Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Төслийн хүрээнд нийслэлчүүдээ “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн сайханд чиглэсэн, үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Энэ ажил зөвхөн нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт ч амжилттай хэрэгжиж олон залуусын талархлыг хүлээж байна.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжсний үр дүнд Ховд аймгаас гараагаа эхэлсэн дугуйн зам тавих ажил Архангай, Орхон аймагт үргэлжилж залуус маань унадаг дугуйн замтай болсон юм. Мөн хүсэл сонирхолоороо нэгдэж клуб хүртэл байгуулсан бөгөөд эдгээр клуб нь одоо хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Орхон аймгийн Залуучуудын Холбооны дэргэдэх 60 гаруй идэвхтэн гишүүдтэй Эрдэнэтийн дугуйчид клуб юм.
Тэгвэл тус клуб нь 2015 оны үйл ажиллагааны нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд зориулж хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих зорилготой 4 насны ангилалд дугуйн уралдааныг зохион явуулсан байна. Эрдэнэтийн дугуйчид клуб өнгөрөгч нэг жилийн хугацаанд дугуйн спортыг сурталчилан таниулах , түүгээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон нийтийг хамарсан 40 гаруй үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 1000 гаруй өсвөр үеийн хүүхэд залуусыг хамруулан ажилласан байна.2015 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар улс аймгийн дугуйн уралдааныг зохион явуулахаар төлөвлөөд байна.