Хатуужсан коммунист хүн коммунист нийгмийн үед ийм эсэргүү байр суурьтай, тэгээд бас МАХН-ын Төв Хороонд суртал нэвтрүүлгийн хариуцлагатай алба хашиж байсан гэдгийг өнөөгийн уншигчид мэдэхгүй, итгэх ч үгүй. Өнөөгийн МАН-ыг би тэр үеийн МАХН гэж хэлж байгаа хэрэг.
Тэрээр СССР-т өргүй байх ёстой гэдэг дээрээ тууштай зогсож байжээ. Бас тэр үеийн БНМАУ бол дагуул (бараг тоглоомын) улс, Кремлийн дохио зангаагаар хөдөлж байсан, тэр үеийн МАХН бол Зөвлөлтийн коммунист намын салбар салаа аятай ажиллаж байсан гэхчлэн эсэргүү бодлоо байнга ярьж бичсээр байжээ.
Монголын гадаад өрийг 4үед хувааж: 1-д Хятадад 1912 онд 112 сая лан мөнгө; 2-т Хаант Орост 1921 онд 5 сая алтан рубль; 3-т Зөвлөлт Холбоот Улсад 1941-1990 онд 10 тэрбум шилжих рубль; 4-т гадаадын 12 оронд 1991-1998 онд 649.1 сая ам.долларын өр алдсан мэтээр нэг нөхөр бичнийг Сүрэнжав гуай өлгөж аваад лут тайлбар хийсэн байдаг юм.
Монголчууд сүүлийн гурван зууны турш ердөө л өр тавьж аж төрж байгаа бөгөөд ер нь өрөнд баригдахаас өөр ямар ч эрдэм ид шидгүй арчаагаа алдсан хүмүүс юм байна гэж бодогдохоор үелжээ гэж байгаад л хурцхан авч өгсөн байгаа юм.
Дөрөв дэх буюу шинэхэн үед өр тавьсан хүмүүс цөм сэрүүн тунгалаг байгаа болохоор хэзээ хэнээс юу авч, ямар ямар зүйл бүтээснээ өр төлөгч бөгөөд улам бүр ядуурсаар яваа ард түмэндээ тайлагнах юм байгаа биз. Харин эхний гурван бүлэг өр тавигчийн тухай өөрийн бодлыг илтгэе гээд тэрээр эхэлжээ. Түүний бичсэнийг үг үсэггүй буулгая:
Нэг. Монгол улс 1691-1911 он хүртэл 220 жилийн турш Манж-хятадын дарлалд оршиж, Монголыг манж Амбан захирч байсан гэдэг. Монголчууд улс төрийн ямар ч эрх мэдэлгүй, Монгол ньдан ганц нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг арга ажиллагаатай мал аж ахуйн орон байсан гэдэг. Энэ бол манай МАХН-ын үг. Бид эдгээр үгсэд итгэж хүмүүжсэн. Энэ ер нь үнэн голтой үг дэг ээ. Нэгэнт МанжийнЧин улс эзэн нь байж, харин Монгол орон колони байсан болохоор эзэн боол хоёрын хоорондын өр зээлийн ямар харилцаа байх билээ дээ? Учир байдал ийм байсаар атал бүр давраад 112 сая (4177 тонн 712 кг) лан мөнгөний өртэй байсан гэнээ. Өөрөөр хэлбэл колони байсан хугацааны жил тутам ойролцоогоор 19 тонн мөнгөний өр тавьж гэнэ. Даанч дээ, Та минь! Мигжэджанрайсиг бурханыг 8 тонн гаруйхан мөнгөөр бүтээсэн юм шүү. Тэгэхдээ монголчуудын мөнгөөр.
Хоёр. 1911-1921 оны хооронд 10 жилийн сиймхий гарчээ. Энэ хооронд Монголыг яах вэ гэж Хятад,Орос хоёр хоорондоо ярилцсан байх. Монгол нь манайх, танайх байх ёстой гэж мэтгэлцэж таар аа. Юутай ч болов Монголд хятадын цэрэг нэвтэрсэн, бас оросын цэрэг чорж ирсэн. Тэд хоорондоо нударга зөрүүлсэн. Тэгээд оросын цэрэг зэвсэг нь дийлсэн. Энэ явцад л Ардын хувьсгал ялсан. Яаж зүгээр байх вэ гэж цаг хугацааны энэ зайг бөглөхийн тулд 5 сая алтан рублийн өр гэгчийг ухаж гаргасан байна. Тэр үеийн ханшаар бол 3.9 тонн алт. Яаж бодсон ч Богд хаант Монгол улс тэр үед ийм их алт шингээж чадаагүй. Иймд 5 сая алтан рубль гэгч нь ухуулгын зүйл бөгөөд ёс төдий хүчингүй болгосных нь дараагаар Монгол-Зөвлөлтийн найрамдлын тэргүүнийг чимэглэх титэм болж хоцрох зүйл байсан биз.
Гурав. МАХН засгийн эрхэнд хэвээр бөгөөд ЗСБНХУ бүрэн бүтнээрээ асан 1990 оны эхээр “Эдийн засгийн боловсрол” сэтгүүлийн № 1-д хоёр орны хоорондын 1923-1988 оны худалдааны дүйцлийн дүнг гаргасан өгүүлэлдээ миний бие“ Манай улс (СССР–т) өртэй байх үндэслэлгүйгээр үл барам харин ч бага сага авлагатай байж болох байна” гэж бичсэн. Энэ бол тэр үедээ тун осолтой үгийн сэжүүр байлаа.
Удсан ч үгүй Зөвлөлтийн элчин сайд Василий Ситников Улаанбаатарт суугаа гадаад орнуудын дипломат хийгээд хэвлэлийн төлөөлөгчдийг оролцуулсан нижгэр хэвлэлийн бага хурал хийлгэв. Зөвлөлт-Монголын бүх талын хамтын ажиллагааны өөдрөг сайн талуудыг нэгд нэгэнгүй тоочин ярив. Эдийн засгийн зөвлөх Владимир Мурин ньөнөөх гай тарьсан өгүүлэл бичигч намайг “Худалдааны дүйцэл, төлбөрийн дүйцэл хоёрыг ялгаж салгаагүй” хэмээн зэмлэв. Элчин сайдын яамныБилдушкинов хэмээх буриад нөхөр зохиогч намайг “Тохитой томоотой хүн байж болчимгүй юм бичлээ” гэв. Худалдааны дүйцлээс гадна өөр бусад өөр олон баримт сэлтийг эргэцүүлэн бодоход 1921-1990 оны хоорондох Монгол Улс Зөвлөлт улсад өртэй байх учиргүй гэсэн эгэл дүгнэлт аяндаа урган гарч байна. Энд уг асуудлын зөвхөн улс төрийн талыг товч хөндье.
- МАХН, БНМАУ бие даасан нам, улс байсан уу? Ер нь тийм нам, улс байх бодит боломж байсан уу? Яахав БНМАУ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, дэлхийн төчнөөн улстай дипломат хийгээд бусад элдэв зүйл харилцаа тогтоосон гэх зэрэг том том үг хэлж болно. Гэвч “Дорнод Европын орнуудын коммунист намууд бол ЗХУКН-ын төрүүлсэн охид мөн”гэсэн Оросын улс төрч Егор Гайдарын тодорхойлолт манай МАХН-ын хувьд ч дүйцнэ. Бүх холбоотын эв хамт (большевик) намын Коминтерны даалгавраар тэдгээрийн бие төлөөлөгчид МАХН-ыг санаачлан байгуулсан. “Дундад улсад Зөвлөлт байгуулал тогтосны дарааМонгол ньХятадын бүрэлдэхүүнд багтан орж болох” тухай МАН-ын “Эрмэлзэх арван зүйлд” заасан ньбий. Эдгээр үгс нь 1924 онд Зөвлөлт-Хятадын хооронд байгуулсан хэлэлцээр (хавсралт № 1) гэх баримт бичгийн зохих зүйл ангитай яв цав тохирдог юм. Монгол нь Хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн болох тухай санааг зөвхөн гаднын хүчин МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулж чадах бөгөөд тийм хүчин нь Зөвлөлт Оросынбольшевик нам мөн. Өөр нэгэн баримт эш татъя. 1921 оны 12 дугаар сард баталсан “Намын Төв Хорооны Сургагчийн Дүрэм” гэдэгт “Төв Хорооны тогтоол шийдвэрийн эхийг сургагч зохионо. Цаг тухайн засгийн бодлого лугаа холбоот ба аливаа олон зүйлийн учир мэдүүлэх бичгийн эх ба ардын намын суртлыг ухуулан нэвтрүүлэхийн журмыг зохион гаргана. Тус намын үйлдвэр хэргийг явуулан гүйцэтгэн олон газрыг хэрхэн нэвтрүүлэх ба уул зорилгод нийлүүлэн үйлдэж буйг хянан харгалзанаТэргүүлэгчид, ерөнхий хэлтсийн санаачлан гүйцэтгэх зүйлүүдэд сургагчийн бодлогыг хэрэглэнэ”гэж заажээ. Ийм ил тод заалттай тогтоолын эхийг мөнөөхөн большевик намын заавраар зохиосон нь мэдээж. Монголд Ардын хувьсгал ялахаас эхлээд БНМАУ-ыг тунхаглах, алтан ургийн язгууртан хаад ноёдын удам угсаа, лам нар, буриадууд, чинээлэг ардуудыг аймаглан устгах, сүм хийдүүдийг үгүй хийх, малчид, үйлдвэрлэгчдийн мал сүрэг, өмч хөрөнгийг хураах зэрэг улс орныг хамарсан томхон бүхажил үйлсийг Москвагийн заавраар гүйцэтгэжээ.
- МАХН бол үнэн хэрэг дээрээ Зөвлөлт улсаас Монголд суулгасан Амбан захирагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. ЗСБНХУ бол Монголын эзэн улс байв. Монголын улс төр, эдийн засгийн бүх эрх мэдэл Москвад төвлөрч байсан бөгөөд Монголын удирдлагад хэнийг тавих, хэнийг огцруулах, гадаадын ямар оронтой аль хэр төвшинд харилцаа тогтоох, тухайн тодорхой үед үйлдвэр, аж ахуй, соёл боловсрол, шинжлэх ухаан, гэгээрэл, эрүүлийг хамгаалах ямар салбарыг хөгжүүлэх зэрэг зарчмын асуудлыг тэнд шийдэж байв. Тэглээ гээд монголчууд бидэнд тус хүргэснээс ус болсон зүйл үгүй. Зөвлөлт ньилүү хөгжилтэй боловсронгуй хүчирхэг орны хувьд Монгол орныг бүх талаар ивээн тэтгэж, аж ахуй, соёлын талаар харамгүй тусалж, бүх зүйлд сургаж, монголчууд биднийг ертөнц дахинаа дахин алдаршуулж өгсөн билээ. Үүнийг үгүйсгэж болохгүй.
Бид сайн эзний буянаар 1990-ээд оны эхээр орчин үеийн түлш, эрчим хүч, уул уурхай, хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн олон салбар, тээвэр, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан, ардын боловсрол, эрүүлийг хамгаалахыг зэгсэн хөгжүүлсэн бөгөөд аж төрөл нь жигдэрсэн өөдрөг бадрангуй сэтгэлтэй хүн ард бүхий улс болоод байсан юм. Нэгэнт социалист Монгол улс Зөвлөлт Холбоот Улсаас хараат байдалд байсан болохоор тус хоёр орны хооронд өр авлагын тухай яриа байх үндэсгүй бөгөөд асуудлыг ингэж авч үзэх нь 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцин нарын хамтран гаргасан мэдэгдлийн үзэл санаатай нийцэж байгаа юм.
Хавсралт: Cоглашениеоб Общих принципах для урегулировании вопросов между Союзом Советских Социалистических Республик и Китайской Республикой.
Статья 5. Правительство Союза Советских Социалистических Республик признает, что Внешняя Монголия, является составной частью Китайской Республики, и уважает там суверенитет Китая. Правительство Союза Советских Социалистических Республик заявляет, что как только вопросы об отозвании всех войск Союза Советских Социалистических Республик из Внешней Монголии, а именно о предельном сроке отозвания этих войск и о мерах, имеющих быть принятыми в интересах безопасности границ, будут согласованы на конференции, указанной в статье 2 настоящего Соглашения, оно осуществит полное отозвание всех войск Союза Советских Социалистических Республик из Внешней Монголии. Учинено в Пекине сего 31 мая 1924 года, что соответствует 31 дню 5 месяца 13 года Китайской Республики. (Из сборника действующих Договоров, соглашений и конвенций, заключенных с иностранными государствами. Москва, 1935 г)
Хараат байдлын тухайд социализм байгуулах зоримог том туршилт эхлэх яагаа ч үгүй байхад Монгол-Зөвлөлтийн харилцаа үүсэн тогтсон билээ. Тэр үед СССР гэж улс байсангүй, харин Монгол бол Хятадын харьяаны нутаг дэвсгэр байв (1946 он хүртэл). Тэглээ ч гэсэн Зөвлөлт Орос УлсГадаад Монголтой хэдийгээр дипломат биш ч найрамдалт харилцаа тогтоожээ. МАХН бол Бүх холбоотын коммунист большевик намын үлгэр загвараар оросын коммунистуудын шууд оролцоотойгоор байгуулагдсан большевикуудын намын гадаад дахь салбар байлаа.
Хараат байдлыг Төв Хорооны сургагчдын дүрмээс тодорхой харж болно. МАХН бол бүх ажил үйлдэлдээ большевикуудын намын заавар сургаалыг ёсчлон биелүүлдэг нэгэн ёсны хиймэл дагуул мэт байгууллага болж байна.
Үнэн хэрэгтээ 1990 он хүртэл МАХН-д бие дааж санаачлан хийсэн улс орны улс төр, эдийн засаг, соёлыг удирдах томоохон үйлдэл нэгээхэн ч үгүй билээ. МАХН, Ардын засгийн газрын бараг бүх баримт бичгийг эхлээд орос хэл дээр зохиож дараа нь орчуулдаг байсан. Ардын засаг төрийн ажил үйлдэл үүнтэй мөн нэгэн адил. Ардын засгийн Дотоодыг хамгаалах газрын анхны дарга зөвлөлтийн иргэн байв. Тэгээд намын III их хурал хуралдаж байх үеэр ДХГ-ын дарга большевик Баторун ардын намын анхны дарга Данзанг шөнө дунд баривчилж бүтэн хагас өдөр шоронд суулгаад буудан алжээ.
Харин ардын засгийн анхны Ерөнхий сайд Бодоог хэлмэгдүүлэхэд энэхүү Данзан болон Сүхбаатар нар гар дүрсэн байдаг юм. Эхлээд Бодоог хэлмэгдүүлсэн нь цаанаа учиртай. Юу гэвэл, Засаг мэдлээ оросын гарт оруулахгүйгээр өөртөө эрхийг барьж байхыг бодно уу гэж VIII Богд Жавзундамба хутагтын айлдсаныг Бодоо дэмжсэн талтай. Хэлмэгдүүлэлтэд богдын хувийн эмч Сэрээнэн өртсөн.
Хойтон жил нь VIII Богдыг таалал төгсөхөд СССР-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын мэдээллийн хэлтсийн эрхлэгч И.Генкин талийгаачийн эмгэг согогийн талаар итгэхүйеэ бэрх мэдээлэл нийтлүүлж, төгсгөлд нь -”Богдын ордноос 400 гаруй маузер, винтов буу, 150 мянга гаруй сум, гунан буу дөрөв гарлаа” гэснийг үзвэл Богдыг хардаж сэрдсэний улмаас хороож, нэгжлэг хийжээ хэмээн таамаглахад хүргэнэ.
Ер нь нэгэнтээ Ардын хувьсгалыг коммунист нам, Зөвлөлт төр үүсгэн байгуулсан болохоор энэ их эхлэлтийн дараагаар гүйцэтгэвэл зохих их бага бүх үйл хэргийг зөвлөлт нөхдийн гар бие, оюун билгийн оролцоотойгоор хийх учиртай нь хэн бүхэнд ойлгомжтой. Манай зарим хүмүүс, ялангуяа Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараагаар Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг МАХН удирдан Чойбалсан, Гэндэн нар явуулсан мэтээр ярьж бичиж буй нь үнэн байдалд үл нийцнэ. Хэлмэгдүүлэлтийг жинхэнэ удирдан зохион байгуулагчид нь Москвад байсан юм. Хэлмэгдүүлэлт бол хүчний давамгай байдлын илрэл мөн. Хүчний давамгай байдал ямагт зөвлөлтийн талд байсаар ирсэн. Тийм ч байх ёстой. Хүчний давамгай байдал хараат байдлыг бий болгоно. 1921-1990 он хүртэлх хугацаанд зөвлөлтийн цэрэг Монголд цаг ямагт байсаар ирсэн. Монголын умард хил ямагт нээлттэй байлаа. Манай Монгол Улс хоёр их хүчтэй гүрний дунд оршдог болохоор тэдгээрийн хоорондын харилцааны өнгө аяс манайд ямагт нөлөөлж байдаг.
1929 онд байгуулсан “Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчим” гэсэн гэрээний дагуу Монгол Улс гадаад худалдааны онцгой эрх гэгчийг тогтоож, Хятадтай арилжаа наймаа хийхээ зогсоож, өөрийн түүхий эд, мал хуй гэх мэтийг дан ганц Зөвлөлт их гүрэн рүү гаргаж байх болсон юм. Энэ бол Монголыг Хятадаас холдуулан салгаж, зөвлөлтийн хараанд бүрэн оруулж авах оролдлогын нэг гишгүүр байв. Эл гэрээ байгуулахаас өмнө нэмэх үлдэгдэлтэй байсан Монгол-Зөвлөлтийн худалдаа 1941 он хүртэл ямагт хасах үлдэгдэлтэй болж хувирав. Монголыг бие дааж бараа таваараар хангана гэсэн амлалт биелсэнгүй. Харин хятадын зах зээлээс л түр тусгаарлаж чадсан билээ.
Зөвлөлт-Монголын харилцааны нэг болзол бол Хятадын нөлөөнөөс Монголыг аль болохоор зайдуу цэрвүү байлгах явдал юм. Энэ бол бараг үл гүйцэлдэх зорилго. Учир нь Монгол Улс хэзээ ямагт энэ хоёр их гүрнийхээ нөмөр нөөлөг, хажуу бөөрөнд нь явах уг язгуурын заяа тавилантай билээ. Гэвч коммунист нам хатуу бодлогоо баримталсаар л байв. 1960-аад оны эхээр Хятадтай түнжин хагарахдаа зүүн урд талын бор гэр болох жижигхэн Монголоор хаалт бамбай хийв. Монгол орон тэр аяараа зөвлөлтийн цэргийн байлдааны ангиудын хуаран мэт болов. Монгол Улс БНХАУ-тай улс төр, эдийн засаг, соёл, иргэний харилцаагаа бололцоот доод хэмжээнд хүртэл хумиж нарийсгав.
Үүний хариуд Зөвлөлтийн зээл гэгчийн хэмжээ нэмэгдсээр байв. Тэр үед Зөвлөлтийн зээлийг “Аугаа их Зөвлөлт Холбоот Улсын сэтгэл харамгүй тусламж” хэмээн нэрлэж байв. Зөвлөлтийн зээл тусламжийн дийлэнх хувь нь 1960-1990 оны хооронд ногдож байгаа юм. Энэ бол Хятад улстай харилцаагаа албан хүчээр муутгасны шан харамжинд ирсэн нэгэн ёсны нөхөн төлбөр байлаа.
Хараат байдлын улбаа одоо хүртэл манай зарим хүмүүсийн тархи толгойноос арилаагүй байна. Тэр ч байтугай ер нь Монгол ньЗөвлөлт Холбоот Улсын дагуул, хараат орон байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, улс төрийн байгууллага ч Монголд байсаар байна. Дотроо муу юм санаж бэтгэрээд түүнийгээ гадагш гарган хэлж чадахгүй явах нь сайн санааны үр дагавар биш биз.
Дор хаяад л юмыг яаж мэдэх вэ,гадаад дотоодод явж байтал гэнэт толгой дээрээс улаан тоосго унах ч юм уу, паркетэн шал цөмрөх ч юм уу, эсвэл уух унд, идэх хоолонд санамсаргүй хүнцэл ч юм уу, цианлиг калийн дусал гоожсон байвал яана гэж хаяагаа манагчид ийм бодолтой байдаг биз. Бас учрыг огт мэдэхгүй ч мунгинаж яваа гүндүүгүй амьтад байгаа л даа.
Гэвч юм үнэнээрээ дээр. Эрт орой алин боловч юмны үнэн магад тодорно. Зөвлөлтийн тусламж гэдэг бол тийм ч сүрхий сэтгэл харамгүй зүйл биш бөгөөд дайны өмнөх үед манай Монголын хувьд гэвэл тэр нь лам нар, хүрээ хийдийг устгах явдалтай холбоотой байв. Харин ялангуяа БНМАУ-ын сүүлийн 30 жилд нь зөвлөлтийн тусламж гэгчийн хэмжээ өссөөр байсан нь МАХН, БНМАУ нь хятадын талаар ЗХУКН, СССР-ийн баримталж байсан дайсагналцах бодлогыг бүх талаар дэмжиж, зөвлөлтийн армийн байлдааны ангиудыг өөрийн нутаг дэвсгэр дээр чөлөөтэй байрлуулж, ХКН, БНХАУ-тай харилцаа холбоогоо таслан зогсоосон явдалтай нягт холбоотой байсан юм.
Муу л бол зүүн урд талын хар овоохой гэдэг шиг өр ширийн тухай л бол өнөө жижигхэн Монгол, авлага л бол аугаа их Зөвлөлт улс, тэгэхдээ зөвлөлтийн л авцаа мөн бол заавал “их том” байх ёстой гэж боддог сэцэн мэргэн толгой манайд байгаа нь харамсалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди нэг өглөө босоод зөвлөлтөд төлөх “их өр” гэж анхдуугарсан. “Их өр” гэдэг нэр томъёог тэр Ерөнхийлөгч өөрөө бодож олсон уу, аль эсвэл өөр нэгэн ухаантан хажуугаас нь хэлж өгсөн үү, бүү мэд. Миний мэдэхээр бол 1990 оноос нааш манай сэхээтнүүд Монгол Улс Зөвлөлтөд өр шир гэхээр юм үгүй гэж ярьсаар бичсээр байгаа. Ерөнхийлөгч тэр үгийг таазнаас шүүрээгүй нь лавтай. Заавал нэг эх сурвалжтай байх.
Ерөнхийлөгч гэснээс Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн А.Базархүү (түүнийг Сангийн сайд байх үед) хоёртой миний бие нүүр учран албан өрөөнд нь уулзаж “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцааны тухай” товч тэмдэглэлийг гардуулж, манай улс Зөвлөлтөд өргүй гэдэг өөрийн бодлыг тайлбарлан өчиж байсан билээ. Үүнд П.Очирбат миний санаа бодлыг анхааралтай сонсоод –“Би энэ ажлыг хөөцөлдөх санаатай байгаа юм. Тэр үед Таныг (намайг шүү дээ) авч ажиллуулахыг бодно” гэсэн утгатай үг хэлж байсан билээ.
Энэ өчүүхэн тэмдэглэлд – Монгол Улс Оросын Холбооны Улсад өртэй байх ямар ч учиргүй гэдэг өөрийн бодол санааг: а) Хоёр орны хоорондын тэгш бус худалдаа; б) Өөрийн дэвсгэр нутгаас Зөвлөлт улсад дур зоргоор нь өгч, дэлхийн баялгаа харамгүй хэрэглүүлж байсан; в) Монголын 140-150 мянган хүний амь насыг хэлмэгдүүлж, түүхийн дахин давтагдашгүй үнэт дурсгалын зүйлс – уран барилга, урлагийн бүтээл, есөн эрдэнэсийн сан хөмрөгийг зөвлөлтийн удирдагчдын тушаал заавраар устгаж үгүй хийсэн; г) Монгол Улс 1921-1990 оны турш Зөвлөлтийн цэрэг-улс төр, эдийн засгийн бүрэн хараат байдалд байсан зэрэг 4өнцгөөс авч үзэж тайлбарлахыг оролдов.
Нэр төрөө дээдлэн хамгаалдаг ямар ч Засгийн газар ард түмнийхээ олон зууны турш бүтээн байгуулж хурааж хуримтлуулсан түүх дурсгалын зүйлс, үнэт баялгаа эвдэн бусниулуулаад, буурай жижиг эх орныхоо 5 хүн тутмын нэгийн амь биеийг хилс хэрэгт холбогдуулан цаазлуулаад ямар ч гомдолгүй дөмбийтөл сууж байж чадахгүйсэн билээ. Чухам ийм учраас миний бие 1991.04.17-нд Гадаад явдлын Яамнаас эрхлэн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр: -“Монголын эдийн засаг, соёлын салбарт нэг хүнийг тахин шүтэх явдлын учруулсан хор хохирлыг судлан илрүүлэхийн тулд тус хоёр орны төлөөлөгчдийг оролцуулсан санаачилгын хэсэг байгуулах, үүнд юуны өмнө монгол, зөвлөлтийн эрдэмтэн түүхчид, нийгэм судлаачид, орон нутаг судлаачид, эдийн засагчид, газар зүйчид зэрэг шинжлэх ухааны бусад салбарын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулах” саналыг Зөвлөлтийн Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад явдлын Яаманд хандан гаргасан билээ. Энэ санал усанд живсэн чулуу мэт чив чимээгүй замхарсан. Зүй нь манай Гадаад явдлын Яам олзуурхан хүлээн аваад ажил болгох буюу Засгийн газартаа өргөн барих ёстой байсан биз. Гэвч одоо ийм ажил санаачлан хийхэд болохгүй гэх зүйлгүй санагдана. Хараат байдалд байсан үед бол иймэрхүү ажил санаачилж болохгүй. Харин 1990 оноос хойш жинхэнэ бие дааж ажиллах эрхээ олсон төр засаг өөр бусад улсын буруугаар устаж алга болсон үнэт баялаг, үл хөдлөх хөрөнгө, хэлмэгдэж үрэгдсэн хүний амийг аль буруутай улсаас нэхэмжлэх нь хууль зүйд нийцэх нь зайлшгүй биз ээ – Д.Сүрэнжав (Үргэлжлэл “Засгийн газрын мэдээ” сонинд)
Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү