2014 оны 8 дугаар сард БНХАУ –ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан.
Энэ үеэр талууд хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу “Монгол-Хятадын Экспо” БНХАУ –ын Хөх Хотноо энэ сарын 23 – 27-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яамны дэмжлэгтэйгээр ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, Худалдааны Танхим, Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, Хөгжил Шинэтгэлийн Хороо зэрэг байгууллагууд анх удаа Монгол, Хятад хоёр орны хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд үндэслэн хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, Шинжлэх ухаан, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Олон улсын морины форум /10.23-нд/, Монгол-Хятадын махны салбарын хамтын ажиллагааны уулзалт, Олон улсын сүүний салбарын хөгжлийн форум /10.24-нд/-ыг хариуцан зохион байгуулах юм. Түүнчлэн энэхүү үзэсгэлэн худалдаанд манай 35 хүнсний үйлдвэр оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах юм.