“Болор цом – 35” наадам өнгөрөгч оны 12 сарын дундуур Говь-Алтай аймагт болжээ. Мөн 2017 оны тэргүүн сард Дорнот аймагт түүний өмнөх жил Төв аймагт, за тэгээд Архангай гэх мэт хэд хэдэн аймгаар аялан зохиогдсон энэ наадмыг нутагтаа зохион байгуулаагүй аймаг ч нэлээд байх шиг. Тэдэн онд тэр аймагт юм уу хотод зохион байгуулна гэсэн урьдчилсан тов, төлөвлөлт байдаггүй ч, зохион байгуулалтанд шаардагдах зардал сүйтгэлийг нь гаргаж чадсан аймаг хотуудад тухайн, тухайн үедээ зохион байгуулагдаад явдаг бололтой.
Анх санаачилснаас хойш 35 жилийн туршид төдий удаа явагдаж байгаа гэдгээрээ, бас Монгол улсын түвшинд жил бүр явагдаж хэвшсэн ганц том үйл явдал гэдгээрээ ч энэ наадам олонд нэгэнтээ танил дасал болсон “эд”. Зохиогдох болгондоо уг наадмын тайзан дээр шүлэг уншсан эрхэмүүдээс нэгийг нь шалгаруулан, гарт нь “цом” атгуулж, ламын буюу буддагийн шашны ёсонд “яруу эгшигийн (урлагийн) бурхан (тэнгэр) хэмээгдэх Янжинлхам бурханы зурмал, хатгамал хөрөг, мөнгөн шагнал бас бус зүйлээр мялаах агаад, жил бүрийн энэ шагналыг хүртэгсэд бултаар “Болор цомын эзэд” хэмээн өргөмжлөгдсөнөөр олон нийтийн дунд нэр хүнд нь сүрхий өргөгдөх ажээ. Болор цом наадмын хувьд яруу найргийг, яруу найрагчдийн өөрсдийнх нь дуудан уншсанаар, чухам амьдаар нь хүмүүст хүргэж, найрагч үзэгчдийг хооронд нь уулзуулдагаараа ихээхэн сонирхолтой. Уг наадмын онцлог төлвийг хамгаас тодруулж буй өөр нэг зүйл нь найрагчдийг хооронд нь уралдуулж, тэднээс цөөн хэдийг нь шалгаруулан өргөмжилж, онцгой гэсэн нэгэнд “титэм өмсгөдөг” явдал бөгөөд үүгээрээ олны сонирхолыг ихээр дагуулдаг болов уу гэж бодогдох. Хүмүүс чухам л энэ онцлогт нь илүү татагдаж, тэр тусмаа тухайн жилд Болор цомын эзэн болсон найрагчийн ойр дотныхон, нутаг усныхан, түүнд хамаатай нөхөд нь ихэд бэлэгшээж, хөөрөн шуугих нь жам мэт болсон билээ.
Эдгээрийг орхин, энд үгүүлэх гэсэн нэг зүйл юу гэвэл олон нийтийн дунд энэхүү наадмыг яруу найргийн бүтээлүүдийн зэрэг дэв, чанар чансааг тогтоох шалгуур мэт, цаашилбал улсын хэмжээн дэх яруу найргийн гол тодорхойлогч хүчин зүйл мэт ойлгох хандлага нэгэнт бий болоод улам архагших шинжтэй байгаа нь энэхүү “Болор цом” наадмын тухайд анзаарвал зохих дохио сануулгыг өгөөд байх шиг санагддаг. Үүнийг тодлон илэрхийлэх үй түмэн шинж байдлыг амьдрал дундаас харж болох агаад, хамгийн наадын жишээ гэвэл хүмүүс яруу найргийн ном бүтээлийг дэлгүүрээс худалдаж аваад, эсвэл номын санд суугаад ч юм уу, хаа нэгтээд шимтэн унших нь байтухай хэрэг болгож сонирхох нь жилээс жилд ховордсоор, нүдний гэм болох шинжтэй. Биднийг хүүхэд ахуйд ном бол ертөнцийг харах цонх, урлагийн сонгодог дээд гурван оргил бол яруу найраг, хөгжим, уран зураг юм” гэх мэтээр оюуны суу билэгтнүүдийн үлдээсэн сэтгэгдэл, (хэлсэн үгс) зэргийг анддаггүй, ихэд эрхэмлэн дээдэлдэг, уншиж гэгээрэх нь оюун ухааныг тэлэх, хүнийг хүн болгох чухал ололт гэж итгэдэг байсан бол өдгөө “Болор цом” төдийхнөөр яруу найргийг төлөөлүүлэн ойлгох, ведио клип ч юм уу, аль нэг хамтлаг эсвэл хувь уран бүтээлчийн цомог сонсож урлагийн таашаалыг эдлэх зэрэг нь соёлын хэмжүүр болох шинжтэй. Цаашилбал /24 tsag.mn/ -цахим сайтад бичсэнчилэн “тус наадмын ханш хаданд гарч, түрүүлэх хүнд нутгийн зөвлөл нь хэдийнэ бэлэг бэлдэж, өргөмжлөлөө хэвлүүлчихсэн байх, орон сууц, унаа машин өгөх хүртэл нутаг нуга, ахан дүүсээрээ хөл болох”, “Болор цомын эзэн” гэхийг тухайн салбарт бүтээсэн бүтээлээ үнэлүүлж буй дээд хэлбэр, өндөр цол хэргэм мэтээр төсөөлөх зэрэг нь бодитой үзэгдэл болж тогтсон. Энэ нь мэдээжийн хэрэг цаг үеийнхээ ханшийг дагаж буйгийн илрэл хэдий ч үр нөлөө нь нийгэмд яаж тусаж байна гэдгийг юуны түрүүнд уран зохиолын асуудлыг эрхэлсэн үндэсний байгууллага болох Монголын зохиолчдын эвлэл хийгээд төрийн соёлын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нөхдүүд эрэгцүүлж, тунгааж үзэх ёстой болов уу.
Энд сануулбаас зохих өөр нэг зүйл гэвэл “Болор цом”-ыг зохион байгуулахдаа тухайн наадмын тэргүүн болон тэргүүлэх бүтээлүүд хийгээд шүлэгчид, яруу найрагчдыг шалгаруулан тодруулж буй арга хэлбэр нь нэн “хөнгөмсөг” санагддаг. Юу гэвэл уран зохиолын тэр дундаа яруу найргийн бүтээл гэдэг бол дээр цухас дурьдсанчилан үндэстэн, ард түмний оюуны далайг сэлбэж буй хамгийн гүн гүнзгий, нарийн чанадын эх олонлогуудаас бүтэж бий болдог, хязгааргүй агууламж бүхий онцгой нэгэн цутгалан (төрөл хэлбэр). Түүнийг уншиж ойлгох, сонсож мэдрэх, үр, “авшиг”-аар нь мэдрэмж, сэтгэлээ хөглөн сэлбэх, ухаан санаагаа тэлэх нь үнэтэй болохоос, уралдуулж, байр эзлүүлж, нэг хэсгийг нь өргөмжлөн хөөргөж, нөгөө хэсгийг нь үл ойшоон урам зоригийг нь мөлийлгөх нь тийм ч үнэ цэнэтэй биш баймаар санагддаг. Хүн зоны оюун сэтгэлийг гийгүүлэхүйц сайн шүлэг зохиолыг үнэлэх өргөмжлөх нь зүйн хэрэг байлгүй яахав. Гэвч яг тэгж чадаж байгаа юу гэдэгт асуудал бий. Яагаад ч юм энэ тухай бодох болгонд хэдэн мянганы өмнө улирч өнгөрсөн боолын нийгмийн үе дэх “мэсчин боолууд”-ын тулаан, өдгөө цагийн гардан тулааны тэмцээнүүд санаанд орох нь бий. Хэдийгээр гадна харагдах байдлаараа тэс өмнөө зүйлүүд авч, оролцогчид нь өөрт байгаа биеийн хүч чадал, овсгоо самбаа, мөн оюуны чадвар, билэг авьясаа үнэлэн тэмцэлдэж, шохоорхон зугаацагчдын тоглоом болгох замаар шагнал горилж буй мөн чанар нь ав адилхан юм.
Ер нь оюуны хийгээд зүрх сэтгэлийн үрээс бий болсон аливаа бүтээл туурвилийг оноо өгч байр эзлүүлнэ гэдэг бидний бодоход тун чиг шаггүй асуудал баймаар. Бөндгөр дотроо бодож сэтгэж байгаа, сэтгэл санаандаа таалж, мэдэрхийлж байгаа тэр нарийн чанд ертөнцийн үүсвэр язгуур, өрнөл, үр дагаварыг нь хөндлөнгөөс шүүгч ч юм уу хэн нэгэн шууд л нэвт шувт таниад, зүгээр ч үгүй оноо тавиад дүгнээд байна гэхээр санаанд ер буудаггүй юм. Тэгэхдээ хүрвэл мөнхүү шүүгчдийн тийм асар түвэгтэй, дээд мэдлэг, мэдрэмж, бараг л “ид шид” шаардсан хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нь төдий хэр өндөр байх хэрэгтэй байх. Яруу найрагчдын шүлэг зохиолыг үнэхээр л чанар чансаагаар нь эрэмблэж, олон түмний таньж мэдэх үүргийг хөнгөвчилж өгөхийн төлөө ийнхүү шүүн тунгаах үлэмж нарийн түвэгтэй ажлыг гүйцэлдүүлж байна гэж үзвэл шүүгчдийн хөдөлмөрийн үнэлгээ нь түрүү байр эзэлсэн нэг найрагчийн хүртэж буй шагналын дайны байдаггүй юм аа гэхэд, ядаж л дөхөлцөхүйц байх хэрэгтэй биз ээ.
Гучин таван жилийн турш энэ наадмыг зохион байгуулсан эрхэмүүд маань энэ мэтийг ер авч үздэггүй нь ямар учиртайг гадарлах юм алга, Магадгүй шүүгчид нь хэтэрхий нэрэлхүү болоод, зохион байгуулагчид нь их л бүдүүн бааз байж болох, эс бөгөөс өөр ч шалтгаан байж болох л доо. Өөр шалтгаан гэснээс жил бүрийн болор цомд тэргүүлсэн хийгээд дээгүүр эрэмбэлэгдсэн (эхний байруудад орсон) шүлэг зохиолын талаар хүмүүс янз бүрийн санаа бодлууд илэрхийлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд чанар чансаа нь муудаж, шүүлтийн үр дүн нь нүдээ олохгүй байгаа, харин ч онцолж тодруулбал зохихууц, зарим сайн шүлэг уншсан найрагчид байр эзлэхгүй үлдэх зэргээр хэлмэгдэх явдал ч элбэг байна гэхчилэн сонжимтгой хандлага давамгайлах болсон. Энэ тухайд нэн тодорхой баримтуудыг дурьдаж болох авч, мөнөөх найрагчид, шүүгчдийн нэр төрд халгаатайг бодолцон, тодруулж бичихээс зайлсхийв. Мэдээж энэ нь зохион байгуулалтын арга барил, дээр цухалзуулсанчилан бас бус шалтгаанаас улбаатай гэдгийг дахин тодотгохыг хүснэ. Түүнчилэн өнөөгийн Монголын нийгэм дэх сэтгэлгээний хандлага, нийгмийн тогтолцооны болон улс төр гэх мэтийн нөлөө сүүдэр гүнзгий шургасаны үр дагавар гэдэг нь ч тодорхой.
Тухайлахад зохион байгуулж буй байгуулллага нь мөнгө санхүүгийн хувьд бололцоо муутай учир хандив тусламжийн журмаар хөрөнгө босгох арга замыг голчлон хэрэглэдэг бололтой бөгөөд, үүнээс нь болоод “Болор цом” наадам маань санхүүжүүлэгчээс тодорхой хэмжээгээр хараат байдалтай явагддаг. Тухайн чиглэл рүү хандсан төрийн бодлого дутмаг, БСШУС-ын яаманд Соёл урлагийн газар гэж бий авч, уран бүтээлийн нарийн ширийнийг сайтар мэдэрдэг, тэр талын бодлогыг өгөөжтэй болгохын төлөөнөө чин сэтгэлээсээ зүтгэл гаргаж ажиллахуйц уран бүтээлчийн төлөөлөл тэнд ер ажилладаггүй. Дээр нь үндэстэн ард түмний хамгийн эрхэм зүйл болох соёлын асуудлыг боловсрол, шинжлэх ухааны салбарын дагуул, хавсрага маягаар авч явдгаас соёл, утга зохиол, уран бүтээлийн чиглэлийн төрийн бус байгууллагуудад дорвитой дэмжлэг ирдэггүй. Соёл уран бүтээлийн асуудлыг арилжааны журмаар хөгжүүлэх ёстой гэсэн “барууны” орнуудын үзэлт, санаа бодлыг төрийн бодлогын чиг баримжаандаа хуулбар болгон хэрэглэсэн нь үндэсний онцлогтой тэр бүр зохицдоггүй, түүгээр ч барахгүй манай нийгэмд хамт олны болон хувь хүний хөдөлмөр зүтгэл, авъяас чадварыг үнэлэх урамшуулах асуудлыг арилжаа наймаа болгон хувиргасан, “та тийм, тийм амжилт гаргасны учир тийм шагнал хүртээлээ” гэж мэдэгдсэнээ, “та дансанд тэдэн төгрөг тушаагаад, шагналаа ирж авна уу” гэх явдал ч гардаг болсон, алив бүхэнд улс төрийн намын болон бүлэглэлийнхний гар хөл сав л хийвэл шургалж, тэдний эрх ашгийн тоглоом болгож хувиргахыг санаархаж байдаг гэхчилэн олон хүчин зүйлийг авч үзэж болно.
Эл бүхнийг орхин үндсэн асуудалдаа орвоос, цаашид хэрхэх бил ээ? гэсэн асуулт тулгарах нь мэдээж. Ямар ч асан зохион байгуулах арга барилаа шинэлэг санаа оноогоор баяжуулж, өөрчилж, сайжруулах эрэл хайгуулыг тасралтгүй хийж байх хэрэгтэй гэдэгтэй хэн хүн санал нэгдэх болов уу гэж бодно. Аль ерэн хэдэн оноос л яруу найргийн наадам тэмцээнийг зохион байгуулахдаа илүү оновчтой санаа, өөр арга барилыг эрэлхийлэх явдал үзэгдэж байсныг санах хэрэгтэй байх. Тухайлахад 1996 онд шиг санана, Улаанбаатар хотод “Анти мир” нэртэй яруу найргийн наадам зохион байгуулагдсан бөгөөд тэр наадам дээр шүүгчдийн шүүлтийг илүү шудрага болгох нөхцлийг хангах талаар шинэ хандлага хэрэглэж байв. Тэрээр тэмцээнийг шүүх шүүгчдийг бие биенээс нь хол, хол зайтай, танхимын суудлын эгнээ тус бүрд нэг нэгээр нь, хүмүүсийн дунд суулган, тэндээс нь оноо өргүүлэх, мөн зэрэгцээд үзэгчдийн дунд санал асуулга явуулах аргаар үзэгчдийн таашаал хүртсэн шүлгийг тодруулж байсан нь бас нэг дэвшилттэй санаа байсан боловч, ийм байдлаар наадам зохион байгуулах явдлыг цааш үргэлжлүүлсэнгүй орхисон. Басхүү Бэгзийн Явуухулан найрагчийн мэндэлсний ойгоор Завхан аймагт зохиогдсон наадам, Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Б.Чингүнжав баатрын мэндэлсний 300 жилийн ойгоор Хөвсгөл аймаг Мөрөн хотод зохиогдсон яруу найргийн наадам зэрэгт, оноо өгч, нэг, хоёр … гэж байр эзлүүлэхээс зайлсхийж, онцлох ёсөн шүлгийг шүүгчдийн сонголтоор тодруулан, тус бүрд ижил түвшиний шагнал хүртээж өргөмжилсөн туршлагууд бий.
Эдгээр нь дээр үгүүлснээр яруу найргийн бүтээлийг оноогоор дүгнэж, дэс дараалуулан байр эзлүүлэх нь оновчтой арга зам биш гэдгийг төдий үеэс л хүмүүс ажиглаж байсны илрэл гэж болно. Ер нь урлагийн бүтээлийг тэр тусмаа оюуны багтаамж ихтэй, олон зүйлийн агуулга, өнгө аяс, цар хэмжээ, донж маягийн илэрхийлэл болж байдаг яруу найраг мэтийг шүүнэ гэдэг тийм алга урвуулах төдий шийдвэр гаргачих, амар хялбар асуудал биш гэдгийг нэг хоёр удаагаас өгсүүлээд нэжгээд олон удаа ийм үүрэг хүлээж үзсэн эрхэмүүд хэлүүлэлтгүй мэдэх байх. “Болор цом” наадмын нөлөө, сүүдэр орон даяр ихээхэн түрцтэй дэлгэрч, аймаг орон нутаг бүрд иймэрхүү жижиг наадмуудыг уламжлал болгон явуулахаас гадна төрийн боловсролын болон хүүхэд залуучуудын асуудал хариуцсан байгууллагаас дунд сургуулийн сурагчдын дунд улсын хэмжээгээр ийм наадмыг жил бүр бүх аймаг хотуудад болон нийслэл хотод гэсэн хоёр үе шаттайгаар зохион явуулдаг нь мөн л “Болор цом”-ын зохион байгуулалтыг дууриасан арга хэлбэрийг хэвшил болгосон. (сүүлийн жилүүдэд хоёр жилд нэг удаа явагддаг болгожээ). Тэрчилэн их, дээд болон дунд сургуулиуд, аймаг хотуудын зарим соёлын байгууллага, Номын сан гэх мэтээс ч оюутан, сурагчдын дунд иймэрхүү наадам, тэмцээнийг явуулах нь олонтоо болсны далбаан дор “мань мэтс” нь зарим уралдаан наадамд шүүгчээр уригдаж, “бурхангүй газрын бумба галзуурна” гээчийг хийж явсан маань бас ч гэж наана, цааныг ажиглаж танихад тустай болсон байж магад.
Молхи миний хувьд эл бүхнээс ажигласнаар бол ийм төрлийн уралдаан, наадмыг, нэн ялангуяа хүүхэд өсвөр үеийнхнийг шүүж, ялгаварлан байр эзлүүлснийхээ төлөө тэр танхимаас сэтгэл хангалуун, додигор бодолтой гарна гэдэг бараг л үгүй юм билээ. Насанд хүрэгчид ч ялгаагүй, тайзан дээр шүлэг уншсан бүх найрагчид шүүгчдийн шүүлтэнд бүгдээрээ ижил сэтгэл хангалуун үлддэггүй. Түрүүлсэн нь баярлаж, орхигдсон нь гомдоно. Үндэслэлгүй гомдлолоо гэж үзэх боломж шүүгчдэд бас байхгүй. Тэгэхээр эргээд л нөгөө “эрэл, хайгуул”-ын тухай бодох хэрэгтэй болох бөгөөд дээр дурьдагдсан “түүхэн оролдлогууд”-ыг ч орхиж боломгүй санагдана.
Харин хувь уран бүтээлчийн хувьд өөрт бодогддог зарим нэг санаа бодлоо хуваалцваас “Болор цом” болон түүнтэй төстэй арга хэмжээг зохион байгуулж, найрагчид, олон түмнийг уулзуулах нь тухайн цаг үеийнхээ тодорхой түвшин дэх яруу найргийн төрх, төлвийн тухай тойм төсөөлөл өгөх хэмжээнд л болохоос бус, яруу найргийг төлөөлөн, тодорхойлох хүчин зүйл болох учиргүй юм. Түүнчлэн шалгаруулах арга хэлбэрийн хувьд наадамд уншигдсан шүлгүүдийг хэд хэдэн төрлөөр (номинац) ангилан, төрөл тус бүрд онцгойрсон шүлгүүдийг тодруулж болох. Тухайлахад иргэний уянгын, намуун уянгийн, сонгодог яруу найраг, гүн сэтхилгээний, шинэлэг сэтхилгээний, олон нийтийн таашаалд нийцсэн гэх мэт төрлүүд байж болох. Шагнал урамшууллын тухайд мэргэжлийн ажлын хэсэг (комисс) тогтоох агаад, хоорондоо төдий их зөрөөтэй бус ойролцоо байх нь зохистой мэт. Мөнхүү шүүн тунгаах арга ухааны хувьд дээр үгүүлэгдсэн “Анти мир” тэмцээний жишээг улам боловсронгуй болгох замаар хэрэглэж болох мэт санагдах амой. Гэхдээ яруу найргийг олон нийтийн болон үзэж, сонсож байгаа хүмүүсийн хүлээж авч байгаа хандлагаар нэг мөр үнэлнэ гэж байхгүй л дээ. Шүүгчид ч нэг мөр дүн тавьчихаж дийлэхгүй гэж боддог. Ер нь яруу найргийг үнэлж дүгнэнэ гэдэг маш харьцангуй ойлголт. Сэдхилгээний асар уужим орон зайд бичигдсэн, өндөр түвшиний бүтээлийг хүмүүс гүйцэж ойлгохгүйн улмаас таалахгүй байх нь бий, түүнчлэн урьд өмнө нь олонтоо давтагдсан байж л байдаг энгийн нэг санааг авч, хэн нэгний хэлбэр загварыг дууриах байдлаар бичигдсэн, эсвэл шүлэгч нь өөрийн үзэл бодол төдийг шүлгийн хэлбэрээр илэрхийлсэн /цагаан/ шүлгүүд хүмүүсийн ихэнхэд их аятайхан санагдаж, таалагдах нь түгээмэл үзэгдэл.
Харин яруу найргийн чиг хандлагыг тандах учир зорилгын хүрээнд ч юм уу, томоохон цогц бүтээлүүдийг онцлон тодруулах, шалгаруулах сэлт бол өөр түвшиний том асуудал гэж бодно. Өдгөө жил бүр явагддаг “Алтан өд” шалгаруулалтыг ийм санаагаар хийгддэг гэж боддог ч, зохион байгуулалт, арга барил хийгээд бусад асуудлуудын талаар нь бид мэтэд мэдэх юм алга.
Эцсийн эцэст “Болор цом” ч, “Алтан өд” ч, өөр бусад наадам, арга хэмжээ ч ялгаагүй яруу найраг, уран зохиолыг түмэнд түгээх, Д.Нацагдорж зохиолчийн хэлсэнчилэн “соёлын үрийг тарих”-ын төлөөнөө явагдаж буй үйл хэрэг бөгөөд, нөлөө сүүдэр нь хүмүүсийн сэтхилгээг хумих, хэлбэр төдийд баригдаж, гадна өнгөнд шохоорхон хөөрөлхөхийг нь хөхиүлэн дэвэргэх бус, харин ч яруу найраг, уран зохиолын түгээмэл гүн утга, яруу зохист бүхнийг бодол ухаанаараа шимтэн тунгааж, сэтгэл оюунаа төгөлдөржүүлэхэд нь нэмэр хань болохуйц аваас сая үнэ цэнэ нь орших билээ гэсэн эл бүхий санааг олон түмэнтэй хуваалцахын төлөөнөө үүнийг бичиглэсэн болмуй.
Хиргис Г.Төрмөнх (яруу найрагч,зохиолч)