УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Та хойд солонгос яваад ирлээ. Яг ямар асуудлаар явсан юм бэ. сүүлийн үед хойд солонгостой холбоотой асуудал парламентын түвшинд янз бүрээр яригдаж байна. Хоёр хүн цаазаар авахуулсан ч гэдэг юм уу. Энэ талаар тэд ямар байр суурьтай байна вэ?
-Би Ази Номхон далайн парламентчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Ирэх онд Монгол Улсад 46 орны парламентчдыг оролцуулсан олон улсын хурал зохион байгуулах асуудал яригдаж байгаа. Мөн ирэх онд Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойн хүрээнд ямар ажил хийх вэ гэдэг хүрээнд Монгол Улс хойд Солонгосын парламентын бүлгийн шугамаар явчихаад ирлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хойд Солонгостой холбоотой тодорхой асуудлаар чиглэл өгсөн тогтоол баталсан учраас айлчлалтай холбоотойгоор ҮАБЗ-тэй ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр ярих боломжтой.
Б.Хурц намайг хойд Солонгост айлчилж байхдаа Л.Болд гишүүнтэй холбоотой асуудлыг телевизээр ярьсан байна лээ. Нэр бүхий хүмүүс надтай болон монгол дахь БНАСАУ-ын Элчин сайдтай уулзсан байсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга.
-Манайд яригдаж буй асуудлууд дээр хойд Солонгосчууд ямар байр суурьтай байна вэ. Тэд энэ талаар дуулсан байна уу?
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Б.Хурцын томилгоотой холбоотой нийтийн сонсголыг энэ долоо хоногт зохион байгуулна гээд байгаа. Нийтийн сонсголтой холбоотой гишүүд янз бүрийн зүйл ярьж байна. Зарим гишүүн гэрчээр дуудагдаж, зарим нь гүтгэгдлээ гээд байгаа шүү дээ?
-УИХ-ын тухай хуулинд сонсгол хийж болно гээд заалт байсан. Тэр хүрээнд төрийн албан хаагчдыг хоморголон халж, улсад хичнээн хэмжээний хохирол учруулсныг олон нийтэд дэлгэх зорилготой анхны сонсголыг хийсэн. Үүний дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн сонсголын тухай хуулийг өргөн барьж батлуулсан. Түүнд нь нийтийн эрх ашгийн сонсгол, томилгооны сонсгол, санхүү эдийн засгийн гээд хэд хэдэн төрөл байхаар заасан. УИХ-д Ж.Батзандан нарын 21 гишүүний оруулж ирсэн сонсголын заалт нь томилгооны сонсгол гэж орж ирсэн. Томилсон байгууллага нь томилгооны сонсгол хийнэ. УИХ-аас томилогддог гэхээр АТГ, Сонгуулийн ерөнхий хороо, Статистикийн газар, Монголбанк нарын томилогдох хүмүүс үүнд хамаарах юм. Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно гэсэн заалттай.
Манай гишүүдийн зүгээс томилгооны сонсгол хийе гэчихээд “Энэ хүний өмнө нь хашиж байсан албан тушаал нь нийтийн эрх ашгийг хөндсөн байна” гээд нийтийн сонсгол хийе гэж яриад байсан. Сонсгол явуулахад би санал нэг байна. Гэхдээ албан бичгийнхээ утгыг солиод ир гэж хэлсний төлөө надад асар их дайралт ирсэн. Би Батзанданг хувь хүний хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явах хүн гэж харж байсан ч хувь хүн рүү дайрсан үг хэллэг хэлсэнд нь эмзэглээд байгаа юм.
-Ямар утгаар нь…
-Б.Хурцыг Англид баригдахад хэн очиж, ямар мэдээлэл өгснийг нарийн мэдэхгүй ч тухайн үед хэвлэлээр бүх процессыг нь бичиж, ярьж байсан. Үүний цаад санаа нь Б.Хурцыг Англид байлгах сонирхолтой хэсэг байгаа юм байна гэж тухайн үед харж байлаа. Ж.Батзандан мэдээлэл хийхдээ “Батын Хурц нь илэрсэн тагнуул. БНСУ түүнийг буцааж явуулах ёстой” гэж хэлснээрээ монгол төрийн нууцыг тээгч хүнийг цаашлаад өөрийн орны иргэнийг эс үйлдлээрээ матчихаж байгаа юм. “Энэ чинь зохисгүй үйлдэл байна шүү” гэдгийг өөрт нь хэлсэн. Ингэж нөхөр ёсны зүйл ярьж, “би чамайг дэмжинэ гэхдээ наад бичгээ солиорой” гэж хэлснээс болж хэлсэн үгийг минь мушгисан.
-Яг юу гэж мушгисан юм бэ?
-“Баасанхүү Батын Хурц гэдэг хүний талаар удахгүй файл дэлгэнэ гэсэн” гэж миний хэлээгүй үгийг хэлсэн болгож гүтгэсэнд харамсч байна. Би өөрийнхөө юу хэлж, юу хэлээгүйг ялгаж, салгах хэмжээний насанд хүрсэн хүн. Бид УИХ-ын гишүүн тул хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ бодож явах ёстой. Таамаг маягийн зүйл байгаа бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, тогтоолгоод явах ёстой. Өргөх бичиг дээрх зүйлийг нь харахаар С.Зоригийн амийг бүрэлгэсэн асуудал удахгүй ил болох гэж байгаа үед Б.Хурцыг Элчин сайдаар томилж болохгүй гэсэн байна лээ. Амь насыг нь бүрэлгэсэн гээд гурван хүн манай тойргийн иргэд. Би аав, ээжтэй нь ойрхон байдаг, найзууд. Зовж буй хүмүүсийн зовлон дээр битгий тогло л доо. Өнөөдөр (өчигдөр) би ТЕГ-ын дарга Д.Гэрэлд албан бичиг явуулсан.
-Ямар үндэслэлээр…
-Хэн ч хардах эрхтэй. Мөрдөн байцаасан процесст нэгдүгээрт, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэх. Хоёрдугаарт, шалгаж байсан байцаагч нар нь хувийн болон ил, далд зөрчил байсан эсэх, гуравдугаарт, захиалагчийн хэмжээнд илрүүлсэн эсэх, илрүүлэх процесс явагдаж буй эсэх талаар албан ёсны мэдээллээ өгөөч гэж байгаа юм. Би бүх зүйлд зарчимтай хандаж байгаа.
Томилгоотой холбоотой зүйл дээр мэдэгдэл хийсний төлөө МАХН-аас хүртэл хөөсөн гэдэг хууль бус мэдэгдэл хийсэн байна лээ.
-Таныг намаас хөөгдөх хангалттай шалтгаантай хүн гээд байсан шүү дээ?
-Үүнийг би жудаггүй зүйл боллоо гэж харж байгаа. Би хойд Солонгост очоод ирлээ. Намайг намаасаа хөөгдсөн гэдэг мессэжийг тэд авах юм бол миний уулзалтын үр дүн буурна.
-Таныг очиход тэгээд намаасаа хөөгдсөн гэж байх юм уу?
-Тэд пуужин хөөргөдөг хүмүүс. Манайд Элчин сайдын яам нь байдаг болохоор бүх мэдээллийг авдаг. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Э.Эрдэнэжамъян хойд Солонгост очоод протоколь зөрчин тэднийг асар их гомдоосон байна лээ. Тэр асуудлаар хойд Солонгосчууд надад гомдол мэдүүлсэн.
-Яаж гомдоосон юм бэ. Тодорхой ярихгүй юу?
-ҮАБЗ-ийнхөнтэй зөвлөлдөөд энэ асуудалд яаж хандахаа тодорхой болгоод би байр сууриа илэрхийлнэ. Н.Энхбаяр дарга Хятадад төрийн айлчлал хийж байхад монгол иргэд айлчлалтай давхцуулан хятад ресторануудыг хятад хаягтай байна гээд иргэдийг нь зодож, юм хумыг нь сүйтгэж байсан. Энэ нь тухайн үедээ Монгол Улсын Төрийн тэргүүний рейтингийг доошлуулж байлаа. Хятад үсгээр хаягаа бичсэн нь буруу байж болно. Гэтэл Төрийн тэргүүний айлчлалтай давхцуулан ийм солиорол хийж болохгүй гэж би хэвлэлийн хурал хийж байсан. Энэ мэтчилэн зүйлсийг маш сайн мэддэг хүн өнөөдөр хууль бус зүйл хийж, ярьж байгааг нь зогсоох ёстой. Тэдний гаргасан мэдэгдэл хууль бус.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу