Нэгэнтээ өмчгүй явсаар өдий хүрсний гайгаар олсон зөөснөө хураана, хуримтлуулна гэх юм байхгүй, идээд уугаад барчихдаг хүмүүжил нь өмчгүй, өмчийн соёлгүйгээс улбаатай. Өмч, үл хөдлөх гэх ойлголтгүйн гайгаар мөнгөн дээр бүр ч өлөв долов хэмээн би өмнөх нэг нийтлэлдээ бичсэн. Яагаад гэдэгт хариулт даан ч олон. Монголчуудын нүүдлийн соёл-иргэншил гэдгээс шалтгааныг хайж болно, хэрэв тэр өнцгөөс шүүмжилбэл жалга довын үзэл, сүргийн сэтгэлгээ, араншин гээд олон дэд шалтгаанууд гараад ирнэ.
Би тэгж хадуурахгүйгээр гарчигт өгүүлсэн төрийн засал гэдгээс бас нэгэн шалтгааныг дор тодруулъя.
“Биеэ засаад гэрээ зас! Гэрээ засаад төрөө зас!” гэх нэгэн мэргэн үг эхлээд эшлэе. Биеэ ч, гэрээ ч засч чадаагүй өдий төдий хүн төр-засгийн өндөрлөгт гарч ирдэгээс бүх урхаг эхлэлтэй гэчихвэл ихэнхи уншигч зөвшөөрдөг дээрээ тулчихсан ийм цаг үе шүү дээ, одоо цаг чинь.
Төр засах ухаан, төрөө төвхнүүлэх ухаан, төрийн хар хүн, төрийн түшээ, төрийн хар хайрцаг гээд олон ухагдахуун байдаг, мөрдөгддөг нь өнөөгийн Монголоос холуур юм. Холуур ч юу байхав, бид өөрсдөө холтгоод хаячихсан. Үүнд ардчиллыг буруутгахгүй, гэхдээ ардчиллын завхрал, авилгажсан ардчилал гэдэг рүү орж шүүмжлэхгүй бол болохгүй.
“Өлөв долов” энэ үгийг санаандгүйгээр манай өвөг дээдсийн тархинаас гараад ирсэн юм биш. Манжийн төрд морь нохой мэт зүтгэгч авилгажсан монгол түшмэдээс угшилтай нэр үг, тэмдэг нэр, нэг ёсондоо нэр томъёо болчихсон. Идэж ууж ханадаггүй, шагнуулж ханадаггүй, шагнал голдоггүй гээд Манжийн Журганы “хар хайрцаг”-т монгол ноёдыг тодорхойлоод хадгалчихсан байсан гэлцдэг.
Яг тэр эрчээрээ 1911, 1921 оны хувьсгалууд залгаж, Монголын өнөөгийн соёлт төрийн үндэс төлөвшсөн, төлөвшил нь хөгжсөөр өнөөг хүргэжээ.
Социализмын 70 жилд төрөө гайгүй зассан шиг байдаг юм. 1930-аад оныг дуустал төр нь тун эмзэг, мөн аюултай замаар явж байжээ. Уг нь шинэ төрийн сэхээтний арми бүрдүүлэх санаатай СССР, Веймарын Герман, Францад оюутан сурагчдаа илгээсэн байдаг юм билээ. Төгссөний ихэнхи нь “1937” оны хар шуурганд нэрвэгдсэн.
1940-өөд оноос төрийн мэргэжсэн түшээдээ цоо шинээр буй болгосон, тэр нь 1960-аад он хүрч байж төлөвшлийг олсон. Төрийн албанд авах ба дэвшүүлж ажиллуулдаг тусгай шалгуур байсан учраас төр нь ганхчилгүй явсаар байсан болов уу. Тийм тусгай шалгуурт олон зүйл жагсааж болно. Миний мэдэхийн ажилчин, малчны хүүхэд байх, болж өгвөл хөдөөний хүүхэд байх, нам, эвлэлийн тэргүүний гишүүн байх, НАХЯ-ны хараа хяналт зуултад өртөөгүй байх, орос хэлний мэдлэг, марксизм-ленинизм, МАХН-ын түүхийн тухай мэдлэг, адагт нь цаад мэргэжил нь жагсдаг байжээ.
Энэ эрчээрээ явсан монголчууд ардчилалтай шууд залгасан. Эрх зүйт төр-засгаа өөрсдөө, хэний ч албадалгагүй сонгох өргөн сонголтын өмнө ирсэн.
Сонгосон, сонгож ч байна, тэр сонголтод нь нам хэмээх хүн сүргийн эд эс, идэвхтэн эрхтэн дархтан хорин хэдэн жил сонгогдож байна. Төрийн засал хийх завдал өгөхгүйгээр дөрөв дөрвөн жилээр сонголоо. Төрийн алба нь улс төржлөө. Эрх баригч, эрх барьж мэдэх улс төрийн намын хатуу хяналтад орлоо. Намд үнэнчээ илтгэсэн, нам ба түүний удирдлагыг мөнгөөр хахуульдсан түшээд төрийн албыг нооллоо. Төрийн албаны чадавхи илт суларлаа.
Төрийн албанд авах ба дэвшүүлж ажиллуулдаг тусгай шалгуур өнгөрсөн хэрэг. Социализмын үеийн тэр олон шалгуураас ганц нь л үлдсэн. Тэр нь намдаа үнэнч байх, нам ядарвал дагаж ядрах, намын байраар эргэлдэж байх, намын даргадаа үнэнчээ байнга нотлон харуулах. Өөр шалгуураар ч яах юм.
Төрийн албанд намаас ирэгсэд нь эрх барих тэр хугацаандаа хуу цөлөмлөө. Дагуулж ирэгсэд нь бүгдээрээ өлөв доловчид. Хэрдээ цөлмөхөөс ч аргагүй. Өм цөм цөлмөхөөс хэн ч буцахгүй. Учир нь тэр албан тушаал нь баталгаагүй, дараагийн дөрвөн жилд хэн ч ирээ бүү мэд, acгaж цyтгaaд, цөлмөөд, самардаад байх нь тэр. Ийм гачлантай учраас тэд танил тал, тал тохой, ах дүү амраг садан, юутай хээтэй нь бүгдийг нь төрийн албандаа татаж оруулаад цөлмүүлээд байх нь тэр.
Яг ийм эргүүлгээр бид 2020 оныхоо УИХ-ын сонгуулийг угтаж таарна. Дараагийн өлөв доловчид цагийг тэсэн ядан хүлээнэ. 2024 онд бас тэгнэ. Ардчилсан сонгууль гэж энийг л хэлдэг юм, жирийн борог монгол хүний ойлголтоор.
Дөрөв дөрвөн жилээр их хурлаа солиод, Ерөнхийлөгчөө солиод байдгаас бат бэх төр төлөвшихгүй байна уу гэх асуулт байнга дагалддаг. Манай шил шилээ харсан Засгийн газрууд урт хугацааны төсөл, хөтөлбөр сонирхдоггүй, улс төрийн таатай нөхцөл, уур амьсгал байдаггүй, 4 жилдээ хэд ч огцорч сэлгэж мэдэх Засгийн газрууд нь өмнөхөө үгүйсгээд шинийг эрэлхийлж цаг алдаад нэг мэдэхнээ сонгуультай золгочихдог. Ийм л цикл биднийг ээрсээр, ээрнэ чиг. Энэ 28 жилд үйлдвэрлэгч, технологи бүтээгч, ядаж эзэмшигч улс болж чадахгүй, зөвхөн түүхий эд экспортлогч, бэлэн бараа хүнс импортлогчоороо байсаар байгаа нь төр дархлаагүй явсны гай шүү дээ. Технологигүй ардчилал хөөс болж замхраад, авилга руу гулсдагийг бид дэлхийд гашуун сургамж болгон харуулсаар буй.
Амтай болгон Монголын төрийн дархлаа суларлаа, төрийн дархлаа гэж алга гэх шахуу үглэн дуулдаг болсон энэ цаг үед өмнөд хөршөөсөө төрийн засал дээрээ нэрэлхэлгүй суралцвал яасан юм бол гэж бодогдох юм. “Шинэ эриний боловсон хүчний тухай үзэл баримтлал” гэж нэг айхтар онол тэд гаргаад ирлээ. Түүнээс бидэнд авах хэрэгжүүлэх юм зөндөө байгаа бололтой.
Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын саяхны чуулган дээр ярьж байна лээ. Юу гэвэл:
- Хөгжил бол тэргүүлэх үүрэг, боловсон хүчин бол тэргүүний нөөц, харин инновац бол тэргүүний хөдөлгөх хүч.
- Хүчирхэгжин хөгжье гэвэл инновацад түшиглэ. Харин инновац нь боловсон хүчинд түшиглэ.
- Боловсон хүчний тухай бодлого, инновацын механизм хоёр бол дараагийн шатны өөрчлөлт шинэчлэлийн чухал угтвар юм.
- Одоо боловсон хүчнийг татах бүрэн боломж бүрдүүлсэн учраас улам олон тэргүүний боловсон хүчнүүд Хятад улсыг зорих болно.
- Орон нутгийн болон гадаадаас буцаж ирсэн боловсон хүчнийг адилхан чухалд тооц, эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг нь нээж өг.
- Бид бодлого тогтоохдоо эрхбиш хот орж ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн өмнөөс бодож сэтгэн, нүдний өмнө нь тулгарсан асуудлыг яаралтай зохицуулан өгч, сайтар дэмжиж туслая.
- Ард түмэн аль талаар сэтгэл ханамжгүй байна, тэр тал руу хүч хаяж ажиллах хэрэгтэй.
- Чадварлаг боловсон хүчнийг сайтар бэлтгэ.
- Хөдөө орон нутгаа бүтээн байгуулах зорилготой хүмүүсийг сэтгэл амар, итгэл дүүрэн байлгах хэрэгтэй гэх мэт.
Их олон юмыг хэлээд тавьчихсан мэт.
Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү
Нийтлэгчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв