Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор усны нөөцийн хомсдол дэлхий нийтийн асуудал болж байна. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд усны нөөцийн хомсдол бий болж улмаар агаар, хөрсний бохирдол, хүн амын ундны усны аюулгүй байдал, түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл зэрэг олон асуудал үүсч байна.
Монгол орны усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх, усны салбарт хамтран ажиллах тухай санал санаачлага гаргах, хоёр орны Засгийн газрын бодлогыг хуваалцах, хоёр улсын хооронд усны нөөцийн талаарх хамтын ажиллагааны сүлжээг бий болгох зорилгоор БОАЖЯ, БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ-ын усны нөөцийн “K-water” корпораци хамтран “Монгол- Солонгос усны салбарын бодлого болон хамтын ажиллагаа” сэдэвт семнарыг зохион байгууллаа.
БОАЖЯ-аас усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах чиглэлээр олон талын идэвхтэй оролцоог хангах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, зөв засаглал ухаалаг менежментийг бүрдүүлэх хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгож шийдвэрлэх, олон улсын түвшинд хамтын үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох томоохон зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэх анхны алхам нь хоёр улсын хамтарсан семнар болж байна гэж БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа хэллээ.
Семнарт Монголын талаасБОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй БХБЯ, ЭХЯ, Улаанбаатар хотын УСУГ, УУХҮЯ, НЗДТГ болон Монгол улсын усны салбарын эрдэмтэн доктор болон бусад усны чиглэлийн байгууллагуудын төлөөлөл болох нийт 50 орчим албаны хүн оролцсон бол Солонгосын талаасБНСУ-ын Элчин сайд У Сун тэргүүтэй Газар, дэд бүтэц, зам тээврийн яам, БНСУ-ын усны нөөцийн “K-water” корпораци, БНСУ-ын Элчин сайдын яам, “Самжин Пресишион” ХХК, “Үжин” ХХК, “Копиа” Монгол дахь төв, БНСУ-ын хүний нөөц, хөгжил, үйлчилгээний төв зэрэг байгууллагуудын төлөөлөл болсон 20 орчим албаны хүн оролцлоо.
Усны нөөцийг хамгаалах чиглэлээр 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгалийн унаган төрхөө хадгалсан газарт цэвэр усны нөөцийн цогцолбор байгуулах, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн тавиас дээш хувийг улсын тусгай хамгаалтанд авах ажлуудыг тусгажээ. Одоогоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, журам, жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна гэж БОАЖЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Байгаль орчин аялал жуулчлалын яам