УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.
-Хүн нийгмийн харилцаанд байнга орж, ажиллаж хөдөлмөрлөдөг болохоор Хөдөлмөрийн яам хүн бүртэй л холбоотой. Таны хувьд сайдаар томилогдоод ямархуу ажлуудын ард гарсан бэ?
-Өнөөдөр Монголд хүндрэл авчирч буй бүхий л асуудлууд дэлхий нийтэд тулгамдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай улсуудын өнгө төрх ижил буюу эдийн засгийн өсөлт саарах тал руугаа орчихлоо. ОХУ-д гэхэд нефтийн үнэ буурснаас болж эдийн засагт нь цохилт өгч ажилгүйдэл манайхаас дутуугүй байна. БНХАУ-ын эдийн засагт агшилт явагдаж ажилгүйдэл мөн л газар авах шинжтэй байгаа юм. Ийм нөхцөлд бид эдийн засгийнхаа нөхцөл байдлыг хэрхэн бодитойгоор үнэлж дүгнэх вэ, энэ асуудлаас хэрхэн яаж гарах вэ гэдэг асуудал л байгаа юм.
Шийдэл нь энгийн бөгөөд хийж хэрэгжүүлэх тал дээр ямар ч саад тотгорыг даваад ард нь гарах л ёстой болчихоод байна. Асуудлын гол нь өнөөдөр бид яаж ажилгүйдлийн түвшинг тодорхой хэмжээнд барьж чадах вэ гэдэгт байгаа. 2015 оны дүнгээс харахад ажилгүйдлийн түвшинг бид 2014 оны хэмжээнд барьж чадсан.
-Энэ салбарт нааштай гээд хэлчих ямар үр дүн байна вэ?
-Мэдээж хөдөлмөрийн салбарт эерэг нааштай үзүүлэлт олон бий. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд тааруу байгаа энэ үед ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ гэдэг том зорилт өмнөө тавьчихаад явж байна. Эдийн засгийн салбар бүрт хамтран ажиллах механизмыг өргөтгөн бүх яамд хоорондоо уялдаа холбоог сайтар хангаж чадвал бид үр дүнд хүрнэ.
Өөр нэг чухал асуудал нь бид эдийн засгийн томоохон мега төслүүдээ явуулах ёстой. Бидний хамгийн ихээр улстөржсөн Оюутолгойн гүний уурхай, Тавантолгой гээд төслүүдэд манай олон компани ханган нийлүүлэгчээр ажилладаг. Тэр утгаараа манайхан ажлын байраар хангагддаг. Түүнчлэн барилга, төмөр зам, авто замын төслүүдийг хөдөлгөж байж ажлын байрны өсөлт хангагдана. Тухайлбал, барилгын салбарт бид ипотекийн найман хувийн зээлийг бий болгосноо таван хувьд шилжүүллээ. Үүний үр дүнд Монголын барилгын компаниуд болон Монголын ханган нийлүүлэгч компаниуд ажилтай болж тэр хэрээр ажлын байр бий болж байна. Энэ нь барилгын салбарт эерэг үр дүн авч ирнэ. Мөн салбартаа Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Ажиллах хүчний чухал хуулиудыг ойрын үед кохих журмын дагуу хэлэлцүүлж, батлуулна.
-Барилгын салбар одоохондоо зогссон гэхэд болох байх. Гэхдээ гаднаас ажиллах хүч авсаар байгаа шүү дээ?
-Тийм шүүмжлэл байдаг. Нэг үе бид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарал хандуулаагүйн гор өнөөдөр гарч байна. Тиймээс бид мэргэжлийн боловсролын тогтолцоогоо дэмжих ёстой. Үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээ өргөн цар хүрээтэй эрэлтэд тулгуурлан шинэ тогтолцоогоор бэлтгэх шаардлагатай. Тэр утгаар нь Мэргэжлийн боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж батлуулсан нь тун ач холбогдолтой. Ур чадвартай үндэсний боловсон хүчин улс орны хөгжлийг нуруундаа үүрч явдаг юм. Дэд бүтцээс эхлээд томоохон төслүүд дээр монгол залуучууд ажиллах ёстой. Тэр утгаар нь бид мэргэжлийн боловсрол сургалтын салбараа дэмжиж байгаа. Хууль батлагдсанаар МСҮТ-үүд эдийн засгийн хувьд бие дааж улсын нуруун дээр байгаа ачаанаас бодитойгоор үүрэлцэх боломжийг нээж өглөө. Мэргэжлийн сургуулийн сутргалтын 70 хувь нь дадлага, 30 хувь нь онол байдаг. Өмнө нь дадлага хийж байгаа үед ямар нэгэн урамшууллын тогтолцоо байдаггүй байлаа. Одоо харин энэ боломжийг нь нээж өгсөн. Ингэснээр сургууль санхүүгийн хувьд бие дааж, тухайн суралцагчийн сурах хүслийг нь давхар урамшуулж байгаа хэрэг. Үүний дүнд чанартай боловсон хүчин төгсөн гарах боломжтой.
Мэргэжлийн боловсролын тогтолцоо нь уг хуулиар насан туршийн боловсролыг бий болгож шат шатандаа суралцаад явах боломжийг нээж өгч байгаа юм. МСҮТ төгссөн залуус сурсан хугацаагаа үнэлүүлээд их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон. Гэхдээ их, дээд сургуульд суралцахын өмнө мэргэжлээрээ ажилласан байх шаардлага тавьж байгаа. Мөн МСҮТ-үүдэд зохих шатнаас нь орж суралцах эрх нь нээгдсэн. Ингэснээр зах зээлд хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж, хос мэргэжилтэй болох боломжийг нь нээж өгч байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.
-Манайд чинь нэг хэсэг эдийн засагч, хуульч гээд нийгэмд илүүдэлтэй мэргэжлүүд байсан. МСҮТ-үүдийг зорих залуус хэр байна вэ. Нийгмийн салбарын мэргэжилтэй хүмүүсийн илүүдэл байна л даа. Энэ нь эргээд хөдөлмөрийн харилцаанд ороход ажлын байр олдохгүй байх гэх мэт сөрөг талууд ажиглагддаг?
-Нэг мэргэжлээр хэт олон боловсон хүчин бэлтгэснээр зах зээлд илүүдэл бий болох нөхцөл манай улсад тохиолддог. Нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бид өнгөрсөн хугацаанд дэндүү олныг бэлдсэн байна. Тиймээс Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар үндэсний зөвлөлийн ач холбогдлыг нэлээд өндөрсгөж өгсөн. Үндэсний зөвлөл нь тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах том үүрэг хүлээхээс гадна бүрэлдэхүүнд нь мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэл, эцэг эхийн төлөөллөөс оруулахаар зааж өгсөн.
Ингэж бид үндэсний ажиллах хүчнээ бэлдэж байж гаднаас ажиллах хүч ихээр авч байна гэдэг шүүмжлэхийг зогсоох боломжтой юм. Салбарын сайдын хувьд миний байр суурь гаднаас ажиллах хүч авахыг өөгшүүлэхгүй байгаа. Өнгөрөгч онд 14 хувьд барьсан нь өмнөх жилийнхээ түвшинд байна гэсэн үг. Ингэж барьснаараа дотооддын ажиллах хүчний бололцоог нэмэгдүүлж өгч байна. Цаашдаа бид үндэсний боловсон хүчнийхээ чадамжид тулгуурлан томоохон төслүүдээ явуулах ёстой. Гаднаас ажилчин авахгүй гээд шууд шийдчих боломжгүй. Жил жилээр тоог нь багасгаж үндэсний мэргэжилтнүүдээ байршуулснаар асуудлыг шийдэж болно. Түүнээс Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллах хүч орж ирж байгаа бол бид зогсоох боломжгүй. Жишээлбэл, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр гэхэр стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулахаас өөр аргагүй. Санхүүжилтийг нь урд хөршөөс авч байгаа, дээр нь бид усан цахилгаан станц барьж байсан туршлагагүй болохоор тэдний инженерүүд гэрээнийхээ хүрээнд ажиллана. Ажиллах хүчний нөөц боломжийг ч мөн БНХАУ-аас оруулж ирнэ гээд гэрээнд заачихсан болохоор түүгээрээ л явна. Энэ мэтчилэн Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд зарим зүйл дээр гадны ажиллах хүч орж ирж байгааг хэлэх нь зөв. Гэхдээ гаднаас орж ирж буй ажиллах хүчний хураамжаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүждэг.
-Манайхан гадаадад олон жил ажиллаж ирээд Монголд ажил олдохгүй байна гэдэг. Тэд гадаад орнуудад ажиллахдаа маш их туршлага хуримтлуулсан байдаг л даа?
-Яг наад асуудалтай чинь холбоотой нэг зүйлийг нэмж хэлэхэд Үнэлэмжийн төвтэй болж байгаа. Жишээлбэл, БНСУ-д ажиллаад мэргэжлийн өндөр ур чадвартай болсон хүн ирээд Үнэлэмжийн төвд ур чадвараа шалгуулаад хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд орох боломж бүрдэж байгаа. Бид Монголынхоо мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй. Гуравдугаар сард гэхэд Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын төсөл нээлтээ хийнэ. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр МСҮТ-үүдийн сургалтын чанар, сургалтын материаллаг бааз, багш нарын чадвар гээд бүгд цогцоороо шинэчлэгдэх учиртай. Удирдах арга зүй нь барууных байх юм. Уг төсөлд хөдөө орон нутгийн 25 сургууль хамрагдана.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 25 сая ам.долларыг мэргэжлийн боловсролын салбарт техник тоног төхөөрөмж шинэчлэл хийхэд зориулна. Би сайдаар ажиллаж байх үедээ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг бүхий л талаар дэмжиж, чанаржуулахад илүүтэй анхаарна.
Эдийн засгийн пирамидыг харахад ажлын байр хамгийн олноор бий болгодог нь бичил буюу өрхийн бизнес байдаг. Намайг сайдаар томилогдон ирэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр таван төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан ч тавьсан зорилтдоо хүрээгүй байсан. Тиймээс төсөл хөтөлбөрийг задалж, хамрах хүрээг нь өргөжүүлэх ёстой гэж үзсэн. Тэр дагуу 2016 онд есөн хөтөлбөр төсөл болголоо. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн заалтуудыг сая батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд суулгаж өглөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан дэмжиж болох бүхий л зүйлсийг дэмжинэ. Бид эх үүсвэрээ олж санхүүжүүлээд 50 сая төгрөг хүртэлх үйлчилгээ, борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд бичил бизнесийн санхүүжилт олгох ажлыг ойрын үед эхлүүлнэ.
-Ерөнхийдөө ямар шаардлага тавих вэ?
-Хамгийн гол нь залуусыг дэмжихдээ өөрсдийг нь бизнес эрхлэгч, ажил олгогч болгох ёстой. Өөрөө өөртөө ажлын байр бий болгохоос гадна бусдад ажлын байр гаргаж өгдөг болгох тал дээр анхаарна. 2016 онд залуучуудын бизнес эрхлэлтийг манай яам илүүтэй дэмжих бодлого барьж байна.
-Залуучууд сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр гурван жил ажилласан дадлага туршлагатай байх хэрэгтэй гээд заачих юм. Үүнээс болоод ажилд орж чадахгүй байна гэдэг яриа бий?
-Үнэндээ энэ зах зээлийн өрсөлдөөнөөр бий болж байгаа нэг шалдгуурын хэлбэрийг хувийн хэвшил тавьж байна. МСҮТ-д сураад дараа нь их, дээд сургуульд шилжин ороход мэргэжлээрээ гурван жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавина. Залуу хүн дадлага туршлага хуримтлуулахыг буруу гэж үздэггүй. Залуучууд ажил олдохгүй байна гэдэг. Үнэндээ манай залуучууд хөнгөн амьдрахыг урьтал болгодог болжээ. Уг нь хүн ажлыг голох биш ажил хүнийг голдог. Манай Хөдөлмөрийн хэлтсүүд дээр ажлын байрны захиалга маш их ирдэг. Ажил хийе гэсэн хүмүүс тэнд очоод зуучлуулаад ажлын байртай болсон мянга мянган тохиолдол бий. Үнэхээр л ажилтай болъё гэж байгаа бол Хөдөлмөрийн хэлтэстээ ханд.
-Эдийн засаг хүнд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. 2012 оны сонгуульд АН “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөр дэвшүүлж байсан. Өнөөдрийн нөхцөлд эргээд харахад үр дүн хэр харагдаж байна вэ?
-Би статистик л ярина. Манай орны ажилгүйдлийн түвшин бусад оронтой харьцуулахад хяналтаас гараад дордчихсон зүйл байхгүй. “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэж боддог. Манайх шиг архаг “Голланд” өвчтэй улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь зөв явж байгаа. Засгийн газрыг галт тэрэг гэж үзвэл Хөдөлмөрийн яам хамгийн ард яваа хэрэгтэй цагт туслахад бэлэн түргэний тэрэг. Хангалттай олон тогтмол болон түр ажлын байр бий болгож буйгаар нь би ингэж зүйрлэж байна.
-Та намрын чуулган, ээлжит бус чуулганыг юу гэж харж байгаа вэ. Ирцийн хувьд бүрдэхгүй байх асуудал сонгууль дөхөх тусам улам л лавшрах бололтой?
-Нэг ангид хичээл тасалдаг танхай нөхөд байдаг даа. Түүн шиг манай Их хуралд чуулганаа тасалдаг улс байна. Юм болгон дээр өөрсдийгөө үнэд хүргэхийг оролдож, явуургүй шантааж хийдэг хүмүүс байгаа. Манай Их хурал тийм хэдэн нөхөдтэй. Энэ Их хуралд дүн тавих нь чухал биш. Эдийн засгийн хүнд үед амжилттай ажиллаж, зөв шийдвэрээ гаргаж чадаж байгаа Их хурал. Тухайлбал,ҮХЦ нь эдийн засгаа унагах гэж улстөржиж, эдийн засгаа хорлож, залуу гэр бүлүүдээ орон сууцанд оруулахгүй байж чадлаа. Ийм нөхцөлд энэ Их хурал хэрүүлтэй ч гэсэн ирцээ бүрдүүлээд Ипотекийн хуулиа баталж чадсан юм..
-Сонгууль дөхсөн гэдэг нь өдөр ирэх бүр улам тод болж ямар ч асуудал дээр тээг тавьж чадаж байна. Хэтэрхий их улстөржилт хөдөлмөрийн салбарт хэр нөлөөлж байна вэ?
-Улстөржилтөөс болж хөдөлмөрийн салбар буюу ард түмэн хамгийн их хохирч байгаа. Томоохон уул уурхайн төслүүдийг хэчнээн их улстөржүүлэв. Төмөр зам дээр гэхэд танайх хийнэ, манайх хийнэ гээд бөөн юм болж байна. Хөдөлмөрийн сайд болсноосоо хойш ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжинэ гэхэд “Хэдэн ажлын байр бий болох юм бэ” гэдгийг хамгийн түрүүнд асуудаг болсон. Улстөржилт, популизм улс орныг “алж” байна.
Хөнгөн жингийн намууд нь улс төрөө хийнэ л биз. Попууд нь жүжгээ тавина л биз. МАН-ынхан гэрийн эзэд шиг, улс орныг удирдаж явсан тулхтай гэдгээ харуулах ёстой. Сөрөг хүчин маань салхи сэвэлзэхэд дагаад намирдаггүй болох хэрэгтэй.
-Хавраас төмөр замын ажил эхлэнэ гэж байсан. Үүндээ цэргүүдийг оролцуулна гэдгээ мэдэгдсэн. МСҮТ-д сурч байгаа цэргүүд бий юу?
-Эх орны бүтээн байгуулалтад цэргүүд оролцох ёстой. Энэ тэдний үүрэг. Ямарваа нэгэн конвенци зөрчөөгүй. Монгол цэрэг эх орноо хамгаалахаас гадна мэргэжлийн боловсролтой болог л дээ. Өөрт нь, аав, ээжид нь, улс оронд л хэрэгтэй. Энэ ажлыг манай яам зохион байгуулж байгаа. Одоогоор 600 гаруй цэргийн албан хаагчийг сургалтанд хамруулж байна. Мөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй залуучуудаа ч гэсэн мэргэшүүлнэ.
-Та Чингэлтэй дүүрэгт нэр дэвших үү. Эсвэл намын жагсаалтад орох нь уу. Ямартай ч оны өмнө Сонгуулийн хуулиа баталаад авчихсан?
-Сонгуулийн хуулиа баталсан. Сурталчилгааны хугацааг 18 хоног болгочихлоо гэдэг шүүмжлэл байгаа. Үнэхээр нэр дэвших гэж байгаа бол 18 хоног байтугай хоногт л ард түмний дэмжлэг авна.
Миний хувьд Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ. Би хоёр удаа тойрогт нэр дэвшин намдаа суудал авчирсан. Жагсаалтад орох эрх надад нээлттэй ч би намын даргад “Би Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ” гээд хэлчихсэн. Чингэлтэйд хэн ч ирээд нэр дэвшсэн тулаад өрсөлдөхөд бэлэн байна.
Эх сурвалж: Э.ЭНХБОЛД “Өдрийн сонин”