Улс төрд өрнөж буй үйл явдал дундаас яг өнөөдөр ийм асуулт хариулт нэхэж байна. Энэ нь ажлаас чөлөөлөгдсөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг хуучин албан тушаалд нь буцаан томилох уу, эсвэл тэднийг үндэслэлгүйгээр халсан Засгийн газрын тэргүүн огцрох уу гэсэн туйлын эмзэг асуулт юм. Ерөнхий сайдыг Дубайд байгуулсан гэрээтэй холбогдуулан огцруулах саналыг УИХ-ын зарим гишүүн гаргаад байгаа ч түүнээс урьтаж өөр нэгэн үндэслэл Үндсэн хуулийн цэц дээр бэлэн болжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британид хийсэн айлчлалаа өндөрлөөд өнөөдөр эх орондоо ирэхэд ийм таагүй зүйл угтах нь.
Ер нь асуудал энэ хэмжээнд хүртэл хүндэрсэн нь Монголын төр хуулиа хэрэгжүүлэх чадвар нь иргэдээсээ долоон дор болсонтой холбоотой. Хэрэв хууль хэрэгжүүлдэг Засгийн газар, Ерөнхий сайд, түүнд хяналт тавьдаг парламенттай байсан бол төрхөмдөө буцах, буцаах хэмжээний асуудал үүсэхгүй байв. Яаж ч бодсон Ерөнхий сайд өөрөө огцрох хэмжээний тэнэг алхамд хүргэхгүй гэж тооцоод энэ асуултын шийдлийг хоёр хувилбараар сийрүүлэв.
ХУВИЛБАР НЭГ: ОГЦРОХ
Эхлээд үйл явцын дарааллаар бичиглэв. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг орыг нь залгаж, түүний толгойлсон Засгийн газар МАН-тай хамтрав. Шинэ Засгийн газрын бүтцийг орвонгоор нь өөрчилж, сайд, дэд сайдуудын суудлыг засагт орсон намуудад хуваарилав. Засаг солигдох бүрт ийм нүүдэл, суудал хийдэг нь уламжлал ёсных гэж болох ч цаана нь олон мянган төрийн албан хаагч гудамжинд “лааз өшиглөхөөр” гарав. Одоог хүртэл ийм халаа сэлгээ хийсний үр лай тасраагүй бөгөөд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол ирсээр буйг мэдээлдэг. Мөн ажилгүй болсон төрийн албан хаагчид шүүхдэж, дийлэнх нь заргаа авсаар байгаа аж. Энэ мэт жишээ хот, хөдөөд олон байгаа ч гэсэн хамгийн наад захын жишээ буюу төрийн албан хаагчдын хамгийн дээд талын албан тушаал болох хоёр яамны төрийн нарийн бичгийн даргын асуудлыг энд сөхөв. Нэг нь хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Батболд, нөгөөх нь Эрүүл мэндийн Төрийн нарийн А.Эрдэнэтуяа юм.
Өглөө ажилдаа очиход нь өрөөнд нь өөр хүн сууж байдаг хачин жигтэй үйл явдлууд энэ төрд их бий. Ийм жишгээр хоёр даргын суудлыг авчихсан гэж хэвлэлээр бичиж л байсан, тухайн үед. Ингэж ажлаа булаалгасан хүмүүс шат, шатны шүүхэд хандсанаар асуудал тэдний талд шийдэгджээ. Шүүх шийдвэрээ гаргаж дээрх хүмүүсийг ажилд нь эргүүлэн томилох ёстой гэж үзсэн ч шүүхийн шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй Засгийн газар Үндсэн хуулийн цэц дээр очиж, тэргүүн нь огцрох хувилбарт хүрээд байгаа нь энэ юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заажээ. Мэдээж өмнөх дарга нь төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээд ажиллаж байсан нь тодорхой учраас энэ тухайд нурших илүүц биз. Энэ бол засаг солигдох бүрт өрнөдөг халаа сэлгээний сонгодог жишээ юм.
Албан хаагчдыг ажилд нь эргүүлж томилуулах шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй Засгийн газрын асуудлыг хэлэлцэх тухайд Цэц хараахан маргаан үүсгээгүй ч үүсгэхэд бэлэн буйгаа Засгийн газар, УИХ, Төрийн албаны зөвлөлд албан бичгээр уламжилж, өнгөрсөн зургадугаар сарын 16-ны дотор хариу ирүүлэхийг хүссэн ч Засгийн газар ямар ч хариу өгөөгүй юм байна. Товчхондоо, Цэц дээр ирсэн асуудлыг маргаан үүсгэлгүйгээр шийдэх буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэн, хуулиа хэрэгжүүлж, халсан ажилтнуудыг эргүүлж томилох, эс бөгөөс маргаан үүсгэж Цэцийн хурлаар шийдэх юм. Хэрэв маргаан үүсгэвэл Засгийн газар ялагдах нь тодорхой бөгөөд үр дагавар нь Ерөнхий сайд огцрох буюу нэгдүгээр хувилбар энэ юм.
ХУВИЛБАР ХОЁР: ТОМИЛОХ
Өнөөдөртөө Цэцийн дээр Засгийн газар суусан ч, маргаашдаа байраа солих нь маргаангүй үнэн. Цэц маргаан үүсгэвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох нь баараггүй үнэн. Экс спикер Ц.Нямдорж гуайн баримт бэлхнээ бий шүү дээ.
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Ерөнхий сайд ийм тэнэг алхамд хүргэхгүй тул хоёрдугаар хувилбарыг сийрүүлэв. Өөрийгөө огцрох хэмжээнд хүргэлгүйгээр Цэцийн хуралдааны өмнөх орой гаргасан захирамжаа цуцалдаг байсан экс Ерөнхий сайдын баримт бас бий. Аймгийн Засаг дарга нарыг сольж томилсон асуудал Үндсэн хуулийн цэц дээр очиж, ялагдахын даваан дээр гаргасан захирамжаа цуцалсан тохиолдол нэг биш удаа Н.Алтанхуягт тохиолдож л байсан. Асуудлыг тэр жишгээр шийдвэл Төрийн нарийн бичгийн дарга нар албандаа буцаж томилогдоно. Цаашлаад шүүхээр заргаа авсан төрийн олон жинхэнэ албан хаагч ажилдаа буцаж очиж таарна. Тэгвэл Шийдлийн гэх Засгийн газар, түүний тэргүүний нэр хүндэд ч сайн.
Мэдээж асуудал иймд хүрэх гээд байгаа учраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийнуудыг жинхлээгүй байгаа. Үүний үр дагаварт дээрх яамдад очсон ажилтнууд төрийн жинхэнэ албан хаагч болж чадаагүй гэх. Дараагийн дарга ирэхэд ч тэднийг явуулж болохоор ажил, амьдрал нь ямар ч баталгаагүй байна.
Хууль хэрэгжүүлдэггүй, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халдаг том толгойтнуудад сануулга өгч, энэ талаар хуулийн төсөл санаачилснаа Төрийн тэргүүн намын дарга нартай зэрэгцэн сууж байгаад өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрээр энэ талаар санаачилсан төслөө уржигдар парламентад өргөн барьжээ. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны онцлогт нийцүүлэн “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэсэн томъёоллыг оруулжээ. Төрийн албыг улс төрөөс хараат бус болгох чиглэлээр хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг оруулж, шинэчлэн найруулсан нь энэ юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин