Төрийн ордонд өнөөдөр Инновацийн үндэсний форум болж байна. Түүнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явууллаа. Форумд оролцогчдод явуулсан Төрийн тэргүүний илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонсголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ “Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид, энтрепренерүүд ээ,
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Өдгөө биотехнологи, нанотехнологи, материалын болон мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил рүү, эдгээрт суурилсан мэдлэгийн шинэ үе рүү шилжиж байна. Хүмүүн төрөлхтөн технологийн хөгжлийн “зургаа дахь” гэх үе шатанд орж ирлээ.
Аливаа улс орны эдийн засаг мэдлэгт суурилах, бүтээмж ба хөгжил мэдлэгээс хамаардаг, байгууллага болон улсын стратегийн нөөц нь мэдлэг болсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Мэдлэгийг нийгэмд баялаг бүтээгч хүч гэж онцгойлон үзэх боллоо. Мэдлэгийг бий болгох, мэдлэгийг ашиглах чадвар нь үндэсний эдийн засгийн чадавх болоод өрсөлдөх чадварын үндсэн илэрхийлэл болж байна.
Улс орнууд өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн технологийн чиглэлийг тогтоох, сонгох, төлөвлөх, хөгжүүлэх асуудал улам бүр чухлаар тавигдаж байгаа үед инноваци, түүний эдийн засагт үзүүлэх үүрэг, нөлөөллийн талаар ухаанаа уралдуулж, өнөөгийн даяаршсан, нээлттэй, мэдлэгээр өрсөлдөж буй нийгэмд бид цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг тулгамдсан асуултад хариу өгөхөөр чуулж буй Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч гүнээ талархаж байна.
Мөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Монголын инновацийн 7 хоног” хэмээх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь тун сайшаалтай. Гэхдээ манайх шиг боловсруулах аж үйлдвэр, өндөр технологи сул хөгжсөн оронд инновацид илүү олон хоног зориулмаар байгаа юм. Бидний эрдэмтэд, инженерүүд, залуучууд инноваци, шинэ технологийн талаар байнга идэвхтэй ажиллаж, бодож, хэлэлцэж, ухаанаа уралдуулж баймаар байна. Монголд инновацийн тухайд 365 хоногийн арга хэмжээ ч багадна.
Монгол Улсын хувьд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж, нэг хүнд ноогдох орлогын хэмжээ бага орлоготой орноос бага-дунд орлоготой орны түвшинд шилжсэн ч үйлдвэрлэл, эдийн засгийн шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна.
Түргэн өсөх чадвартай эдийн засгийн салбаруудыг тодорхойлон богино хугацаанд хөл дээрээ тогтох гарааны компаниудыг бойжуулж, дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах, улмаар шинэ салбаруудыг бий болгож хөгжүүлэх чухал ач холбогдолтой билээ.
Манай орны хувьд Инновацийн тухай хууль батлагдсан, инноваци, технологид холбогдох зарим хөтөлбөр, журам батлагдсан хэдий ч инновацийг хөгжүүлэх таатай орчныг бид одоогоор хараахан бүрдүүлж чадаагүй байна.
Иймд юуны түрүүнд шинжлэх ухааны болон дээд боловсролын байгууллагуудын дэргэдэх судалгааны нэгжүүдийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх, инновацийн дэд бүтцийн үндсэн институцүүд болох шинжлэх ухааны болон үйлдвэрлэл, технологийн паркууд, үндэсний судалгааны төв, лабораториудыг байгуулж чадавхийг нь бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Судалгаа шинжилгээний лаборатори, шаардагдах тоног төхөөрөмж дутагдалтайгаас үүдэн оюуны чадавх сайтай боловсон хүчнээ гадагш алдах, мэдлэгийн хүчийг бүрэн ашиглаж чадахгүй байна. , боломжийг баталгаажуулах хэрэгтэй байна.
Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд ба хувийн хэвшил, аж үйлдвэрийн холбоо сул байгаагаас технологи, хэрэглээний судалгаа хийгдэхгүй, хийгдсэн ч үйлдвэрлэлд олигтой нэвтрэхгүй байгааг нуух аргагүй.
Одоо ашиглаж буй техник, технологоо сайжруулах, оюуны өмчөө үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс гадна, гадаадаас дэвшилтэт технологи, ноу-хау авч бойжуулахад эрдэм шинжилгээ, дээд боловсролын байгууллагуудын дэргэдэх технологи дамжуулах төв чухал үүрэгтэй тул тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байна.
Эдийн засагт үр өгөөжөө өгөх ирээдүйтэй шинэ бизнесийг дэмждэг, санхүүжүүлдэг инновацийн санг ч байгуулж ажиллуулах нь зүйтэй.
Цаашид технологи дамжуулах болон нутагшуулах талаар нэгдсэн бодлого боловсруулж, үүний үндсэн дээр энэ чиглэлд зарцуулах төсөв хөрөнгийг оновчтой болгох, үндэсний технологийг баяжуулан хөгжүүлэх, брэнд болгох арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь Монгол орны эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжлийн гол хүчин зүйл байх болно.
Та бүхний гэгээн үйлсэд амжилт хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.