Мэргэжлийн хяналтын байгууллага болон Бүгд Найрамдах Киргиз, Бүгд Найрамдах Тажик улсын холбогдох байгууллагын албан тушаалтнууд “Цөмийн болон цацрагийн хяналтын зохицуулалт” сэдэвт бүс нутгийн сургалтад хамрагдаж байна.
Европын холбооноос хэрэгжүүлж буй Цөмийн зохицуулалтын байгууллага, тэдгээртэй техникийн хамтын ажиллагаатай байгууллагуудын зохицуулалт болон техникийн чадавхийг бэхжүүлэх, ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх зорилго бүхий /INSC PROJECT MC3.01/13/ төслийн гурав дахь шатны хүрээнд зохиогдож буй тус сургалтыг Итали улсын ИТЭР консалт консорциум, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо энэ сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Цөмийн энергийн салбарт олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн орчин, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй, нэгж байгууллагад тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагууд, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг үнэлэх арга аргачлал, цацрагийн хамгаалалтад тавигдах ерөнхий шаардлагууд зэрэг сэдвүүдээр Ашигт малтмал, Газрын тосны газар болон ИТЭР Консалтын сургагч багш нар илтгэл тавьж, сургалт явагдах юм.