“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүх бүрэлдэхүүн хэрхэх бол…

-Түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Б.Эрдэнбатад холбогдох хэргийн шүүх хурал ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна-

“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг Хан-Уул дүүр­гийн Прокурорын газрын хяналтын прокуророос шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Хөгжлийн банк”-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг “Чингис” бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ.
Тэрбээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларыг зээлж авсан байдаг. Уг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэрнээ зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон юм. Ингээд өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд АТГ, ЭЦГ-ын Ажлын хэсгээс томилсон мөрдөн байцаагч Д.Батболд тус компанийн байранд зарим эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очиход Б.Эрдэнэбат эсэргүүцэл үзүүлж, байцаагчийн биед халдсанаар түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлснээр энэ хэрэг шүүх рүү шилжжээ. Тэгвэл хурлыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дэнслэх гэж байна.
Хэрвээ ЦЕГ-аас томилсон Ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны санхүүгийн зарцуулалтад хяналт шалгалт хийгээгүй бол энэ асуудал ил болохгүй байсан нь тодорхой. Асуудлын гол нь тус банкны удирдлагууд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр Б.Эрдэнэбатад энэ их зээлийг яагаад өгөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Өмнөх Засгийн газрын үед байгуулсан “Хөгжлийн банк” өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын эх үүсвэрийг “Хөгжлийн банк”-нд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал нь 694 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн шинэ төмөр зам төслийн ажлын төсөв, гүйцэтгэлд хуулийн зөвлөх үйлчилгээ авахын тулд 3.2 сая ам.доллар, техник зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам. доллар, “ХААН” банкны зээлийн хүүгийн төлбөрт 6.5 сая ам.долларыг гаргажээ. Эдгээрээс гадна олон нийтэд “Хөгжлийн банк”-ийг сурталчлах, банкны захирал нь гадаад албан томилолтоор явахдаа өдөрт хоёр сая төгрөгөөр тооцон зардал гаргасан гээд санхүүгийн зөрчил, дутагдал илэрсний нэгээхэн хэсэг нь дээрх жишээнүүд юм. Харин дээрх зээлийг хаанаас, ямар шугамаар, яаж авсныг нь мэддэг ч тэрхүү бондын хөрөнгө хэнд очиж, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл нууц хэвээр байв.
Энэ бүх зүйлийг олон нийтэд ил болгохын тулд одоогийн Засгийн газар ажлаа авсан даруйдаа “Хөгжлийн банк”-ийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан юм. Тэрхүү Ажлын хэсэг нь хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгө дутсаныг олон нийтэд ил болгосон. Түүнчлэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хууль хяналтын байгууллагууд дотооддоо Ажлын хэсэг байгуулж тус банкны үйл ажиллагаа зарцуулалтыг шалгаж, эхний удаад 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн билээ.
Ямартай ч бүхий л хууль хяналтын байгууллагын ажиллагаа ерөнхийдөө дуусаж “Хөгжлийн банк”-наас хууль бусаар их хэмжээний зээл авсан хувь хүн болон компаниудаар хохирлыг нь төлүүлэхээр болсон. Хэдийгээр тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлээд байгаа ч үүнээс ч илүү тоо гарч гарсан тоог нууцалж буй билээ. Ямартай ч тус банкнаас хэн гэдэг эрх мэдэлтнүүд зээл авсан нь захаасаа ил болж шалгалтаар очсон төрийн албан хаагчийн биед санаатайгаар халдсан гэх хэрэгт холбогдож өнөөдөр буруу зөвөө дэнслүүлэх гэж байна. Түүнчлэн уг хэрэгт хяналт тавьсан хяналтын прокурор “Эрэл”-ийн боссыг яллах саналтай байна гэдгээ шүүхэд хүргүүлсэн учраас магадгүй тэрбээр нэлээн хатуухан ял сонсож ч мэдэх юм. Хэрвээ өдгөө жирийн нэгэн Дорж ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн биед халдсан бол ямар хэрэгт унах нь тодорхой. Тиймээс л улсын яллагч хуулийг эрх тэгш хэрэгжүүлэх үүднээс Б.Эрдэнбатад Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр ийн ял төлөвлөсөн хэрэг. Яг үнэндээ Б.Эрдэнбат шиг ажил үүргээ гүйцэтгэж явсан албан хаагчийн биед халдсан гэх хэргээр олон хүн буруутгагдан аавынд морилж байсан гашуун түүх одоо ч бий. Тиймээс л төрийн албан хаагчийн биед халдсан гэх энэхүү хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт олны анхаарлын төвд байна.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …