БНХАУ-ын Бүх ардын худалдаа аж үйлдвэрийн холбооны Дэд ерөнхийлөгч Яанг Жирю тэргүүтэй гишүүд Эрчим хүчний сайд П.Ганхүүтэй уулзаж, салбарын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны тухайд санал солилцлоо.
БНХАУ-ын Бүх ардын худалдаа аж үйлдвэрийн холбоо нь Хятадын үндэсний байгууллага бөгөөд дөрвөн сая 480 мянган гишүүн бүхий томоохон бизнес эрхлэгчдийг нэгтгэж, 20 сая 600 мянган компанийг эгнээндээ багтаасан байдаг.
Уулзалтын эхэнд Сайд П.Ганхүү “Монгол, Хятад улс эрчим хүчний салбарт олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Харин цаашид хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг илүү тодорхой болгож, шинэ шатанд гаргах шаардлага бий. УИХ-ын дарга М.Энхболд болон Засгийн газар, УИХ-ын зарим гишүүд БНХАУ-д айлчлах үеэр энэ асуудлыг хөндөж,хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой салбарын нэг нь Эрчим хүч байна гэдэгт санал нэгдсэнийг хэлэхэд таатай байна” гэлээ.
БНХАУ-ын Бүх ардын худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Яанг Жирю хэлэхдээ “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Манай холбоо бүх Хятадын хамгийн том үндэсний байгууллага бөгөөд уулзалтын багт цахилгаан эрчим хүч, дэд бүтэц, аялал жуулчлал, барилга, эм эмнэлгийн чиглэлийн томоохон бизнес эрхлэгчид багтсан. Манай бизнес эрхлэгчдийн хувьд эрчим хүчний ашиглалт, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтад хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн монголын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчинтой танилцахыг зорьж байгаа” гэв.
Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний сайд П.Ганхүү “Хөрш хоёр орон эрчим хүчний салбарт хамтрах шинэ үе ирж байна.Цаашид Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны зүгээс хөрөнгө оруулалт хийх боломжтой төсөл хөтөлбөрийг тодорхой болгох нь чухал. Улаанбаатар хот өргөжин тэлж, хүн амын нягтрал ихсэж байгаа учраас агаарын бохирдлын эсрэг гол бодлогоо чиглүүлж, үүнд нийцсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах болно” гэлээ.
Эрчим хүчний яам