-Иргэдийг хошгоруулсан Барилга, хот байгуулалтын яам-
Өмнөх Засгийн газрын яамдыг хариуцсан ажлаа дийлэхгүй байна гээд салбаруудыг тусад нь байлгах ёстой гэдэг зарчмаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг хоёр тусгаарласан. Харамсалтай нь өрх тусгаарласан ч өнгө зүс нэмж, өөдлөн дэвжиж байгаа нь харагдахгүй байна.
Харин зардал, зарлага нь нэмэгдэж дарга, цэргийн баахан шинэ орон тоо бий болсон. Уг нь энэ яам оршин тогтнохдоо хот хөдөөгүй бүтээн байгуулалтыг өрнүүлж, улс өнгө зүсээ засч, иргэд орон сууцанд амьдрах боломжоор хангагдахын суурь юм шиг байгаа юм. Гэтэл гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийх ёстой яамныхан хаяахан “Байрны зээл зогсоогүй” гэх мэдэгдэл хийхээс хэтрэхгүй шахам байгаа нь дэндүү өрөвдөлтэй.
Шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан Барилга хот байгуулалтын яамыг уг нь олон нийтийн хүсэл тэмүүлэлд хөтлөгдөж бий болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Нэгэнт улсаас ая тухтай, амгалан тайван амьдрах орчинг нь бүрдүүлж өгөхгүй болохоор ард түмэн өөрсдийн хэрээр тухтай амьдрахыг хичээж байна. Тиймдээ ч орон сууцаа худалдаж авч чадахгүй ч 15-20 жилийн өр тавьж байртай болох мөрөөдлөөр “жигүүрлэн” зүтгэсээр байгаа. Энэ нь төрөөс хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах гэсэн л боломж.
Төрөөс анх орон сууцжуулах хөтөлбөрөө зарлахдаа бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулна. Хэрвээ та ажил орлоготой л бол энэ зээлээр байртай болох боломжтой хэмээн ам гарч байсан.
Гэтэл Ц.Баярсайхан сайд ард түмнийг хошгоруулсан амлалтаа хэрэгжүүлэх байтугай урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлж, байрны үнийг тэнгэрт хадуулсан. Хэрвээ тэд хуучин авч байсан 10 хувийг нь ядаж хэвээр үлдээсэн бол иргэд найман хувийнх уу, зургаан хувийнх уу гэдгээс нь үл хамаараад хүссэн орон сууцаа зээлээр авах боломж бүрдэх байсан.
Харамсалтай нь Засгийн газар байнга л хэлсэн, хийсэн хоёр нь зөрсөн хэвээр байгаа. Тиймдээ ч өндөр шаардлагатай энэ хөтөлбөр үндсэндээ өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэдэд ашигтай бөгөөд зорилтот бүлэгтээ огтхон ч хүрээгүйг олон нийтийн бухимдлаас илэрхий мэдрэгддэг.
Түүгээр ч зогсохгүй хөтөлбөр тун удахгүй зогсох магадлалтай гэх мэргэжлийн хүмүүс бий. Учир нь төр санхүүжүүлэх хөрөнгөгүй болсон. Тиймээс Засгийн газрын зүгээс хумсаа нуухын тулд банкуудыг шаардлагаа өндөр тавь хэмээж байгаа юм билээ.
Мөнгөөр туйлаад ч сэхдэггүй салбар
Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг барилга, барилгын материал үйлдвэрлэл, орон сууц, хот тохижилтод зориулж “Чингис бонд”-ын хөрөнгийн 21.9 хувь буюу 328 сая ам.доллар /473 тэрбум гаруй төгрөг/ зарцуулсан гэж тайлбарлаад байгаа. Яах вэ, орон сууц бол ойлгомжтой урт удаан цаг хугацаа шаардлагатай. Тэгвэл барилгын материал үйлдвэрлэл яагаад хөгжихгүй, үнэ нь буурахгүй байна вэ. Энэ ердөө л яам болон Засгийн газрын уялдаа холбооноос шалтгаалдаг гэдгийг үйлдвэрлэгчид болон барилгын компаниуд байнга хэлдэг. Түүнийг нь батлах мэт орон сууцны санхүүжилтэд зориулж Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт хийсэн ч эрэлтээ дагаад байрны үнэ огцом өссөн.
Өөрөөр хэлбэл Чингис бондын мөнгийг урт хугацаанд ашгаа өгдөг төсөлд зарцуулж буйгийн илэрхийлэл. Уг нь Төвбанкнаас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барилгын салбарыг бодлогоор дэмжих, орон сууцны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах хөтөлбөрийг 370 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Энэ нь цаад утгаараа мөн л орон сууцны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлыг шийдэх учиртай. Харамсалтай нь барилгын салбарт ажиллаж байгаа компаниудыг адил тэгш оролцоотойгоор бараа материал татахад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгоно хэмээж байсан эрхэм сайдын үг өдгөө үлгэр болж хувирсан.
Түүнчлэн Ц.Баярсайхан сайд өнгөрсөн нэгдүгээр сард “Барилгын салбарыг бодлогоор дэмжих, орон сууцны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах” санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ “Барилгын улирал эхэлж, бараа материалын үнэ нэмэгдэхээс өмнө компаниудад эргэлтийн хөрөнгийг нь шийдэж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр бол эхлэл тавигдаж байна. Барилгын салбар маань зөвхөн хөнгөлөлттэй зээлээр шийдэгдчих зах зээл биш учир эргэлтийн хөрөнгө бий болгохоос гадна байгаль орчинд ээлтэй барилгын салбарын технологийг дэмжих, Моргейжийн зээлийг хэрэгжүүлэх талаас нь анхаарна” хэмээж байв.
Гэтэл өдгөө барилгын ажлын улирал дуусах дөхөж байхад ажлаа эхлүүлж ч чадаагүй компани олон байгаа. Өөрөөр хэлбэл тус яаманд танил талгүй л бол дээрх хөнгөлөлттэй зээлд хамрагдана гэдэг мянгуужингийн үлгэр гэж ярих барилгын компанийн эзэд олон байдаг юм билээ. Энэ нь ч үнэний ортой.
Хэрвээ үнэхээр ном журмынхаа дагуу дээрх зээлд хамрагддаг байсан бол Ц.Баярсайхан сайд аль эртний амласан “Зээл авсан компаниудыг олон нийтэд ил тод болгоно” гэсэн үгэндээ хүрэх л байсан. Гэтэл өдгөө ямар компани хэдий хэмжээний зээл авсан нь ард түмэнд тодорхойгүй хэвээр байгаа. Үндсэндээ санхүүгийн дэмжлэг үзүүлээд ч салбар нь хөгжихгүй хэвээр байна.
Яамны уялдаа хөгжлийн уяа болж байна
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан. Тиймээс “ Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ хүрээнд 2013 онд нийт 73 төсөл арга хэмжээ, инженерийн байгууламжийн ажлууд хэрэгжүүлэхээс 53-ыг нь эхлүүлж амжсан. Тэдгээрээс “Шинэ сум” төсөл Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа бөгөөд ирэх сарын дундуур ашиглалтад өгөхөөр шуурхайлсаар байна. Тэнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг нүдээр харсан хүмүүс монголчууд хийж, барьж чадаж байна хэмээн бахархаж байсан.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд “Дэд бүтэц” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын орон сууцны 10 хороолол, гэр хорооллын 12 байршилд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан нийт 415 тэрбум 989.0 сая төгрөгөөр хийхээр төлөвлөсөн аж.
Түүнийхээ 199 тэрбум 697 сая төгрөгийг энэ онд шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ төслийг удаашралтай байна хэмээн Ерөнхий сайдыг “банга” хүртээх бүрт тус яамныхан иргэдтэй холбон газар чөлөөлөхгүй байна хэмээдэг. Ёстой л унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л болдог юм билээ.
Энэ мэтчилэн бусад төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй, цаг хугацаа алддаг нь яамны уялдаа холбооноос гадна сонгон шалгаруулалтаас ихээхэн шалтгаалдаг тухай албаныхан хэлдэг.
Тухайлбал Барилгын тухай хуу лийн хүрээнд нэг нь ажил үйлчилгээ явуулж байхад бусад нь төсвийн хуулийн дагуу ажлаа явуулна хэмээгээд тус яаманд цөөнгүй ажил хойш тавигдсан байдаг гэнэ. Үүнийгээ цэгцлэх эрхийг л эрхэм сайд Ц.Баярсайханд үүрэгдсэн байх учиртайсан. Гэтэл хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр дорвитой арга хэмжээ авахгүй удаашруулдаг хэмээн гомдоллогсод ч бишгүй байх юм. Тус яамныхан салбарынхаа боловсон хүчний нөөцөд анхаарал хандуулахыг их л хичээдэг юм билээ.
Даанч тэдний хүссэнээр болохгүй нь хөөрхийлөлтэй. Барилгын салбарт боловсон хүчин бэлтгэхийн тулд дөрвөн жилийн хугацаатайгаар ШУТИС-тай хамтран ажиллахаар болсон. Үүнд таатай хандах нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь дургүйцэх нь тодорхой. Хөдөлмөр хамгааллын дүрэм журам нь зөрчигдсөнөөс ажлаа хийж байсан байтугай гудамжинд зүгээр явсан иргэн ч амиа алдаж, бэртэж гэмтдэг болоод удлаа. Тэгэхээр салбарынхаа үүрэг хариуцлагыг чангаруулахгүйгээр өөрөө чанга дуугараад хөгжихгүй гэдгийг эрхэм сайд Ц.Баярсайхан болон Барилга, хот байгуулалтын яамныхан мэддэг л баймаар юм даа. Уг нь аливаа салбарын хөгжил тухайн яамтайгаа шууд холбоотой байдаг нь тодорхой. Тиймээс Барилга хот байгуулалтын яамны ажил хэн бүхний нүдэнд илэрхий байна. Түүгээр ч зогсохгүй барилгын салбарыг уг нь хөгжлийн тулгуур хэмээдэг. Тэгвэл манай улсын хувьд тулгуургүй хөвж явна.