Ардын намыг анхнаас нь үгээгүйчүүд үүсгэн байгуулсан түүхтэй. Түүхийг нь ажиглахад үгээгүйчүүд хувьсгал хийж, үр дүнг нь үндэсний баячууд завшдаг олон улсын ажилчны хөдөлгөөний түүхийг давтсан дүр зураг харагдана. Олон жил муулсан капитализмдаа нэгэнт шилжиж байгаа болохоор үндэсний хөрөнгөтнүүд үүсч гадаадын капитал, мөнгө хүүлэгчид, дотоодын олигархуудтай сүлбэлдсэн төрийн эрхийг мөнгөөр авдаг сүлжээнд орсныг гайхах хэрэггүй.
Ардчилагчдад итгэсэн сонгогчид 1996 онд тэдэнд саналаа өгсөн. Тэд төр бариад түрүү үеийнхний бий болгосон социализмын материал техникийн бааз гээчийг нь хувааж аваад үрэн таран хийх явцад халаасандаа ганц төгрөгтэй явж үзээгүй банди нараас одоогийн үндэсний хөрөнгөтнүүд төрөн гарсныг монголчууд мартаагүй.
Ялагдсан хорсолдоо автсан МАХН-ынхан 1996-2000 онд Ардчилсан намынхныг ардчилал нэрийн доор хэрхэн туйлж болдгийг хараад, цалингаараа амьдарч ирсэн тэд нар ч бас урьтаж идэхийн ухаанд суралцсан. Ард түмэн ч ардчилагчдын нүүр царайг мэдэж авсан. Ингээд 2000 оноос бүх эрхийг зуун хувь гартаа авсан МАХН-ынхан ёстой л дураараа туйлж дунд чөмгөөрөө жиргэсэн.
Тэд чухам хаана нь байгаа юуг идэж болохыг Ардчилсан намынхнаас илүү мэдэж байсан юм.Гэрийнхэн нь танихгүй, гэдсэн доорхио харахгүй болтлоо баяжсан хүмүүс жинхэнэ хүнд суртал, авлигалыг үүсгэж, хэний ч сонсдоггүй дүлий төрийг бий болгосон. Үүнийг мэдэрсэн сонгогчид 2004 онд хоёр намыг тэнцүүлээд өгсөн.
Тэнцсэнээс болж, дэн дун дээсэн дөрөөн дээр байгуулагдсан Засгийн газар ил далд хуйвалдаж идэх зам руу орсон. Монгол баян юм болохоороо өөр зөндөө идэх юм.
Ялангуяа геологи хайгуулаар нөөц нь тогтоогдчихсон ашигт малтмалын ордууд харагдаад байдаг. Эдийн засаг сэргээд ирсэн чинь тендэр, төсөл гээд авлига авч шийддэг түм буман боломж гараад ирсэн байна. Ингээд хоёр том нам мөнгөтэй айлын халаасны өрөөнд тарчиг оюутан болох нь тэр. Нэг ёсондоо Монголын төр бол баян улстөрчдөд худалдагдсан барьцааны төр юм. Мөнгө хаана байна тэнд эрх мэдэл байна. Эрх мэдэл хэнд байна тэнд мөнгө байна. Энэ тухайд бол намуудыг ардчилсан, коммунист гэж ялгах аргагүй. Бүхнийг мөнгөөр шийднэ. Сонгогчдын саналыг ч худалдаж авна. Энэ хооронд хэмжээлшгүй их эрхийг эдэлж Ерөнхийи сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж амжсан Н.Энхбаярын нам мөнгөтэй залууст эрх мэдэл худалдаж, намаа санхүүжүүлдэг “тэргүүн туршлага” газар авч, өөрийн намынхныг байтугай жижиг намуудыг ч тэтгэж нааш татах хэмжээнд бэлжсэн юм. Харин эхлээд намдаа санхүүжилт авдаг байснаа, сүүлдээ өөрсдөө хэнээс авсан нь үл мэдэгдэх их хөрөнгөтэй болсныг өнөөгийн хэлээр бол авлигын мөнгө байжээ гэж хариулж болно. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр нарын байгуулсан үйлдвэр гэж та мэдэх үү.
Түүхийг ажиглахад аливаа системийг бий болгосон хүмүүс нэг бол өөрийнхөө гараар тэр системээ нураагаад, дараа үед шилжүүлдэг, эсвэл нураахгүй байсаар чинээндээ тулж Чаушески шиг өөрөө золиос болдог аж. Энхбаяр бол өөрийнхөө бий болгосон хүнд суртал, авлига, дүлий төрийн золиос нь болсон юм. Хууль хүчний байгууллагыг өөрийн зоргоор жолоодох, хүч түрэмгийлэх, Засгийн газрыг огцруулах, өөрийнхөө дургүйг хүргэсэн журмын нөхдөө шахан зайлуулах, өрсөлдөгч намынхныг шоронд суулгах зэрэг улстөрийн тоглоомыг тэрбээр Монголын улстөрд бий болгосон автор нь юм. Тэрбээр хүчтэй улстөрч гэдгээ өлсөж байхдаа ч, шоронд байхдаа ч үзүүлсээр байна. Улстөрчийн тоглох суурь нь боловсролгүй, харанхуй, гэнэн цайлган ард түмэн байдаг. Гэхдээ Н.Удвалд санал өгсөн 70-80 мянган хүн л түүнийг дэмжиж байгаа нь харагдлаа. Одоо ер нь Н.Энхбаярыг хориод ямар ч утгагүй боллоо. Шоронд хүнийг хүмүүжүүлнэ гэж үздэг бол түүнийг яаж ч өөрчилж чадахгүй. Шорон хүнийг хашраадаг бол тэрбээр нугарашгүй хүн гэдгээ харуулсан. Харин шоронгоос гаргаад төлбөр ялбараа авсан нь дээр.
МАН-ын удирдлагууд, өөрийнх нь хэлдгээр, “бөгсийг нь долоож” явсан нөхдөдөө гомдсон, Ардчилсан намынханд, Ц.Элбэгдоржид өс санасан түүний санаа бодлыг юу ч өөрчлөхгүй. Сарьсан багваахай мэт дийлж яваа талд нь ордог, намд хөрөнгө санхүүгээр тусалж, эрх мэдэл, эд хөрөнгөтэй болдог арга одоо ч үргэлжилж байна. Тиймээс өнөөдөр эрх барьж байгаа Ардчилсан нам бяртай гэдгээ энэ Ерөнхийлөгчийн сонгуулиар харууллаа. Харин “Маарамбын уяа” мэт болж байгаа МАН-ыг дахин хувьчилж авах хоёрдугаар ээлж хоолондоо орохоор зэхэж байна. Намд элсээд, тушаал аваад гайгүй амьдралтай болдог социализмын үе үлгэр болж, дарга нь санаачлаад, хөрөнгөтэй хүмүүсийг цуглуулж ялаад албан тушаалын “ТҮЦ” нээж байсан цаг дурсамж болж байна. Одоо тэгээд яах вэ. Намаа шинэчилнэ гэсэн залуус үүдийг нь балбаад, дарга нь дотроос нь түгжчихээд, цонхоороо орж гарахад хүрч байгаа бололтой.
Хуучинтай нь зүйрлэхэд эрх мэдэлгүй, мөнгөгүй, нэр хүндгүй болсон энэ намтай зууралдаад байх сонирхол дарга нарт нь байхгүй. Бас зүгээр л тамгаа өгчихөөд явчихаж арай боломгүй. Намаа ийм болгоход одоогийн хоёр даргын тарьсан гай гэвэл зугтаад алга болсон нөхдийнхийг бодвол хамаагүй бага. Тэд бол фракцуудын золиосны хүмүүс. Ургаж явахад нь биш, унаж явахад нь томилогдсон нь үнэн. Бас намаа атгасан шагай шиг эвд нь оруулья гэхэл зангараг дутна. Улс орны нийгэм, эдийн засгийн шинэ хөтөлбөр боловсруулья гэхэд оюуны цараа багадна. Намаа шинэчилнэ гэж гарч ирсэн залуусын ард Отгонбилэг агсны хүү Содбилэг, МАК-ийн Нямтайширын хүү Номтойбаяр, Сэлэнгэ аймгийн толгой баян Эрдэнэбат нарын толгой шоволзож харагдана. Өмч хувьчлалын үеэр аливаа обьектыг үнэгүйдүүлж байгаад авчихдаг шиг “Ху” угшилтай Монгол ардын намыг хувьчилж аваад, улстөрийн хөзөр болгон наадах хүсэлтэй, аав ээжийнхээ хөрөнгөөр тоглож, санал худалдаж авах бяр суусан залуус найрын ширээ засчихаад ууцаа таллах хутга билүүдэж суугаа бололтой. Чоно борооноор гэж үүнийг л хэлнэ. Монгол орны тусгаар тогтнолыг хамгаалж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангаж 90 гаруй жил болсон энэ намын ахмадууд эцэстээ ийм залууст тэр нутгийнханы улстөрийн тоглоом бэлтгэж байсан болж таарах нь уу.
Н.Номтойбаяр Дорнод аймгийн намын байгууллагыг талцуулан хуваагаад улстөрийн идэвхийг нь ердөө л 51 хувьд авч ирсэн түүнийг өөр намаас нэр дэвшсэн өрсөлдөгчтэй хавсарч журмын нөхөр Одбаярыг унагасныг бүгд ярьдаг.
Тэрбээр боловсрол мэдлэгээ биш, мөнгөндөө эрдээд том том дуугардаг.
О.Содбилэг үнэхээр намаа гэсэн сэтгэлтэй юм бол Ерөнхийлөгчийн сонгуулиар Орхон аймагт яагаад үр нөлөөтэй ажилласангүй вэ. Аварга тэнд хамгийн бага санал авсан.Содбилэгийн нэр хүнд гэж тэнд байгаа юм уу. Сайн аавын нэрийг хэд зарж идэх гэсэн хэрэг вэ. Тэрхүү үе залгамжилсан баячуулд УИХ-д суух, намын эрхийг авах ямар зорилго байгаа юм бэ. Намдаа, эх орон, ард түмэндээ тун их хайртай хэрэг үү. Эсвэл УИХ-д сууж, улстөрийн хамгаалалд орох шаардлага байв уу.
Тэд нар нэр цэвэр хүмүүс мөн үү. Энэ залуустай холбоотой алдуул яриа ч их бий. Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Хар дэвтэр”-т бүртгэгдсэн байж магадгүй. Талийгаач Отгонбилэгийн гэнэт хөрөнгөжсөн түүхийг сөхвөл сонирхолтой зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Шинэчлэлийн ямар арга зам, ямар үзэл баримтлал, эдийн засгийн ямар тооцоо байгаа юм бэ. Энэ бүхнийг ул суурьтай ярихгүй хөнгөдвөл МАН нэг бүдэрвэл долоо бүдрэх гээч болж, таван сонгуульд биш, 10 сонгуульд ч босч ирж чадахгүй. Харин мөнгөтэй хэдэн хүнийг УИХ-д суулгаж өгдөг улс төрийн хэрэглэгдэхүүн болон үлдэж магадгүй. Сонгогчдын боловсрол дээшилж, мөнгөөр саналаа худалдахаа больтол зай ч байна, лай ч байна. Аль ч намыг өмөөрөх эсвэл муулах санаа надад алга. Харин төр улс орны хөгжил, түмэн олны амьдрал намуудаас хамааралтай байх нь үнэн болохоор, улстөрийн тэнцвэртэй байдлыг хадгалагч хоёр нам хоёулаа цэвэр тунгалаг байгаасай гэж бодон үүнийг тэрлэж сууна. Тэгээд мөнгөгүй гуйлгачингууд намыг авч явах хэрэг үү гэж асуух хүн гарна. Үзэл бодолдоо үнэнчээр нэгдсэн хүмүүст бол мөнгөгүйгээр шийдэх асуудал түм бум бий. Жинхэнэ намын ажил гэдэг үзэл бодолдоо үнэнч хүмүүс өөрсдийн лидерээ тодруулаад оюун санаа, эрдэм мэдлэг, идэвх зүтгэлээрээ улс орноо хөгжүүлэхийн төлөөх ариун үйлс байдаг.
МАН-ынхан үймэлдэхийг хараад АН-ынхан шоолж суугаа бололтой. “Түрүүчийнхийгээ хуруугаар бүү за” гэсэн ахмадын сургамж бий. “Манай гудманд ч гэсэн майн баяр болно” гэсэн Оросын зүйр үг бий. Улстөр гэдэг ялж, ялагдаж, эрх мэдлийг өгч, авдаг жамтай. Харин энэ өрсөлдөөний хөлд ард түмэн чирэгдэж байгаа эмгэнэлт үеийг хурдан төгсгөл болгоё гэвэл хоёр том нам эрүүл байх учиртай.
Намууд шинэчлэгдэж чадахгүй бол сонгогчид саналаа өгөхөө болих цаг холгүй байгааг Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн 63 хувь, Элбэгдорж нийт сонгогчдын гуравны нэг, ард түмний тавны нэгийн саналаар ялсан дүн бэлхэнээ харуулж байна.
Ардчилсан намынхан өөрсдийгөө толинд нэг сайн харахад бас гэмгүй. АН-ын партизанууд ч МАН-ын гашуун туршлагыг амсах өдөр ирнэ гэдэг туйлын үнэн. Аль аль нь хоёрдугаар ээлж хоолондоо орохоор дугаарлана зогсоно.