Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулах болсон шаардлага: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэл өнөөдрийг хүртэл эрчимтэй явагдаж байгаа бөгөөд шинэчлэлийн нэг томоохон үр дүн нь Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэ Эрүүгийн хуулийг баталсан явдал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлэх болсон шалтгаан нь “ард иргэдийн шүүхэд итгэх итгэл муу байна” гэсэн судалгаанд үндэслэсэн байдаг. Гэтэл ард иргэдийн дунд, тэр тусмаа хуульч биш хүмүүст шүүх шударга биш шийдвэр гаргадаг гэсэн итгэл, үнэмшил төрүүлж байсан нэг томоохон шалтгаан нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль юм.
Зарим хуульч судлаачид 2002 оны Эрүүгийн хуулийг ялын дээд доод хэмжээг багасгаж хооронд нь ойртуулсан, хэтэрхий шоронжсон, хүндээ буюу шүүгчдээ итгэдэггүй байх үеийн хууль гэх мэтээр ярьдагтай санал нийлэх боломжгүй боловч шүүхийг шударга бус гэж харагдуулахаар зарим зүйлүүд байсан гэж үздэг.
Учир нь: Хөдөөний жирийн нэг малчин залуу архи ууж бусдыг ташуураар нэг удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэг тул зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж үзээд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар хамгийн доод тал нь 5 жил 1 хоногийн хорих ял аваад явдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь 28-аас доош хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5-15%-аар алдагдуулдаг тул шүүгдэгч болон хохирогч нар Монголын хууль ийм хатуу чанга юм байна гэсэн ойлголттойгоор шүүх хуралдааны танхимаас гардаг.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264, 265, 266, 267, 270, 272 дугаар зүйлүүдэд заасан албан тушаалын гэмт хэргүүдийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэг тул хохирлоо төлсөн л бол улсад хэдэн сая төгрөгийн хохирол учруулсныг, ард иргэдийн дунд төрийн байгууллагын нэр хүнд ямар хэмжээгээр унасан эсэхийг үл харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байгаа юм. Энэ тохиолдолд иргэд хууль шүүхийн байгууллага албан тушаалтай иргэдэд ямар зөөлөн ханддаг юм бэ гэсэн ойлголттой шүүх хуралдааны танхимаас гардаг.
Тэгэхээр эндээс ард иргэдийн дунд шүүх бол жирийн нэг малчин иргэнд шүүх засаглалын сүр хүчийг харуулж хүнд ял шийтгэл өгдөг, харин албан тушаалаа ашиглаж төрийн мөнгийг хэдэн зуун саяар нь завшсан албан тушаалтныг тэнсээд явуулчихдаг гэсэн ойлголт авдаг бөгөөд улмаар иргэдийн дунд шүүх шударга биш шийдвэр гаргадаг гэх дүгнэлтэнд хүрдэг.
Мөн 10000 төгрөг хулгайлаад 2000 төгрөгөөр нь хатгаа авсан хүүхдэдээ эм аваад өгчихсөн эмэгтэйд шүүх та өмнө нь булаах гэмт хэрэгт шийтгүүлж байсан, таны ялтай байдал дуусаагүй байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан ялын хамгийн доод хэмжээ буюу 10 жил 1 хоногийн хорих ял өгч байсан түүх саяхан.
Гэтэл бусдын эд хөрөнгө хулгайлсан этгээд өмнө нь булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, ялтай байдал нь дуусаагүй гэдгээрээ хэргийн зүйлчлэл нь шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 буюу мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасан онц хүнд ангиллын гэмт хэрэг болж өөрчлөгддөг тул хуульд заасан ялын доод хэмжээ буюу 10 жил 1 хоногийн хорих ял өгсөн шүүхийг буруу гэж хэлэхэд хэцүү.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж 4 ангилсан нь эцсийн дүндээ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгч буюу хүнээ хайрцагласан байна гэх дүгнэлтэнд хүрч байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан эмэгтэйн үйлдэл нь онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас шүүгч тэр ангилалд /хайрцагт/ заасан ялын хамгийн доод хэмжээг өгөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. Эндээс бас л иргэдийн дунд шүүх шударга биш шийдвэр гаргадаг, ядарсан иргэнд шүүх засаглалын сүр хүчээ үзүүлдэг гэх яриа амнаас ам дамжин яригддаг.
Бид ийм Эрүүгийн хуультай шүүхийн шинэчлэлийг цааш нь явуулах, ард, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжгүй тул Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байсан байх.
Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн агуулга, ач холбогдол:Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэргийн ангиллыг байхгүй болгосон нь шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах нийтлэг зарчимд нийцүүлэн үйлдсэн хэрэг, учруулсан хор уршигт нь тохирсон ял шийтгэл оногдуулах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн.
Мөн 2002 оны Эрүүгийн хуулиар тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд доод хэмжээг ойртуулсан бол шинэ Эрүүгийн хуулиар хорих ялын дээд, доод хэмжээг холдуулсан, Жишээ нь: бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт одоо үйлчилж буй Эрүүгийн хуулиар 5-аас дээш 7 жилийн хорих ял оногдуулахаар заасан байхад шинэ хуулиар 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.
Энэ нь нийгэмд гарч байгаа гэмт хэрэг бүр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг бөгөөд шүүх гэмт хэрэг бүрт ял тохирсон шийтгэл оногдуулах боломжийг олгосон юм.
Мөн хүн хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэлийг эдэлчихсэн байхад та өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээр нь ялтай хугацаа тоолдог, ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцдог, хэргийн зүйлчлэлийн хүндрүүлэн өөрчилдөг байсныг байхгүй болгосон.
Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээд нь үйлдсэн гэмт хэрэгтээ нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээх зарчим жинхэнэ агуулгаараа хэрэгжих боломжтой болсон.
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа хөнгөн ялыг хүндэд нь багтаах зарчмыг хэрэглэж, хөнгөн гэмт хэрэгт нь ял завшуулдаг, эсхүл гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан ялаас заримыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоодог байсныг гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоодог болсон.
Энэ нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ял шийтгэл эдлэх ёстой гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо заавал нөхөн төлсөн байхыг шаарддаг бөгөөд зарим тохиолдолд шүүх хуралдаанаас өмнө хохирлоо нөхөн төлж чадаагүй нөхцөлд хорих ял авдаг байсан бол шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тэнсэн хянан харгалзах боломжтой болсон.
Энэ нь шүүх мөнгөтэй хүнийг тэнсэн хянан харгалздаг, мөнгөгүй хүнийг хорьдог гэх иргэдийн буруу ташаа ойлголтыг нэг мөр шийдвэрлэсэн болно.
Харин гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан этгээдэд ял оногдуулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнийхоёрны нэг, гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж тооцож ял оногдуулдаг бол шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс, гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заажээ.
Өөрөөр хэлбэл шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангид 2-8 жилийн хорих ялтай санкц олон байх бөгөөд ийм санкцтай гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн этгээдэд2 жил 6 сараас, завдсан этгээдэд 5 жил 3 сараас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар байна. “Хэтрүүлэхгүйгээр” гэдгийг хувилж заасан хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахгүй гэж ойлговол гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан этгээдийн хувьд шинэ хуулиар эрх зүйн байдал нь хүндэрсэн байна.
Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан үйлдэл нь хор уршиг учруулаагүй байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагддаг бөгөөд энэ утгаараа бэлтгэсэн, завдсан үйлдэлд оногдуулах ял шийтгэлийн хэмжээ нь тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлээс бага байх ёстой.
Гэтэл шинэ хуулиар гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан үйлдэлд энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээнээс тооцож, гуравны нэг, гуравны хоёр гэсэн хувь тогтоосон нь бэлтгэсэн завдсан үйлдэлд оногдуулах ял шийтгэл нь тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлээс бага байх ёстой гэх зарчим алдагдахад хүргэсэн байна.
Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангид Гэрбүлийн хүчирхийлэл үйлдэх, Баривчлах таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах, Бэлгийн дарамт учруулах, Алдаатай гүйлгээ андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгийг завших, Малхулгайлах, Хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах, Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх зэрэг шинэ төрлийн гэмт хэргүүдийг хуульчилсан, мөн зарим гэмт хэргүүдийг зөрчилд тооцох болсон нь цаг үеэ олсон бөгөөд шинээр батлагдсан эрүүгийн хууль нь энэ цаг үед эрүүгийн эрх зүйгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцааг зохицуулах, боловсронгуй болгох үүргээ тодорхой хэмжээнд биелүүлэх бүрэн боломжтой хууль юм.
Эцэст нь шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн цаг үеэс ард иргэдийн шүүхэд итгэх итгэлд ахиц гарна, шүүхийн нэр хүнд улам бүр өснө нэмэгдэх болно гэдэгт итгэлтэй байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний
хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүгч М.Нямбаяр