Аль ч нам нь ялгаагүй олигтой нэгнээрээ туг тахих гээд байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, олиггүй нь олон байдагтай холбоотой. Олуулаа нийлээд олигтой нэгнийхээ хүчийг сулруулж боорлоно. Улмаар суудлаас нь түлхэж унагана. Дунд сургуулийн сахилгагүй хөвгүүд, багшийнхаа асуултанд хариулахаар боссон нэгнийхээ сандлыг сэм холдуулчихаад суух эгзэгтэй мөчийг нь хүлээгээд жуумалзацгаан суудаг даа. Яг тийм үйл явдал Монголын улс төрд өрнөж байна. Хүү, “сандал ард байгаа” л гэж бодож байдаг. Асуултанд хариулж дуусаад л хий суугаад савж унана. Ангиараа нирхийтэл инээлдэнэ. Хүү багш хоёр л хохирно. Багш хашхираад, загнаад, харин тэд гэмшсэн царай гаргавч, дотроо инээсээр л байхтай адил.
У.Хүрэлсүх сайдын сандлаасаа босчихлоо. Ялгаатай нь тэр танхимаас гарахаар шийдчихсэн учраас тэр суудлыг ахиж зорихгүй. Харин дараагийн очих газар, суух сандлыг нь өгөхгүйн төлөө МАН-ынхан “ангийн дарга”-тайгаа хүч хавсран дайралт хийсээр. Хэрэв тэд түүнийг тэр суудалд хүргэлгүй зогсоож чадвал ангиараа нирхийтэл инээлддэгтэй адил юм болно. Нийлж доромжилно, шоглоно. Харин У.Хүрэлсүх нь хаа очиж эр хүн. Мөнгөтэй мөртлөө мөнгөний төлөө хар амиа ч зольж мэдэхээр улаан нүдлэсэн хүмүүсийн эсрэг босоод зогсчихлоо. Хэрэв түүнийг улс төрөөс холдуулж, намаасаа хөөж, дууг нь хорьж, зоригийг нь мохоож гэмээн дураараа авирлаж дунд чөмгөөрөө наргих боломж нь бүрдэх юм. Одоо л түүнд хань нөхөд хэрэгтэй. Эх орон гэж хашхирагсад, үнэхээр л эх орончид юм бол нэгдэх цаг ирлээ.
У.Хүрэлсүхийг өмгөөлснийхөө төлөө “худалдагдсан”, “Хүрэлсүхийн бууны нохой”… сэтгүүлчид “болов” бид. Мөнгөгүй хүнээс хоёр чихийг нь авдаггүй юм бол юуг нь авахав дээ… гээд байдаг билүү. Хулгайч л “хулгайчийг бариарай…” гэж хашхирдаг гээ биз дээ. Худалдагдсан нь л тэгж хэлээд байх шиг. Ганцаардсан чоно мэт У.Хүрэлсүхийг шаналан ойлгодог шударга хэдхэн сэтгүүлч л өмөөрч байна. Тэд түүнийг унавал цуг унана. Харин цаашлаад зорилгодоо хүрвэл зүгээр л мөр мөрөө хөөнө. Тэдэнд хаа очиж үнэний төлөө дуугарах зүрх зориг, итгэл, сэтгэл үлдэж.
Өнөө өглөөхөн сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин түүнийг фб хуудсаараа өмөөрч. Тэрээр нийтлэл дээ, “ УИХ-ын гишүүний суудлаа Г.Баярсайханыг ордонд шанаадсаныхаа төлөө хүлээлгэн өгч, гэр бүлийн хүнээ эмчлүүлэхээр холыг зорьж буйгаа мэдэгдсэн улстөрч Монголд хэд заяасан юм бол? Шударга бус байдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэн Шадар сайдын суудлаа үлдээгээд гардаг улстөрч бас хэд билээ? Үхэх гэж байгаа юм шиг л үлбийтэл зууралдаад хэвтчихдэг улсыг л мэдэх юм даг. За дээр нь намын ажилд 30-аад жил нухлагдан боловсорч, МАН-ын залуу үеийнхний замыг зассан нь хэд вэ? Дахиад асуухад МАН-ын цагаан гартнуудаас чухам хэн нь хүнд үед намаа өмгөөлөн гудамжинд жагссаныг бас асуучихмаар л байна. Тээвэрчин аавын хүү Хүрэлсүх л тэнхээ мэдэн, тэвчээр зааж энэ намын туг далбаа нь болж ирсэн байх. Шадар сайдын албаа өгөөд гарснаараа Хүрэлсүх юунд ч, хэнд ч, бас ямар ч эрх ашигт барьцаалагдаагүй улстөрч гэдгээ харууллаа.” гэж өчиж. Үнэн ийм богино агаад хурц байдаг юм. Би түүнтэй санал нэг байна.
Амаараа дүүрэн мөнгө чихсэн нөхөд үүнийг хараад дуугарч чадахгүй л дээ. Цаг цагаараа байдаггүй л байхгүй юу. Түүний цаг өнөө маргаашгүй ирнэ. Ядаж л хэлсэндээ хүрдэг аавын хүү Засаг толгойлно. Мөнгөөр сандалд авирагсад харин хөл толгойгоо олохгүй бужигнах биз. Аль ч цагт нэг нүүртэй явах сайхан.
Нэгэн цагт цагаан дээлт Дамдины хүү, энэ цагт жирийн нэг тээврийн жолоочийн хүү… Ардын хүү түрүүлж болдоггүй наадам юм уу… гэдэг шиг МАН-ын даргын суудалд эгэл жолоочийн хүү сууж болдоггүй юм уу. Эрх баригч Намын дарга Ерөнхий сайд болдог юм бол жирийн ард бидэнд ч бас хэрэгтэй л байна ш дээ.
Бид ч бас “Хүрэлсүхийн бууны ноход”…
Г.Хан
www.zindaa.mn