“Хэл, хил, мал гуравтайгаа бол хэн баян Монгол баян” хэмээн яруу найрагч Зундуйн Дорж агсан нүүдлийн мал аж ахуй моголчууд бидэнд ямар чухал болохыг тод томруун хэлсэн байдаг. Тэгвэл өнөө цагт бид дэлхийн дахины анхаарлыг татаж байгаа, байгаль орчинд ямарч сөрөг нөлөөгүй нүүдлийн мал аж ахуйдаа хэрхэн анхаарч байгаа билээ.
Таван хошуу мал маань таван төрөлдөө өсөж 50 сая хол давлаа гээд тоон утга ярих нэг хэрэг ээ. Мал сүргийн тоо өсөж байгаа нь малчдын хичээл зүтгэлийн үр дүн. Түүнээс биш төр засаг малын тоо өсөхөд бодитой дэмжсэн гэдэг нь юу бол. Манай засаг төрөөс мал аж ахуйгаа дэмжиж байна гээд “ямаанд мөнгө олгож байсан” хөгжөөнтэй явдал саяхных. Яг үнэндээ мал аж ахуй руу чиглэсэн төрийн цогц бодлого илт үгүйлэгдсээр. Малчид дор бүрнээ л өөр өөрсдийнхөөрөө малаа өсгөж, малаас гарах мах, сүү, түүхий эдийн үнэ ханшийг хэдэн ченжүүд тогтоосоор олон жилийн нүрийг үзэж байна. Товчхондоо бол мал аж ахуй руу чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдсэн гэж хэлж болох хэмжээнд асуудал очжээ. Арга ч үгүй биз дээ. Өнөөгийн шийдвэр гаргах түвшний сайд дарга нарын дотор хөдөө өсөж, мал аж ахуйн анхан шатны мэдлэгтэй хүн олоод ир гэвэл “нүдний гэм” болсон цаг. Морь малнаас хол хотод өсөж, барууны соёлоор хүмүүжин, тэнд сургууль төгсөж ирсэн хурга, ишгээ ч ялгаж чадахгүй “эрхэмүүд” малчдын амьдрал ахуйг ойлгож, мал аж ахуйн талаар зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэхэд бэрх. Тэд өөрсдөө “мал мэдэхгүй” байж болно. Харин дэргэдээ “мал мэддэг” хэн нэгнээр зөвлөхөө болгож болдоггүй юм болов уу. Тийм сайд, ийм даргын дэргэд зөвлөхөөр ажиллаж байгаа Мянгат малчин, Хөдөлмөрийн баатар, Улсын сайн малчин гэж та сонссон уу.
Албан тушаалтны ширээнээс гарч байгаа мал аж ахуйн салбар руу чиглэсэн бодлого шийдвэр бодит амьдралаас дэндүү хол. “Мал мэдэхгүй” гонж өмссөн, үсээ гельдсэн годгор банди нарын мал аж ахуй руу чиглэсэн “харанхуй” шиыдвэрт хэзээ гэрэл гэгээ орох вэ?
Мал сүрэг өснө гэдэг бол малчнаас гадна малын эмч нарын үүрэг оролцооны асуудал. Таван хошуу малыг таван төрөл дээр өсөхөд үй олноор нь үрэгдэх элдэв халдварт өвчин тусгалгүй, цаг тухайд нь вакцин тарилгыг нь хийж, хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малын эмч нарыг бид мартах учиргүй. Таван хошуу мал эрүүл байх нь МАХАНД ДУРТАЙ НИЙТ МОНГОЛЧУУДАД ХАМААТАЙ ХЭРЭГ. Төр засгаас мал аж ахуй руу хандсан элдэв сүржин нэртэй, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг гэдэг ч тэр нь үнэндээ малчидад, малын эмч нарт хүрч очих нь бага. Ийм нөхцөлд бид малын эмч нарын хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй.
“Хүний эмч бол хүний л эмч байдаг. Малын эмч бол хүн төрөлхтний эмч” гэсэн үг зүгээр ч нэг санамсаргүй гарсан үг биш гэдгийг бид санах учиртай.
Мал сүрэгтээ цаг тухайд нь вакцин тарилгыг нь хийхээр өөрсдийн эрүүл мэндээ үл хайхран хоёргүй сэтгэлээр мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малын эмч нарыг төр засгийн зүгээс бодитой гадуурхан орхисон тухай таагүй мэдээлэл сонсогдох боллоо.
Монгол улсын Үндсэн хуулийн “5-р зүйлийн 5-д: Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тэгвэл төрийн хамгаалалтанд байдаг мал сүргээ “хамгаалдаг” малын эмч нараа яах вэ? Тэднийг төр засгийн зүгээс элдэв аргаар дэмждэггүй юмаа гэхэд ядаж цаг тухайд нь хийсэн ажлын хөлс, цалинг нь олгож өгдөг болохсон.
Аймаг бүрийн малын эмч нар бидэнд хандаж, өөрсдийн дуу хоолой, үгийг маань олон түмэнд, төр засагт дуулгаж өгөхийг хүслээ. Малын эмч нарын хувьд өнгөрсөн намраас хойш малд хийсэн тарилга туулганы ажлын хөлс болон цалингаа одоог хүртэл аваагүй байгаа гэнэ. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн нэрийдлээр малын эмч нарын цалинхөлсийг ийнхүү олгохгүй удаж байгаа гэнэ. Тэд энэ асуудлаа холбогдох ХХААЯ-д тавьдагч тус яамнаас та бүхний санхүүжилттэй холбоотой зардлыг гаргуулахаар төсвийн төслийг нь Сангийн яаманд шилжүүлсэн гэдэг ажээ. Ингэхлээр тэдний асуудал Сангийн яаманд очоод “таг гацсан” бололтой. Үнэндээ малын эмч нарын цалин хөлсний олгогдоогүй байгаа зардал нэг аймагт 60-100 орчим сая төгрөг юм билээ. Ийм хэмжээний асуудлыг төр засаг шийдэж чадахгүй санхүүгийн хувьд сөхөрсөн гэж бодохгүй байна.
Монголчуудын хамгийн том, бас зардал чирэгдэл их гардаг Цагаан сарын баяр хаяанд туллаа. Гэтэл 18 аймгийн малын эмч нар хийсэн ажлын хөлс, цалингаа авч чадахгүй, өр зээлэндээ баригдан Цагаан сартайгаа золгохдоо тулчихсан дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болоод байгаа юм байна.
Нүүдлийн соёл иргэншлийн гол түлхүүр болсон таван хошуу мал бол Монгголчуудын хувьд орхигдуулж болохгүй анхаарах ёстой асуудлын нэг мөн. Таван хошуу малд анхаарна гэдэг бол бэлчээр газар нутаг руу, малчид руу, малын эмч нар руу анхаарна гэсэн үг. Ийм энгийн логикийг манай төр засгийн сайд дарга нар ойлгоод ажилаад явчихаасай билээ гэж хэлэх байна.
“Мал мэдэхгүй” ч маханд дуртай хэн хүн үүнийг марталгүй санацгаая.
Ц.Мөнх