Уулзалгүй хоёр сар болсон хүү нь ээжийгээ бараг танихгүй байжээ. Ингэж хэлэхэд итгэмээргүй боловч үнэхээр ийм юм болсон байна. Саранчимэг энэ хугацаанд 20 гаруй кг-ыг хаяж, нэлээд турсан аж. Түүнээс гадна чийг бамаас болсон уу аль эсвэл идэж, уух хоол унднаас нь болсон уу нүүр, биеэр нь битүү юм туурч өөрийнх нь хэлснээр хүн харахын аргагүй юм болжээ.
– Ээж минь даанч дээ. Ийм юм болох гээд байсан юм аа. Танд бид нар их л хэлсэн. Бас таныг юугаар дутаасан гэж заавал тийм юм хийж явсан юм бэ..? Үүнээс өөр үг ч дуугарч чадалгүй уйлсаар байгаад хүү нь буцжээ. Хүүгийнх нь хэлсэн цөөн хэдэн үг Саранчимэгийн зүрхэнд, тархинд нэлээд сайн туссан гэлтэй. Өөрийгөө өмгөөлж, хамгаалж, өө сэвийг бусдад нялзааж, “Би буруугүй” гээд шүүхийн шийдвэртэй огт эвлэрэхгүй байсан бол хүүгээ ирсэнээс хойш тэрбээр арай өөрөөр бодож, тунгааж эхэлсэн байна. Тэр шөнө Саранчимэг их сонин зүүд зүүдэлжээ. “Насан эрт бурхны орныг зорьсон ээж нь ташуур барин хөөгөөд байх юм гэнэ. Саранчимэгийн хөл цуцаж, бүх бие нь тамирдаад харуулдан унажээ. Унахдаа хав харанхуй нүхэнд ойчиж. Ээж нь зодох гэж далайж явсан ташуураа унжуулаад “Наадахаасаа барь. Чангахан атгаадах” гэсэн байна. Ингэж Саранчимэг нүхнээс гарч иртэл “Чамд хэн ийм муухай юм зааж өгөв? Чамаас болж ийм олон хүн ингэж зовж байна, хар” гэж. Нээрэн, дандаа харсан царайтай хүмүүс түүнийг муухай харж, зарим нь харааж гомдоллож байх юм гэнэ. Ээж нь “Чи одоо юу хийснээ ойлгож ухаарахгүй бол дахиад нүхэнд унана. Чамайг хэн ч гаргаж авахгүй” гэжээ. Нүдэнд нь тодоос тод харагдаж, санаанаас нь үл холдох зүүднээсээ айж “Юу болоод байна аа?” гэж өөртэйгөө зөрчилдөж суужээ. Тэр шөнийн зүүдний зарим хэсэг нь сар гаруйн өмнө шүүх хурал дээр болсон үйл явдал, хохирогчдын ааш авир, байгаа байдалтай нь хүртэл яг таараад байжээ. Тэрбээр арга буюу хэн байж байгаад хэн болсноо эргэцүүлэн бодсон байна.
Саранчимэг малын эмч мэргэжил эзэмшсэн ч тэр чиглэлээрээ ажиллаагүй аж. Уг нь сургууль төгсөхөд нь хуваарилсан аймагтаа очсон бол мэргэжлээрээ ажиллах боломж байжээ. Хөдөө төрж өссөн түүнийг “Нутагтаа очиж ажилла” гэж аав, ээж нь ятгаж ядсан байна. Аж ахуй дээр ажиллаж байхдаа танилцаад хайр сэтгэлийн холбоотой болсон Сүхээ гэх өөрөөсөө 10 насаар ах эрийг дагаж, зүтгэсээр байгаад гэрлэсэн байна. Гурван сайхан хүү төрүүлж, гэрийн ажилтай зууралдсаар нэг л мэдэхэд 30 насны босго давжээ. Наймаа хийж, нааш цааш холхих нөхөр нь нэг л өдөр “Би ах, эгч хоёртойгоо Чех явлаа” гэсэн байна. Хүний газар очиж, мөнгөний төлөө ажил хийх гэж байгаа нөхрийгөө өрөвдөж, хамаг юмыг нь жин тан базааж өгөөд явуулжээ. Хилийн дээс алхсанаасаа хойш нөхрөөс нь хэл сураг ирсэнгүй, хадмууд нь ааш зангаа хувирган таагүй хандах болсон аж. Саранчимэг “Эд нарт ямар ч байсан муугаа үзүүлэхгүй” гээд хоёр өрөө байраа зарж, хашаа байшин худалдан авчээ. Муу үг модон улаатай юм болохоор нөхөр Сүхээ нь залуухан бүсгүйтэй нөхцөж, түүнтэйгээ хамт явсан нь ч тодорхой болсон байна. Шар нь гозойж, хор нь буцалж, гомдолдоо дийлдсэн бүсгүй хадам ээж, эгч хоёроосоо “Ажилд оруулж өгөөч” гэж гуйгаад “Чи ямар ажил хийж чадах юм бэ? Манай Сүхээг сорж өдий олон жил амьдарлаа. Одоо өөрөө өөрийгөө л бод. Насаараа чамайг тэжээхээс халширсандаа хүний нутагт хөлсөө шавхаж яваа юм шүү дээ” гэсэн хариултаар амаа таглуулсандаа бүр илүүтэй шазуур зуужээ. Тэрбээр богинохон хугацаанд усан сангийн ус түгээгч хийхдээ хөзөр болон чулуугаар ойр хавийнхнаа мэргэлж өгч, тархийг нь угаах дасгал хийжээ. Энэ үед түүнээс хадмууд нь хоёр өрөө байр дур мэдэн зарсан, үрсэн гээд хэрүүл зарга хийж байж. Аавынх нь сайн танил эр бөө болсныг сонсоод түүн дээр очиж учир байдлаа хэлсэн байна.
– Байр саванд санаа зоволтгүй ээ. Гурван хүүгийн чинь мэдэлд очих ёстой хөрөнгө. Харин чи хар буруу бодол битгий өвөрлөөрэй хэмээн айлдсан бөөгийн үг түүний чихний хажуугаар өнгөрчээ. Үнэндээ ч зарсан хоёр өрөө байрыг хүүхдүүдийнх нь хөрөнгө гээд хадмынхан нь заргаа алдсан тул Саранчимэг “бөө” болж “ид шид”-ээ үзэхээр шийдсэн байна. Монголчууд молигодуулахдаа амархан, итгэмтгий гэнэн гэдгийг нь хүртэл тэрбээр тооцоолсон аж. Түүнээс бус худгийн ус түгээж суусан бүсгүй гэнэт хувилан тодорч “удган” болоход итгэхгүй, бишрэхгүй байж болно оо доо. – “Хайлааст”-ын задгайд хачин сайн удган байна…
Хуй салхиар туугдах мэт ийм яриа газар авчээ. Гурван хүүтэйгээ зөрчилдөн байж хамтран амьдрагчтай болсон нь түүнийг “удган” гэж итгүүлэх, улс амьтныг төөрөгдүүлэх гол хүн нь байж. Автобусны жолооч, архинаас буцдаггүй тэр эр арга эвийг нь олоод авч суусан шинэ эхнэрийгээ рекламддаг байна. Ямар нэг гачигдал зовлонтой, өвчин эмгэг туссан нь аргаа баран, аврал эрэн түүнийг зорин очдог байжээ. Гэвч Саранчимэг “Би яг 37-ныхоо жил дээр онгод сахиустайгаа учирсан. Манай дээд долоон удам бөө, удган. Над шиг удам дамжсан бөө ховор” гэж өөрийгөө огт худлаа рекламдаад ихэвчлэн согтуугийнхаа солиорлоор бусдыг төөрөлдүүлж, зовлонгоос нь зоос олж, богино хугацаанд хөлжсөн байна. Тэрбээр бараг зургаан жил шахам хугацаанд өөрийнх нь хэлснээр “солиорч”, бусдын зовлонгоор наадсан гэнэ. Дүрдээ ингэж орсон, архинд толгойгоо урхидуулсан тэрбээр нэг л өдөр хадам эгч рүүгээ утасдаж “Та нарт ямар нэг дохио очихгүй байна уу? Надад мэдрэгдээд их хэцүү байна. Ямар нэг муу юм болох гээд байна шүү. Мөнгөө хав дарж байснаас надад хэдэн юм атгуулаад заслаа хийлгэсэн нь өлзийтэй юм биш үү?” гэж аминдаа сүрдүүлж, тэднээс болж өгвөл мөнгө салгах гэж бодсон аж. Гэтэл Саранчимэгийг ингэж ярьсанаас хоёрхон хоногийн дараа хадам эгчийнх нь нөхөр автын осолд оржээ. Ингээд,
– Чи муу хараал хийсэн. Чамайг шалгуулна. Чи олон хүний амьдралаар тоглож байгаа шүү гэсэн хатуу боловч үнэн үг хэлсэн хадмын талынхан нь цагдаад хандсан байна. Тэд зөвхөн өөрсдийнхөө гомдлыг хангалтгүй гэж үзээд Саранчимэгт үзүүлээд биедээ ямар нэг шарх сорви авсан, эсвэл зодуулж, жанчуулсан гэх хэд хэдэн хүнийг олж, гомдол гаргуулжээ. Тухайн үедээ Саранчимэг цагдаагийнхан руу хүртэл давшилж:
– Та нар өөрсдөө хохирно. Намайг тэнгэр ивээнэ гээд хашгичиж байсан бол шүүх хурал дээр 20 гаруй хохирогч ирж гомдол мэдүүлэхэд өөрийн эрхгүй хоёр хөл нь чичирч байжээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг энэ аж. – Намайг хоёр шил архи, 20000 төгрөгтэй ир. Өвчтэй хүүхдэд чинь сэржмийн засал хийнэ гэсэн. Хэлсэн дагуу нь очиход нөхөр нь бас өөрөө согтуу байсан.
Нэг шил архийг задалж, өөрсдийнхөө аяганд, бас надад нэг жүнзэнд хийж өгөөд “Уу” гэсэн. Би уусан. Тэгснээ Саранчимэг намайг өмнөө суулгаад “Нүдээ аниад, амаа ангай” гэсэн. Хавирсан шүдэнд ам руу шидэх тоолонд нь хэл, уруул, амны дотор тал түлэгдсэн байсан… Гомдолтой байна. Би өвчтэй хүүхдээ эдгэрүүлэхийн тулд “сайн” гэж сонсоод очсон. Гэвч өөрөө хохирч, өчнөөн хоног халуурсан. Иймэрхүү шүдэнзээр түлүүлсэн гэх хохирогч нэг биш байжээ. Харин Саранчимэгт ташуурдуулж, зодуулснаасаа хойш тархи толгойн өвчтэй болсон гээд сорвитой, бүр оёдол тавиулсан хохирогч хүртэл байсан байна.
– Миний сахиус догширлоо. Чи тэвчээртэй байж чадна биз..? Ингэж хэлээд агсамнан хашгичиж, ааг омгоо дардаг байсан хуурамч “бөө” Саранчимэгт итгэж явсан тэр олон хүнийг хадмууд нь авраагүй бол хүний аминд ч хүрч мэдэхээр аймшигтай байдалд хүрсэн байж. Шүүх Саранчимэгт Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар найман жилийн хорих ял оноосон байна.
Тэрбээр жүжиглэсэн гэдгээ мэдсээр байж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрч чадахгүй байсан гэнэ. Харин хүүгийнхээ хэлсэн үг, зүүдэнд нь ирсэн ээжийнхээ зэм хоёрыг эргэцүүлэн тунгааснаар “Ямар их нүгэл үйлдсэнээ” ухаарчээ. Тэрбээр 90 гаруй килограмм жинтэй байсан бол одоо 60 кг хүрэхгүй болтлоо турсан байна. Ямар сайндаа л хүү нь танихгүй байх вэ дээ. – Зовлого ихдэхээр зовлон болдог гэж үнэн. Би бусдын зовлонгоор зовлогоо зузаалсан хүн. Тиймээс зовлонгоо нимгэлэхийн тулд зовлогноосоо салах ёстойг ойлгосон. Миний ээж чанга хатуу хүн байсан. Надад хилэгнэх нь аргагүй ээ. Би одоо өрөөл бусдаас биш өөрөөсөө л айж сууна хэмээн Саранчимэг ярьж байна. Хадмууд нь гомдол гаргаж, өргөдөл бичсэнээс хойш цагдаагийнхан түүнийг мөрдөж, мөшгиж байсныг тэр мэдээгүй аж. Бас өсч өндийсөн хүүхдүүд нь:
– Ээжийг архи уучихаад ийм юм хийхээр ичдэг хэмээн тодорхойлолт өгчээ. Хамсаатан болохоос үхтлээ айсан хамтран амьдрагч, үнэгүй архи, хоол… гээд бэлэн зэлэн юман дээр хөлбөрч хэвтсэн эр:
– Би энэ эмэгтэйг сайн танихгүй хэмээн өчиг өгсөн байна. Тэгэхэд Саранчимэг:
– Тэр хүнд буруу байхгүй ээ. Миний хүүхдүүд архи уудаг болохоор нь бас аавдаа хайртай учраас түүнд нүүр өгдөггүй. Ямар сайндаа бид хоёр уулын мухарт очиж амьдарч байх вэ дээ хэмээн түүнд хир халдаасангүй. Харин Саранчимэгийн хүү:
– Тэр хүнийг буруутгахдаа биш. Буруу замаар амьдарч, мөнгө олоод байгааг дэмжиж, хөөргөсөн хүн бол тэр. Би хоёр дүүгээ өөр дээрээ авсаны учир нь буруу амьдралаас дайжуулсан хэрэг. Түүнээс биш тээж төрүүлсэн ээждээ хайртай… Хэзээ нэг өдөр миний ээж ойлгоосой. Хэн нэгэнд муу юм битгий хийгээсэй гэж бодохоос хоол хоолой руу давахгүй байсан хоног өдөр тийм ч цөөн биш шүү. Миний ээж архи ууснаас болж ийм тэнэг юм хийсэн. Өөрөө аяндаа ойлгох биз дээ… Бид ээж, ааваасаа юу ч гуйлгүй, өөрсдөө сайн сайхан явж байгаа. Бид ээждээ биш аавдаа гомддог. Миний ээжтэй суусан тэр Жадамбаад бас гомддог… хэмээн хэлсэн байна. Тэд ээжээсээ нэг төгрөг ч авдаггүй байжээ. Шударга биш аргаар олж байгаа мөнгөнөөс цэрвэсэн хэрэг.
Уг нь,
– Мөнгөнд шунаж болохгүй. Ажил хийж олсон мөнгө хамгийн үнэтэй…. гэхчлэн сургаж өсгөсөн хүн бол Саранчимэг. Гэвч тэрбээр хүүхдүүдээ сайн хүн болгох гэж үнэн зөв мэргэн сургаалиа хайрлан өсгөж, хүмүүжүүлсэн атлаа амьдралын жижигхэн саад, бэрхшээлийг ухаанаар биш атаа хорсол, мөнгө хөрөнгөөр шийдэх гэж зүтгээд буруу зам руу буцалтгүй оржээ гэлтэй. Тэр тусмаа “Бүсгүй хүн архитай нөхөрлөвөл ямар аймшигтай гэж санана. Би яг юу хийж, ямар юм хэлж ярьсанаа ч мэдэхгүй. Бөөлөх биш согтуудаа солиорч, тэр олон хүнийг төөрөлдүүлж байсан гэм буруугаа сайн ойлгосон” гэж Саранчимэг ярив. Тэрбээр архитай нөхөрлөсөн он жилүүддээ харамсаж гэмшиж сууна.
Эх сурвалж : mongoliax.mn