Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэж хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүй байгууллага байна. Шүүхээс гэм буруутай, торгуультай нь тогтоогдсон бол гүйцэтгэл хийж “дуусгана” гэсэн логиктой. Гэхдээ хүний мөс чанаргүй, энгийн хэл ярианы боловсролгүй хэдэн байцаагчид энд ажиллах юм.
Өөрсдөө хуулиа мэдэхгүй хэрнээ өмгөөлөгч авч ажилласан иргэдэд ихээхэн дургүй. “Би мэдэж байна”, “ингэж хийхгүй байсан”, “миний ажлыг чи заахгүй” гэх мэтээр иргэдэд “том дугарахаас” хэтрэхгүй. Нэг үгээр Монгол улсын иргэд тухайн байгууллагаар санаандгүй /санаатай өрөнд орно гэж байхгүй/ үйлчлүүлэх болбол шоронд орсон мэтээр л харьцах нь энүүхэнд байх юм.
Харилцааны наад захын мэдлэггүй л юм гэж бодогдох шиг. Эдийн засаг элгээрээ хэвтэж улс оронд өрөндөө баригдан ядарч яваа иргэд эрс олширлоо. Ажлаас нь хүсээгүй байхад нь халж, ажил олгогчид олноороо дампуурч, эрхэлдэг бизнес нь хаалгаа барьж буй үед зээлийн өр буюу банкны дарамтанд шилжих нь тэр. Цаашлаад шүүхий шийдвэр гарч төрийн нэрээр ажиллагч шийдвэр гүйцэтгэгч нарын мэдэлд асуудал шилждэг.
Хугацааны хувьд тун боломжийн, бүр хурдацтайгаар ажиллаж байгааг нь харахад үнэлж, сайшаамаар. Гэвч энд иргэдийг хохирогч болгодог нэг иймэрхүү үзэгдэл харагдлаа.
Өөрийн бус шалтгаанаас алдсан, оносон иргэд зээлээ төлж чадахгүйгээс болоод хөрөнгөө хоёроос гурван сарын хугацаанд албадан дуудлага худалдаанд оруулна. Мэдээж хэн үүнийг хүсэх вэ. Гэхдээ л шүүхийн шийдвэр учраас дагахаас аргагүй.
Гэвч дуудлага худалдааны анхны үнэ хэтэрхий өндөр байна. Энэ тохиолдолд тухайн хөрөнгийг сонирхох худалдан авах хүн байхгүй. Харин дараагийн дуудлага худалдаанд үнэлгээ 50 хувиар буурч ирдэг. Энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаж авах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Маш бага үнэлгээгээр шүү дээ.
Нэг жишээ татья: Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн иргэн хотын захад ипотекийн зээлээр нэг өрөө байр худалдан авчээ. Нам засаг солигдож, ажлаасаа халагдах хүртэл зээлээ зургаан жилийн хугацаанд тогтвортойгоор төлсөн байна. Гэхдээ үндсэн зээл огт хасагдаагүй зургаан жилийн хугацаанд зээлийн хүү л төлсөн байж. /за энэ чухал биш/
Ингээд ажилгүй болсон иргэн зээлээ тогтмол төлөх боломжгүй болов. Цаашлаад бүтэн улирал зээлээ төлж чадсангүй. Тиймээс банк шүүхэд хандсан байна. Шүүхээс асуудлыг эвлэрлийн гэрээгээр зохицуулах зааварчилгааг өгчээ. Гэвч хямралын үед өртэй иргэнд ажил олдсонгүй. Ингээд асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр шилжиж ирнэ. Өөрөөр хэлбэл иргэний өмчийг дуудлагаар худалдаж, банкыг хохиролгүй болгоно гэсэн үг юм.
Гэхдээ эхний дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө зарагдахгүй байх нь элбэг. Учир нь үнэлгээ зах зээлийн ханшаас өндөр байдаг. Харин хоёр дахь дуудлага худалдаагаар үнэлгээ 50 хувиар буурч орж ирдэг бөгөөд энэ үеийг хүлээж байсан уу гэлтэй хүмүүс гарч ирж хөрөнгийг худалдаж авдаг байна. Ийм ажиллагаа хоёр сар хүрэхгүй хугацаанд өрнөж, зургаан жилийн туршид өр төлж амьдарсан хэдий ч байргүй хоцорч үлдлээ. Мөн төв банк /Монголбанк/-д муу зээлдэгч гэсэн тэмдэглэгээтэй болно. Энэ тухайн хүн дахин зээл авах боломжгүй болж байна гэсэн үг юм.
Иргэн өөрийн өмчийг хоёрхон сарын дотор алдчихна гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Ер нь төрийн байгууллагын үйл ажиллагаа энэ үед маш эрчимтэй, шуурхай явагдсан гэж хэлж болохоор. Магадгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, үл хөдлөх хөрөнгийн худалдан авагч, банк болон банк бус байгууллагууд хооронд холбоотойгоор ажиллаж, эмзэг цаг үеийг ашиглан иргэдийг хохироогоод байна уу.
Үнэндээ ганцхан хүний асуудал яригдаагүй. Өнөөдөр хэчнээн хүн орон сууцны зээлээ төлж чадахгүйгээс болоод дуудлага худалдаагаар өөрийн өмчийг алдаж байгааг хэлэхэд бэрх. Гэхдээ дуудлагаар худалдах явц дэндүү хурдан, өмчөө хамгаалж авч үлдэх ямар боломж олгохгүйгээр явагдаад байх шиг. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нь шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг мөн хэдий ч хэтэрхий нэг талд ажиллаж, хүний өмчийг үнэгүйдүүлж, өөрийн өмчийг хамгаалах, авч үлдэх боломж, хугацаа олгохгүй асуудлыг яаравчлан шийдвэрлэж байгаа нь бусадтай ашиг сонирхлоор холбогдоод байна уу гэж хардахад хүргэж байна.
Нийгэм эдийн засаг сэргэтэл, улс орны санхүүгийн байдал дээшилтэл, ядаж өртэй иргэнийг ажилд орж, төлбөр төлөх чадвартай болтол өмчөө хамгаалж үлдэх боломж өгч болдоггүй гэж үү. Асуудал хэтэрхий хурдтай явагдаж бүтэн зургаан жил тогтвортойгоор зээлээ төлж байсан иргэн хоёрхон сарын дотор орох оронгүй болчихож байна шүү дээ.
Дүрдээ хэт сайн тоглох байцаагчдын ард ченжүүд, банк, санхүүгийн байгууллага, хувийн ашиг сонирхол байж болзошгүйг хэн хянах вэ? Үүнийг яаж зөв зүйтэйгээр хянаж, зохицуулж болох вэ?
Жаргал