Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам түүхээс

1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Богд хаант Монгол Улсын төр нь хэлбэрийн хувьд шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант төр байсан бөгөөд 1911 оны 12 дугаар сарын 29-нд төрийн таван яамтайгаар байнгын Засгийн газрыг байгуулсан. Энэ өдөр Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны зарлигаар Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон томилжээ.

5-bogd-zarlig-said

Мөн өдөр Шадар сайд, Бүгд захирагч сайд, Гадаадын хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, Халхын засаг Хошой Эрдэнэ Дайчин Чин ван Ханддорж, дэд сайд Да лам Равдан нар яамны тамгыг  хүлээн авч хэрэг шийтгэснээ мэдэгдэн Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа бичиг илгээжээ.

a3-1-312

Илгээх бичиг

             Шадар сайд, Бүгд захирагч сайд, Гадаадын хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, Халхын засаг Хошой Эрдэнэ Дайчин Чин ван, дэд сайд Да лам нарын бичиг Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэгч яамнаа илгээв. Мэдэгдэн явуулахын учир, эдүгээ манай Монголчууд тусгаар их төр байгуулан Богд эзэн сууринд заларч төр шашны хамаг хэргийг хавсран захираад Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын шинийн еснөө Зарлигаар шадар сайд бүгд захирагч сайд Халхын засаг Хошой Эрдэнэ Дайчин Чин ван Ханддорж намайг гадаадын хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Равдан намайг мөнхүү яамны дэд сайд тавиад тамга Шагнан олгосныг хичээнгүйлэн хүлээн авч Тэнгэрийн хишигт мөргөөд мөн өдөр яам байгуулж хэрэг шийтгэснээ өөр Айлтгаснаас гадна үүнийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа мэдэгдэн явуулсугай. Үүний тул илгээв.

Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын шинийн есөн

Бүгд ерөнхийлөх яамнаас харъяат олон яамны эрхлэн шийтгэх хэрэг зүйлийг ялган салгаж айлтгаад зарлиг ёсоор болгосныг мэдэгдэн ирүүлсэн бичигт “Гадаад улс лугаа найрамдлын ба худалдаа нэвтрүүлэх, гэрээ бичиг байгуулах хэрэг тохиолдох бүр Зарлигийг гуйн айлтгаад тусгайлан бүрэн эрх барих сайдыг томилон гаргаж нарийвчлан хэлэлцэн тогтоож сонсгон айлтгаад нийтээр явуулан тушааж дагаж явуулмуй. Жич, бусад аль ч улсын засгийн хэрэг шийтгэх газар ба мөн тэдний сайдууд, түшмэд лүгээ аливаа хэргийг ам ба бичгээр харилцан хэлэлцэж шийтгэмүй. Мөнхүү бусад улсын сайдууд, түшмэд ба цэрэг албаны хүн нарыг сайшаан хөхиүлэх хэрэг тохиолдвоос айлтгаж хишиг хүртээлгэмүй. Бас аливаа гадаад улсын засгийн хэрэг шийтгэх газар ба худалдааны хүн нар манай Монгол Улсын харъяат олон газраа төмөр зам, цахилгаан мэдээ, цахилгаан тэрэг байгуулах ба худалдааны пүүс байшин орон байгуулах бас ч олон зүйлийн уурхай нээх, уул дэлхийн ашгийг авахыг гуйх зэрэг хэргийг бүрнээ эрхэлж шийтгэмүй. Аливаа монгол, орос харилцан холбогдсон зарга заальхай, хулгай худал, хүн амины зэрэг хэргийг Оросын консул сайд лугаа хамтран нийлэн шийтгэх буюу эсхүл зохих газруудад явуулан тушааж гүйцэтгэн шийтгэмүй. Дундад иргэн лүгээ гэрээ бичиг байгуулахын инар аливаа харилцан холбогдсон хятадын зарга заальхай, хулгай худлын зэрэг хэргийг цөм эрхлэн шийтгэмүй. Хааяа хүний амины зэрэг хүнд чухал хэрэг тохиолдвоос Шүүх таслах яам лугаа хамт нийлэн шүүн шийтгэмүй.  Манай улс нэгэнт Гаалийн яам байгуулсан боловч гадаадаас гааль хураах нь багагүй тул Гадаад яам мөн Гаалийн яамыг хавсарч шийтгэмүй” хэмээн Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны эрхлэн шийтгэх ажил үүргийг заасан байна /1913.08.28/.

Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам Өмнөд, Умард, Төв гэсэн гурван хэлтэстэй байжээ.

  • Өмнөд хэлтэст эх зохиогч түшмэл 2, жинхэнэ бичээч 4, хятад бичиг орчуулагч түшмэл 1, хятад үсгийн бичээч нэг хүн Думдад иргэн улс лугаа холбогдох хэргийг эрхлэн шийтгэнэ.
  • Умард хэлтэст эх бичиг зохиогч түшмэл 2, жинэхэн бичээч 4, орос бичиг орчуулагч түшмэл 1, орос үсгийн бичээч 1 хүн Орос улс лугаа холбогдох хэргийг эрхлэн шийтгэнэ.
  • Төв хэлтэст эх бичиг зохиогч түшмэл 2, жинхэнэ бичээч 2 хүн олон улс лугаа хэлэлцэн тогтож гарын үсэг зурсан гэрээ бичгийн зэрэг чухал бичиг зургийг хадгалах, Дотоодын зэрэг олон яамны хамт зөвлөлдөн шийтгэх, нийлж хэлэлцэх, улс төрийн ихээхэн хэргийг эрхлэн шийтгэдэг байсан байна.

Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам нь 1911-1919 оныг хүртэл энэ бүтцээрээ үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1919 байдлаар  “тэргүүн сайд нэгэн ор, дэд сайд хоёр ор, эрхэлсэн түшмэл нэгэн ор, дэс түшмэл хоёр ор, харъяат яамнаас эрхэлж тохоох эх бичиг зохиогч түшмэл зургаан ор, жинхэнэ бичээч арван ор, орос үсэг орчуулагч түшмэл нэгэн ор, бичээч нэгэн ор, хэлмэрч нэгэн ор, хятад үсэг орчуулагч түшмэл нэгэн ор, бичээч нэгэн ор, хэлмэрч нэгэн ор, яамны сав хэрэглэлийг эрхэлж сахих нярав нэгэн ор, хаалгын дарга нэгэн ор, зарлага дөрвөн ор, хаалга сахигч дөрвөн ор, галч дөрвөн ор” нийт 42 хүний орон тоотой байжээ.

1919 онд Хятадын цэргийн эрхтэн Сюй Шужан цэрэг зэвсгийн хүчээр Хүрээнд түрэмгийлэн орж гадаад Монголын автономит засгийг сайн дураар устгах бичгийг гаргуулан авч 1920 оны 01 дүгээр сарын 02-нд Гадаад Монголын өөртөө засах эрхийг устгасан ёслолыг Хүрээнд хийж Засгийн газрын яамдыг татан буулгаж, үндэсний байнгын цэргийг тарааснаар 1921 онд Монгол Улсын өөртөө засах эрхийг дахин сэргээх хүртэл Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны үйл ажиллагаа түр зогсчээ.

Эх сурвалж:ГХЯ

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …