Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдаг.
Манай оронд Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн 4 төрлийн 30 зүйлийн шумуул тархсан болохыг судлаачид тогтоосон байдаг. Үүнээс:
– Anopheles төрлийн шумуул нь Хумхаа өвчин
– Aedes aegypti зүйлийн шумуул нь Шар чичрэг, Денге, Чикингуния, Зика зэрэг өвчнүүд
– Culex төрлийн шумуул нь Баруун Нилийн чичрэг, Япон энцефалит, Филарис зэрэг өвчнүүд
– Culiseta төрлийн шумуул нь адууны энцефалит өвчнийг дамжуулдаг.
Африкийн халуун бүсийн бүх орон, Номхон далайн баруун өмнөд хэсэг, Өмнөд Америкийн Бразил зэрэг ой мод ихтэй халуун орнууд, Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн хойгийн зарим улс орнуудад шумуулаар дамждаг халдварт өвчин өндөр тархалттай байдаг.
Хөгжлийн үе шат:
– Шумуул хөгжлийн 4 үе шаттай бөгөөд (өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн) гадаад орчны агаарын хэмээс хамаарч 15-20 хоногийн дотор явагдаж дуусдаг боловч хүйтний улиралд шумуулын хөгжил 2 сар хүртэл хугацаагаар удаашрах тохиолдол байдаг.
Шумуулын морфологийн шинжүүд:
– Бие гүйцсэн шумуулын бие нь толгой, цээж, хэвлий гэсэн 3 хэсгээс тогтоно. Хос далавчтай, 3 хос хөлтэй, хэвлий нь 7 үетэй.
Зан төрх ба амьдрах орчин, хооллолт:
– Шумуул нь нар үзэхгүй харанхуй газар, бут сөөгөнд нуугдах бөгөөд зохиомол гэрэлтүүлгээс үргэдэггүй, хар өнгөнд мэдрэмтгий, хооллохдоо эзэн амьтнаа түүний ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий, хөлсний үнэр зэргээр олдог. Агаарын хэмийн хэлбэлзлэлээс хамаарч чийглэг биш хуурай орчинд шумуулын амьдралын идэвх нь эрс буурдаг. Эр, эм шумуул нь амьдралын явцад нэг л удаа эвцэлдэлгээнд орсоны дараа эм нь цус сорж хооллон өндгөө гаргадаг, эр шумуул нь ургамлын цэцгийн тоосоор хооллодог. Үдэш шөнийн цагаар дулаан, органик үлдэгдэл болон усны ургамал ихтэй тогтоол усны мандалд өндгөө гаргадаг. Өндөг нь усны гадаргууд 5-7 хоноод авгалдай болно. Авгалдайн хөгжил нь усанд явагдаж, усны мандлаас үсэнцэр, хялгасанцар (сипон)-аар амьсгална. Авгалдай болон хүүхэлдэй нь ичдэггүй, зөвхөн өндөг нь ичдэг байна.
ЗӨСҮТ