А.Эрдэнэбаатар: Германы Засгийн газар манай гэр бүлээс уучлалт гуйх ёстой!!!

111

1966 онд Ардчилсан Герман /Зүүн Герман/-д сургуульд суралцахаар яваад дараа жил нь нас барсан Монгол Улсын иргэн Намжилын Аюуш хэмээх цэл залуухан  эр 37-хан насандаа бурхны оронд одож ардаа дөрвийн дөрвөн хүүгээ  өнчрүүлээд бурханы оронд оджээ. Тухайн үед хүүхдүүдийн нь  хамгийн том нь 12, хамгийн нь бага нь 4 настай  үлдсэний хоёр дахь том буюу найман настай өнчин хоцорсон хүү болох  Аюушийн Эрдэнэбаатар хэмээх энэ эрхэм бидэнд хандсан юм.

Өдгөө тэдгээр дөрвөн хүүгээс дундах хоёр нь л амьд сэрүүн байгаа бөгөөд Герман Улс болон Монгол Улсад 50-иад жил гомдож явна. Учир нь тэдний  хувьд ээжээсээ хар бага насандаа өнчирсөн бол амьдралын цорын ганц өмөг түшиг болсон аавыгаа Герман улсад суралцахаар явуулаад учир битүүлэгээр амь насыг нь алдсан ажээ.

Орост сургууль төгсөөд, дараа нь Герман улсад суралцахаар явсан тухайн үедээ Монголын шилдэг боловсон хүчний тоонд зүй ёсоор орж байсан  чадварлаг боловсон хүчин гэгдэж байсан түүний эцэг ийнхүү хүний газар эрдэм сурахаар яваад  эргэж ирсэнгүй. Тухайн үед Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан тэднийг эцгийг Намын Төв хорооноос  Германд Үйлдвэрчний эвлэлийн дээд сургуульд явуулсан боловч дараа жил нь учир битүүлгээр нас барсан юм. Германы талаас тэдний эцгийг автын ослоор нас барсан гэж мэдэгдсэн байдаг харамсалтай нь энэ талаар нотлох баримт үзүүлээгүйгээр үл барим ар гэрийн  нь зөвшөөрөлгүйгээр түүний цогцосыг чандарлан Монголд авчирсан гэнэ. Тухайн үед БНМАУ-д  “хүн чандарлах” гэдэг ойлголт дэлгэрээгүй байсны дээр чандарлах нь аавын маань үхлийн шалтгааныг нуун дарагдуулах болсон гол шалтгаан гэж талийгаач Н.Аюушийн хүү  А.Эрдэнэбаатар одоо болтол бодож явдаг юм билээ. Ингээд түүнээс хэдэн зүйлийг тодруулсан юм.

Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

– Намайг Аюушийн Эрдэнэбаатар гэдэг. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул хүн. Миний аавыг Намжилын Аюуш гэдэг байсан. Мөн л Дарьгангын хүн.

Таны эцгийг Зүүн Германд учир битүүлгээр нас барсан гэж сонслоо. Н.Аюуш гуайн нас барсан явдлыг та гаднын нөлөөтэй гэж үздэг хэрэг үү?

-Миний аав Намжилын Аюуш 1930 оны аравдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. 1966 онд Зүүн Герман /АрдчилсанГерман/-д Үйлдвэрчний эвлэлийн дээд сургуульд яваад дараа жил нь буюу 1967 оны дөрөвдүгээр сард автомашинд мөргүүлж нас барсан гэсэн хариу ирсэн.Тухайн үед би 8 настай, юугаа ч мэдэхгүй хүүхэд байлаа. Миний ах А.Борчулуун /нас барсан/ тухайн үед 12 настай байсан. Ахыг аавын цогцсыг авчирахад гэр бүлээс нь хүн хэрэгтэй хэмээн Герман руу авч явсан  боловч тэндээс ирэхдээ аавыг минь чандарласан байсан. Яагаад гаднын нөлөөтэй гэж үздэг вэ гэхээр, аавыг нас барахад Германы Засгийн газраас нөхөн төлбөр гэж багагүй мөнгийг манай гэр бүлд явулсан байсныг хожим нь мэдсэн, харамсалтай нь тэр мөнгө манай гэр бүлд ирээгүй юм.

Баруун гар талаас 2 дахь нь миний аав Н.Аюуш /Германд/

Хэдий хэмжээний мөнгө вэ? Яагаад тэр мөнгийг нь авч чадаагүй юм бэ?

– Бид дөрөв аавынхаа талын нэг хөгшин эмээ болон нэг жирэмсэн эмэгтэйн асрамжид очсон. Бид хэд юу ч мэдээгүй байсан. Сүүлд Монголд Үйлдвэрчний эвлэлийн томоохон хурал болж Германаас төлөөлөгчид ирээд буцахдаа Н.Аюушийн ар гэрийнхэнд мөнгө явуулсан гээд түүнийг авсан эсэхийг нь асуусан юм билээ. Би одоо яг хэдэн төгрөг байсныг сайн санахгүй байна.30 билүү 35 мянган марк. Энэ хоёрын аль нэг нь. 50 жил өнгөрсөн байна шүү дээ.

Тэр мөнгө ямар шугамаар орж ирсэн болоод танай гэр бүлийнхэн авч чадаагүй юм бэ?

– Миний аав Н.Аюуш Германд сургуульд явахаасаа өмнө Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга байсан. Түүнийг явсны дараа н.Бадамжав гэдэг хүн ажлыг нь авсан юм билээ. Бидэнд илгээсэн мөнгийг Сүхбаатарын аймгийн Үйлдвэрчний эвлэл юм уу Засгийн газарт өгсөн юм шиг байна лээ. Сүүлд бидэнд мөнгө ирээгүй талаар яриа гарахад н.Бадамжавыг ажлаас нь халсан гэдэг. Гэхдээ би тэр хүнийг төдий хэмжээний их мөнгийг ганцаараа завшаагүй гэж боддог. Томчууд оролцсон байх.

Голд нь зогсч байгаа нь миний аав Н.Аюуш

Та тэр н.Бадамжав гэдэг хүнтэй нь уулзсан уу одоо байдаг юм болов уу?

-1967 онд барагцаагаар 30 гаруй насын хүн гэхээр одоо байвал 80-90-тэй хүн байгаа байх. Байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Сураг нь гарахгүй байгаа. Тэгээд ч би энэ мөнгийг одооноос л хөөцөлдөж байна. Одоо би 57 настай. Залуу байхдаа тэр мөнгөний талаар боддог ч үгүй байж, бараг мартсан байлаа. Харин 3 жилийн өмнөөс би хөөцөлдөж эхэлсэн. Учир нь миний бага хүү хар залуугаараа автын осолд ороод Монголд эмчлэгдэх боломжгүй гээд 80-90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаад группт орсон. Эхнэр ч байхгүй одоо 30 шахаж яваа хүүгээ хараад өрөвдөх юм. Тэгээд гадаад эмчилгээнд явуулах арга чарга хайх үедээ талийгаач аавд минь явуулсан Германы Засгийн газрын мөнгийг санаад хөөцөлдөж эхэлсэн дээ. Би их тэнэг хүн байгаа биз.

Гурван жилийн хугацаанд энэ асуудлаар хөөцөлдөхөд ямар ахиц гарав?

– Ямар ч ахиц гараагүй. Гадаад хэргийн яаманд хандсан. Нэг дарга нь солигдохоор бүх хүмүүс нь солигдоод, тэгээд ирсэн хүмүүс нь байхгүй бичиг баримт асуугаад намайг үгүй ээ мөн их залхаасан даа. Аль 1967 оны юм хөөцөлдлөө. Амбасан үеийн юм гэх нь холгүй байсан. 1937 оны юм хөөцөлдөөд тогтоолгоод авдаг биз дээ. Эсвэл гадаадад хэлмэгдсэн хүнээ манай төр орхичихсон юм уу.

Германы Элчин сайдын яаманд хандаж үзэв үү?

– Хандсан бас л тодорхой хариу өгөөгүй. Ер нь тийм газар байдаг гэсэн нэр л байдаг болохоос байдаггүй юм шиг санагдсан.

Одоо тэгээд та яах бодолтой байна?  

– Монгол Улс хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсээ судлаад нөхөн төлбөр өгдөг л юм билээ.Ер нь би дотоодод хэлмэгдсэн хүмүүсийг л цагаатгаж байсан тухай сонссон болохоос биш гадаадад хэлмэгдсэн хүнийг тэглээ ингэлээ гэж сонсоогүй юм байна. Эсвэл миний аав л ганцаараа гадаадад хэлмэгдсэн юм болов уу бүү мэд. Тэгээд ч цогцсыг нь онгоцоор авчирахдаа чандарлана гэдэг байж болшгүй асуудал. Төр засаг миний эцгийг сургуульд явуулчихаад, нөхөн төлбөрт нь ирсэн мөнгийг албан тушаалтнуудаараа дамжуулан хувааж идчихээд миний эцгийн үхлийн шалтгааныг нь тогтоож өгөхгүй нуугаад, биднийг 50 жил хүлээлгэж байна. Одоо чинь ардчилсан нийгэм биз дээ. Би уг нь төр өөрийн хариуцлагагүй албан тушаалтнуудынхаа өмнөөс хариуцлага  хүлээх ёстой гэж сонссон юм байна. Ядаж Германы Засгийн газар бидэнд хий хоосон мөнгөний сураг сонсгосноос биш албан ёсоор уучлалт ч гуйгаагүй, Германы Засгийн газар манай гэр бүлээс уучлалт гуйх ёстой. Би тэгж боддог. Уг нь бид дөрвийг дөрвүүлэнг минь байхад уучлалт гуйх ёстой байсан юм. Манай Засгийн газар ч тэр, Германы Засгийн газар ч тэр. Одоо биднээс хоёр л амьд сэрүүн байна. Насаараа Багануурын уурхайд ажилласан би хэзээ мажийхийг мэдэхгүй байна. Тэр мөнгөнөөс нь 1 төгрөг ч болов гар дээрээ барьж үзээд нэг нүдний хараагаа алдсан /нөгөө нүд нь бас муудаж байгаа/ хүүгээ тэр Энэтхэг, Солонгост нь эмчлүүлээд нүд аних юмсан гэж бодох боллоо. /уйлав/

1966 оны 7 сарын 22-нд Германд сургуульд явуулахаар томилов гэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн шийдвэр бүхий тамгатай Хөдөлмөрийн дэвтэр нь

Э.Төгс

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …