Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх, уяачид бүсийн уралдаанаас цол, чимэг олгодог байсан тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын уралдаанаас цол, чимэг олгох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад Засгийн газрын бүрэн эрх, зохион байгуулах хороо, Үндэсний спортын холбоод, бөх, уяач, харваач, спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хариуцлагыг хуульчлахаар тусгасан гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү хэллээ.
Унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалтаар даага, шүдлэн, хязаалан насны хурдан морийг 7-оос дээш насны, соёолон, их насны хурдан морийг 9-өөс дээш насны хүүхэд унах, хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, тухайн хурдан морины эзэн, уяач хамтран хариуцаж, гэнэтийн ослын даатгалд даатгуулах, тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй байх хариуцлагын тогтолцоог ч бий болгох шинэчлэлийг хуулийн төсөлд мөн тусгаад байна.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэж баталснаар Үндэсний их баяр наадмын хамрах хүрээг тодорхой далайцтай болгох, төрийн ёслолын арга хэмжээ, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулах, цол чимэг, бөх, уяач, харваачдын эрх үүргийг боловсронгуй болгоно гэж хууль санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн өсвөр насны бөх, унаач хүүхэд, харваачдад спортын зэрэг цол олгох, болзошгүй эрсдлээс хамгаалах, Үндэсний спортын холбоод, зохион байгуулах хороо, Засгын газрын бүрэн эрх, спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийг тодорхой болгох ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү хуулийн төсөл өргөн барихдаа ярилаа.
Тэрбээр мөн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн юм.
Төрийн аудитын байгууллагад одоогийн байдлаар нийтдээ 345 хүн ажиллаж байгаагаас нийслэл, аймгийн аудитын байгууллагад 280 хүн буюу нийт хүний нөөцийн 81,1 хувь, төрийн аудитын байгууллагууд нийтдээ 5,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч зарцуулснаас орон нутгийн төсвөөс 4,4 тэрбум төгрөг буюу нийт санхүүжилтийн 77,2 хувийн авсан дүн мэдээ байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 20 орчим хувийг эзэлж байгаа орон нутгийн төсвийн хяналтад системийн хүний нөөцийн болон санхүүгийн нөөцийн 80 орчим хувийг зарцуулдаг аудитын тогтолцоо өнөөдөр манайд үйлчилж байна хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Г.Батхүү мэдэгдсэн. Тиймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчимд тулгуурласан, цөөн орон тоотой, чиг үүрэг, зохион байгуулалтын хатуу хязгаар заагтай, сэлгэж ажиллуулах боломж нөхцлийг бүрдүүлсэн босоо тогтолцоонд шилжүүлэх асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх өөрчлөлтийг холбогдох хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-аар хэлэлцэж баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар болон Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, ойрын болон дунд хугацаанд хийх ажлуудыг тусгасан. Түүнчлэн Засгийн газраас “Транзит Монгол Үндэсний хөтөлбөр”-ийг 2008 онд батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн энэхүү хөтөлбөр нь 2015 онд дуусгавар болох юм байна. Үүнтэй уялдуулан транзит тээврийг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэгдсэн уялдаа холбоотойгоор зохион байгуулдаг болгох үүднээс түр хороо байгуулах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд боловсруулаад байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.