Ертөнцөд үйлдэгдэж буй бүхэн хүүрнэл, гагцхүү аль хэсгийг нь барьж авах, үлдээх вэ гэдэг уран бүтээлчийн сонголт байдаг. Хүн төрөлхтний хамгийн эртний түүхийг хүүрнэх урлаг бол дүрслэх урлаг юм. Тэр дундаа уран зураг, уран баримал бол тухайн улсыг түүх соёл, уран сайхны сэтгэлгээний хувьд хэр түвшинд, хэр хүчтэй байгааг хүүрнэн харуулж чаддаг урлагийн төрөл зүйл билээ. Орон зайд юмс үзэгдлийг дүрслэн харуулах, тэр дундаа бүх өнцөг булан бүрээс нь харуулж чадах нь уран баримал юм.
Цаг хугацааны шалгуурыг даван өөртөө асар их түүхийг шингээн бидний үед авч ирдэг төдийгүй ирээдүй рүү биднийг төлөөлж чадах хүүрнэх урлаг бол уран баримал юм. Харин юуг, уран бүтээл юуг сонирхогчийн үйлдэл гэхийг бид хэлж мэдэхгүй ч тухайн бүтээл өөрөө цаг хугацаа, орон зайг дамжин хэрхэн амьдарч юуг илэрхийлж оршиж буйгаар нь дүгнэх биз ээ. Уран бүтээлч хүн сэдвээ сонгох, чухам яагаад тухайн сэдвийг хөндөх болсон, үзэгчдэд хэрхэн хүргэхээ сонгож буй үйл явц, хэмнэл хурд болоод тухайн сэдвийг илэрхийлж буй хүн болоод агшин мөчүүд л уран бүтээлийн үнэ цэнийг бий болгож амин чанартай болгож байна. Хүн энэ хорвоод зөвхөн идэх гэж, унтах гэж ирдэггүй, харин сэтгэлийн таашаал эдлэх гэж гэгээрэх гэж төгс төгөлдөр лүү тэмүүлэх гэж ирдгийн нэг жишээ бол уран бүтээл төрөх үйл явц юм. Бүтээл төрөх явц өөрөө хүүрнэл юм.
Зөвхөн энэ цагийн үзэгчдэд бус бүх цагийн үеийн үзэгчдийг бэлтгэх гэж, ертөнцийн гоо сайхны охь дээжийг мэдрүүлэх гэж уламжлуулах гэж ирээдүй хойчоо бэлдэх гэж уран бүтээлчид бүтээлээ туурвих ёстой. Үүний тод жишээ бол ХҮҮРНЭЛ бүтээл юм. Хүүрнэл бүтээлийн гол онцлог бол уран барималч дүрээ сонгохдоо зөвхөн уран бүтээлчийн ертөнцийг гаргахыг зорьсонгүй, харин тухайн уран бүтээлч байгалийн шинж чанарыг өөртөө хэрхэн шингээж буйг, тэр дундаа монгол ахуй, монгол нүүдэл, монгол оршихуй, монгол авьяас шинжийг өөртөө хэрхэн хадгалж буй үйл явцыг өөрийн болон зохиолч Д.Урианхайн ертөнцөөр сүлэлдүүлэн нээхийг хүсчээ. Нэг талаас уран барималч Б.Баясгалангийн монгол хүний авьяас, ур ухаан, монгол онцлогийг харуулах гэсэн зорилго, нөгөө талаас зохиолч Д.Урианхайн хүн төрөлхтний төлөө өнө мөнхийн зовох шаналан, гэгээн гуниг, тэмцэл, ухаарлын огтлолцол дээр урган гарч буй хүүрнэл бүтээлээс байгалийн мөн чанар нь өөрөө асар их хүч болон гоо үзэсгэлэнг агуулж байдаг гэдгийг харж болох юм.
Байгаль дэлхий мөн чанараа гагцхүү сэтгэгчид болон ховорхон авьяас билигтэй хүмүүст юүлж, тэрхүү мөн чанарыг дамжуулагчдын оюун санаа нь дээд гоо сайхан болж байна.
Ертөнц тэр чигээрээ хүүрнэл юм. Хүн төрөлхтний мөнхийн хүсэл болох мөнхийн аз жаргал, дээд гоо сайхны төлөөх тэмцэл олон талт хүүрнэл бий болгож буйг бүтээлч уран барималдаа дүрслэн шингээжээ. Хүүрнэл бүтээлээс аз жаргал, хүч чадлын аль аль нь өөртөө хөнгөн гунигийг тээж байж гэмээн жинхэнэ аз жаргал, хүч чадал болдог гэдгийг харж болох мэт санагдана. Хүүрнэл өөрөө хүч юм. Хүүрнэл дотор хорвоогийн баяр жаргал, уй гуниг, хагацал, тэмцэл цөм багтана. Ертөнцийн дээд гоо сайхны төлөө тэмцэж буй тэмцэл бүхэн гэгээн гуниг, өөрийгөө золихуй юм. Энэ бүх, олон талт хүүрнэлийг зохиолч Д.Урианхайн баримлаас харж уншиж болох юм.
Азийн шилдэг яруу найрагч Д.Урианхай энэ бүтээлийг төрөх явцад уран барималч Б.Баясгаланд хандан “Сэтгэлгээ бол дээд гоо сайхан юм. Түүнийг хүүрнэл бүтээлээс харах боломжтой. Энэ бүтээл бол дүрслэх урлагийн замд нэг том бул хар чулуу болон үлдэнэ. Энэ бүтээлийг давсан бүтээл хийхийн тулд үүнийг тойрох бус гагцхүү дайрч гарах ёстой” хэмээсэн юм.
Магадгүй бид суурин соёл иргэншлийн урлагийн гол төрөл зүйл болох уран баримлыг төдийлөн сайн мэддэггүй байсан бол, хэн нэгэн суут хүнийг өнгөрсний дараах бүтээгддэг зүйл гэж ойлгох төдий байсан бол Хүүрнэл бүтээл уран бүтээлч хүний хөрөг баримал ямар гоо зүйн өндөр түвшинд байх ёстойг, амин чанар нь хүнд хэрхэн хүрч байх ёстой гэдгийг хүүрнэн өгүүлэхийн тулд бүтсэн биз ээ.
Бид хүн төрөлхтний гайхамшигт бүтээлийг алсаас харж биширч, уран баримлыг Донателлогийн “Давид”, Огюст Родены “Сэтгэгч”, Микеланжелогийн “Пьета”, Грекийн Афродита бурхан буюу Ромчуудын Венера хэмээн нэрийдэж ирсэн охин тэнгэрээр төсөөлдөг байсан бол одоо цагт монгол гоо үзэсгэлэн, монгол ухаан, монгол сэтгэлгээг харуулсан уран баримлыг монгол хүний ур ухаанаар хэрхэн бүтэж болдог гэдгийг харах боломжтой боллоо.
Монголчууд бид аливаа юмны үзэгдэх өнгөнд бус, дотоод амин чанарт илүү ач холбогдол өгч түүнээ сүсэглэн ханддаг чанар бол дээд хүүрнэхүй юм. Үүнийг уран барималч Б.Баясгалан бүтээлдээ шингээж чадсанаар энэ цаг үеийн уран баримлын хөгжлийг дотооддоо төдийгүй олон улсад харуулж чадахуйц бүтээл боллоо. Уран бүтээлчийн оюун санаа, авьяас билиг, хөдөлмөрөөр бүтсэн бүтээл үзэгчдийн оюун санаа, сэтгэл зүрхийг баясгаж, бодролд автуулж, хөнгөн гуниг төрүүлж хорвоод яах гэж ирсэн тухай бодолд автуулж чадаж буй бол түүнд бүүтээлийн үнэ цэн оршиж буй хэрэг.
Уран бүтээлийн үнэ цэн зөвхөн үзэгчийн үнэлэмжээр бус он цагаар хэмжигдэж, олон улсад эх орноо авч явж буй чансаагаар хэмжигддэг билээ. Монголын зовлон жаргал, баяр баясгалан, авьяас билгийг тээж буй хоёр уран бүтээлчийн ертөнцөөс төрсөн ХҮҮРНЭЛ бүтээл та бүхний ч сэтгэлд хорвоогийн үнэн, баяр баясгалан, уй гуниг, мөн чанарыг хүүрнэх буй за.
Соёл судлаач Дашбалбарын Индра