Нэлээн урдаас эхлэе дээ. Өмнөд далайн Чэжү арал дээр аян дайны дөрөө мулталж хүн морио 100 жил орчим амраагаад буцаж байжээ Монголчууд.
Мөн ч хол замыг морин дэл дээр туулж Онон Орхоны хөвөөндөө дөрөө мулталдаг байж дээ. Бидний өвөг дээдэс яагаад энэ жижиг аралд удаан буудаллаж, хүлэг моридоо амрааж 95 жил саатан суусны учрыг түүхчид тайлбарлах биз. Онцолж хэлэхэд 800 жилийн өмнө Солонгосын хойг, өмнөд далай хүрээд эргэсэн энэ мөр дахин давтагдаагүй.
1945 оны Чөлөөлөх дайныг энд дурсаж болно. Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэж өвөр монголын Хайлаар, Манжуурыг чөлөөлсөн Монголын тэргүүн арми урагшилсаар Жанжхүүгийн давааг давж Хятадын нийслэл Бээжин хотоос 50 км орчим зайд тулж ирсэн байдаг. Монгол зөвлөлтийн цэргийн удирдагчид Бээжингийн саарал тэнгэрийг дурандаа харж байсан. Гэвч дээд командлалаас гэнэтийн тушаал ирснээр Монголын цэрэг Бээжин хотыг чөлөөлөхөд оролцоогүй нутаг буцсан юм. 800 жилийн өмнө далай тулж туурайн мөр гаргаснаас хойш Монголчууд өмнөд хөршийн цагаан хэрэмд моторт техник, хүлэг морь хоёроороор хамгийн ойртсон нь энэ байлаа.
Үүнээс өөрөөр Монголын техник хэрэгсэл эх газраар хил гатлан далайн эрэг дөхөж байсан нь үгүй. Харин одоо найрсаг хөрш болсон Хятадын далайн боомтоос Тянжин- Улаанбаатар- Улаан-Үд чиглэлд зорих анхны олон улсын ачаа тээврийн цуваа замдаа гарах гэж байна. “Түүхэндээ Тяньжин боомт хүртэл гадны ямар ч тээврийн хэрэгсэл явж байгаагүй шүү” гэж энэ ажлын ард гарахаар мэрийх төрийн ажилтнууд хэлж байна. Үүнийг цаасандээрх төслөөс зам чиглэл болох энэ өдрийг хүртэл ажилласан үе үеийнхэнд баяр хүргэмээр. Учир нь энэхүү анхны транзит цуваа хөдлөх хүртлээ арав гаруй жилийн түүх бичсэн гэж байгаа Энэ шинэ маршрутаар Хятад, ОХУ-ын тээврийн хэрэгсэл манай нутгаар дамжин өнгөрнө. Манай тээврийн хэрэгсэл ч мөн олон улсад зорчих боломжтой болно. Улсынхаа сүлдтэй машиныхаа дугаараа ОУ-ын замд гялтгануулах цаг ойртжээ.
Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг туршилтын тээвэр анхны “рэйс”-ээ хийх гэж байгаа юм байна. Хэлэлцээрээр Ази, Европыг холбосон хоёр гарцыг Монголд өгчээ. H3 буюу Сүхбаатар аймгийн Алтанбулагаас, Замын-Үүдийн боомтоор Хятадруу гарах маршрут. H4 буюу Баян-Өлгий аймгийн Улаанбайшинтын заставаас /Цагаан нуурын боомт/ Ховдын Булган /Ярантын боомт/-аар гарах талаар яригдаж байгаа гэнэ..
Цаашдын тээврийн замын маршрут, үнэ тариф хураамжийн хэмжээ, шийдлийг тогтоох том үүргийг туршилтын гэсэн тодотголтой анхны транзит цуваа өөртөө ачаад хөдлөх юм байна.
Энэ тээвэрлэлтийн дүнд замын хураамж, замын урт, хаана хоноглож болох боломжтой гээд бүх зүйлийг бид бодит байдал дээр нь судалж гаргана. Хэрвээ энэ тээвэр байнгын болбол зам дагасан барилга төвлөрсөн байгууламжууд баригдана. Шинэ суурин үүсэж болно. Үүнийг дагасан эдийн засийн эргэлт бий болох хүлээлт ч байна. “Манай ачаа Эрээнд гацжээ” гэх үглэл үүгээр цөөрнө. Төмөр замаар тээвэрлэсэн ачаа дунджаар нэг сарын дараа ирдэг бол авто замаар тээвэрлэхэд үүнээс дөрөв дахин бага хугацаанд ачаа Монгол ороод ирнэ. Тяньжин боомт нь БНСУ, Япон улсын далайн боомттой холбогддог учир транзит тээврийн замтай болсоноор эдийн засгийн хөгжилд хөшүүрэг нэмнэ гэсэн том хүлээлт төрд ч иргэдэд ч байна.
Энэхүү транзит тээврээр Монголын бараа таваар экспортод хурдан гарах зах зээлд хүрэх боломж нэмэгдэнэ. Бидний гадаад зах зээлрүү тэмүүлж буй эдийн засгийн коридорын эхлэл нээлтийн туузыг татаж болно. Энэ цувааг бид цэцэгтэй угтаж, сүүтэй үдэхэд хөөрсөн болохгүй.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /