Монгол Улсын дотоодын зах зээлд жилдээ нэг тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд эргэлддэг гэсэн тоо бий. Харамсалтай нь ийм их хэмжээний мөнгө хятад ченжүүдийн халаасанд орчихдог гэмтэй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад зургаан сарын нүүрийг үзэж байна.
Энэ хугацаанд Хөдөө аж ахуйн бирж дээр нийт 105 удаагийн арилжаагаар 375.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 371.1 тэрбум төгрөг нь 6202.9 тонн ямааны ноолуур, 1.2 тэрбум төгрөгөөр 841.0 тонн хонины ноос, 3.3 тэрбум төгрөгөөр 722.1 тонн тэмээний ноос тус тус арилжжээ.
Энэ байдлаас үзэхэд ямааны ноолуурын арилжааг нийт зах зээлийн 90 хувийг биржээр дамжуулан хийсэн нь тус түүхий эдийн үнэ тогтвортой байхад голлон нөлөөлсөн байна.
Харин ноосны арилжаанд ХААБ-ийн брокер компаниуд оролцож чадаагүй гэнэ. Учир нь ноосоо үндэсний үйлдвэрүүдэд тушаасан тохиолдолд малчдад урамшуулал олгоно гээд төрөөс заачихсан учраас үндэсний үйлдвэрүүд хөдөөгүүр явж, малчдын гар дээрээс нэг кг ноосыг дунджаар 500 төгрөгөөр авсан байдаг. Ингээд ихэнх брокерүүд ямар ч арилжаа хийлгүйгээр энэ зуныг өнгөрөөжээ.
Хэрвээ малчдад биржээр дамжуулан борлуулсан ноосонд урамшуулал олгоно гэсэн бол хонины ноос нэг кг нь 1500 төгрөгийн үнэд хүрэх ч боломжтой байсан гэдгийг брокерийн компаниудын төлөөлөл хэлж байлаа.
ҮХААЯ-наас улаан буудайг биржийн арилжаагаар зах зээлд нийлүүлэх шийдвэрийг саяхан гаргажээ.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр салбар яамнаас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран брокерийн компаниудыг оролцуулсан уулзалт, семинарыг зохион байгуулсан юм.
Уг хурлаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, зах зээлийг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.
Хөдөө аж ахуйн бирж сайн ажиллаагүй
Энэ талаар ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаагаа эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Тулгамдаж буй бэрхшээл юу байна?
-Энэ жил “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК, түүнтэй холбогдох брокерийн компаниуд туршилтын байдлаар ажиллалаа. Биржийн үйл ажиллагаа сайн байсан гэж би хэлэхгүй. Харин сайжруулахын төлөө ажиллаж байгаа.
Бид ямааны ноолуурын арилжааг маш амжилттай зохион байгуулсан. Монгол Улсад 7000 орчим тонн ноолуур борлогддог гэсэн тооцоо бий. Үүний 6200 тонныг нь биржээр арилжиж, үлдэж буй хэсэг нь үйлдвэрүүдэд шууд нийлүүлсэн гэж ойлгож болно.
Цаашид бидний өмнө биржийн арилжааг шударга явуулах, оролцогчдод шударга өрсөлдөөнийг бий болгох, ирэх жил гарах ноолуураа урьдчилан зарах боломжоор хангах гэх мэт бодлогын чанартай олон ажил байна.
-Санхүүгийн зохицуулах хорооноос хонины ноосыг биржээр арилжаалах зөвшөөрлийг брокерийн компаниудад өгсөн. Гэсэн ч арилжаа амжилттай хийгдээгүй талаар брокерийн компаниудын төлөөллүүд ярьж байна?
-Тийм ээ. Үндэсний үйлдвэрүүдэд ноосоо тушаасан тохиолдолд урамшуулал олгоно гээд хуульчилсан учраас малчид гэрийнхээ гадаа ирсэн, үндэсний үйлдвэрүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд ноосоо ачуулаад явуулчихаж. Уг нь энэ тал дээр анхаарч, улмаар биржээр дамжуулан борлуулсан ноосонд урамшуулал олгох эдийн засгийн хөшүүргийг хийх ёстой байсан. Үүнийг цаашид анхаарах шаардлагатай.
Биржийг хөгжүүлэхийн тулд зөвхөн төр зүтгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Малчид, брокерийн компаниуд, биржийн удирдлагууд гэх мэт хөдөө аж ахуйн зах зээлд оролцож буй хүн бүр нэгэн зүгт харж байж энэ салбар хөгжих учиртай.
Манай компани 40-50 тонн ноолуурын арилжаа хийсэн
“Увс Таван-Эрдэнэ” брокерийн компанийн гүйцэтгэх захирал Л.Арцхүү
-Хөдөө аж ахуйн брокерийн компаниуд биржийн арилжаанд хэрхэн оролцож байна вэ?
-Бид хөдөө аж ахуйн биржийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу малчид, хоршоодоос түүхий эдийг нь авч, биржээр дамжуулах борлуулах дамжуулагчийн үүргийг гүйцэтгэж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг биржээр борлуулан хэвшсэнээр зах зээл дээр ямар хэмжээний түүхий эд хаана борлогдсон бэ гэдэг нь тодорхой болохоос гадна үнийн савалгаа үүсдэггүй давуу талтай. Мөн ченжүүд гэж буюу дамжуулан худалдаалдаг хүмүүс улсад татвар төлдөггүй бол брокерийн хэлбэрт шилжсэнээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн үг.
-Танай компани энэ онд хэр их хэмжээний түүхий эд арилжив?
-Бид зөвхөн ямааны ноолуурын арилжаанд оролцсон. Нийт 40-50 тоннын арилжаа хийсэн байна лээ. Өнөөдөр улаан буудайг биржээр арилжих талаар ярилцаж байна.
Хөдөө аж ахуй бол манай улсын голлох салбар. Энэ салбараа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нь тэгш хангахад Хөдөө аж ахуйн бирж чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл малчдын хотхоноос үйлдвэрлэгчид, эцсийн хэрэглэгчдэд хүрдэг дундын олон шат дамжлага багасч, ченжүүдийн дураараа авирладаг хөг өнгөрөх учиртай. Энэ тохиолдолд жилдээ 1.5 тэрбум ам.долларыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн худалдаанаас олох юм байна. Нэмүү өртөг шингээгээд зарвал бүр хоёр тэрбум ам.доллар ч олох бололцоотой гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.
Д.Баяржаргал