Улсын нийслэл Улаанбаатар хотод нар мандаж, нэгэн сайхан өдөр эхлэж байна. Төрийн өндөр албан тушаал хашч байсан эрхмүүдийн баривчилгаатай зэрэгцээд Фейсбүүк компанийн захирлын автортой хачин мессеж хүн бүрт илгээгдсэн хачирхалтай долоо хоног өнөөдрөөр дуусч, маргаашаас цоо шинэхэн үйл явдлууд эхэлнэ. Хэн нэгэн ямар нэгэн синсаци дэлгэсэн ч тухайн цаг үедээ л эрчийг авч, хэсэг хугацааны дараа мартагдан, бидний амьдрал урдын адилаар, их хотын хэмнэлдээ автан өрнөсөөр байх нь ойлгомжтой биз.
Тэгвэл амьдралынхаа энэхүү хэмнэлт нэгэн өөрчлөлтийг хийх цаг ирсэн байна. Тэр нь ХОТЫН СОЁЛ.
Аз жаргалтай орон, хүн амьдрахад тохиромжтой дэлхийн хотуудын жагсаалт жил бүр гардаг. Энэ жагсаалтыг өндөр хөгжилтэй Америк, Солонгос, Япон, Хятадын аль нэг хот тэргүүлж байсныг дуулаагүй. Харин буурал европын уйтгарт автсан хуучны хотууд л тэргүүлсээр байдаг. Энэ нь тус хотын өндөр барилга, өнгө алгалсан гэрлэн чимэглэл бус, амар тайван байдлын илэрхийлэл биз.
Улаанбаатар бол өндөр хөгжсөн хотуудын араас дагаж тэнгэр өөд тэмүүлж буй жижиг хот. Стандарт шаардлага алдагдаж, үлээсэн шаар шиг л хэзээ мөдгүй хагарахаа хүлээж байгаа ч юм шиг. Автомашин, оршин суугчид нь хахсан энэ хотыг дэг журамтай байлгах зүйл бол иргэн бүр нь ухамсарлаж байх учиртай хотын соёл юм.
Ургах нартай хамт өглөөний алхалтай хийж явахад л хэд хэдэн ноцтой зөрчлүүд хувь хүн дээр ажиглагдав. Биднийг хэн юу гэх вэ гэж өөрсдийгөө дархалсан хэдэн хүн энэ хотод амьдардаг. Тэдний төлөөлөл болсон гурван залуу шөнө уусан зүйл нь гарч их л эвгүй байдалтай өглөө угтаж байгаа бололтой. Нэг нь хашаа налж зогсоод шээж байхад нөгөөх нь явган хүний зам руу бөөжнө. Харин гурав дахь нь юу ч болсон шинжгүй унтах аж. Гэтэл тэдний цаана ТҮЦ-ийн ажилтан цэвэрлэгээ хийсээр ойртож яваа харагдлаа. /За тэдэнтэй ч юугаа ярих вэ/
Тамирын дэгжин хослол өмссөн бүсгүй өглөөний дасгал хийж байна. Чихэндээ чихэвч зүүсэн донжтой бүсгүй гүйж дуусаад гартаа барьж явсан усаа уучихаад савыг нь хогийн сав бараадуулаад шидчихлээ. “Яаж байгаа юм бэ” гэсэн харц гайхаж харсан намайг “Энэ нэг юм юундаа гөлрөнө вэ” гэсэн янзтай хялам хийв. Сайхан бүсгүйд харцаа унагаж байсан миний тухайн үеийн сэтгэл хөөрлийг шороотой хутгаж орхих нь тэр л дээ.
Автомашины хөдөлгөөн нэмэгдэж, шинэ өдрийн амьдрал буцлахаар айсуй. Байрны гадаах зогсоол дээр саяхан хөдөөнөөс ирсэн үү гэлтэй шавар шавхайнд дарагдсан машин зогсоно. Өглөө гарахад энэ машин байгаагүй учраас сая иржээ гэж дүгнээд байгаа юм л даа. Жолооч нь болов уу махлаг нөхөр машиндаа цэвэрлэгээ хийх аж. Дотор нь байх ус ундааны сав, идсэн зүйлсээр бүгдийг нь гадагш нь шууд л хаяж орхилоо. Дургүй хүрмээр. Бас тамхи зуучихжээ. Шүлсийг бол тун гарамгай, гахх түү л гээд байх юм гээч. Энэ орчлонд түүнээс өөр хүн мэт. Түүний хаясан хог, нулимсан шүлсийг хэн нэгэн цэвэрлэх л байх даа.
Энэ сайхан өглөө уур бухимдуулах зүйл дэндүү байв. Энэ л өнөөх аз жаргалтай хот гэгчид бид багтаж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Уурлаж бухимдсан хүмүүс яаж ч жаргаж байна гэж өөрийгөө илэрхийлэх билээ.
Хүн бүр л дор бүрнээ ухамсарладаг болчихвол хог газраар хөглөрч, нус, цэрийг тойрч алхах шаардлагагүй болно. Цэвэрхэн гудамжаар алхаж яваа хүний сэтгэл санаа ч сайхан байна шүү дээ. Гэтэл Монголчуудад нэг айхтар өвгөдөөс уламжилж, өвлөж авсан зан бий. Тэр нь нүүдэлчин өв соёл. Үнэндээ өөрсдийн бүдүүлэг үйлдлээ л бид нүүдэлчин удмын төрөхөөсөө л хөдөөний гүндүүгүй улс гэж тодорхойлдог. Ер нь бол соёлгүй бүдүүлэг байгаа нь бидний өвөг дээдсийн л буруу юм шиг. За тэгвэл бидний соёлгүй байгаад өвөг дээдэс буруутай юм байж. Харин үр хүүхэд соёлгүй байвал хэний буруу вэ?
Энэ хандлагыг хойш тавилгүйгээр яг одооноос л өөрчилцгөөе. Яагаад та халаасан дахь чихрийн цаасаа хогийн сав олтлоо хаялгүй аваад явж болохгүй гэж. Энэ хотод танаас өөр хүн амьдардаг гэдгийг ухамсарлаж, гаргаж буй үйлдэлдээ хяналт тавьж яагаад болохгүй гэж. Хэрвээ тийм ухамсар байхгүй бол дагаж мөрдөх ёстой хотын дүрэм журамтай болсон ч яах вэ. Тэр дүрэмдээ хог хаясан бол цэвэрлэдэг, цэвэрлэхгүй гэвэл торгодог байх тухай тун ойлгомжтой дурдаж, хэрэгжүүлвэл зүгээрсэн. Эхэндээ хүний эрх ярьж муйхарлах ч гэсэн явцдаа дасан зохицож, уусан нэгдэж л таараа.
Автобусны билет 500 төгрөг болно гэхэд иргэд яаж бухимдаж, эсэргүүцэж байлаа. Гэтэл одоо угаасаа л ийм байсан мэт л дасан зохицсон л байна шүү дээ. Дугаарын хязгаарлалт амьдралд ямар их төвөг удаж байгаа билээ. Гэхдээ хязгаарлалттай өдрөө нийтийн тээврээр зорчиж, өөр хэн нэгний машиныг түр хэрэглэж, эсвэл хотын захаар тойрч яваад бид чадаж л байна. Өөрөөр хэлбэл нэгэнтээ хүсэхгүй байгаа зүйлийг журмаар хэрэгжүүлж болдог юм байна гэж харагдаад байгаа юм.
Тэгэхээр түмний дунд хэнэг ч үгүй нусаа нийж байгаа хүнд “болохгүй. Энэ бол хот суурин газар. Энд нусаа нийж, орчныг бохирдуулахыг хориглодог юм” гээд тайлбарлачихдаг, мөрдүүлчихдэг дүрэмтэй болсон дээр байх аа. Олон нийтийн цагдаа, эсвэл сайн дурынхныг тодорхой хугацаанд буюу зэрлэгшсэн хүнийг нийгэмштэл ажлуулж болмоор. Хогийг хогийн саванд хийдэг гэдэг ухамсрыг энэ хотын иргэд ойлгодог болсон цаг л өнөөх “Аз жаргалтай хот”-ын тухай ярьж болно. Иргэд соёлжчихоод байхад хот яагаад аз жаргалгүй байна вэ гэж удирдлагуудаас асууж, тайлбар хүсч, шаардлага тавьсан ч болмоор. Хотын удирдлагууд энэ тухай эрэгцүүлж, ажил хэрэг болгоно гэж найдаж байна. Үгүй бол орос ахынхаа муу бүхнийг авчихсан бид цэвэр байх тухай шаардсан нэгнийхээ өөдөөс хэнэг ч үгүй нулимж, хот минь удахгүй бохир нь хальсан нийтийн нойл шиг л болох нь байна.