Одоогоос хоёр жилийн өмнө Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Тэмүүжин нэг л өглөө мэдээллийн хэрэгслүүдийг эзэгнэж, Эрх зүйн асар том шинэчлэл хийх гэж байгаагаа зарласан. Өмнө нь хуулийн багш байсан энэ залуу Монголын хуулийн салбарыг бүхлээр нь өөрчилж шинэчлэх бэлэн төслийг хаанаас гаргаж ирсэн, ямар судлагаа шинжилгээ хийсэн юм бол гэж тухайн үед гайхах цөөнгүй байсан. Тэр ч бүү хэл Х.Тэмүүжингийн саналыг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байлаа. Гэхдээ эзэн бол эзэн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гаргасан өнөөх гайхалтай саналууд нь хэрэгжиж, өнөөдөр түүний бодлогогүй, судлагаа шинжилгээгүй, тооцоогүй хийсэн өнөөх шинэчлэлийн балгийг олон хүн амсаж сууна. Доор дурьдагдаж байгаа баримтууд бол зөвхөн шинэчлэл нэрээр хийгдсэн бүтэлгүй ажлууд. Х.Тэмүүжингийн балаг үүгээр дуусахгүй. Хууль эрх зүйн хүрээнд ч олон алдаа завхрал гарсныг энэ удаа дурьдахаа больж зөвхөн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг дэлгэн гаргалаа.
Баримт 1
Эх захаа алдсан хуулийнхан
Х.Тэмүүжин томоохон шинэчлэл хийх нэрийдлээр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгав. Гэхдээ энэхүү ажлыг шинэчлэл гэж хэлэхэд хэцүү. Харин ч хуулийн салбарт цагдаа цагдаагаа, шүүгч шүүгчээ, прокурор прокуророо шалгадаг гаж тогтолцоо гарч ирэв. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаагүй байхад гэмт хэрэгт холбогдсон цагдаа, шүүх, прокурор, тагнуул гээд хуулийн салбарт ажиллаж буй алба хаагчдыг энэхүү алба шалгаж үнэн зөвийг тогтоодог байлаа. Харин татан буугдсанаараа цагдаа цагдаагаа, шүүгч шүүгчээ, прокурор прокуророо шалгадаг болсон юм. Ингэснээр хуулийн байгууллагын албан тушаалтнууд эх захаа алдаж, сахилга хариуцлага суларсан гэдгийг бүгд мэднэ. Одоо энэ алдааг Д.Дорлигжав засахын тулд татан буугдсан байгууллагыг сэргээж, хуулийнханг хуулиас айдаг болгоын тулд бас л томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болов.
Баримт2
Хурандаа нарын улс
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчилсэн. Харин өнөөдөр өнөөх хууль нь гууль болж хувираад байна.
Уг нь 2010 онд цагдаагийн ажилтнуудаас санал авсан хуулийн төсөлдөө цагдаагийн цолыг хуучнаар нь хэрэглэхээр санал авч байж. Харин хууль батлагдсаны дараа хэрэгжүүлж эхлэхэд Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаалдсан заалт орсон байв. Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн 25 дугаар зүйлд “Цагдаагийн дээд цол нь генерал байна. Уг цолыг Ерөнхийлөгч олгоно” гэж байжээ. Харин 2013 оны долдугаар сарын 5-нд УИХ-аар баталж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 34.4 дэх зүйлд “…албан тушаалын цол зэрэглэлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно” гэж заажээ. Өөрөөрхэлбэл Х.Тэмүүжин өөрөө өөртөө цол нэмэх эрх олж авсан гэсэн үг. Хуулийн дагуу албан тушаалын цол олгох болсон. Ингэснээр цагдаагийн байгууллагад чадваргүй удирдлага бий болж, удирдах ажилтны сонголт, манлайлал гээч зүйл алдагдсанаас цагдаагийн байгууллага нэг л үлбэгэр, сул дорой болсныг хэн хүнгүй л хэлнэ. Гэтэл хурандаа нарын тоо эрс өсөөд эхэлжээ. Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хурандаа цолтон 80-аар нэмэгдсэн байгаа юм. Хэрвээ Х.тэмүүжин суудалдаа суусаар байсан бол Монгол улс Хурандаа нарын улс болох байсан гэж зарим хүн даажинтай нь аргагүй ярьж байна. Тиймээс Хууль зүйн сайд Д.Дорлигжав цагдаагийн албан хаагчид албан тушаалын цолоор цол буурсан хүмүүс эргээд хуучин цолыг нь саяхан олголоо. Энэхүү шийдвэрт цагдаагийн албан хаагчид ам сайтай байна. Арга ч үгүй юм. Цагдаагийн байгууллагад ажиллаж онц хүнд гэмт хэргийн хойноос нойр хоолгүй зүтгэж алдар гавьяагаа дуудуулж цол ахиж байдаг цагдаагийн байгууллагын ажилчдын хувь албан тушаалын цол гэдэг зүйл огтхон ч таалагдахгүй байсан хэрэг. Нэг өдөо 1035 хүн нэг тушаалаар цолоо хураалгаж доошлов. Гэхдээ албан тушаалын цолыг зөв гольдролд нь оруулсан Хууль зүйн сайд Д.Дорлигжавын шийдвэртэй маргах хүн гарсангүй. Албан тушаал буурахад цол нь буурсан 402 албан хаагчийн цолыг сэргээн олгосон байна. Цагдаад насаараа зүтгэчихээд эрүүл мэндийн байдлаас эсвэл тэтгэврийн нас ойртсоноос албан тушаал буурч ажиллаж байсан хүмүүс тэдний олонхи нь байсан юм.
Баримт3
Тэрбум тэрбумаар үнэлэгдэх цагдаагийн хувцас
Шинэчлэл нэрийн дор мөрдөс зүүсэн монгол төрийн цагдаадаа Турк улсад үйлдвэрлэсэн, тоос шороо их татдаг нийллэг материалтай, “барайсан хар” хувцас, бүрх малгай зэргийг “хүчээр өмсгөсөн” Х.Тэмүүжин цагдаагийн шинэ хувцас, хэрэглэлийн тухай баахан ярьж, баахан шоу хийсэн. Тэр ч бүү хэл Монголын телевизүүдийн бэлтгэн нэвтрүүлдэг “Торгоны зам” цуврал лекцээр “Энэ цагдаагийн чинь хувцас форм болохгүй байна. Ажил үүргээ гүйцэтгэхэд нь садаа болоод байна. Аюултай байдлыг сөрөхөд биш баярын жагсаал, дарга нарын өмнө ёслоход зориулсан хувцас юм биш үү” хэмээн шүүмжилэ, сүр жавхлантай харагдуулдаг дамран малгайтай цагдаа хулгайчийн араас хэр удаан хөөцөлдөх вэ. Наад зах нь ажил үүргээ гүйцэтгэхэд нь биед эвтэйхэн, хөдөлгөөн хязгаарлахгүй байх тийм стандарт цагдаагийн дүрэмт хувцсанд тавих ёстой. Шинэ дүрэмт хувцас үүнд л зориулагдсан эд. Цагдаагийн өдөр тутмын хувцас гоё ганган харагдахаасаа илүү ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болохооргүй, аюулд оруулахааргүй, чанартай, эдэлгээ сайтай, орчин нөхцөл, уур амьсгалдаа тохирсон байх ёстой” хэмээн ярьж байсан. Гэвч түүний магтаад байсан өнөөх хувцас нь ирэв. Эдийн засгийн хямрал, инфляцитай давхцаж ирсэн шинэ форм харин өмнөхөөсөө улам дордсон гэдгийг бүгд мэднэ. 2013 онд улсын төсвөөс цагдаагийн ажилтан, албан хаагчдын хувцасны хангамжид зориулж 5.5 тэрбум төгрөг баталсан тоо байна. Энэ тоо 2014 онд хэд болсон нь харин тодорхой бус. Нэг цагдаа ёслолын, өдөр тутмын, албаны гэсэн гурван төрлийн хувцас өмсдөг. Эдгээр хувцас нийлээд нэг сая 200 мянган төгрөгт багтна гэж тооцсон гэж цагдаагийн албан хаагчид ярьсан байх юм. Турк улсад захиалгаар хийлгэсэн энэ хувцасны нийт өртөг хэд вэ гэдэг нь нууц байгаа ч 8000 гаруй цагдааг нэг сая 200 мянган төгрөгөөр хувцаслана гээд бодохоор асар их тоо гарах нь мэдээж. Турк цагдаа, хятад дэлдгүүрийн хамгаалагч нарын хувцастай адилхан загвартай энэ хувцсыг өнөөдөр цагдаа нар голж, Хууль зүйн сайд Д.Дорлигжавт бас л бөөн хүсэлт гаргасан сурагтай.
Баримт4
Ерөнхий сайдыг ч айлгасан хөл хорио
Бантангийн залруулга үүгээр дуусаагүй, “Шийдлийн” Засгийн газраас гадаадын иргэдийн хоригийн асуудлыг нэн даруй шийдэхийг Хууль зүйн яаманд үүрэгдсэн. Учир нь “хөл хориотой” гэсэн нэр зүүснээс болж гадаадын хөрөнгө оруулалт буурч улмаар энэ нь эдийн засгийн хямралд нөлөөлж байгаа гэдгийг хүн бүр ойлгож эхэлсэн хэрэг.Харин үүний гол шалтгаан нь өмнөх Хууль зүйн сайдын эхлүүлсэн “Шинэчлэл”-ийн уршиг, хил гаалийг бараг хүн бүхэнд хаалттай болгосны үр дүн гэдгийг ч мөн хэлж байна. Засгийн газрын тэргүүн нь “Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технологийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна” хэмээсэн.Өнгөрсөн онд Улсын Ерөнхий прокурорын тушаал гарч Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэрээр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавихаар болсон байдаг. Гэвч харамсалтай нь тухайн үеийн Хууль зүйн сайд үүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй. Түүнчлэн яам, Тамгын газар, татварын газар, хувь хүний өргөдөл, гомдлоор хүртэл хүний хилээр зорчих эрхийг хязгаарласан тохиолдол их гарч байжээ.
Баримт5
Х.Тэмүүжингийн дотроо шоронтой оффис
Х.Тэмүүжингийн сайд байхдаа зориулалтыг нь өөрчлүүлсэн эмнэлэгийн барилга дээр өнөөдөр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийн эрсдэл яригдаж байна. Одоогоос хоёр жилийн өмнө Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглах болж, эмч сувилагч нар нь нэлээд хэдэн сарын турш Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн уриа лоозонгоо бариад жагсаж байлаа. Тус эмнэлэгийн дарга асан Ш.Жаргалсайхан болон эмч ажилтнууд нь сүүлдээ Х.Тэмүүжингийн мугуйдлахыг дийлээгүй.
Японы туршлагаар, олон улсын стандартын дагуу шинээр барьж эхэлсэн эмнэлэгийн барилга Монголдоо л хамгийн өндөр хүчин чадалтай оношлогооны “MRI”, “CTI” аппаратууд суурилуулаад байгааг эмч нар хэлээд хэн ч тоогоогүй. Гэтэл тэр үнэтэй апратнууд эвдэрч ашиглах боломжгүй болоод байна. Х.Тэмүүжин энэ эмнэлэгийг дотроо шоронтой оффис болгох гэж төсвөөс 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөрдөн байцаах газрын зориулалтаар өөрчилсөн барилгынх нь нэг хэсэгт үнэхээр шоронгийн зохион байгуулалттай өрөө тасалгаа олон байгаа юм. Одоо энэ барилыг буцаагаад эмнэлэг болгох гэвэл доод тал нь 4 орчим тэрбум төгрөг гарах төлөвтэй байна. Тэмүүжингийн цацаж хаясан 3.7 тэрбум дээр тийм хэмжээний мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ хотын төвд “шорон” бус эмнэлэг байгуулах шийдвэр гарч, Х.Тэмүүжингийн алдааг бага ч гэсэн засаж байгаад олон хүн баяртай байна.
Баримт6
Тахарын албг татах уу, түлхэх үү
Ийм асуудал бас л бий болоод байна. Х.Тэмүүжингийн санаачлагаар байгуулагдсан Тахарын алба нэртэй нэг байгууллага бий. Шүүхийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах үндсэн чиг үүрэгтэй гэх байгууллага байгуулагдснааар баахан орон тоо цол хэргэм бий болж, улсын төсвөөс бас л баахан хөрөнгө мөнгө урсаж байгаа. Манж гаралтай монгол үгээр нэрлэгдсэн тус алба байгуулагдсанаар төрийн алба хаагчийн бүтэц, бүрэлдэхүүн 520 гаруйгаар нэмэгдсэн юм. Аймаг, сум бүрт Тахарын алба байгуулагдаж, харин Тахарын ерөнхий газартаа 100-125 албан хаагчид ажиллаж байгаа юм. Тахарын албыг татан буулгаснаар 13 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо хүртэл бий. Энэ асуудал бас л Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хувьд “шүдний өвчин болж” хувирсан бөгөөд асар их зардалтай, энэ байгууллагыг татах уу, түлхэх үү гэдгийг удахгүй шийднэ.
Баримт7
Цэрэггүй улс
Х.Тэмүүжингийн өнөөх алдартай Эрх зүйн шинэчлэлийн асуудалд хамгийн их хэлмэгдсэн газар бол дотоодын цэрэг. Түүний санаачлагаар 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай. Дотоодын цэргийн ангийн 05, 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай. Дотоодын цэргийн ангиуд татан буугдсантай холбогдуулан Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлэх, хугацаат цэргийн алба хаагчийн зардлыг ахлагч (харуулын цагдаа)-ийн зардалд шилжүүлэн зохицуулах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт тус тус даалгасугай гэсэн тушаал гарсан. Ингэснээр Монгол улс дотоодын цэрэггүй орон болсон. Х.Тэмүүжин сайд Дотоодын цэргийнхнийг Монгол Улсад хийх ажилгүй хүмүүс хэмээн адлаж энэ шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан хэрэг. Улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлэхэд оролцож байсан дотоодын цэргийн ач тусыг одоо олон хүн санаглзаж байна. Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд туслах зорилгоор баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журмыг сахиулахад туслах, гудамж, талбай зэрэг олон нийтийн газар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах, гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам тогтооход оролцох, оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох, их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үеийн хамгаалалтын ажилд туслах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцдог байсан учраас санахгүй байхын ч аргагүй. Тиймээс дотоодын цэргээ сэргээж, цэрэггүй улсын цэрэгтэй болгох хэрэг бас л гарч ирлээ.
Б.Баяр
эх сурвалж: agshin.mn