Өнгөрсөн сард Хятад, Монголын хэвлэл мэдээллийн VI форум Хятад улсын ӨМӨОЗО-ны Алшаа аймагт болсон. Энэхүү форумд оролцохоор Монголоос очсон хэвлэл мэдээллийнхэн бидэнд Хятад улсын Шаньдүн мужтай танилцах завшаан тохиосон юм. БНХАУ-ын хамгийн жижиг газар нутагтай хэрнээ хамгийн олон хүн амтай, басхүү хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Шаньдун. Нийтдээ 157,100km² газар нутагтай, 97.8 сая хүн амтай энэ муж Хятадын зүүн хэсэгт, Шар мөрний адагт оршдог. Бохайн тэнгис, Шар тэнгисээр хүрээлэгдсэн Шаньдун муж нь зүүн тийшээ Япон, Солонгосын хойг, баруун хойшоо Хубэй муж, өмнө зүгт Хэнан мужтай хил залгаа. Нийтдээ 17 хот, 138 дүүрэгтэй энэ муж хүн амын тоогоороо Хятад улсад хоёрдугаарт ордог аж.
Хятадын таван ариун оргилын нэг гэж нэрлэгддэг Тайшань уул, уулын орой дээрх 3000 жилийн түүхтэй сүм хийд, алдарт Күнзтэй холбоотой түүх дурсгалын газрууд, далайн гаралтай бүтээгдэхүүн, үзэсгэлэнт байгаль гээд олон зүйлээрээ жуулчдын анхаарлыг татдаг газар. Дэлхийд уртаараа зургадугаарт бичигддэг Хатангол яг эндээс Номхон длай руу цутгадаг. Шаньдуныхан өөрсдийнхөө цаашдын хөгжлийг “Уул нь ногоон, ус нь тунгалаг Шаньдун” гэсэн тавхан үгээр томьеолжээ. Энэ мужийн усан онгоц, хурдны галт тэрэгний үйлдвэрлэл, эрэдэнэ шиш, улаан буудайн тариалалт, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргээс их хэмжээний орлого олдог бөгөөд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Хятадад эхний гуравт ордог.
Тус мужийн захиргаанаас 98.8 сая хүнийхээ дотор судалгаа явуулж, 3320 юаниас бага орлоготой таван сая орчим хүн байгааг тогтоож, нэн ядуу гэсэн ангилалд бүртгэсэн. Эдгээр иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар доривтой ажил хийхээр том төлөвлөгөө гаргаж, мужаа дөрвөн бүс болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.
Булгийн хот Жинан
Шаньдун мужийн төв Жинан хотыг “Булгийн хот” гэж нэрлэх нь бий. Энэ хотын нийт газар нутгийн тал нь уул, тал нь булаг байдаг хэмээн аяллын хөтөч маань хэлж байх юм. Ямартай ч хотын хэмжээнд 733 байгалийн булаг байдаг бөгөөд хамгийн алдартай нь Баотүчуань булаг.
Энэ хотын хүн ам өсөж, метро барих зайлшгүй шаардлагатай болсон ч газрын гүнээс оргилон гарч байгаа булгийн урсгалд сөрөг нөлөө үзүүлж магадгүй хэмээн үзэж, метро барих асуудлыг хотынхоо төлөвлөгөөнөөс бүрмөсөн хассан гэнэ. Уулаас буух булгийн урсгалыг нийлүүлэн олон зуун жилийн өмнө хотынхоо хэрэмний гадуур хамгаалалтын шуудуу болгон урсгаж байсан гэнэ. Харин өнөөдөр хамгаалалтын энэхүү шуудуу гадна дотны жуулчдын очиж үзэх дуртай газруудын нэг болжээ. Булгийн хотын хуучин хэрэм даган урсах 6.9 метр урттай булгийн уснаа эртний хэлбэр хийцтэй завь, сал урсаж, загасчны хуучин моторт завь ч үзэгдэнэ. Жинан хотын бас нэг бахархал нь ногоон байгууламж.
Жинанд ирсэн хүн бүх Хар нуурын усаар чанасан цай уух ёстой гэсэн бичигдээгүй хууль ч бас бий. Өвөлдөө хөлддөггүй, 16-18 хэмийн халуунтай ус оргилон гардаг энэ булаг элдэв өвчин зовиурт сайн, анагаах чадал сайтай гэж бүгд үзэгдтэй энэ нь холбоотой юм. Уултай, устай энэ л газарт өнгө өнгийн цэцэгсийг яг л урлагын бүтээл болгон амьдруулсан нь ирсэн хүн бүрийн харааг булааж байлаа. Жинаний Дайманхү нуур бас л жуулчдын анхаарлыг татдаг гол газар.
Энэ нууранд могой байдаггүй, мэлхий дуугардаггүй аж. Учир нь Сайн-Ерөөлт хаан Дайманхү нууранд ирж амрахдаа, могойноос айж, мэлхийний дуунаас жигшдэг учир нуурын бүхий л могойг зайлуулж, мэлхийг дуугарахгүй байх зарлиг буулгасан учраас могой байдаггүй, мэлхий дуугардаггүй гэсэн домогтой аж. Унжгар уд мод, өнгө алагласан цэцэгс, тунгалаг Дайманху буюу монголчилбол Гэгээн нуурын эрэгт манайхны үзэх дуртай Хуан жу гэг киноны зургийг авсан аж.
Бидний аялал цааш үргэлжилсээр Шаньдуны радио телевизийн хороон доор очлоо. 1948 оноос анх радиогийн нэвтрүүлэг цацаж эхэлсэн Шаньдуны радио телевиз нь сонин хэвлэл, телевизийн суваг, цахим сайт, гар утасны телевиз зэрэг олон салбартай. Нийтдээ 30 гаруй аж нэгжийг өөртөө багтаасан энэ том байгууллагад 5000 гаруй хүн ажилладаг бөгөөд жилдээ 10 тэрбум гаруй юаний орлого олдог гэнэ.
Нийтдээ Нийтдээ 1500 мкв талбайтай, дөрвөн том офиссын байртай, олон ангит киноны тал дээр мэргэшиж, уран бүтээлүүд нь хятад төдийгүй азийн орнуудад үнэлэгдэх болсон Шаньдуны телевиз, радиод ажилд орно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байдаг бололтой. Гурван сэтгүүлч ажилд авахаар зар өгч, 600 гаруй сэтгүүлчид шалгалт өгч байгаа гэнэ. Шаньдуны телевизийн ерөнхий редактор залуу биднийг Монголоос ирсэн гэдгийг дуулаад тун уриалгахан хүлээж авав. Түүний ээж залуудаа, тэртээ 1959-1963 оны үед Монголд ирж ажиллаж байжээ. Шаньдунаас тэр үед 20 гаруй их эмч Монголд ирж, хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуульд ажиллаж байсны нэг нь түүний ээж. “Ээж маань Монголд дөрвөн жил ажиллаж, нутагтаа ирж мэргэжлээрээ ажилласан. Хөдөө юм уу эсвэл хол яваад ирэхээрээ Саан байна уу” гэсээр гэртээ орж ирдэг юм” хэмээн тэр залуу хуучилж байсан.
Хаан ширээгүй хаан буюу буурал Күнзийн нутгаар…
Жинин хотын Чюйфү. Энэ бол Күнзийн төрж өсөж, басхүү амьсгал хураасан өлгий нутаг.Хятадыг ярихын тулд эхлээд Күнзийг ярих хэрэгтэй гэсэн ойлголт байдаг бол Хятадыг дэлхий нийтэд төлөөлж чадах хүн бол Күнз хэмээн хятадууд ярьдаг. Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын Чюйфү хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чюйфү хотод уг гарлаараа язгууртан удамтай айлын хүү болон мэндэлжээ.
Түүний түүх намтар дотор “Хаан ширээгүй хаан” хэмээн тэмдэглэн бичсэн байдаг нь учиртай гэнэ. Түүнийг төрөхийн өмнөхөн ээж Чин Цай нь НэКүй хэмээх ууланд орших шүтээнд очиж, хүүгийнхээ төлөө залбирахаар явжээ. Сүсэглэж залбираад буцаж ирсэн шөнө нь түүний зүүдэнд хүүгийнх нь ирээдүйн талаар болон хаана төрөх, яаж бас хэзээ нас барах талаар орж ирсэн байна. Чин Цай-н зүүдэнд орж ирсэн сүр жавхлантай таван хөгшин өвгөн түүнд хэлэхдээ “Чиний хүү бусдаас илүү мэргэн ухаантай хүү болох бөгөөд тэр хаан ширээгүй хаан болох болно.
Түүнийг ялам модтой хөндийд төрүүлээрэй” гэж хэлсэнийг ном зохиолд тэмдэглэн үлдээсэн байдаг. Чин Цай-н төрөх өдөр ирэхэд тэрээр нөхрөөсөө ялам модтой хөндий байдаг эсэхийг асуугаад, тэнд хүүгээ төрүүлэх ёстойг хэлэн өмнө зүгт орших агуйд 551 оны 11 сард хожмын агуу их сэтгэгч Күнзийг төрүүлжээ. Түүний төрсөн цаг үеийг Энэтхэгт Будда төрсөн цаг үетэй нэг гэж үздэг байна. Күнзийг гурван настай балчир байхад эцэг нь тэнгэрт хальж, бэлбэсэрч хоцорсон гурван эхнэр, өнчирч үлдсэн арваад хүүхдийн эв түнжин өдөр ирэх тусам эвдрэн хагарч буйг мэдэрсэн Күнзийн эх Чин Цай хүүгээ аван гэрээсээ гарч явсан ажээ. Залуу эх зовлон зүдгүүр туулсаар хүүгээ өсгөж, эрийн цээнд дөнгөж хүргээд 17 настайд нь өөрөө тэнгэрт хальсан байна. Эцэг эхээс эрт өнчирсөн залуу хүү хорвоогийн хатуу зовлонг туулсан бөгөөд иймээс ч Күнз “Би хар багаасаа ядуу доорд явж, хатуу хүтүү бүхнийг сурсан билээ” гэж өгүүлсэн байдаг.
Тэр амьдрахын эрхээр найр наадам, бэлбэсрэл, гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг тэр үеийн хар бор ажилд нухлагдаж явсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. “Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив”хэмээн өөрийнхөө тухай бичсэн Күнз анх ялам модны сүүдэрт сургууль байгуулан ном эрдэм зааж эхэлсэн гэнэ. 30 настайдаа номын сургуулиа байгуулж, улмаар шавь нарынх нь тоо гурван мянгад хүрснээс гадна эрдэм номд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Күнз болон түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сургаалын үндэс болдог аж.
Эдүгээ цагт хүн төрөлхтний суут арван сэтгэгчийн нэгэнд зүй ёсоор тооцогддог Күнз бүх л амьдралдаа эрдэм боловсролыг нэн тэргүүнд тооцон сурч мэдэхийн гайхамшиг, ёс зүйт нэгэн байхын талаар түгээн дэлгэрүүлсээр байсан бөгөөд өнөөдөр дэлхий дээр 2700 гаруй Күнзийн сүм байдаг. Тэднээс хамгийн алдартай, басхүү хамгийн том нь Чюйфү хотын энэ сүм. Жилд энд хэдэн зуун мянган жуулчин ирж, Күнзийн ном сургаалийг бишрэн шүтэгчид, эрдэм номыг дээдлэгсэд хуран цугларч байдаг энэ л газрыг Чюйфүгийн “гурван Күн” гэж нэрлэдэг. Күнзийн ордон нь Күнзийн үр удмын төрийн алба хашиж, аж төрөн амьдарч байсан сууц юм. Күнзийн сүм нь Күнзэд зориулан тахилга тайлга үйлдэж ирсэн эртний хийд орон юм. Харин Күнлинь буюу Күнзийн ой нь Күнз болон түүний үр хойчисын бунхны цогцолбор юм. Чюйфү хотын умард хэсэгт байрлах энэ газрыг 1994 онд ЮНЕСКО “Дэлхийн өвийн жагсаалтад” оруулжээ. Күнзийн сүм, ордон тэр ч бүү хэл бунхан нь соёлын хувьсгалын үед бусдын гарт орж эмхэрч гэмтсэн ч гэсэн сэргээн засаж, янзалжээ.
Хэдэн зуун жилийн настай хөгшин мод, олон хаалга, хөшөө, дурсгал багтаасан энэ газрын төв хэсэгт “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” гэсэн бичээс бүхий багана хүндтэй байр эзэлдэг. Тэндхийн худгийн усыг ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх худгийн уснаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээн бэлгэшээдэг аж. Күнзийн сүмд байх 2000 гаруй жилийн настай өвгөн модод дотроос “Тэнгэрээс бууж буй луу” нэртэй аварга том мод өөрийн эрхгүй анхаарал татна. Шаньдун мужийн Чюйфү хотын нийт иргэдийн 5 хувь Ку овогтой бөгөөд өнөөдөр Күнзийн 80 дахь удмын хүн Тайваньд амьдарч байгаа гэнэ.
Хэдийгээр Күнз ядуу буурай амьдарч байсан ч түүний үр удмынхан энэхүү ордонд хэдэн арван үеэрээ тансаг хангалуун амьдарч, түүний шавь нар үе залгамжлан Күнзийн номлолыг дэлгэрүүлж байсан аж. “Хэрвээ зорилго биелэх боломжгүй болвол зорилгоо өөрчлөөд хэрэггүй, харин үйлдлээ өөрчил” хэмээн сургаж, түүхэнд “хаан ширээгүй хаан” гэж тэмдэглэгдсэн Күнзийн төрсөн нутаг өнөөдөр түүний нэрээр алдаршиж, бас түүгээр амьсгалж байна. Энэ л нутгийг зорьсон жуулчдын цуваа хөвөрч, Күнзийн сүмийн эргэн тойронд худалдааны гудамж үргэлжилнэ. Түүний бичсэн ном, сургаал, хөрөг дүр, элдэв эрээн шаазан эдлэлүүд, бичгийн хэрэгсэл, бийр янтай, цаас, үзэгнээс Күнзийн дүрстэй бааран савтай хатуу дарс энд жуулчдын анхаарлыг татдаг гол наймаа.
Бизнесменүүдийг даллан дуудах Чиндао
Аялал жуулчлыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, түүх дурсгалыг өөрийн давуу тал болгон хөгжүүлж байгаа Шаньдун мужийн бас нэг бахархал бол яахын аргагүй Чиндао хот. Чиндао нь зүүн хойд хэсгээрээ Янтай, баруун хэсгээрээ Вэйванг, баруун өмнөд хэсгээрээ Рижао зэрэг муж хотуудтай хил залгаа юм. Хотын эзлэх талбайн хэмжээ 10,654 км, далайн төвшнөөс дээш 1133 м өндөрлөгт оршино. Чиндао хот нь чийглэг дулаан орны болон чийглэг хуурай газрын дунд оршдог учир уур амьсгал нь улирлын шинж чанартай. Энэхүү далайн эргийн хот сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа ба гол аж үйлдвэр нь худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуучлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг болно. Чиндао хот Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан байгалиараа алдартай.
Энд дэлхийн хамгийн урт гүүр байдаг. Чин Дао болон Хуандао хоттой холбосон далайн 42,4 км урт гүүр нь 5200 орчим тулгуур баганатай. Гүүрний бүтээн байгуулалт 2007 оноос эхэлсэн бөгөөд 1,55 тэрбум ам.доллараар боссон гэнэ. Чиндао усан боомт бол яах аргагүй Шаньдун мужийн эдийн засгийн гол түшэц газар нь. Тус боомт нь Шар тэнгистэй залган орших Шандонг Пенинсулад байрладаг. Дэлхийн 10 том боомтын долдугаарт бичигддэг юм байна. Япон, Солонгосоос гадна дэлхийн хөлөг онгоц үйлдвэрлэх бизнест тэргүүлэгч Чиндао боомт нь хиймэл бус, байгалийн боомт зогсоол бөгөөд 180 гаруй орны 700 гаруй боомттой худалдааны чиглэлээр хамтран ажилладаг гэнэ.
Хятадын хоёр дахь том боомт болох Чиндао боомт 1892 онд нээгдссэн бөгөөд өнөөдөр 18.000 TEU чингэлгийн термининдал, 400.000 DWT төмрийн хүдрийн терминал, 300.000DWT газрын тосны терминал, 100.000 нүүрсний терминал болон их хэмжээний үр тариа боловсруулах байгууламж бий. Чиндао нь Зүүн хойд Азийн усан тээврийн гол төв юм. Янгце голын бусад боомтуудтай харьцуулахад тус боомт нь олон улсын навигацийн сувагт 400 миль ойр. Газар зүйн байршлын хувьд Монгол улсад ч хамгийн ойр боомт. Чиндао хот бол үйлдвэрлэлийн том хот. Анх 1920 онд БНХАУ-ын Чиндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар Haier компани бол хятадын бахархал. Энэ үйлдвэрийн түүх хятадын эдийн засгийн түүхтэй ч бас холбоотой.
Haier компанийг 1949 оны төрийн эргэлтийн дараа үйлдвэрийг улсын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд 1980 он гэхэд Haier-ийн үйлдвэр 1,4 сая гаруй юанийн өртэй, жилд ердөө 80 ширхэг хөргөгч үйлдвэрлэдэг болж дампуурлын ирмэгт тулсан байна. Тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, гадаад худалдааны нээлттэй бодлогын хүрээнд Германы Liebherr компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна. Евро мониторингийн хийсэн судалгаагаар Haier корпораци өнөөдөр гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээр дэлхийд 4-рт ордог, дотоодын зах зээлдээ хамгийн үнэ цэнэтэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан юм. Haier корпораци дэлхийн 30 гаруй улс оронд 240 гаруй салбар компани, 50,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чаджээ. Үйлдвэрийн музей гэхэд өнөөдөр манай хэд хэдэн музейг нийлүүлснээс ч том.
Эндээс Haier-ийн бүхий л хөгжил шинэ техник технологийн дэвшлийг харж болно. Haier корпораци 2013 оны 2 дугаар улиралд Японы Sanyo корпорацийн зүүн өмнөд ази дахь үйлдвэрүүдийг технологи, бүтээгдэхүүнүүдийн хамт худалдан авсан ба одоо Японы зах зээлд хүчтэй нэвтэрч эхлээд байгаа аж. Энэ үйлдвэрийн жилийн цэвэр ашиг 15 тэрбум юаньд хүрчээ.Чиндао хотод ирсэн хүн бүр энд Цинтао шар айраг хүртэж, бас тус үйлдвэрийн музейг үзэх гэж тэмүүлдэг.Дэлхийн 70 гаруй үйлдвэрт борлуулалт хийж, хүчирхэг 500 брэндийн тоонд ордог Чинтао шар айрагны үйлдвэр 128 жилийн түүхтэй, Германы колончлолоос үүдэлтэй. Германчуудад анх зориулж хийсэн энэ пивоны үйлдвэр хожим япончуудын мэдэлд шилжиж байсан ч амт чанар өнгө зүсээ алдсангүй. Саяхан болтол Чинтао шар айрагыг картаар олгодог байсан гэнэ.
Харин өнөөдөр энэ шар айраг дэлхийд өөрийн гэсэн нэртэй брэнд болж чаджээ. Чинтао хотод Чинтао буюу манайхны нэрлэж заншснаар Цинтао шар айрагны мухлаг, тусгай баар, уушийн газрууд олон. Энд ирж далайд сэлж, дарвуулт завиар зугаалж, Чинтао шар айраг шимэхийн зэрэгцээ ажил алба, бизнес хийхээр ирдэг жуулчид олон байдаг гэнэ. Ердөө л хориодхон жилийн өмнө энэ газарт загасчны суурин байсан гэж бодохоор нэг л итгэмээргүй.
Шар айраг, түүнтэй холбоотой бэлэг дурсгал, дун, хясаагаар хийсэн зүүлт чимгийн худалдаа далайн эрэг дагуу хаа сайгүй. Энэ хот байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ач холбогдол өгч байгаа нь андашгүй. Дэлхийн хамгийн олон хүн цугладаг эрэг Хятадын Шаньдун мужийн Циндао хотын нутаг дэвсгэрт орших Huiquan Bay дэх энэ эрэг Huiquan Bathing Beach хэмээн нэрлэгдсэний учир нь хамгийн шилдэг усанд шумбалтын эргүүдийн нэг гэдэгтээ оршдог байна. Тиймээс өвлийн улиралд ч энд олон мянган хүн ирдэг аж.
Шаньдун муж цаашдын хөгжлөө “Уул нь ногоон, ус нь тунгалаг” хэмээн тодорхойлсон хэмээн дээр дурьдсан. Үнэхээр ч байгаль орчин, түүх соёлын дурсгалт газрууд, бас орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн энэ муж Япон Солонгосоос авчирсан чанартай бараа, сайн үйлчилгээ, сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлсэн машин механизмын үйлдвэрлэл басхүү том боомт, татваргүй бүс гээд олон зүйлээрээ тэд бусдын анхаарлыг татаж, давуу байдлаа ашиглан орлого олж, өнгө төрхөө өдрөөс өдөрт өөрчлөн шинэчилж байна.
Б.Цоож