Шудрага ёсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн зарчим төдийгүй иргэн хүн бүрийн хүслэн. Гэвч Сант Марал сангийн саяхны судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт 4 хүний 3 нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийдөө нийгэмд шудрага тал нь илүү байна гэж дөнгөж4-хөн хувь нь хариулжээ.
Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хуулийн байгууллага, Улс төрийн намууд, Иргэний нийгэм. Гэтэл тэдэнд маань итгэдэг итгэл бас байхгүй болчихож.
Шудрага бус нь дэндүү олон болсон өнөөгийн нийгэмд иргэд бараг хэнд ч итгэхээ больж, хараах зүхэх нь л их болжээ.
Шүүмжилсэн нь л тодроод байхаас биш хийсэн нь хэрүүл хараалын бай болдог болж. Шудрага ёсыг хангах ёстой төрийн байгууллагууд ч итгэлээ алдаж, бүхий л өндөрлөгүүдэд нь иргэд итгэхээ больж байгаа нь эдийн засгийн хямралаас ч илүү итгэлцэлийн хямралын харанга болж байна.
Шудрага ёсны энэ үнэлэмжийг бууруулж байгаа нэг гол гогцоо нь авилга юм.
Авлигатай тэмцэнэ гэдэг үгийг зэвсгээ болгож Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон хүн бол Ц.Элбэгдорж. “Манай нам авлигатай тэмцэнэ” гэж хамгийн олон давтаж хэлсэн хүн нь АН-ын дарга Н.Алтанхуяг. АН-ын 2012 оны сонгуулийн “Монгол хүн” мөрийн хөтөлбөр авлигатай тэмцэх агуулга зорилтуудаар дүүрэн.
Харин сонгуульд ялсныхаа дараа МАН, АТГ 2 ажил хийлгэхгүй байна гэж тунхагласан нь саяхан.
Харин өнөөдөр Ардчилсан намын Алтанхуяг ба түүний нөхөд Авилгатай тэмцэх газрын гарыг мухарлаж, өөрсдийн улс төрийн зэвсэг байгууллага болгон хувиргахыг эрмэлзэж байна. Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо төсөв эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө техник хэрэгслийн хамт Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлэхээр Улсын их хурлын тогтоол санаачилжээ. Энэ тогтоолыг тус байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтөй Алтанхуяг ба түүний нөхөд санаачилсан байна. Энэ шудрага ёс уу?
Авилгын 10 гэмт хэргийн 7-г бусад хүчний байгууллагад хувааж өгснөөр авилгын хэргийг мөрдөн шалгах ажил тарамдаж улс төрөөс ангид байх олон улсын зарчим өөрчлөгдөх юм байна.
Энэ санаачлагыг хууль хүчний байгууллагуудыг улс төрийн дотоод зөрчлийн зэвсэг болгон хувиргах шинэ санаарахал гэж үзэж болно.
ХҮНИЙ ЭРХ БА ХӨНДЛӨН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГА
Алтанхуяг ба түүний нөхдийн хуулийг ашиг сонирхлын зөрчилтөй байдлаар нь эргүүлэн татаад цоо шинэ хууль санаачилж Авилгалтай тэмцэх газрыг улс төр аливаа нөлөөллөөс хараат бус болгож, дарга удирдлагыг улс төрөөс хараат бус биеэ даасан мэрэгжлийн зөвлөлөөс нэр дэвшүүлдэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг бус амьдралаараа шалгагдсан Б.Чимид асан шиг мэргэжлийн хуульчид 50 хүнээс бүрдсэн зөвлөл нэр дэвшүүлж, парламент баталдаг, Ерөнхийлөгч ёсчилдог байж болно. Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөлийн гишүүдийг бүрдүүлж болно.
Харин чонын амнаас гаргаад барын аманд оруулахыг дэмжихгүй. АТГ улс төрийн зэвсэг байх ёсгүй. Харин шудрага ёсны сахиул манаач болгохыг дэмжинэ.
Хуучин социалист орнуудаас Эстони, Литви, Латви, Польш, Румын, Азиас Хонгконг, Сингапур улс авлигатай хийсэн тэмцэлд хамгийн их дэвшил гаргасан. Эдгээр улсууд бие даасан, маш хүчирхэг институцийг бий болгож, хууль эрхзүйн орчноо хөндлөн хяналтын зарчмаар өөрчлөн шинэчилж чадсанаар өөрчлөлт гаргасан.
Хэн нэгний гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр зарлаж нэр хүндийг нь улс төрийн зорилгоор гутаадаг байдлыг хуульчилж хориглохыг дэмжинэ. Харин авилгатай тэмцэх ажлыг шүдгүй арслан болгож нутаг ус, улс төр, бизнесийн бүлэглэлийн гар хөл болгохыг дэмжихгүй.
Авлига гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэрэг хийсэн л бол зохих шийтгэлийг хүлээлгэж байж шударга ёс тогтоно. Хамгийн гол нь албан тушаал, намын харьяалал, танил талаар ялгаварлах асуудал байж болохгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Хатуу, гэхдээ шударга, эрх тэгш байх ёстой. Гэхдээ хатуу байна гээд хүний эрхийг зөрчих асуудал байж болохгүй. Тодорхой хэмжээний залхаан цээрлүүлэлтгүйгээр аливаа гэмт хэрэгтний авлига, хээл хахууль авахыг зогсоох боломжгүй.
Авилгатай тэмцэх газрыг улс төрөөс хараат бус байлгах зорилготой хөндлөн хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Иргэд ч улс төрчид ч шудрага ажиллаж амьдрахаас аргагүй орчин, соёл, хэн ч бай үл хамааран зөвхөнхууль бүхнээс дээгүүр байх хуулийн засаглал дарангуйлал бий болгох хэрэгтэй байна.
Орчин үед болон улс төр, хууль зүйн шинжлэх ухаанд авилгалтай тэмцэх шинэлэг тогтолцоо болон нэвтэрч буй хөндлөн хэвтээ хяналтын тогтолцоог 4 дэх засаглал гэж өнөөдөр нэрлэж байна. 5 дахь засаглал нь түшмэл засаглал буюу төрийн албаны меритийн зарчимд суурилсан тогтолцоо юм. Яамны Төрийн нарийн бичгийн дарга болоход тухайн яамандаа 15 жил бүх шат дамжлагаар нь ажилласан байх ёстой гэсэн үг л дээ.
Ер нь Хууль хүчний байгууллагууд, АТГ, Хүний эрхийн комисс, Сонгуулийн хороо, Төв банк, Хяналтын байгууллагууд, Аудитын газрын эрхийг өргөжүүлж биеэ биенээ хянадаг хөндлөн хяналтын тогтолцоог бий болгож биеэ даасан байдлыг нь хөндлөн хяналтын тогтолцоогоор хязгаарлаж болно. Үүнийг (horizontal accountability) хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоо гэдэг.
Шудрага ёсыг сэргээхийн тулд хүчтэй, улс төрөөс тусгаарлагдсан, сайтар томьёологдсон, төрийн байгууламжын хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Хэвтээ хариуцлагын тогтолцоо нь төрийн байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг залруулах, шийтгэх, илрүүлэх, зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхдээ нэг нь нөгөөгийнхөө ажил хэргийг харилцан хянах, тайлагнах үүрэг хүлээдэг хянах, албадах, өмгөөлөх тогтолцоо юм. Энэ тогтолцоонд харьцангуй биеэ даасан, төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагуудад эрх мэдлийг хувааж, тусгаарлаж тараадаг. Авилгал, эрх мэдлээ урвуулан ашиглах асуудлыг хянах, мэдээлэх, илрүүлэх, албадах үүрэгтэй байгууллагууд харилцан хамтран ажиллах, хянах уялдаа холбоотой тогтолцоо юм. Үүнд АТГ, омбудсмэн, Парламентын хянан шалгах хороо, Үндэсний Аудитын газар, Прокурор, Шүүх, Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний эрхийн комисс, Төв банк, Эдийн засаг, санхүүгийн зохицуулах газар, агентлагууд нэг нь нөгөөгөө хянах тайлагнах мэдэгдэх хариуцлага тооцох хяналт албадлагын тогтолцоо юм. Хөндлөн хариуцлагын тогтолцооны үр ашигтай ажилллах чадвар нь эдгээр байгууллагуудын биеэ даасан байдал
1. Эрх мэдэл, томилгоо, санхүүжилт, ажилд авах халах, дарга нарын халдашгүй байдал
2. Санхүүжилт
3. Улс төрийн дэмжлэг
4.Хууль эрх зүйн чадамж
5. Манлайлал
6. Харилцан хяналт
7. Харилцан уялдаа холбоотой давхар хяналттай тогтолцоо
8. Босоо хариуцлагын тогтолцооны дэмжлэг (Хэвлэл мэдээлэл, олон нийт, Иргэний нийгмийн байгууллагууд)
Хамгийн гол нь шудрага ёсны төлөө шулуудсан улс төрийн эр зориг хэрэгтэй байна Эрхэм гишүүд ээ…
Г.Занданшатар
эх сурвалж: undesten.mn