Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр (2019.12.03) “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж, түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа.
Тэрбээр, УИХ-ын даргын 2017 оны захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн гишүүн юм. Мөн нийслэл хотын хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй сайжруулсан түлшний чанар, хүртээмж, хэрэглээний талаар ярилцаж, санал солилцсон байна. Иргэдийн дийлэнх нь сайжруулсан түлш зөв шийдэл болсныг хэлжээ.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол батлагдсан билээ.
Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгой ордын Ухаа худгийн уурхайгаас Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрс медлингийн тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар захирамжаар байгуулсан.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхүүд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр хангахад жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцооллыг гаргаад байгаа юм.
Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150.000 төгрөг байгаа юм. Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, 9 хувийг Сүхбаатар дүүрэг, 6 хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 нь 9 дүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна. Өнгөрөгч 09 дүгээр сараас эхлэн түлшийг картаар олгож эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш олгох 206251 карт тараажээ. Үүнээс 13.247 картыг бүртгэлжүүлж, 74.104 карт бүртгэлгүй байна.
Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар шахмал түлш худалдан авсан бол 11 дүгээр сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн 10 дугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол 11 дүгээр сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарчээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн олон жил ярьж, гарц шийдлийг олох гэж ажилласан гишүүдийн нэг нь би. Энэ удаагийн парламентаас чамгүй ажиллаж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, судалгаа хийж ажилласны дүнд Засгийн газарт түлшний үйлдвэрийг сайжруулах чиглэл өгсөн. Эхнээсээ үр дүн гарч байгаад баяртай байна. Үйлдвэрийнхэн сайн ажиллаж байна. Цаашдаа түлшээ улам сайжруулах талаар бодох хэрэгтэй. Таван толгой түлш ХХК-ийн зөвлөхүүд, эрдэмтэд нийлээд ХБНГУ-ын туршлагаас судлаад ирсэн талаараа надад хэллээ. Бидэнд боломж байна. Агаарын бохирдлыг бууруулах дунд, богино хугацааны шийдэл бол яах аргагүй түлш учраас Европ стандартыг нэвтрүүлээд жижиг үйлдвэрүүдийг байгуулаад ирвэл нүүрстэй газар бүрт, аймаг бүрт сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой юм байна. Урт хугацаандаа дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй” гэв.
“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
– Түлшний үйлдвэрлэл ямар байна? Хоногт хэдэн тонн түлш үйлдвэрлэж байна?
– Манай үйлдвэр Улаанбаатар хотын хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн 8 шугамын тоног төхөөрөмжөөр 24 цагаар тасралтгүй түлшээ үйлдвэрлэж байна. Удахгүй шинээр 2 шугамын нэмэлт тоног төхөөрөмж ашиглалтад орно. Ингэхээр хүртээмж илүү нэмэгдэж, хэрэглээнээс давсан нийлүүлэлт бий болно. Одоогийн өдөрт 3000 орчим тонн түлш үйлдвэрлэдэг. Харин хэрэглээ 2500 орчим тонн байгаа. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.
– Долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхүүдийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байна гэсэн гомдлууд байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бий юу?
– Иргэдэд эдийн засгийн хувьд хэрэглээндээ тохируулан худалдан авах нь зөв гэж үздэг. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхдаа нэг, хоёр тонноор нь нөөцөлж авдаг байсан. Энэ нь хүйтний улирлаа дагаад нүүрсний үнэ өсдөгтэй холбоотой байсан. Иргэд энэ хандлагаасаа салаагүй байна. Одоо бол сайжруулсан түлшний үнэ өсөхөөс айх зүйлгүй. Нэг тонн түлш 150 мянган төгрөг, нэг шуудай нь 3750 төгрөг хэвээрээ байна. Өөрсдөдөө санхүүгийн дарамтгүйгээр өдөр тутамдаа түлшээ худалдан аваад байх боломж, давуу тал байгааг ойлгох хэрэгтэй.
Нөгөө талаар нэг өрхөд 7 хоногийн хэрэгцээнд нь 6 шуудай түлш өгч байгаа нь агаарын бохирдол, утааг бууруулахад үзүүлж байгаа нөлөөтэй шууд холбоотой. 6 шуудай бол айлын хэрэглээг бүрэн хангах, зохистой хэрэглээ юм. Өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард нийт 450 мянган тонн нүүрс гэр хорооллын бүсэд хэрэглэгдсэн гэсэн тооцоо байдаг. Харин энэ оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 190 орчим мянган тонн түлш хэрэглэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Тэгэхээр түлш, түүхий нүүрснээс бараг гурав дахин бага хэрэглэгдэх боломжтой. Үүнээс агаарын бохирдлыг ямар хэмжээнд бууруулж байгааг харж болох байх. Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах ажил урьд хожид хийгдэж байгаагүй том ажил. 20, 30 жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй ажил өнөөдөр биелэлээ олсон. Түгээлт, борлуулалтыг улам сайжруулахаар ажиллаж байна.
– 12 дугаар сарын 01-нээс эхлэн картгүй иргэнд сайжруулсан түлш борлуулахгүй байхаар болсон. Энэ нь иргэдэд чирэгдэл үүсгэхгүй юу?
– Манай иргэд угаасаа борлуулалтын цэгээс картаа уншуулаад түлшээ авч байгаа. Энэ бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг маш тодорхой гаргаж ирнэ. Бид өмнө нь гүйцэтгэл дээр маш их алддаг байсан. Жишээлбэл, зуух тараадаг байсан. Хэрвээ бүгд 100 хувь зуухаа ашигласан бол магадгүй өнөөдөр үр дүн өөр байх байсан. Тэгээд түлш, халаагуур гээд олон арга хэрэглэж үзсэн. Бүгд гүйцэтгэл дээрээ алдсан байдаг. Тэгэхээр энэ цахим хяналтын карт бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг бүрэн хянана. Нөгөө талдаа өрхүүдийн хэрэглээний хэмжээг тогтоох боломжтой болно. Картыг нэвтрүүлсэн нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Магадгүй түлшнээс өөр зүйл хэрэглэж байгаа айл карт ашиглахгүй байна гэсэн үг. Карт хяналтын үүргийн гүйцэтгэх ч иргэд мөн зөв зохистой хэрэглээнд суралцана. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм. Адилхан байшинтай хоёр айлын түлшний хэрэгцээ өөр гараад байгаа нь хяналт тавих нөхцөлийг бий болгож байгаа юм. Ер нь агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал шүү дээ.