Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар 11 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн ордонд болох гэж байна.
Тус семинарыг Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах менежмент, олон нийтийн оролцоо, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний газрын аюулгүй байдлын талаар хэлэлцэх тус семинарт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцоно.
Харин өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тушаалаар томилогдсон Үндэсний семинарыг зохион байгуулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гишүүдэд үүрэг чиглэл өгч, хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.
ОБЕГ