нэг болсон доо.

-Азийн наадмаас ирэхэд та хэдийг их гоё угтаж авсан?

-Бид хэд тоглолтондоо анхаараад ерөөсөө Монголд ингэж баярлаж байна гэдгийг мэдээгүй. Онгоцонд суухад л Монголд олон хүн тосох гэж байна, нисэхээр дүүрэн хүн байна л гээд байсан. Тэгээд л сэтгэл догдолсон. Улаанбаатарт буух дөхөөд цаг агаар муу гээд Хөх хотод очоод буучихсан. Гэрээ санасан хүмүүс чинь бөөн хүлээлт. Тэгээд орой 21 цагт буухад тосох гэж хүлээсэн хүмүүс байж байсанд их гайхаж баярласан. Азийн наадмаас ирсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээж авч баяр хүргээд багийн спорт амжилтанд хүрч болохыг та хэд харууллаа гэхэд үнэхээр их баярласан.

-Сагсан бөмбөгийн хоёр холбоо тусдаа үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Үүнд ямар бодолтой явдаг вэ?

Харин яагаад нэгдээд үйл ажиллагаа явуулж болдоггүй юм бол доо. Хамгийн гол асуудал тамирчдын эрх ашиг л хохирно. Сагсчдад холбоо гэсэн зүйл байхгүй. Харин хэн сагсчдын эрх ашгийг дээдэлж дэмжиж байна тэр холбоо руу л бид хандана. Бид хохирохыг хүсэхгүй байна.

www.gogo.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …