2015 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордонд эхэллээ.
Энэ тэмцээнд “Алдар”, “Хилчин” спорт хороо, “Аварга”, “Шонхор” биеийн тамирийн дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, “Арслан”, “Женко”, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс”, Орхон аймгийн “Хангарьд”, “Харгант-Цамхаг” клуб, нийслэлийн Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл аймаг, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 29 спорт хороо, клуб, дүүрэг, аймгийн 261 эрэгтэй, 129 эмэгтэй нийт 390 бөхчүүд өрсөлдөж байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд ажиллаж байна. Тэмцээнийг “Lux Cashmere”, “Түм арвижих” компани, “РР” зурагтын суваг ивээн тэтгэсэн байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 50, 66 кг, эмэгтэй 44, 55, 67 кг-ын жингүүдийн барилдаан болж Орхон аймгийн “Хангарьд” клуб 2, Налайх дүүрэг, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубын бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртсэнээс Налайх дүүргийн бөх Л.Баттогтох, Орхон аймгийн “Хангарьд” клубын бөх Б.Нямгэрэл нар хошой аварга болжээ.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн барилдаан болно.
Б.Нарангэрэл