Монголчууд бид чөлөөт энэрэнгүй үзэлтнүүд

     Байгалиас холдох тусмаа хүн эрх чөлөөгөө улам бүр алддаг. «Ний+гэм» бол уг чанартаа хүний эрх чөлөөг хязгаарлаж удирдахад чиглэсэн удирдлагын зохион байгуулалт юм. Байгаль дээрх эрх чөлөөтэй тэнцэх онгон чөлөөт эрх чөлөө ний+гэм дотор байхгүй, мөн бүрэлдэн бий болох ч үгүй. Өөрөөр хэлбэл байгаль эх эрх чөлөө бэлэглэдэг, харин ний+гэм байгаль эхийн олгосон эрх чөлөөг хүмүүсээс булааж авдаг. Тиймээс ний+гэмээс эрх чөлөө хүсвэл өдөр тутмын уйгагүй тэмцлээр л буцааж олж авахад хүрдэг. Яагаад гэвэл «сайн Засгийн газар» гэж хаана ч байдаггүй.

     Өрнөдийн буюу эртний Грекээс улбаатай «ардчилал»-ын гүн ухааны номлол нь хэдийгээр «ард түмний засаглал» (DemocracyDemos ард түмэн, kracy удирдах гэсэн грек үг бөлгөө) гэдэг утгатай үгээр нөмөр нөөлөг хийж гарч ирсэн боловч төлөөлөх ардчиллын онолын гол номлогч Сократ, Платон тэргүүтэй мэргэдийн номносноор «ухаантнууд буюу онцгой хэсгийн засаглалыг хүмүүсийн дунд тогтоох»-д чиглэсэн цорын ганц үндсэн агуулгатай байсан. Энэ нь сонгох эрхтэй бүх хүмүүс (эрчүүд) төрийн удирдлагад гар бие оролцдог эртний грекийн «шууд ардчилал»-ыг сонгуультнууд (хэсэг бүлэг хүмүүс) төрийн эрх барьдаг «төлөөлөх ардчилал» уруу гулгуулан оруулах үндэслэлийг бий болгож өгсөн ардчиллын хөгжлийн хоёр дахь шат болсон юм.

     Гэвч тэд арга заль, оюун ухаан хоёрын хоорондын ялгааг муу ойлгож байсан учраас арга бачтангууд эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө зүсээ олон янзаар хувиргаж, олон муу аргаар хууран мэхэлж чаддагийг олж харж чадаагүйгээс тэдний номлол сургааль үнэн хэрэгтээ «утопизм» буюу хэт хийсвэр хүсэл мөрөөдөл төдий зүйл болж үлдсэн юм. Платон өөрийнхөө номлолын сөрөг талыг хожим олж хараад арга ядахдаа «Жинхэнэ зөв сэтгэдэг гүн ухаантнууд төрийн сэнтийд залраагүй цагт, эсбөгөөс төрийн эрх баригчид нь жинхэнэ гүн ухаантнууд болоогүй цагт хүн төрөлхтөн хэзээ ч муу муухай бүхнээсээ ангижирахгүй» хэмээж эмгэнэн харамсаж байсан билээ.

     Үнэхээр ч арай гүнзгийхэн харвал өрнөдийн «нийг+гэм» бол бодит байдал дээр өөрсдийгөө «ухаантнууд» гэж ойлгосон цөөнхийн хууран мэхлэлт, заль мэх, арга бач, мунхруулалт, төөрөгдүүлэлт дээр суурилсан засаглал гэж тодорхойлж болохуйц байдаг. Тэдний байгуулсан засаглал ний+гэм буюу «гэмтнүүдийн засаглал» учраас гэмт санаа, хорон санаархал, уур хилэн, шунал тачаал, арга заль, атаа жөтөө, хов жив, хорсол хорлол дүүрэн байдаг. Өөрөөр хэлбэл «байгалиас заяагдмал эрх чөлөө»-г иргэн хүндээ баталгаажуулан хангаж өгөөгүй зохион байгуулалтын аливаа бүтэц ний+гэм болж хувирдаг жамтай гэж баттай хэлж болно.

     Монголын «эрх чөлөө» гэдэг үг «чөлөөтэй байх эрх» гэсэн гүн ухааны агуулгыг шингээсэн уужуу өргөн, гүн утгат үг билээ. Манай «эрх чөлөө» гэдэг үгтэй дүйцүүлж болох гадаад хэлний үгсийг харахад ихээхэн хийсвэр маягтай томъёолсон үгс байдаг. Өөрөөр хэлбэл «чөлөөтэй байх»-ыг бэлгэдэх төдий томъёолоод «эрх»-ийг нь орхигдуулсан байдаг. Энэ юуг хэлж байна гэхээр ний+гэмийн зохион байгуулалтаар байгалиас тусгаарлагдсан бүтцэд хүмүүс бие махбодийн хувьд төдийгүй оюун санааны хувьд ч «чөлөөтэй байх» боломжгүй гэдгийг хэлж өгч буй хэрэг юм. Тодруулбаас энэ нь «чөлөөтэй байх эрх»-ийн тухай гүн ухааны ойлголт суурин иргэншлийнхэнд байдаггүйг бат нут нотлон харуулж байна. Тиймээс ч тиймэрхүү гүнзгий утга агуулгагүй үгээр тэд додомдоо биз ээ. Өөрөөр хэлбэл байгалиас заяагдмал хүний эрхийг тунхагласан «эрх чөлөө» гэдэг утга төгөлдөр ойлголт суурин иргэдээс гарах ний+гэмийн болоод гүн ухааны үндэслэл огт байхгүй юм.

     Нүүдэлчин Монгол хүн энэ хорвоогийн хэнд ч олдоогүй тэнгэрлэг эрх чөлөө эдэлдэг гэж хэлж болно оо. Суурин амьдралтай хүн их нүүдэл, нүүж суухын жаргалаас бага амсдаг шиг санагддаг юм. Шинэ нутагт буух, улиралдаа тааруулж нутаг солих гээд нүүдэл олон янз байх. Энэ бүхэн эрх чөлөө юм. Энэ их хөдөлгөөн нүүдлийн үед хязгааргүй уудам байгалийн дайд сэтгэл тэнүүн явахдаа нүүдэлч хүн чөлөөт энэрэнгүй үзэлд автаж, ерөнцийг үзэх агуу их үзлээ тэрэлсэн билээ. Энэ бол Евразийн лугшилтын их хаялага юм.

     Эрт цагт ертөнц тогтоход «Арга заль би хот суурин газар уруу явлаа гэсэнд Хэрүүл,  Баян хоёр бид чамтай хамт тийш явъя гэсэн гэдэг. Оюун ухаан би хээр тал өөд агаарын тунгалаг, усны цэнгэгийг эдлэхээр явлаа гэсэнд Эрүүл бие, Үнэнч шударга хоёр бид чамтай ханьлан тийшээ явъя гэсэн гэдэг».

     Шударга ёс, эрх чөлөө хоёрт дургүй хүн гэж байхгүй биз ээ. Тиймээс эрх чөлөөгөө хэрхэн яаж олж авах вэ гэдэг асуудал хүн болгоны өмнө босоогоороо зогсож байдаг. Энэ асуудал шударга ёсны үнэр ч байхгүй ний+гэмийн хүрээнд хэзээ ч шийдэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс хүмүүс янз бүрийн арга замаар эрх чөлөөгөө олж авах гэж оролддог. Тэдгээрийн дундаас оюун санаагаараа байгаль эхдээ ойртох гэж тэмүүлэх алхам л магад ч үгүй хамгийн зөв зам байж болох юм. Яагаад гэвэл оюун санааны эрх чөлөө бол хэн ч барьж, хааж чаддаггүй жинхэнэ хаяа хярхаггүй эрх чөлөө билээ. Хүн гэдэг гагцхүү оюуныхаа хүчээр л ямар ч бэрх бахь хүлээснээс гарч чадах чадалтай бодьгал юм.

     Тиймээс хэрвээ чи зөв сэтгэж чаддаг байх юм бол чи жинхэнэ эрх чөлөөгөө хэзээ нэгэн цагт заавал олж авна. Учир нь «оюунт хүн»-ий жинхэнэ эрх чөлөө бол оюун санааны эрх чөлөө билээ. Түүнээс өөр юу ч «оюунт хүн»-ийг жинхэнэ эрх чөлөөнд хүргэж чадахгүй. Оюун санааны эрх чөлөөнөөс өөр туйлын дээд эрх чөлөө гэж энэ орчлон ертөнц дээр байхгүй.

     Байгальтайгаа оюун санаагаараа нэгдэх явдал бол оюунт хүнд хамгийн үр ашигтай, хамгийн гайхалтай холбоо юм. Байгаль эхдээ үеийн үед ойрхон байсны үрээр Монголчууд аливааг уужим дэлгэр сэтгэж, аливаад сэтгэл зүрхнээсээ хандах чөлөөт энэрэнгүй үзэлтнүүд болсон юм.  Монголын чөлөөт энэрэнгүй үзэл нь бусдыг хүндэтгэх болон өөрөө өөрийгөө таниж мэдэхээс л эхэлдэг. Монголчууд хэзээнээсээ онгон байгальдаа ойрхон амьдарч, түүнийгээ шүтэн биширч, Дээд оюун ухаанаас (Оюунт Сансараас) түүнд тогтоож өгсөн Ертөнцийн жам хуулийг ухааран ойлгож түүний дагуу ажил амьдралаа зохиож, сансарын ёс суртахууныг мөрдлөг болгож ирснээс  сэтгэлгээний аливаа зохиомол загварт баригдалгүй чөлөөт үзэлтнүүд байсаар ирсэн билээ. Бие биедээ харилцан туслалцах нүүдэлчин Монголчуудын зан чанар бол тэдний ёс суртахуунд шингэсэн амьдарч тэмцэх гүн ухааны оргилуудын нэг байлаа.

     Өвөг Монголчууд ертөнцийг үзэх үзлийн хувьд тэнгэр, газар, байгаль эхийгээ шүтсэн үзэлтэн байв. Энэ тухайд XIII зууны хоёрдугаар хагаст Монголд ирж агсан италийн жуулчин-худалдаачин Марко Поло бээр бичихдээ «Тэд энэ ертөнцийн үзэгдэх ба үл үзэгдэх бүх юмсыг бүтээгч, орчлонгийн жаргал зовлонг үндэслэгч цорын ганц тэнгэрт сүсэглэн бишрэх боловч түүндээ зориулан уншлага, эргэл мөргөл, элдэв ёслол хийдэггүй болой» гэжээ. Үнэхээр ч түүхийн сурвалж бичигт тэмдэглэснээс үзэхэд Өвөг Монголчууд зөвхөн Мөнх Тэнгэрийг л өөрсдийн жинхэнэ ивээгч гэж үзэхээс биш, бөө шүтлэгийн тодорхой тэнгэр, онгодыг тийм зэрэгт авч үздэггүй байжээ. Энэ бол элдвийн лам хуврага, бөө удганд баригдаагүй чөлөөт сэтгэлгээ байсан юм. Монгол хүн дуртай цагтаа хэнээр ч дамжуулалгүй Мөнх Хөх Тэнгэртээ хандаж болдог байлаа. Тиймээс ч Монголчуудыг 24 цагийн туршид Мөнх Тэнгэртэйгээ чөлөөтэй харилцаж байг гэж Монгол гэрийн тооно үргэлж онгорхой байдаг билээ.

     Хүн төрөлхтөнийг Сансарын гүнээс ямар нэгэн хүчин үргэлж харж байдаг гэдгийг өдгөө шинжлэх ухаан ч зөвшөөрөхөд дөхөж очоод байна аа (Орчин цагийн биологийн шинжлэх ухааны судалгаанаас харахад хүн төрөлхтөний биологийн шалгарлын явц хэд хэдэн удаа мухардалд орсон ажээ. Эдгээр мухардлаас гарахад хүн төрөлхтөнд гаднаас нөлөөлсөн хүч гол үүрэг гүйцэтгэжээ). Харин Монголчууд бид үүнийг эртнээс «Мөнх Тэнгэрийн хүчин дор» хэмээн томъёолон ухаарч хүмүүн төрөлхтөнийг харж ивээж байдаг агуу их хүчин, Дээд оюун ухаан бий хэмээж агснаас гадна дэлхий дээрх амьд бүхний зохион байгуулалт болсон «удирдагсад ба удирдуулагсад» хэмээх энгийн хялбар бүтцийг хүмүүн төрөлхтөний хувьд Оюунт тэнгэрээс бошголсон «төр» хэмээх хүрээнд оруулж өгсөн учраас «төр»ийн бодлогын дагуу хүмүүний «нийхэм» төршиж оршин тогтнох ёстой гэж үзэж байв.

     Монголчууд бидэнд санаж сарвайх зүйлс хэл соёл, үүх түүх, ёс заншил, өв уламжлал их бий. Өвөг дээдэс минь хүн төрөлхтөнийг нэгэн гарал үүсэлтэй гэж бусдаас эн түрүүнд ухаарч хэний ч сэдээгүй их санааг сэдэж, «эмээл минь миний хаан ширээ, энэ дэлхий миний улс гүрэн» хэмээн уужим тэнүүн сэтгэж, хүмүүн төрөлхтөний оюун санаа, сэтгэлгээг ойртуулж, нэгэн гэр бүл дор нэгтгэж, дэлхийн «хотол их улс»-ыг босгон байгуулж, бүх нийтийн амар амгалан, сайн сайхан цэцэглэсэн шударга шулуун ертөнцийг бий болгох хүчирхэг тэмцлийг гардан өрнүүлсэн.

     Мөн түүнчлэн “Байгалиас заяагдмал эрхийн тухай гүн ухаанд Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, хуульзүйн өвөрмөц сэтгэлгээ асар том хувь нэмэр оруулсан. Хүмүүн нь ертөнцийн жам ёсны эмх журам, хүний оршихуйн шинж чанараас урган гарсан тодорхой эрхүүдтэй байдаг. Эдгээр нь хүний эдлэх эрхийн үндэс суурийг бүрдүүлж өгдөг.

     Монголчуудын Мөнх Тэнгэрийн шүтлэг нь ч, хожим хариас авсан шарын шашин нь ч аль, аль нь энэрэнгүй үзэлтэй холбоотой байсан. Өөрөөр хэлбэл эхнийх нь байгальжсан энэрэнгүй үзэл, нөгөө гүн ухааны хийсвэрлэнгүй энэрэнгүй үзлийг номлодог. Тиймээс Монголчууд чөлөөт энэрэнгүй үзлээсээ хэзээ ч гуйвж буцалгүй явсаар өнөөтэй золгосон. Өрнөдөд өнгөрсөн зууны эхээр либерализмын дотор энэрэнгүй либерализм гэдэг урсгал гарч ирсэн боловч тэр нь Монголчуудын түмэн үеийг туулж, цэгцэрсэн чөлөөт энэрэнгүй үзэлд хавьтах ч зүйл биш байсан юм. Монголчууд чөлөөт энэрэнгүй үзэлтнүүд байсан. Чөлөөт энэрэнгүй үзэлтнүүд хэвээрээ л үлдэнэ.

     Тиймээс ямар нэгэн үзэл суртал зөв, буруу орж ирсэн гэдэг нь зон олны хувьд угтаа нэг их сонин зүйл биш юм. Ард түмэн аливаа сургааль номлолыг өөрийнхөө оюун санааны уламжлалт хэмжүүрээрээ хэмжиж байж авах гээхийн ухаанаар хүлээж авдаг болохооос биш шуудхан хүлээгээд авчихдаггүй нь хууль болсон зүйл билээ. Жишээлбэл: Ардын ардчилсан хувьсгалын дараагаар марксизмыг хөдөөгөөр сурталчилж явсан Жамсрангийн Цэвээнээс (Цэвээн Жамсраногоос) нэгэн малчин ард “Марксын сургааль шарын шашины сургаалиас хэр зэрэг зөрөх вэ?” гэж асуухад “бараг зөрөхгүй” гэж хариулаад буруутсан байдаг. Энэ нь ардууд шинэ сургааль номлолын үзэл санааг өөрсдийнхөө унаган үзлээр дамжуулан мэдрэх гэж оролддогийг тод харуулсан жишээ юм. Тиймээс улс төрөөр оролддог маягийн хэн нэгэн хүн либерализм ч юм уу, либертализм ч юмуу, марксизм ч юм уу аль нэгэн үзэл манайд орж ирээд буруу, зөв ойлгогдоод байна гээд сандарч гүйгээд та нар буруу ойлгосон байна, та нар яг над шиг ойлгох хэрэгтэй гэж тулгаж, түмэн олныг тархидах хэрэг огт байхгүй. Түмэн олон бол нэг хүн биш, олонлиг учраас янз янзаар л ойлгоно.

     Эцсийн эцэст аль нэгэн үзэл санаа манайд нийцэх үү, үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулна. Тэр цагт л магтуулах уу, муулуулах уу гэдэг хэл яриа сая нэг гарч ирнэ. Амьдрал багш бол хатуу бөгөөд шударгуу шалгууртай шүү. Түүний шалгуурыг давж байж л муулуулах, сайлуулахын аль нэг эрхийг олж авдаг. Тиймээс цаг хугацаа, амьдралаар зүлгэгдэж эмтрээ нь үгүй очир эрдэнийн чулуу мэт болоогүй үзэл бүхэн бүгдээрээ сул талтай. Яагаад гэвэл аливаа үзэл нь хэн нэгэн хүн алдаж онож, чадан ядан сэтгэж боловсруулмаар болсон зүйл байдаг учраас авч хэрэглэх хүний чадвар, ур ухаан цаг хугацааны сорил гурваас шалтгаалж байдаг зүйл юм. Тодруулж хэлбэл сайн хүний гарт орвол сайнаар эргэж, муу хүний гарт орвол буруугаар эргэж байдаг билээ. Тийм учраас амьдрал багшийн шалгуурыг даван туулж байж хэрэгтэй үгүй нь мэдэгддэг. Нөгөөтэйгүүр Европт, Америкт таарсан зүйл Азид, тэр тусмаа Монголд заавал таарах ёстой гэсэн үг биш юм. Яагаад гэвэл амьдрал хүний сэтгэхүйгээс үлэмж баян байдаг. Жишээ нь: латин америкийн орнууд АНУ-ын ерөнхийлөгчийн засаглалыг тэр чигээр нь хуулбарлан авсан боловч АНУ хүрсэн шиг үр дүнд одоог хүртэл хүрч чадаагүй л байгаа. Тэр ч битгий хэл ямар ч олигтой үр дүн гаргаж чадахгүй байгаа нь илт харагддаг.

     Аливаа юм сайн муугийн хослол байдаг. Тэр тусмаа хүний хийсэн, сэдсэн зүйл төгс болох нь нэн ховор гэж хэлж болно. Тийм болохоор либерализмийг заавал ч үгүй магтах ёстой ч юм биш ээ. Социалист гэгдэж байсан бараг бүх орнуудын нийхэмийн сэтгэлгээ либерализмыг эхэндээ нааштай хүлээж авсан боловч буруу явуулсан эдийн засгийн бодлого, гажуутуулсан хувьчлалын үйл явцаас болоод нэгэн хэсэгт нь буюу эдийн засгийн бодлогын салбарт нь таагүй ханддаг болсноос биш либерализмыг бүхэлд нь үзэн яддаг болсон нь юу л бол… Тэгэж ойлгодог бол тун гэнэн алдаа болно. Бас өөрийгөө өнгөц сэтгэлгээтэй, юмны гүн утгийг олж харах чадваргүй явцуухан сэтгэлгээтэй хүн гэдгээ бусдад харуулахад хүрнэ. Ний нуугүй хэлэхэд тэнэгээрээ гайхуулсан хэрэг болно. Уул нь бол оюунт хүн гэдэг нэрийг зүүж яваа амьтны хувьд аливаа хүнд тэнэгээрээ гайхуулах шиг гутамшигт зүйл байхгүй сан. Тэгэж оюун ухааныг доромжилж болмооргүй сэн. Тиймээс Хүн та ямагт ухаалаг сэтгэж оюунт хүний нэр төрийг хэзээ ч бүү хөсөрдүүл! гэж уриалмаар санагдана.

     Сүүлийн үед ард олныг дорд үзэж, өөрсдийнхөө ухаантайг гайхдаг үзэл манай ний+гэмд газар авах хандлагатай болж байгаа гэлтэй болж иржээ. Зон олны тэнэгийг гайхаж, сурган хүмүүжүүлэх, зааж зааварлах, дахин хүмүүжүүлэх хэрэгтэй гэх маягтай яриа хөөрөө, оролдлого их гарах болжээ дээ. Ямар гээчийн амьтад гарч ирчихээд ард түмнээс биш цэцэгнээс төрсөн юм шиг аашилж, өөрсдийгөө мундаг ухаантнууд мэтээр өөрсдийгөө өргөмжилчихөөд ард түмний толгой дээгүүр харайлгах гэж сээхэлзэж явдаг байна аа. Харьцангуй саяхан болтол бүх дэлхийн пролетариудын их сартваахи гэгдэж байсан Ленин Хэрвээ хэн нэгэн хүн би тийм ийм гэж ярьж байвал түүнд битгий үнэмш. Тэр хүн үнэн хэрэг дээрээ тийм хүн биш байдаг юм гэж бичсэн нь бусдын тэнэгийг гайхах аргаар өөрийгөө ухаантан болгон харуулж байна гэж бодож явдаг ядруухан аргатай хүмүүсийн цаад мөн чанарт их л нийцэх бололтой дог оо. Өөрийгөө магтсан хүн өөдгүй хүн байдаг гэж сургамжилсан Монгол өвөг дээдсийн минь очир эрдэнэ шиг сургаалийг баримтлах юм бол тэдийг бидний урд биш харин ч ард, бүр тээр хойно бидний тоосонд дарагдаж яваа гэмээр байна.

     Өөрөө өөрийгөө магталгүй үйл ажлаараа өөрийгөө ямар хүн бэ гэдгийг харуулж явдаг энэ хорвоо дээрх хүн ёсны хамгийн зөв Монгол унаган зан чанараа хаана алдаж гээчихээд ухаанд нь ухна ишиг уначихсан юм шиг өөрийгөө захиалгаар магтуулах, өөрөө өөрийнхөө тухай магтан бичиж, хэвлэл дээр тавьж, өчүүхэн сэтгэлийнхээ хүсэл мөрөөдлийг хангамар болж явдаг байна аа. Алдар нэр хуурамч гэдгийг мэддэггүй л юм болов уу? Алдар нэр хуурамч гэдгийн тухайд Наполеон Бонапарт шуугиант алдараас намгийн мэлхий хүртэл ганцхан алхам гэж хэлсэн байдаг сан.

     Ард олны толгой дээр ёсон бусаар гарч ирсэн хүн амьдрал, хүсэл хоёроо муугаар дуусгаж байсныг дэлхийн түүх олныг өгүүлж чадах билээ. Хэн нэгэн түүхэнд ухаантан болж үлдэх үү, ухвар мөчид нэгэн болж үлдэх үү гэдгийг ард түмэн шийддэг болохоос бус өөрөө өөрийгөө өргөмжилж, өөрөө өөрийгөө магтаж байсны хэрээр үлддэг юм биш гэдгийг бид баттай хэлж чадах байна.

Ж.Бор

Д.Баатар

Эх сурвалж:Өдрийн сонин

 

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …