Орос тамхины хайрцаган дээр дүрээ мөнхөлсөн КУТВ-ын Норжмаа
Гучаад оны үед Нийслэл хүрээнд КУТВ-ын Норжмаа хэмээх сайхан бүсгүй гунхалзаж явсан тухай тэр үеийн жүжгийн нэрт зохиолч Д.Намдаг агсан, ахмад зохиолч П.Хорлоо нар дурссан байдаг. Зөвлөлтөд Дорно дахины дээд сургууль төгссөн энэ эмэгтэй их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой нэг хэсэг амраглаж явсан гэдэг. Үзэсгэлэн төгөлдөр түүнийг Зөвлөлтөд суралцаж байх үед тэндхийн тамхины үйлдвэрийн мэргэжилтэнүүд олж хараад олон түмэнд тамхиа сурталчлахын тулд Норжмаагийн зургийг тамхины хайрцагны нүүрэн дээр мөнхөлж байсан гэдэг билээ. Энэ тухай гучаад оны үед Зөвлөлтөд сурч байсан зарим нэг сэхээтэн “Манай Норжмаа Зөвлөлтөд сайхан төрхөөрөө мандаж явлаа” гэж хүүрнэсэн байдаг. Мөн ахмад зохиолч П.Хорлоо гуай их зохиолч Д.Нацагдоржийн тухай дурсамжиндаа Норжмаад тохиолдсон дээрхи явдлыг баталсан байдаг юм.
Жишээ нь “Д.Нацагдоржийн нэг зузаан хар дэвтэр улсын архивт байсан. Одоо байхгүй болсон байна лээ. Шоронд байхдаа их гоё шүлгүүд бичсэн. Нацагдоржийг хүүхэнд их гоё захиа бичдэг гэдэг байсан. Бүр шүлгээр захиа бичих мода дэлгэрээд байлаа шүү дээ. Архив ухаж байхад “Миний Норжмаа” гэж 1936 онд бичсэн шүлэг нь гарч ирсэн. Нацагдорж Пагмадуламаас хойш Норжмаатай танилцсан юм билээ. КУТВ-ын Норжмаа гэж сайхан хүүхэн байсан юм. Оросын тамхины хайрцаган дээр зураг нь гарсан их гоё хүүхэн. Далаад оны үед би нэлээд сураглаж байж Норжмаатай уулзсан юм. Одоогийн Намын сургуулийн дэргэд хоёр дүнзэн байшин байсан. Нэгд нь контор, нөгөөд нь Нацагдорж өөрөө суудаг байлаа. Норжмаа тэнд очиж Нацагдоржтой уулздаг байсан тухайгаа ярьж билээ” гэж өгүүлсэн байдаг билээ. Мөн 1937 оны наадмын үеэр Д.Нацагдоржийг учир битүүлэгээр нас барсан байхыг Пагмадулам, КУТВ-ын Норжмаа нарын хэн хэн нь олж хараад ажил явдлыг нь гүйцэтгэсэн тухай янз янзын дурсамж байдаг. Жишээ нь зохиолч П.Хорлоо гуай “Норжмааг 1937 оны наадмаар Өвөрхангайн наадамд очоод ирэхэд Нацагдорж нас барсан байж. Уулзаж чадаагүй гэж ярьдаг. Хүмүүсийн ярианаас хоёр зүйл ойлгогддог л доо. “Ард” кино театрын олон нийтийн эрхлэгч байсан нэг хүн бий. (Норжмаагийн дүү) Тэр хэлэхдээ “Манай эгч их сайхан хүүхэн байсан. Нацагдоржтой үерхэнэ. Нэг удаа эгчтэйгээ хот орохоор явж байтал Гал командын байшингийн дэргэд хүмүүс овооролдоод байхаар нь очсон чинь нэг хүн суугаагаараа нас барсан байсан. Тэр нь Нацагдорж. Хэлээ цухуйлгаад нас барчихсан байсан. Эгч ч уйлаад л биеийг нь засч янзлаад лам дуудаж ном уншуулсан” гэж билээ. Хэвлэх үйлдвэрт ажилладаг байсан Дүгэржав гэж хүн бас нэг юм ярьдаг. Наадмаар хэсэг хүн архидаж байгаад Хятадын морин тэргээр явсан байна. Дөрвөн хүн суудаг тэрэг л дээ. Олуул шахалдаад Нацагдоржийг түлхчихсэн. Ойчоод нас барсан гэдэг юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Махвал гэж эмэгтэй ажилладаг байлаа. Нөхөр нь Намын Төв Хорооны үзэл суртлын эрхлэгч Цэндсүрэн гэж байсан. Тэд Нацагдоржийг Даландавхарт оршуулсан гэж ярьж байсан. Тарваа эд нар хүн амьтантай уулзаж, газар усыг нь тогтоосон юм билээ” гэж өгүүлсэн бол шүүмжлэгч Барын Цэдэв гуай “1937 оны наадмаар архинд гүн орсон Нацагдорж Пагмадуламтай суусан Цагаан хятадынд нэлээд согтуу ирж л дээ. Тэднийх хашаандаа янз бүрийн ногоо тарьдаг, ногоо усалдаг модон хувингуудад ус нь нэлээд дундарчихсан байж. Нацагдорж тэдний эзгүй хашаанд нэлээд удаан хүлээсэн боловч хүн ирэхгүй болохоор амны цангаа тайлъя гэж бодсон уу, нөгөө ус хийсэн өндөр модон торх руу тонгойж байгаад биеэ татаж авч чадалгүй толгойгоороо ус руу унаад өөд болсон юм гэнэ лээ. Нацагдоржийн хувьд хайрлаж халамжилж, эрж сурах хань ижил ч үгүй, эсэргүү Нацагдорж гэж ад шоо үзэж алдар хүнд нь ч гундаж явсан тул эрэл сурал ч болсонгүй. Пагмадулам, Цагаан хятад нарын хэдэн хүнд сүүлчийн замд нь үдэх үүрэг шаардлага тохиосон хэрэг. Тэд хүн хөлсөлж талийгаачийг ил тавьдаг оршуулгын газар хөдөөлүүлсэнээр их зохиолч Нацагдоржийн учир битүүлэг үхэл төгсгөл болсон” гэж өгүүлж билээ. Ямар ч байсан КУТВ-ын Норжмаа хэмээх эмэгтэй Д.Нацагдоржтой цухасхан холбогдоод авсаныг хэд хэдэн хүн гэрчилдэг юм. 1938 онд Монголын анхны уран сайхны “Норжмаагийн зам” хэмээх богино хэмжээний дуугүй киног дэлгэцэнд гарахад дөнгөж л кино урлагтай нүүр тулан учирч байсан шинэхэн үзэгчид “Энэ чинь нөгөө хүрээний ганган хүүхэн КУТВ-ын Норжмааг шоглочихсон байна шүү дээ” гэж шуугилдаж байсан гэдэг. “Норжмаагийн зам” кино нь КУТВ-ын Норжмаатай ямар ч холбогдолгүй цэвэр зохиомж бөгөөд агуулга нь ердөө л мухар сүсэг, лам нарыг шахан зайлуулж, Европын боловсон эмнэлэгийг сурталчилахад оршиж байв. Жишээ нь нэг хашааны хоёр гэрийн жирэмсэн эмэгтэй төрөхөөр өвдөж эхлэхэд Цэрэндулам нь эмнэлэгт хүүгээ төрүүлээд баяр баясгалан болж байхад Норжмаа нь гэртээ лам залж гүрэм уншуулсанаар төрөлт нь бүтэлгүйтэж уй гашууд автдаг. Цэрэндуламын дүрийг жүжигчин Нямтайширын Ханд урласан бол Норжмаад жүжигчин Нацагийн Лэгжмаа тоглодог билээ. Дашрамд хэлэхэд 1914 оны 2-р сард Монгол улсын анхны ерөнхий сайд, Халхын сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Хаант Орос улсаас тусламж гуйхаар явж ирэхдээ Богд хаанд үзүүлэхээр Монголд анх удаа кино ший гээчийг оруулан ирж тухайн үеийн Да хүрээний элитүүдийн оюуны цангааг тайлж байсан сонин түүх бий.
Герман шокаладны хайрцаган дээр дүрээ мөнхөлсөн оюутан Хаалай
Нэрт соён гэгээрүүлэгч Насан-Очирын Наваан-Юндэн гэдэг нэрийг мэдэхгүй монгол хүн ховор биз ээ. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”, “Үхэрчин хүү” зэрэг Монголын орчин үеийн урлагийн анхдагч болсон олон сайхан дууны зохиогч, Чингис хааны язгуурт Абтай сайн хааны алтан ураг, таван настайдаа Хараагийн Баатар вангаар өргөмжлөгдсөн хамгийн залуухан ноён, Сайн ноён хан Намнансүрэнгийн гарын шавь, Ардын хувьсгалын анхны арван гурвын нэг, Германд суралцсан анхны 35 оюутаны нэг, хамгийн анх эгшигт хайрцагт дуугаа бичүүлсэн гурван хүний нэг, “Учиртай гурван толгой” жүжгийн анхны Юндэнгүүдийн нэг гэх зэргээр түүний хэн хүнд тохиогоод байхааргүй гайхалтай сайхан амьдралын хуудсыг хөвөрдөөд баршгүй. Энэ их авъяас билгийн хажуугаар хүүхнүүдийн харцыг булаасан сайхан залуу байсан гэдэг. Түүний анхны эхнэр нь гүн Гомбожавын охин Хаалай хэмээх сайхан бүсгүй байжээ. Энэ бүсгүй Наваан-Юндэнтэй цуг Германд дөрвөн жил суралцаад, дараа нь Оросын Омск хотод үргэлжлүүлэн суралцсан байна. Хаалай нь Германд суралцаж байхдаа герман хэл бичгийг төгс эзэмшиж бусдаасаа онцгойрч байсан гэдэг. Тухайн үед хоёр хос Германы нэгэн шоколадны үйлдвэрийн эзнийд суудаг байж. Гэтэл нэг өдөр үйлдвэрийн эзэн Наваан-Юндэн, Хаалай хоёрыг үйлдвэр дээрээ очихыг урьжээ. Ухаандаа хоёр сайхан хосоор бахархах гэсэн бололтой. Тэднийг очиход үйлдвэрийн ажилчид үзэсгэлэн төгс бүсгүй Хаалайн гоо сайхныг гайхан бишрээд сүйд болцгоожээ. Зүгээр нэг бишрээд зогсохгүй хэд хоногийн дараа “Хаалай” нэртэй шоколад үйлдвэрлэж халх бүсгүйн гоо сайхныг үйл бүтээлээрээ магтан дуулж байсан гэдэг. Мянга мянган гоо үзэсгэлэн хуран цугларсан хөгшин Европт халх Монголын жирийн нэг оюутан бүсгүй ийнхүү бишрэгдэхийг бодоход Хаалай нь үнэхээр төгс сайхан хүүхэн байсан бололтой. Харамсалтай нь Наваан-Юндэн, Хаалай хоёр нэг их удаан хамт амьдарсангүй. 1937 онд хоёр хосыг Оросын Омскт суралцаж байхад феодал язгууртануудын үр сад гэдгээр гэв гэнэт эх оронд нь дуудаж, улмаар ногоон малгайтанууд Наваан-Юндэнд хорин жилийн ял оноогоод шорон руу илгээжээ. Гэтэл түүнийг шоронд байх үед буюу 1938 онд эхнэр Хаалай нь сэтгэл санааны хүнд байдал, өвчин эмгэгийн улмаас нас баржээ. Хайрт ханиа шоронд илгээгээд ганцаардаж туйлдсан халхын нэгэн сайхан бүсгүй ийнхүү хэлмэгдүүлэлтийн золиос болсон байна. Энэ тухай гучаад оны хэлмэгдүүлэлтийн түүх бичлэгт өгүүлэхдээ “Баатар вангийн хошууны Чингис хааны угсааны сүүлчийн хан Наваан-Юндэн 1938 хилсээр баривчлагдаад 12 жил амьдын там гянданд ял эдэлж энэ хооронд Германд хамт сурсан хайрт хань, саран гоо үзэсгэлэнт Хаалай нь тарчлаан даалгүй эмгэнэлтэйгээр үхэж, эргэж очсон дүү нь маргааш нь буудуулж алуулсан гунигт түүхтэй” хэмээжээ. Н.Наваан-Юндэн шоронд 12 жил яс суусан байна. Тэрбээр шоронд байхдаа Бямбын Ренчин, Бархасын Банзрагч нартай хамтарч Болъшевик намын түүхийг орос хэлнээс хөрвүүлж байсан гэдэг. Шоронгоос суллагдмагцаа Монголын анхны гавъяат багш нарын нэг болох Намсрайн охин Лхамсүрэн хэмээх бүсгүйтэй ханилан сууж, улмаар олон сайхан хүүхдийн эцэг эх болж насан туршдаа ханийн жаргалыг эдэлжээ. 2009 онд Наваан-Юндэн агсаны зуун жилийн ой тохиосон бөгөөд тэр үед түүний гэргий 86 настай Н.Лхамсүрэн гуай “Хань минь шоронд хоригдож байхдаа зүрх муутай болсон. Нэг удаа түүнийг шоронгийн хуяг авдранд хийгээд цоожилчихсон байгаа юм. Амьсгал нь давчдаад ухаан алдахад нь түүнийг үхчихлээ гээд шуугиж байсан гэдэг. Түүнээс хойш зүрх нь хариугүй болчихсон. Сүүлд бид хоёр гудамжинд явж байтал Наваан гэнэт нэг хүн рүү гүйж очоод зодчихдог юм байна. Гэтэл өнөө авдранд хийж цоожилсон хуяг нь байж л дээ. Харин тэр хүн ер эсэргүүцэл үзүүлээгүй. Миний хань залуудаа их сайхан хүн байсан. “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа дуулж, хөгжимдөж, жүжиглэж олны харцыг аргагүй л булааж явсан хүн дээ” гэж дурсч байсан удаатай.
Тэмдэглэсэн Б.Ойдов