Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлсэн, тэдний амь насанд халдсан гэх сэтгэл сэрдхийлгэм хэргүүд шил дараалан гарч, нийгэм тэр даяараа энэ асуудлаас гарах гарц гаргалгааг хайж эхлээд байна. Тиймээс бид хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг түүнтэй хэрхэн тэмцэх талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын төр өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадаж байгаа юу? Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Хүүхэд хамгааллын тухай ярихын тулд яалт ч үгүй гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, гэр бүлийг төрөөс хэрхэн дэмжиж байгаа талаар ярих хэрэгтэй байх. Эрх зүйн зохицуулалтын хувьд Үндсэн хууль хийгээд салбар хуулиудаар энэ төрлийн харилцааг нилээн өргөн хүрээтэй зохицуулсан хэдий ч хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн анхан шатны нэгж бол гэр бүл байна. Тийм болохоор гэр бүлд чиглэсэн бодитой бодлого хэрэгтэй болсныг нийгмийн өнөөгийн дүр төрх харуулж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийг дэмжсэн, гэр бүлийн гишүүд рүү чиглэсэн бодлого, хариуцлагын тогтолцоо байхгүйгээс эцэг эхийн хариуцлагагүй байдал хүүхдийн хүмүүжилд шууд утгаараа нөлөөлж байна.
Гэтэл эрх зүйн орчныг нь харвал өнөөдрөөс 20 жилийн өмнөх буюу 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль үйлчилж байна. Угтаа нийгмийн хөгжлийг дагаад хуулиар зохицуулах шаардлагатай гэр бүлийн олон шинэ тутам харилцаа бий болж байгаа. Тухайлбал, хамтран амьдарч байгаад үр хүүхэдтэй болоод салалт үүсэхэд хөрөнгийн хувьд эцэг, эх хүүхдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх вэ, цааш хамтран амьдрахгүй гэх шийдвэр гаргахад тухайн гэр бүлийн харилцааг хэрхэн дуусгавар болгох, эд хөрөнгийн маргааныг хэрхэн шийдэх, түүнчлэн хамтран амьдрагч нэрээр гэр бүлийн дүр үүсгэж, эцэг эхийн хариуцлагаас зайлсхийж байгаа энэ үйлдлийг яаж зохицуулах вэ, нийгэмд тодорхой болоод байгаа ижил хүйстний асуудал болон хүүхэд үрчлэлтийн асуудал, тээгч эхээр хэрхэн хүүхэд тээлгэх зэргийг хуулиар зохицуулах шаардлага бий болсон.
Түүнчлэн Үндсэн хуульд заасан эцэг эх байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг гэр бүлийн хуулиар илүү тодорхой дэлгэрэнгүй орох хэрэгтэй юм. Тухайлбал, хүүхдээ орхиод явсан эцэг, эхэд хүлээлгэх хариуцлага юу юм бэ гэдэг нь Гэр бүлийн хуульд ч тэр, Эрүүгийн хуульд ч тэр тодорхой байхгүй байна. Хуучин эрүүгийн хуульд эцэг эх байх үүргээсээ татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт байсан бол өнөөдөр байхгүй болсон нь учир дутагдалтай. Бодит байдал дээр эцэг , эх хэн нэг нь хүүхдээ орхиод ор сураггүй болох , эсхүл гадаадад гарах зэргээр олон жил хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, боловсролтой иргэн болгох үүрэг хариуцлагаас мултардаг ч тэдэнд хүлээлгэх хариуцлага оновчтой бус буюу алга болсон он жилүүдийн хариуцлагыг нэхэх боломж хуулиар байдаггүй. Эцэст нь хэлэхэд үндсэн хуулийн 16.11-т Гэр бүл, Эх нялхас, төрийн хмагаалалтанд байна гэж заасан байдаг бөгөөд шуудхан хэлэхэд Монголын төр хүүхдээ хамгаалж хайрладаг төр байж чадахгүй байна.
-Гэр бүлийн тухай хууль гээд ярихаар хүүхдийн тэтгэмжийн асуудал их яригддаг. Үүнийг шийдэх гарц гаргалгаа ямар байж болох вэ? Мөн гэр бүл салалттай холбоотой хүүхдийн эрхийг зөрчсөн ямар үйлдлүүд илүү анзаарагддаг вэ?
-Гэр бүл салахад хамгийн гол хохирогч субъект нь хүүхэд болдог. Өөрөөр хэлбэл, гэр бүл салалтаас үүсч байгаа хамгийн гол уршиг нь хүүхэд дээр ирж буудаг. Энэ зүйлийг зөвхөн тэтгэмж өгснөөр шийдвэрлэнэ гэдэг нь дэндүү учир дутагдалтай. Тодруулбал, гэр бүлийн нэг гишүүн нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, боловсролтой иргэн болгох үүргээ орхиод явдаг. Хүүхэд хайр, халамжаар дутагдаж үлддэг. Тэтгэмжийн тухайд бол эргэж харахаар асуудал бас байдаг. Үндсэн хуульд нас хүйс, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлаж үл болно гэж заасан байхад өнөөдөр нийгмийн тулгуур үндсэн нэгж болсон гэр бүл дэх харилцаан дунд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг 0-11 нас хүртэлх хүүхэдтэй бол амьжиргааны доод түвшний 50 хувиар бодож олгоно, 11-18 хүртэлх настай хүүхдэд 100 хувь бодож олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, насны байдлаас нь хамаараад ялгаварлан гадуурхаж байгаа процессыг өөрчлөх хэрэгтэй. 1 настай ч бай 16 настай ч бай хүүхдийн хэрэгцээ шаардлага ямар ч ялгаагүй байх учиртай.
Мөн хүүхдийн тэтгэмжийн санг төрөөс байгуулж, хүүхдэд сар бүр дансруу нь шилжин ордог, тэтгэмжээ төлөх ёстой эцэг болон эхээс төр өөрөө гаргуулж авдаг механизм руу очих хэрэгтэй. Эргээд салсан эхнэр, нөхрөө тэжээх гэж байгаа юм шиг ханддаг байдал бий. Тэтгэмж төлж байгаа процедурт маш их асуудал байна. Нэгдүгээрт тэтгэмж төлж байгаа иргэн орлогоо нуух, орлоготой хэдий ч төлөхгүй зугтдаг, төлье гэвч чадваргүй нэг хэсэг байгаа. Тэтгэмж авч байгаа хүний хувьд ч энэ асуудлын араас явахаас ч тээр шаах ийм хүндрэлтэй асуудлууд байдаг. Тиймээс тэтгэмжээ төлөхгүй хүмүүсийг албадан ажил хийлгэж тэтгэлэг төлүүлэх зэрэг төрийн зохицуулалт хэрэгтэй харагддаг.
Сүүлийн үед хүүхэд өсөж торниж байгаа гэр бүлийн хөгжлийн асуудал орхигдохын зэрэгцээ гэр бүлийн бат бөх байдал алдагдах, гэр бүл цуцлах салах үйл явц түгээмэл болсон. Хуучин цагт гэр бүл салах нь ховор тохиолдол байсан бол одоо гэр бүл болох, салах асуудал энгийн үзэгдэл болж дээ. Энэ зүйл байдаг л жирийн үзэгдэл болж байгаа нь хамгийн эмгэнэлтэй юм. Хүүхэд төрсөн цагаас эхлэн хуваарьт өмчтэй байх ёстой. Гэр бүл саллаа гэхэд өмч хүүхдэд мөн хуваарилагдах, хүүхэд өмчтэй үлддэг зарчмыг хуулиар илүү тодорхой болгох шаардлагатай байгаа. Өнөөдөр эцэг эх нь хоорондоо тохироод би байраа авна, чи машинаа ав гэх мэтээр саллаа гэхэд хүүхэд өмчгүй үлддэг.
Хамгийн гол орхигдож байгаа зүйл бол эцэг эх гэрлэлтээ цуцлуулж болно, цаана нь хүүхдийн асран хамгаалах асуудал тэр чигтээ орхигдож байгаа. Эцэх эх саллаа, эргээд хүүхэдтэйгээ уулзуулдаггүй. Орхиод явсан ээж, аавдаа гомдох, үзэн ядах сэтгэл өвөрлөн хүүхдүүд өсөж байна. Хайраар дутсан хүүхэд хандлага буруутай болж торнидог. Энэ байдал нь эргээд хүүхэд гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгтэн болох нөгөө л эрсдэл рүү түлхэж байгаа. Тэгэхээр тухайн хүүхдийг боловсролтой, ёс зүйтэй зөв хүн болгохын тулд аав хүнийхээ хайрыг, ээж хүнийхээ энхрийллийг хүүхдэддээ өгч байдаг ахуйн шинжтэй боловч энэ харилцааг хуулиар зохицуулж өгөхгүй л бол өрөөсгөл гэр бүлд өссөн хүүхэд гэмт хэрэгт өртөх магадлал хамгийн өндөр байгаа юм. Монгол хүн үнэт зүйлтэй болж, тэрийгээ үр хүүхдэддээ зааж, өвлүүлдэг баймаар байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу