О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг

Найрагчийн тэнгэрт халихаасаа өмнө бэлтгэж асан сүүлчийн туурвилууд. Гунигтай атлаа бардам, бодлогошронгуй атлаа омголон шүлгүүдийг нь таалан болгооно уу.

Галав эриний зөнч

Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай

Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэрвэж дотор нь халууцах
Хөөрхий найрагч их орчлонд тэнүүчлэхээр ирсэн юм
Галав эриний их зөнч, сүйрлийн дууч энэ хүнийг
Галзуу цасан шуурга улин тосож авсан юм
Дүнгэнэх тэнгэр, аварга их уулс царцах хүйтэнд
Дүнчүүр чоно улин хэмхэлцэх лугаа их шуурганд
Хүн төрөлхтний шөнийн харанхуй энэ их шуурганд
Хүйтэн орон зайг бүлээцүүлэн ганц найрагч алхана

1992.02.09

 

Элегия

Намар болгон модод шарлаж, навчис унана
Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ
Харах тусам тэнгэр улам дотно ээнэгшиж
Хан бүргэд тэртээ дээр дуртгал мэт эргэлдэнэ
Биеэр минь шаргалхан гуниг нэвт харваж
Би навчис адил уйтгарлан, хорвоод цөхөрнөм
Сэм сэмхэн уулс бударч, сэрүүн намар хүдэнтэнэ
Сэтгэлийн минь гүн рүү намар өөрөө шургажээ
Бүхий л хорвоо эрвээхэй шиг эмзэг санагдана
Бүр тэгэхдээ намрын бээрэгхэн эрвээхэй шиг хөөрхийлөлтэй
Би харь газарт цөлөгдсөн мэт энэ дэлхий дээр хаягдаж
Биеийг минь бус сэтгэлийг минь ирж авах эзнээ хүлээнэм

1993-1998 он

 

Цорын ганц давтагдашгүй өдөр
Цонхны цаана цэнхэрлэн өнгөрлөө
Өдрийг нэвт шөнийг харах
Өөрийн тэнхээг надад үлдээлээ
Байгалийн хишиг цагаан үүлэн
Багын андын захидал адил
Хэсэгхэн шиврэх зөөлөн бороо
Хэзээ ч сонсоогүй хайрын шивнээ
Үлэмж амгалан тэнгэрлэг өдөр
Үүрд одов уу, навчинд нуугдав уу?
Үлдээсэн дурсгал нь энэхэн шүлэг үү?
Үнэн хайр, гэрлийн урсгал уу?
Амьсгаа хурааж моддыг ажлаа
Амьтай юм шиг навчис нь сэрчигнэв
Орчлонд айлчлаад буцсан өдөр
Он жилүүдийн дусалхан нулимс!
Дээврийн цаана шөнийн тэнгэр
Дэлхийгээс тусдаа өөрийгөө хадгална
Оддын увдис надад хүртээлгүй ч
Орон дээрээ би нууцыг нь төсөөлнө

1997.09-р сар

 


Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …