Мүүнизм: Тэд жинхэнэ Христэд итгэгчид мөн үү?
Энэ нийтлэлийг 10 жилийн өмнө буюу 2006 онд бичиж байсан юм. Тэр үед Японд сурч байсан Мүүний хэсэг нөхөд цээжээрээ хамгаалж намайг янз бүрээр хэлж байв. Үнэн юм үнэнээрээ сайхан. Харин одоо Монголчууд маань Мүүн бол гаж юм гэдгийг бүх нийтээрээ үзэж харж, уншиж, ярьж байна. Үнэн хуучирдаггүй болохоор 10 жилийн дараа энэ нийтлэлээ дахин хүргэж байна.
Ж.Бадамдорж
—-
Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо. Шашны байгууллага ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг үйл ажиллагаатай энэ байгууллага монгол улсад үүд хаалгаа нээгээд хэдэн жилийг элээжээ. Голдуу оюутан залуус энэ байгууллагын альбом, танилцуулга барьчихсан гэр бүлээ дахин батлуулах, ариун гэр бүл болох гэх мэт эелдэг урилгаар таныг хаа ч угтаж мэднэ. Тэдний хэлдэг үгийн нэг нь заяаны ханьтайгаа учрахыг хүсч байвал бидэнд хандаарай гэх.
Монгол улсад шашны талаарх мэдлэг дулимаг тул зөв буруугүй хольж хутгах, хамруулан муулах, буруутгах, үзэл бодлын ялгааг нь мэдэлгүй үүдээ нээх, зарим нь тэдний амласан мөнгө, нүсэр хөрөнгөнд нь татагдан эх орноо худалдахад хүртэл хүрз болзошгүй тул “Мүүнизм” хэмээх энэхүү шашны талаар түүний башир аргуудын талаар энд өгүүлье.
Мараната сэтгүүлийн уншигчдын зүгээс ч мөн Мүүнизмын талаар мэдээлэл өгөөч хэмээн хүссэний дагуу судалгаа хийж дараах цуврал нийтлэлийг танд танилцуулж байна. Хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост Мүүний талаар ном бичээд зохиогч нь гэнэтийн байдлаар алуулсан гэдэг. Тийм явдал болохыг хэн үгүйсгэхэв (Тийм л юм бүү болоосой билээ.) Юутай ч болов бид судалгаа хийж бичсэн хүнээ нууцлах эрхтэй тул эрхээ эдэлж нууцлав. Энэхүү мэдээлэл нь тухайн шашныг илт дайрч доромжилсон бус харин үнэн бодит мэдээллийг хүргэж байгааг анхаарна уу.
Sun Myung Moon буюу Мүүн гэж хэн бэ?
Мүүнизмыг үүсгэн байгуулагч Sun Myung Moon буюу Мүүн гэгч хэн бэ? Үндэслэгчийг нь мэдэхгүйгээр шашныг мэднэ гэдэг өрөөсгөл. Нилээн ээдрээтэй намтартай, янз бүрийн шашны сургаалаас Мүүнизм (Moonism буюу Unification Church) шашин бий болгосон, бизнесийн болон хэвлэл мэдээллийн олон компанийн эзэн хүний тухай судалж байхад их л хачирхалтай юм олныг мэдэв. Тэр ч бүү хэл хийдэг юмсыг нь бичих гэхээр сэтгэл эмзэглэж байсныг нуух юун. Үнэнийг дэлгэж байгаа болохоор бүгдийг нь бичихийг хичээлээ.
Мүүний мэдэлд, дэлхий даяар олон улсын 350 бизнесийн компанийн том сүлжээ байдаг юм байна. Тэдний 280 нь гэхэд АНУ-д байдаг гэнэ. Тэдгээр нь (байгууллагуудыг монголоор орчуулалгүй шууд англиар нь бичив):
Washington Times сонин
The International Cultural Foundation,
The Washington Institute for Values and Public Policy,
Paragon House Publishers,
The Christian Bernard jewelry chain,
Happy World toy and clothing outlets.
Мөн Мүүний сүмийн (Unification Church) мэдэлд улс төрийн бүлэглэлүүдээс: American Freedom Coalition, CAUSU USA, CAUSU International, American Leadership Conference, American Constitution Committee, Association for the Unity of Latin America.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас: News World Communications, New York City Tribune, Insight Magazine, World Media Association. Бизнесийн байгууллагуудаас: One Up Enterprises, U.S. Property Development, International Oceanic Enterprises.
Шашны байгууллагуудаас: 55 гаруй мөргөлийн төвүүд (хоёр нь Калифорнид, мөн Техас, Нью Йоркод болон АНУ-ын муж бүрт, Пуерто Рикод хүртэл байдаг), болон 206 гаруй салбар цуглаантай гэнэ.
Мүүний цуглаан нь англи хэлээр Unification Church хэмээх нэрээрээ алдаршжээ. Албан ёсоор бүртгүүлсэн нэр нь, The Holy Spirit Association for the Unification of World Christianity юм байна.
Солонгос үндэстэн Мүүн гэгч энэ хүн анхныхаа цуглаанаа 1954 онд байгуулсан бөгөөд өөрийгөө 1936 онд 16-тай байхад нь Есүс Христ Хойд Солонгост байхад нь үзэгдэж онцгой үүрэг өгсөн гэж танилцуулдаг байна. Ер нь Есүс Христийн нэрийг баригч гаж урсгалтнуудын үндэслэгчид бүгд л Есүс Христтэй уулзаж, түүнээс онцгой үүрэг авсан гэж хэлцгээдэг. Мормоны үндэслэгч Иосеф Смит ч бас үүнтэй адил зүйл ярьдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Мүүн Хойд Солонгосын нийслэл Пхенъянд очиж 1945 онд анхныхаа цуглааныг байгуулжээ. Тэнд, “цус зааглах” хэмээгч хачин ёслол үйлдэж байгаа талаар хүмүүс мэдээлж байжээ. Энэ ёслолоор бол цуглааны эмэгтэй гишүүд Мүүнтэй сексийн харилцаанд орж сатаны нөлөөнөөс гарах ёстой гэнэ. 1948 онд Хойд Солонгосын эрх баригчид түүнийг баривчилж хоёр жил гаруй засан хүмүүжүүлэх ангид садар самуунд бусдыг уруу татсан ба завхайрсан гэсэн шалтгаанаар хорьжээ. Солонгосын дайны үеэр НҮБ-ийн цэргүүд Хойд Солонгосыг чөлөөлөх үед 1950 онд шоронгоос суллагдав.
Өнөөдөр ч гэсэн Мүүний номлолд секс болон эмэгтэйчүүд эрчүүдэд бүрэн захирагдах талаар номлодог. 1995 онд “Жинхэнэ эцэг эхчүүдийн өдөр”-өөр тэрээр, “Эмэгтэй хүн эр хүний бэлэг эрхтэнээр дамжуулан хайрыг амсдаг учраас хайрын жинхэнэ ордон бол эр эмийн эрхтэнд оршино” хэмээн номлож байжээ.
Солонгосын дайны дараа Мүүн Өмнөд Солонгос руу нүүж тэнд цуглаанаа байгуулав. Одоо дэлхий даяар Мүүний цуглаанд 3 сая гаруй гишүүд (үүнээс 45,000 нь АНУ-д) байдаг гэнэ (харин The Encyclopedia Americana мэдээлснээр Мүүний сүмд дэлхий даяар ердөө л 30,000 хүн байдаг гэж тэмдэглэсэн байна).
Мүүний цуглаан Америкт татвараас бултсан хэргээр олон удаа яллагдаж байжээ. Үүнээс болж тэрээр холбооны шоронд 11 сар суусан байна. Мүүн 1973 оноос хойш АНУ-д байнга оршин суугч гэсэн хуулийн статустай болов.
Мүүний сургаалын бантанд: Христийн сургаал, Дорно дахины ид шидийн сургаал, коммунизмын эсрэг суртал ухуулга зэрэг өчнөөн олон юм байдаг байна (BDM’s 7/97 cult report on the Unification Church.)
Мүүн олон дахин татварын асуудал, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож хэд хэдэн удаа холбооны шүүхээр орж шоронд орж байжээ. Нэгэн удаа түүнийг шоронгоос суллагдахад нь түүнийг хүндэтгэж тухайн үед $100,000-ын үнээр ихээхэн том хэмжээний зоог барьсан байна. Тус зоогт Мүүн өөрөө голлон үг хэлсэн бөгөөд түүний урилгаар тэнд Шашны эрх чөлөөний нийгэмлэгээс, АНУ-д байрлах Сүмүүдийн үндэсний зөвлөл, Пресбэйтеран цуглааны холбоо, Үндэсний Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормоны сүм), Католикийн иргэний хамгаалал нийгэмлэг болон Америкийн Христэч сургуулиудын холбооноос төлөөлөгчид оролцсон байна. Мүүн өөрийн хууль бус үйл ажиллагаагаа шашны хавчлага, иргэний бишрэн шүтэх эрх чөлөөг зөрчлөө хэмээн булзайруулж бусдын нэрэнд өөрийн явдлаа далдалсан байна (Media Spotlight, January-March 1986).
Хэдэн жилийн өмнө монголд ч бас шашнуудын удирдагчдын уулзалт болж байсныг санаж байна. Ер нь Христийнхэн бид цааш цаашдаа хэнтэй нэр холбогдох, яагаад ямар учраас тухайн арга хэмжээ зохиогдож байгаадаа бодолтой байхад илүүдэхгүй. Эс бөгөөс түүхэнд буруугаар бичигдэх бий вий.
Мүүний цуглааны нэг гол үйл ажиллагаа бол олон хүнийг зэрэг хуримлуулах. Голдуу тэд өөрсдийн цуглааны гишүүдийн цуглуулсан хүмүүсийн зураг ба мэдээллийг ашиглан Мүүнд хэнийг хэнтэй гэрлүүлэх “тэнгэрлэг сонголт” өгдөг байна. Мүүн тэдгээр зургуудыг хоёр сар хиртэй судалж, хооронд нь зохицуулж нийлүүлдэг аж. Үүний нэгээхэн гэрч нь 1992 оны 8-р сарын 25-нд Сөүлд болсон 30,000 хүний хурим юм. Тэрхүү хуримын ёслолд хүн төрөлхтөний жинхэнэ эцэг эх гэж өөрсдийгөө өргөмжилсөн Мүүн болон түүний эхнэр оролцжээ.
Удаах маас хуримд, 1995 онд дэлхийн 100 улсад зэрэг зохион байгуулагдсан хурим орно. Тус хуримын ажиллагааг хиймэл дагуул ашиглан 720,000 хүн гэрлэсэн ба тэдний хоёрны гурав нь шинээр гэрлэж байгаа бус харин гэрлэлтээ дахин сэргээн бие биеэдээ ам тангаргаа өргөсөн хосууд гэнэ. Тэрхүү том хурим нийт 545 хотод болсон ба АНУ-аас гэхэд л 10,000 хүн оролцжээ. Тэднийг гэрлүүлэхэд Мүүн болон түүний эхнэр 15 сар уйгагүй ажиллаж хэнийг хэнтэй гэрлүүлэхээ шийдсэн юм байх. Ерөнхийдөө зургуудыг нас, хүйс ба аль улсаас гэдгээр нь ялгадаг аж. Японы хосууд энэ арга хэмжээнд оролцох гэж 29,000 ам доллар төлсөн бол Америкчууд 2,000 доллар төлсөн аж. Хосуудаас хураасан хураамжаа хиймэл дагуул ашигласны хураамжид зарцуулсан гэх ба Африкийн 200,000 хосыг гэрлүүлэхэд ашигласан гэж албаны эх сурвалж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгост буй Протестанд чиглэлийн чуулгануудын хэлснээр, тэд иймэрхүү арга хэмжээгээр жилд 1,3 тэрбум ам. доллар цуглуулдаг аж (Source: 9/25/95, Christian News, p. 14.)
Монголд ч бас ийм хурим хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийлөгч Багабандийн үед шиг санаж байна. Гэрлэсэн хосуудад, эсвэл гэрлэлтээ дахин сэргээж байгаа хосуудад гэр бүлийн гэрчилгээ өглөө гэж миний нэг таних хүн харуулж байсныг бодоход одоо яс хавталзах шиг болж байна. Тэр бүх сайхан үг хэлний цаана чухам юу болж байсныг бидний гэнэн монголчууд хэрхэн мэдэх билээ.
Мүүн энэ мэт үйл ажиллагаандаа ялангуяа сэтгэлийн хувьд тогтворгүй, цаг үедээ сэтгэл хангалуун бус яваа залуусыг их ашигладаг аж. Шашны бус боловч шашны агуулгатай янз бүрийн байгууллагуудаар дамжуулан тийм залуусыг өөрийн үзэл санаандаа уусгадаг байна. Тэрээр үр хөндөлт, порно донтолт, гэмт хэрэг, биеэ үнэлэх болон баруунд болж буй олон муу муухай зүйлийг дурьдан илүү сайхан “Шинэ Үе”-ийг бий болгохын төлөө залуусыг уриалан дуудаж өөрийн үнэн нүүр төрхийг далдалдаг ажээ. Угтаа түүний далд санаа болох “Мүүнд дуулгавартай явбал авралд хүрнэ” гэх далд санааг нь залуус эхэндээ хэрхэн тааварлах билээ.
Мүүн асар завгүй ажиллана. Шинээр ажилтан авах, номлол хийх, мөнгө босгох арга хэмжээнд Мүүн завгүй оролцоно. Түүний хувийн амьдрал гэхэд л Америк, Баруун Европ, Солонгос болон Японд бий. Нэгэн хачирхалтай зүйл гэвэл, Мүүний өршөөл дор гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүний халамжинд өсгөх ёстой гэнэ. Эцэг эхээс нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд, “чиний жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр” хэмээн заадаг байна. Харин ганц бие Мүүний гишүүдийг тэд гэрлэлтэд ихэд яаруулдаг гэнэ. Заяаныхаа ханьтай учрахад тань Мүүн туслана гэж ухуулдаг монгол оюутнууд тэдний л хөл гар болж буйн нэгэн жишээ гэвэл энэ байна.
“Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэж юутай үнэн бэ? Мүүнизмын талаарх эхний нийтлэлд цээжээрээ энэхүү шашныг хамгаалан бичсэн “нэргүй” шүүмжлэгчидтэй бид тулгарсан билээ. Эрээ цээргүй тэдний үгс бидний зоригийг мохоохгүй ээ. Харин ч хурцлана. Гэвч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэсэн ардын үг байдаг билээ.
Христэд итгэгч монголчууд бид л үнэн худлын учрыг зааглахгүй бол Христитгэлийг хэн бусад монголчуудад маань зөвөөр таниулах билээ. За ингээд “Мүүнизм” хэмээх нийтлэлийн төгсгөлийн хэсгийг танд толилуулж байна. Ухааран уншиж сэрэмжилсүгэй.
1920 онд төрсөн Солонгос үндэстэн Sun Myung Moon (Сан Мён Мүүн) өөрийгөө Есүстэй уулзсан гэж хэлэх дуртай. Эрх мэдлийнхээ үндсийг Есүс хэмээн тогтоож буй хэрэг л дээ. Тухайн үед Солонгос улс Японы колонид (1910-1945) байлаа. Хорьдугаар зууны эхэн үеийн Солонгост буй Христийн сүм чуулган хавчлага, нулимс ба итгэл сорьсон он жилүүдтэй тулгарч байв. Сүмүүд шатаагдаж, пасторууд нь алагдаж, итгэгчид нь хавчигдаж байсан үе. Мөн үүнтэй зэрэгцээд үндэсний үзэл Солонгост ид гаарч байлаа. Ороо бусгаа, дайны цаг, хүн бүр янз бүр болж болох байсан үе гэж хэлж болно. Зүүн хойд Азийг эзэрхэх гэсэн Япончуудын санаархлын гол бааз болсон Солонгос, дайны хөлд дарлагдаж байх 1936 онд Мүүн 16 настайдаа Есүстэй уулзсан гэж ярих нь зовсон ардын сэтгэлд итгэл найдвар гийгүүлэх нь тэр. Бүх нийтийг японжуулах компаант ажил өрнөх үед Есүстэй уулзсан гэх үндэсний баатар л Солонгост дутаж гэнэ.
Гэвч яагаад ч юм худал юм гэдэг үнэнээс ч илүү хурдтай тархдаг болохоор Мүүн 1936 оны “Есүс амилсаны” баяраар Есүстэй ууланд уулзсан гэдэг үг олонд тархав. Мүүний энэ үлгэр Есүсийн нэрийг барьж “Мүүнизм”-ыг хөгжүүлэх дэвсгэр нь болж өгсөн хэрэг.
Мүүний өөрийнх нь яриагаар бол тэрээр, “Христийн хоёр дахь дүр, хүмүүний авралыг бүрэн төгөлдөржүүлэгч” хэмээн томилогдсон хүн юм байх (Sun Myung Moon and The Unification Church, James Bjornstad, p. 9). Өөрөөр хэлбэл, дахин ирэх ёстой Христ нь Мүүн болжээ (эхний Христ нь Израйлд харин дараагийн Христ нь Солонгосоос ийнхүү гарах нь тэр). Харин авралыг бүрэн төгөлдөржүүлэгч гэдэг нь Христийн дутаасныг гүйцээн хийх онцгой үүрэг авсан гэж өөрийгөө ойлгуулах башир арга болов.
Христэд итгэдэггүй, Библийн суурь сургаалыг мэддэггүй хүнд бол Бурхан тэнгэр дэлхийд олон Христийг явуулдаг, Далай лам шиг хойд дүр нь энд тэнд тодордог юм гэсэн ойлголт өгөх нь гарцаагүй. Ядуу, боловсролгүй, буддизм нь бөөгийн шашинтай нь нэвт сүлбэлдсэн хорьдугаар зууны эхэн үеийн Солонгосчуудын сэтгэлгээнд энэ мэт сүнслэг учрал байж болохгүй гэсэн хардалт нэг их төрөхгүй нь мэдээж.
Гэвч Библид, Есүс Христ бол ганц бөгөөд түүнээс хойш олон хүн өөрийгөө, “Би Христ”, “Би жинхэнэ Аврагч байна” гэж хэлнэ гэж зөгнөсөн байдаг нь ийнхүү Солонгост биелэх нь тэр шүү дээ. Мүүн юуны Христ байх билээ хөөрхий. Библийн тэр зөгнөлүүд нь: “Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олон хүн “Би бол Христ” хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ.”
Матай 24:4б-5
“Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж. Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга.”
2 Коринт 11:13-14
Тэгээд өөрийгөө улайн цайм “Христ” гээд нэрлээд байгаа хүнийг тэнгэр шууд ниргэчихгүй яагаад улам амжилттай явдаг хэрэг билээ гэж асуух байх. Эш үзүүллэг буюу зөгнөл аль хэдийнээ хэлчихсэн болохоор хуурамч Христүүдийн үгэнд төөрөлдөхгүйн тулд итгэгч бид “Бурханы үгэнд төлөвшсөн” байх ёстой юм.
Энэ дэлхийд 2000 жилийн өмнө ч тийм хүмүүс байсан, одоо ч мөн адил өөрчлөгдөөгүй. Гэвч тэд олныг хуурч мэхэлснийхээ хариуд шийтгэгдэнэ гэж Илчлэлт номонд дэлгэрэнгүй өгүүлсэн бий.
Мүүн өөрийгөө Христ гэж тунхагласнаараа “Христийн нэрийг баригч гаж сургаалтан” шууд болж байгаа юм. Библийн эш үзүүллэг түүнийг хуурамч Христ гэдгийг нь баталж байгаа юм. Мэдээж Библийн суурь мэдлэггүй, наад захын тайлбар өгч чадахгүй хүнд бол Мүүний бичсэн номууд ихээхэн үнэмшилтэй. Тэр ч бүү хэл үйлдлээрээ сэдлээ зөвтгөдөг прагматик хүмүүст Мүүний амжилт, түүний нэр нөлөө нь “Ийм мундаг хүн ийм юм хийх ёсгүй дээ, ийм байж яав ч таарахгүй” гэсэн эргэлзээг төрүүлнэ.
Гэвч дүрдээ өөрөө хүртэл итгэчихсэн, түүндээ улайрчихсан хүн бусдыг араасаа дагуулах ид шидтэй байдаг шиг байгаа юм. Мүүн яг л ийм байдлаар хүмүүсийг дагуулж явна. Тэрээр гэнэн биш болохоор “суурь теологи” хүртэл зохиож амжжээ. Түүний 1957 онд бичсэн 536 хуудас бүхий Divine Principle буюу Тэнгэрлэг зарчмууд номондоо Библи бол түүний хэрэглэдэг олон ухагдахуун, нэр томъёог айхтар их хэрэглэж, аймшигтайгаар гуйвуулан тайлбарласан байх юм.
Тухайлбал, Мүүн Библийн үгийг үнэн үг бус харин үнэний тухай заадаг ном гэжээ. Тэр ч бүү хэл өөрийн бичсэн гуравдагч гэрээг Библи шиг эрх мэдэлтэй ном гэж бусдад итгүүлж амжиж. Мүүн өөрийгөө Есүстэй сүнслэг ертөнцөд шууд харилцдаг, бараг л тэндээс емэйл авдаг гэх, Иохан баптист түүнд баптисм хүртээсэн учраас тэнгэрийн эрх мэдэл одоо надад өгөгдсөн хэмээн ярьдаг аж. Үнэнийг мэдэхгүй хүнд энэн шиг тэнгэрийн лүндэн үгүй биз ээ.
Библийг тайлбарлах түүний арга нь ихээхэн инээдтэй. Тухайлбал, Есүсийн хоёр талд цовдлогдсон хүмүүсийг тайлбарлахдаа, баруун талынх нь “ардчилсан хүчнийг” харин зүүн талынх нь “коммунизмыг” төлөөлж байгаа хэмээн тайлбарлана. Энэ бол түүний 1976 онд ярьж байсан үг шүү дээ. Одоо коммунизм тэр үеийг бодвол дэлхийг хоёр хуваагаад байхгүй болсон болохоор тайлбараа өөрчилсөн ч байж мэднэ. Гэвч 2000 жилийн тэртээ коммунизм, ардчилсан үзэл байсан нь эргэлзээтэй зүйл төдийгүй сураг нь ч дуулдаагүй байсан улс төрийн томъёлол биз ээ.
Мүүн, Адам Ева хоёрын гэм нь тэвчээгүй бэлгийн харьцаанаас болсон гэж бас ярих дуртай. Түүний тайлбараар Бурхан тэр хоёрыг ах дүүгийн харилцаатай байлгахаар бүтээсэн гэнэ. Тэгээд нас биенд хүрч боловсроод ирэхээрээ гэрлэж, үр хүүхэд төрүүлж Бурханы хаанчлалыг дэлхийд авчрах байсан юм байх. Гэвч тэр хоёр тэр цагийг тэвчилгүй бэлгийн харьцаанд орчихжээ. Ийнхүү бэлгийн харьцаанд цагаасаа өмнө Адамтай орсноороо махбодын ялзралд, Сатантай сүнсээрээ бэлгийн харьцаанд орсноороо Ева сүнсний ялзалд орсон гэж ярьж тайлбарлана.
Харин Библид, Адам Ева хоёрыг хэзээ ч ах дүүгийн харилцаанд байлгах гээгүй шууд эхнэр нөхөр болгосон юм гэж бичсэн байна (Эхлэл 2:18-25). Тэдний гэм нь бэлгийн гэм бус харин Бурханд дуулгаваргүй байснаас болсон юм. Бурхангүй, Бурхан шиг болох гэсэн хүслийн гэмээс болсон хэрэг шүү дээ. Жимс идсэн нь үнэндээ дотор сэтгэлд үйлдсэн гэмийн илрэл л байсан юм. Энэ тухай Эхлэл номын 3-р бүлэгт бий.
Мүүн гэмийн талаар үзэхдээ, “бэлгийн зүй бус харьцаанаас” болсон гэдэг учраас нүглээс аврагдах аврал нь мөн л бэлгийн зүй зохистой харьцаагаар ирэх ёстой гэж сургадаг аж. Эхэндээ үүнийгээ “цус тусгаарлах” ёс гэж нэрлэж байсан бол харин сүүлдээ “Гэгээн Мүүний ерөөсөн, сонгосон хүнтэй гэрлэх ба санхүүгийн хувьд Мүүнизмыг дэмжих нь авралд орох зам” хэмээн өөрчилжээ.
Мүүн сүнс дуудах гэх мэт Библиэр хориглосон зүйл их хийдэг гэж зарим эх сурвалжуудад бичсэн байдаг (Unknown But Known, p. 121).
Мүүн Бурхан Эцэг хэмээн нэр томъёог Христитгэлээс, харин Дарь эх (бурхан эх) хэмээн ойлголтыг бусад шашнаас авч, өөрийгөө болон эхнэрээ энэ дэлхийн “жинхэнэ эцэг эх” буюу бурхад хэмээжээ (Unification Theology, p. 56). Түүний теологи ихээхэн холимог байдаг нь олныг өөртөө татах гэснийх болов уу. Мэдээж хүн бурхан болдог гэсэн ойлголт Буддизм, Мормонизм, Хиндү шашны хувьд бол энэ тийм ч хачин жигтэй сонстохгүй. Харин Христитгэлтнүүдийн хувьд энэ бол байж болшгүй гаж ойлголт билээ. Учир нь бид Бурхан биш харин бурханлаг байх боломжтой гэж Библид заадаг.
Мүүн, Христийг зүгээр л сайн залуу байсан ба Бурхан биш гэж заадаг. Мүүний онолоор Есүс бол онгон Мариагаас мэндлээгүй, Захариагийн бутач хүү гээд Есүс уг нь хүнтэй гэрлэж бурханлаг хүүхэд гаргаж дэлхийг дүүргэх ёстой байсийм гэж заадаг байна (Divine Principle, pp. 143-145). Тэгээд загалмайд цовдлосоноороо Христ үүргээ биелүүлэлгүй бүрэн ялагдсан юм гэж номлох нь бүүр ч инээдэмтэй. Тэр ч бүү хэл Иохан баптист шавь нартай болсноороо Есүсийн амжилттай байх замыг хаасан, түүний үхлийн буруутан болсон гэж заана. Мүүний онолоор Христийн үхэл нь сүнслэг авралд хөтөлж болох ч, бүрэн төгс аврал биш гэнэ. Тэр ч бүү хэл Христ биеэр амилсаныг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн сүнс нь амилж хүмүүст харагдсан гэж заана. Харин Мүүн бол үүргээ биелүүлж чадаагүй “Хоёрдагч Адам” буюу Христийн дараах “Гуравдагч Адам” бөгөөд хүн төрөлхтөнийг аврахаар ирсэн аврагч гэж өргөмжлөгдөнө.
Мүүний сургаалаар, Христ 2000 онд ирэх ёстой байсан гэнэ. Мэдээж ирээгүй болохоор өөр тайлбар олж таарна. Тэгээд Христ хоёр дахь удаагаа ирнэ гэсэн нь яг бодитоор гэсэн үг биш л дээ гэх нь тэр. Ийнхүү Аврагч Мессая болсон Мүүн өөрийн теологиор олон зуун хүнийг өнөөдөр ч мунхруулсаар явна. Энэ мэт Мүүний теологи заадаг бүхэл бүтэн сургууль, доктор профессорууд хүртэл бий. Гэвч Мүүн гэгээн царай гаргаж, миний талаар гадуур муу хэлдэг шүү, шавь нар минь тэдэнд битгий хууртаарай гэнэ.
Бид эмх цэгцгүй, ороо бусгаа дэлхийд амьдарч байгаа болохоор сайн муу бүхнийг зэрэг харж байна. Тийм учраас, итгэгч бид аливаа худалд амархан төөрөлдөхгүйн тулд өөрийн итгэлийн бат суурь болсон, суурь теологи, сургаалын үнэнийг баттай баримтлах нь чухал.
Угтаа, Мүүнизм бол жинхэнэ итгэгчид биш харин Христийн нэрийг баригч гаж сургаалтнууд юм. Үүнийг тайлбарлах гэж нийтэлсэн хоёр нийтлэл таны итгэлийн амьдралд бага ч болов хувь нэмэр оруулсан бол бусдадаа бас туслаарай. Бурханы хамгаалалт, түүний үгийн мэдлэг, Ариун Сүнсний хүч тантай хамт байх болтугай!
Ашигласан номын жагсаалт:
(1) Grolier’s 1995 Multimedia Encyclopedia;
(2) Funk & Wagnall’s Encyclopedia;
(3) What They Believe, Harold J. Berry [HJB], BTTB:1990, pp. 243-267;
(4) “Holy Spirit Association for the Unification of World Christianity,” Rick Branch (Watchman Fellowship Profile, 1993); and
(5) Examining & Exposing Cultic & Occultic Movements, Jack Sin, “Unification Church,” April 2000, pp. 32-33.
(c) 2006, Мараната интернэт сэтгүүл
(c) 2016, Мараната Ресурс Тө
Эх сурвалж: http://maranata.mn/