Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний импортод хяналт тавина

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, М.Билэгт, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарын 16 гишүүн “Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хамтран санаачилж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа.

Дэлхийн улс орнууд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хууль тогтоомждоо энэ талаарх зохицуулалт оруулан, хүнсний хяналт, стандартаа чангатгасаар байна.

Манай улсын хувьд 2012 онд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа генийн өөрчлөлттэй хүнсийг “Хувиргасан амьд организм” хэмээн тодорхойлсон бөгөөд зөвхөн гадаадын зээл тусламжаар авахыг хоригложээ. Харин дотооддоо үйлдвэрлэх, импортлоход ямарваа нэгэн хязгаарлалт алга. Энэ нь хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэл үүсгэж байгаа юм.

Хүний бие зарим төрлийн нян бактери, хорт бодисыг тодорхой хэмжээгээр тэсвэрлэх боловч байгалийн хуулийн эсрэг бүтээгдсэн генийн өөрчлөлттэй организмыг тэсвэрлэж чаддаггүй байна. Хүний дархлааны 70 орчим хувь нь өлөн гэдсэнд байдаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсээр дамжин цусанд шингэж, дархлаа сулруулах, улмаар харшил, хорт хавдар, хэт таргалалт үүсгээд зогсохгүй үр удмаа үлдээх чадварт ч сөргөөр нөлөөлж буй болохыг олон орны эрдэмтэд туршилтаар баталсан байна.

Цөөн хүн амтай, байгалийн арвин баялаг нөөцтэй манай улсын хувьд хүн амаа эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломж бий. Үр нөлөө нь хэдэн арван жилийн дараа илрэхэд амаа барих бус дэлхийн улс орнуудын жишгээр цаг алдалгүй хууль тогтоомждоо энэ талын зохицуулалт хийж эхлэх шаардлагатай байгааг хууль санаачлагчид хэлж байв.

Нэр бүхий 16 гишүүний санаачилж, өргөн барьсан хуулийн төслүүд батлагдсанаар Монгол улсын нутаг дэвсгэрт генийн өөрчлөлттэй таримал, ургамал тариалах, генийн өөрчлөлт агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох юм.

Харин импортын бүтээгдэхүүний найрлагад 5 хувиас ихгүй хувиргасан амьд организм агуулсан байх шаардлагыг тавих нь ээ. Европын холбоо болон генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний эсрэг хориг арга хэмжээ авч буй бусад улс орнуудын жишигт  нийцүүлэн эхний ээлжинд ийнхүү 5 хувиар босго тогтоох төсөл боловсруулжээ.

Дашрамд дуулгахад 1990-ээд оноос генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрсэн бөгөөд амьд биетийн бүтцэд өөр төрлийн ургамал, амьтан, бактери суулгаж үйлдвэрлэсэн хүнс их хэмжээгээр нийлүүлэгдэж байна. Хүнс, биотехнологийн салбарт багагүй маргаан өрнөж эхэлснээс хойш Европын холбооны зарим улсууд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний найрлагад тодорхой хувь хэмжээгээр хязгаарлалт тавьж эхэлсэн бол манай хойд хөрш энэ жилээс хувиргасан амьд организмаас гаралтай малын тэжээлийн импортыг хориглоод байгаа юм.

Нинж

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …