1960 онд буюу хүйтэн дайны ид үед АНУ-ын арми, Дани Улсын харьяа цөс мөсний орон болох “Грийнланд”-д маш нууцаар хөдөлгөөнт цөмийн пуужингийн бааз байгуулах зорилготой “Мөсний өт” төслийг хэрэгжүүлсэн түүхтэй. Энэ төслийн тухай мэдээлэл 1997 он хүртэл маш нууцын зэрэглэлтэй байсныг Данийн засгийн газрын шахалтаар ил болсон билээ.
1950 оны эхээр АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд хэрвээ ЗХУ-тай цөмийн дайн хийвэл дайсны нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх дунд тусгалын пуужингуудаа байрлуулах тохиромжтой газар хайж байв. Байрлал, нууцлал, эдийн засгийн өртөг зэрэг бусад олон хүчин зүйлийг тооцож үзсэний дүнд хамгийн тохиромжтой газраар орос, америкийн дунд орших “Грийнланд”-ыг сонгож авчээ. Тухайн үеийн тив алгасагч пуужингууд нь оросын нутагт хүрэхэд 30 гаруй минут нисдэг байсан бол эндээс харвасан пуужин 15 минут буюу хоёр дахин бага хугацаанд “бай”-даа хүрэх боломжтой гэж тооцож байв. Тэдний сонгож авсан газар нь 1951 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын нисэх хүчний “Туле” баазаас баруун хойд зүгт 240 км-ийн зайд байлаа.
Ингээд “Мөсний өт” хэмээх маш нууц төслийг эхлүүлэх зөвшөөрөл авч, 1958 оноос ажилдаа оржээ. Хоёр жилийн хугацаанд хүйтэн орчинд пуужингийн бааз барихад шаардлагатай бүхий л бэлтгэл ажлыг нууцаар хийж гүйцэтгэв. Тухайлбал арктикийн бүсэд ажиллах техник, тоног төхөөрөмжүүдийг бэлтгэснээс гадна хэт хүйтэнд тэсвэртэй барилгын шинэ материалыг бүтээжээ. Мөн ихэвчлэн модон материалаар хийгдсэн барилга байгууламжуудыг барьж бэлэн болгов. Эдгээрийг задлаж тээвэрлэн “Грийнланд”-д авчраад зөвхөн угсралтын ажил гүйцэтгэнэ. Төслийг бүхэлд нь нууцлах зорилгоор өргөн хэмжээний өнгөлөн далдлах, хууран мэхлэн ажиллагааг зохион байгуулав. Хуурай газар хийгдэж буй бэлтгэл ажил дуусах шатандаа орсон 1960 онд АНУ болон Данийн засгийн газар хамтран арктикийн бүсэд шинжлэх ухааны туршилт судалгаа явуулах зорилгоор “Сенчури” гэдэг бааз байгуулах гэж буйгаа нийтэд зарлав. Шинжлэх ухааны үүднээс америкчууд “Грийнланд”-д ажиллах албан ёсны зөвшөөрлийг Данийн засгийн газраас олгов. 1957 оноос Дани Улс нь “Цөмийн зэвсгээс ангид байх” бодлого хэрэгжүүлж байсан явдал нь төслийг хэрэгжүүлэх хүндрэл учруулж болох байсан мөн түүнчлэн нууцлал хадгалах зорилгоор америкчууд төслийн жинхэнэ зорилгыг Данийн засгийн газраас тас нуужээ. Удалгүй тэнд арктикийн цас, мөсний туршилт судалгаа явуулж байгаа юм шиг урьдчилан бэлтгэсэн зураг, мэдээллийг олон нийтэд зориуд цацаж эхэлжээ. Гэхдээ тэнд шинжлэх ухааны төрөл бүрийн ажил багаггүй хэмжээнд явагдаж байсан гэдгийг дурьдах хэрэгтэй.
“Мөсний өт” төсөл бүрэн хэмжээгээр хэрэгжсэн бол үнэхээр агуу том байгууламж баригдах байв. Анхны төлөвлөгөөр бол “Грийнланд”-ын мөсөн бүрхүүлд 4000 км-ийн урттай хонгилуудыг ухаж гаргаад эдгээрт 600 гаруй цөмийн пуужингуудын үндсэн болон бэлтгэл хөөргөх байр, энд ажиллах бие бүрэлдэхүүн болон хангалтын нүсэр том системийг байрлуулах ёстой байжээ. Энэ бүхэлдээ 130 мянган км/кв талбайг хамрах байв. Энэ бол манай улсын хамгийн том газар нутагтай Өмнөговь аймагтай ойролцоо хэмжээний талбай гэсэн үг. Пуужингийн харвах сууриуд нь хоорондоо 6,4 км-ийн зайтай ба гадаргаас 8,5 метрийн гүнд зарим нь түүнээс гүнзгий газар байрлаж байв. Жил бүр шинээр хонгил ухаж гаргах ба 5 жилийн дараа мянга гаруй харвах суурь бариад олон зуун пуужингуудыг байнга сэлгэн байрлуулж байхаар төлөвлөж байв. Нэг ёсондоо зөвлөлтийн тагнуулчид яг аль харвах сууринд нь жинхэнэ пуужин байгааг илрүүлэх бараг боломжгүй гэж үзэж байсан юм.
Ингээд бодит ажил эхлэх цаг болжээ. Америкийн эх газраас чингэлэгтэй ачаануудыг усан онгоцоор зөөж, нисэхийн “Туле” баазад авчраад тэндээсээ мөсөн дээгүүр трактораар тээвэрлэн баазын байрлалд хүргэж байв. Эхлээд мөсийг 6-8 метрийн өргөнтэй, 5-8 метрийн өндөртэй хонгил гаргаж ухана. Дараа нь түүнийхээ дээгүүр тусгайлан хийсэн төмрөөр дээвэрлээд буцааж цасаар хучина. Ингээд байгуулсан хонгилдоо модон байшингуудаа угсраад тэндээ ажиллаж амьдрах юм. Нэг ёсондоо тун хялбар аргаар, бага зардлаар ийм хонгилуудыг байгуулж байв. Америкийн цэргийн инженерүүд гадна талаасаа агааржуулагчийн болон аврах хоолойноос өөр харагдах юмгүй нийтдээ 21 хонгил ухаж, 200 хүн ажиллаж амьдрахад шаардлагатай бүхнийг багтаасан байгууламж барьсан байдаг. Эдгээр байгууламжийн эрчим хүчний эх үүсвэрийг эхэн үедээ дизель цахилгаан станцаар хангаж байсан бол 1960-1963 онд хагас хөдөлгөөнт “ПМ-2А” гэдэг цөмийн станц ашиглан цахилгааныг хэрэгцээг хангаж байжээ. Энэ бол дэлхийд хөдөлгөөн цөмийн станц ашигласан анхны тохиолдол болсон юм.
Төсөл нэлээд амжилттай төлөвлөгөөний дагуу явагдаж байтал санаандгүй нэгэн асуудал гэнэт гарч ирлээ. Тэнд ажиллаж байсан геологчид мөсөн давхарга тэдний бодож байснаас хурдан хөдөлгөөнд орж байгааг илрүүлсэн ба удалгүй үүнийгээ туршилтаар нотлов. “Грийнланд”-ын мөсөн бүрхүүл нь огт хөдөлгөөнгүй бус байнгын аажим хөдөлж байдаг яг л “амьд” мэт аврага том мөс ажээ. Энэ бол америкчуудын хувьд тун таагүй мэдээ байв. Ийм байдлаар бол ирэх хоёр жилийн дотор тэдний ухсан хонгилууд мөсний хөдөлгөөнөөс үүсэх шахалтад орж бүгд нурна гэсэн дүгнэлт гарсан тул нэмэж хонгил ухах ажиллагааг зогсоов. Ингээд америкийн цэргийнхэн төслийг аврах зорилгоор өөр ямар нэгэн хувилбар олохоор эрдэмтэдтэй хамтран ажилласан хэдий ч ямар нэгэн үр дүн гараагүй тул 1965 онд баазыг эх газар луу нүүлгэн шилжүүлжээ. Улмаар 1966 онд “Мөсний өт” төслийг бүрэн зогсоосон юм. Гэхдээ энэ төсөл хэрэгжсэнээр америкчууд арктикийг шинжлэх ухааны үүднээс судлах, мөн цас мөсний талаар маш олон мэдээлэлтэй болж үлдсэн нь одоо болтол цаг уур судлалд ашиглаж байдаг юм.
Р.Энхболд