Архангай аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээ 1921 онд жанжин Сүхбаатарын гарын үсэг бүхий шийдвэрээр“Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” нэртэйгээр Эрүүл мэндийн мэргэжлийн алба анх үүсэн байгуулагдсан цагаас хойш тус аймгийн эрүүл мэндийн салбар есөн арван жилийн баялаг түүхийг бүтээгээд байна.
Энэхүү ойн арга хэмжээнд Эрүүл мэнд спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Эрдэнэчимэг оролцож, салбарын сайдынхаа мэндчилгээг уламжилсны зэрэгцээ тус аймгийн Эрүүл мэндийн газарт ажлын хэрэгцээнд нь зориулан автомашин бэлэглэх “Батламж”-ыг гардуулан өгсөн юм.
Архангай аймаг 2010 онд анх эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан батлан хэрэгжүүлсэн нь улсын хэмжээнд жишиг болж 21 аймгийн Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн арвин туршлагатай аж.
Түүхт ойн хүрээнд 90 бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлснээс гадна Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратеги (2016-2020) төлөвлөгөөгөө батлуулж мөн 90 жилийн түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байв.