Ugluu.mn сайт “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаараар НАМОХ-ны Ерөнхийлөгч Г.Батдоржтой ярилцлаа. Бидний ярианы сэдэв залуучуудын улс төрийн оролцоо, тулгамдаж буй асуудлуудын талаар байсан юм.
- Залуу хүн гэх ойлголт хэдэн наснаас эхэлж байна. Хэдээс хэдэн насны бүлгийг залуучууд гэж үздэг вэ?
Залуу хүн хэн бэ гэдгийг тодорхойлох тодорхойлолт олон улсад өөр өөр бий. Онолын хувьд янз бүр. Тухайлбал НҮБ 15-24 насны хүмүүсийг залуу хүн гэж үзэж байна. ДЭМБ 10-29 насны залуусыг, Дэлхийн банк 15-34 насныхныг, Африкийн улс орнууд, Африкийн холбоо 15-34 насны залуусыг, Европын холбоо 15-24 насны залуусыг, БНХАУ 50 хүрч байгаа хүмүүсийг ч залуу хүн гэж үзэж байх жишээтэй. Харин Монгол Улсын хувьд 2017 оны тавдугаар сард батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд 14-34 насны хүмүүсийг залуу хүн гэнэ гэж хуульчилсан байна. Залуучуудын хөгжлийг дэмжих хууль батлагдахаас өмнө 18-39 насны хүмүүсийг залуучууд гэж үзэж байсан.
- Залуу хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Залуу хүний талаарх олон тодорхойлолтууд байдаг. Нийгмийн амьдралыг, нийгэм эдийн засгийн хөгжлийг, техник технологийн дэвшлийг, аливаа хувьсан өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийг манлайлж, шинийг санаачилж байгаа, шинийг эрэлхийлж, бүтээхийг эрмэлзэж байгаа, бүтээн босгож байгуулахыг эрмэлзэн тэмүүлж байгаа, ид халуун оргилуун үе дээрээ байгаа хүмүүсийг залуу хүн гэж би хувьдаа боддог. Залуу хүнээс оргилсон их тэмүүлэл гарна.
- Таныхаар залуу хүн улс орны хөгжил дэвшилд ямар үүрэгтэй байх ёстой вэ?
Дэлхий дээр 200 гаруй улс орон байна. Энэ хөгжил дэвшлийг, шинэ техник технологийг, аж үйлдвэрийн болон бусад хувьсал, хувьсгалуудыг дэлхий дээр залуучууд л манлайлж хийж байсан түүхтэй. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр гэж үг бий.
- Тэгвэл залуучуудын манлайллын тухайд?
Манлайлагч байх гэдэг нь их өргөн хүрээний ойлголт л доо. Хүн болгон манлайлагч байх шаардлагагүй. Манлайлагч байхыг хүсэхгүй ч хүн байна. Хомосапиенс буюу оюун ухаант хүн үүсэж, хөгжиж, овгийн зохион байгуулалттай болсон цагаас эхлэн эрх мэдлийн төлөөх хүсэл тэмүүлэл, тэмцэл эхэлсэн. Тэр хүсэл тэмүүллээ дагаад шударга, ёс зүйтэй байх, эрх тэгш харьцдаг байх гэх мэтчилэн олон зан чанарууд манлайлагч хүмүүс өөртөө төлөвшүүлж ирсэн.
- Техник технологийн дэвшил, байгаа орчноосоо шалтгаалаад бид нэг гараанаас эхэлж байна. Бид адилхан ухаалаг утас хэрэглэж, адилхан интернетийн орчинд зорчиж, мэдээллийг эрх тэгш авж байна. Бид эрх тэгш боломжтой болчихлоо. Яг ийм нөхцөлд залуучууд бид юугаараа ялгарах вэ?
Олон янзын онцлог хэлж болно. Аливаа улс орны хөдөлгөгч хүч нь залуучууд. Залуучуудын онцлог нь бүтээх, шинийг санаачлах, эрэлхийлэх, санаачлагчтай байх. Залуучууд бидэнд асар их нөөц, асар их боломж байна. Дэлхийн бусад орнуудад залуучуудаар аз жаргалын индекс нь тодорхойлогдож байна. Залуучуудын оролцоотойгоор бизнесийн салбар нь хүрээгээ тэлж байна. Соёл урлагийн салбар нь залуучуудын хүчээр хөгжиж байна. Залуучуудын хүч хөдөлмөрөөр улс оронд баялаг бий болж байна. Тэдний шинэ санаагаар техник технологи нь асар хурдацтай өөрчлөгдөж, хөгжиж байна. Тэдний оролцоотойгоор хүн төрөлхтний тоо ч гэсэн нэмэгдэж байна. Тэгэхээр залуучууд нийгмийн бусад бүлгээсээ ялгагдах онцлог нь илүү бүтээлч байх, хөдөлмөрч байх, илүү оролцоотой байх гэж би хувьдаа хардаг.
- Бидэнд тэгш боломж нь байгаа. Хамгийн гол нь бид амьдарч байгаа орчноо хүссэнээрээ бий болгох боломж байна. Гэтэл яагаад залуучууд бухимдалтай байгаад, хүссэнээр маань болохгүй байна вэ?
Залуучууд бизнесийн салбаараас илүү улс төрд оролцоо муутай байдаг. Идэвхгүй байдлаасаа болж энэ нийгмийг өөрсдийнхөөрөө цогцолоон бүтээж чадахгүй байгаад байна. Тэгэхээр нийгмийн идэвхи оролцоо болон улс төрийн идэвх оролцоо чухал юм.
Тэгш боломж, өөрчлөлт, гээд ярихаар яалт ч гүй улс төрийн сэдэв рүү хазайхаас өөр аргагүй. 1989 он, 1990-ээд оны эхээр ардчилсан хувьсгал өрнөөд нийгэм өөрчлөгдсөн. Өнгөрсөн 30 жилд нийгэм эдийн засгийн байдал маш их өөрчлөгдсөн. Монгол Улсын хүн ам 3,2 сая болсон байна. Үүний 33,9 хувийг залуучууд эзэлж байна.
Монгол Улс 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсон. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын 12 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор монгол Улсын хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааг өөрчилж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэж байгуулсан. Ингэснээр Монгол Улс 1990 оноос хойш анх удаа залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай болсон. Анх байгуулагдаж байх үед залуучуудын тоо статистик мэдээлэл байхгүй, залуучуудад юу тулгамдаж байгаа нь тодорхойгүй, залуучуудын нийгмийн амьдралын идэвхи оролцоо нь тодорхой бус байсан учир хэд хэдэн зүйлийг зайлшгүй хийх шаардлагатай болсон. Түүний нэг нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль. Дэлхийн 200 улсад 30 орчим улс л залуучуудад зориулсан хуультай байдаг. Энэ хууль бий болсноороо залуучуудад тулгамдаж байгаа асуудлын заримыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.
- Жишээ нь ямар тодорхойгүй асуудлууд байв?
Олон улсад залуучуудын хөгжлийн индекс гэж бий. Залуучуудын хөгжлийн тухай хууль батлагдаагүй байхад энэ индексээр Монгол Улс дэлхийн 183 улс орноос 71 дүгээрт жагсаж байсан. Залуучуудын хөгжлийн индексийг дөрвөн жил тутамд шинэчилдэг бөгөөд нэгдүгээрт залуучуудын эрүүл мэнд, хоёрдугаарт боловсролын чанар, гуравдугаарт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, дөрөвдүгээрт идэвх оролцоо, тавдугаарт залуучуудын улс төрийн идэвх оролцоо гэсэн таван шалгуураар дүгнэж авч үздэг. Энэ бол 2016 оны тоо. Удахгүй 2020 оны индекс нь гарна.
- Яагаад 71 дүгээрт байна вэ?
Залуучуудын эрүүл мэндийн асуудал, боловсролын чанарын асуудал, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэсэн гурван үзүүлэлт Монгол Улсыг хойш нь татаж байна. Эдгээр нь залуучуудад тулгамдаж байгаа асуудал мөн үү гэвэл мөн.
2018 оны статистик мэдээллээр 15-34 насныхан нийт хүн амын 35,5 хувийг эзэлж байсан. Тэдгээр 35,5 хувь маань хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн 55 хувийг, хөдөлмөрийн зах зээлд бүртгэлгүй байгаа ажилд орох хүмүүсийн 57,2 хувийг эзэлж байгаа юм. Их дээд сургуульд жилд ойролцоогоор 270,000 орчим оюутан суралцаж, 50,000 орчим нь төгсдөг. Түүний 24,1 хувь нь буюу дөрвөн төгсөгч тутмын нэг л ажлын байраар хангагддаг. НҮБ-ын судалгаагаар нэгж оюутан их сургуульд сураад, тогтвортой ажлын байртай болтлоо 2,4-2,9 жилийг ажилгүй өнгөрүүлдэг гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал ийм байна.
Эрүүл мэндийн нөхцөл байдал нь гурав залуу тутмын нэг нь архи болон согтууруулах ундаанаас хамааралтай. Мөн гурван залуу тутмын нэг нь таргалалттай. Сүүлийн үед залуучууд, өсвөр үеийнхний дунд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь бэлгийн замаар дамжих өвчлөл. 2017 оны мэдээллээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн төвд шинжилгээ өгч бэлгийн замаар дамжих халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 45 хувь нь 15-24 насных, дээр нь 24-39 насныхныг нэмбэл хэдэн хувь болох бол. Хүний дархлал хомстлын вирус буюу ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 41,2 хувь нь 30 хүртэлх насны хүмүүс байгаа юм.
Доош нь татаж байгаа үзүүлэлтийн нэг болох боловсролын чанарын асуудлыг яривал Монгол Улсын боловсролын чанар дэлхийн 122 орноос 115-д эрэмбэлэгдэж байна. Манай хамгийн том, хамгийн мундаг сургууль гэдэг МИУС дэлхийн шилдэг сургуулиудын эхний 1000-д ороогүй. Гэх мэтчилэн маш олон асуудал шийдэгдэхгүй байгаад байна.
- Хэрхэн шийдвэрлэж болох вэ?
Залуучуудтай холбоотой дээр ярисанаас гадна шийдвэрлэх маш олон асуудал байна. Тухайлбал манай улсад жилд дунджаар 11,000 хүн гэрлэлтээ батлуулж, мөн жилд дунджаар 4,000 орчим хос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулдаг. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй ч салчихсан олон хос бий. Энэ бол зөвхөн тулгамдсан асуудлуудын нэг жишээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төр засаг, ард иргэд хөгжил гэдгийг зам тавих, сургууль цэцэрлэг нэмж барих, өндөр өндөр шилэн барилгыг хөгжил гэж харж байна. Европын улс орнууд “Хөгжил гэдэг бол хүний хөгжил юм” гэж үздэг. Монгол улсад тулгамдаж байгаа асуудлууд яагаад шийдэгдэхгүй байна вэ? Хүний хөгжилдөө анхаараагүйгээс тэр. Хүний хөгжилдөө анхаараад эхэлбэл асуудлууд шийдэгдээд эхэлнэ. УИХ-ын 76 гишүүн маань асуудал шийдэх болоод ирэхээрээ нийгмийн асуудал гэхээсээ илүүтэй барих, бүтээх, гэх мэтэд анхаараад чухалчлаад байдаг.
Залуучууд улс төрийг сонирхоод, улс төрд орох хэрэгтэй. МАН байна уу, АН байна уу, МАХН байна уу, эсвэл шинэ нам байна уу хамаагүй. Гол нь орж ирэхдээ улс төр гэж юу юм бэ? Улс төрийн үзэл баримтлал гэж чухам юу вэ? гэдгээ маш сайн мэддэг, ойлгодог байх нь чухал.
- Нэг зүйл дээр би санал нийлдэггүй юм. Залуучууд улс төрд орж яадаг юм, хэрэггүй гээд байдаг. Залуучууд нь улс төрд орохгүй, оролцохгүй өөрөөсөө түлхээд байвал хэн энэ нийгмийг өөрчлөх юм, шинэчлэх юм. Өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй гэж байгаа бол залуучуудыг илүү олноор нь улс төрд оруулах ёстой л гэж боддог. Ядаж саналаа өгдөг, дуу хоолойгоо хүргэдэг, оролцоотой байх ёстой. Тийм биш гэж үү?
Залуучууд улс төрд орох хэрэгтэй. Гэхдээ улс төрд орж байгаа хүн болгон залуу байх албагүй шүү дээ. Залуучуудын асуудлыг залуучууд нь ойлгож, мэдэрч, шийдвэрлэнэ. 2016 оны сонгуулиар 35-аас доош насны дөрвөн хүн сонгогдсон. Үүний ачаар Залуучуудын хөгжлийн тухай хууль яригдаж, батлагдсан. 2020 онд залуучууд улам олуулаа нэр дэвших хэрэгтэй.
76 гишүүн дунд эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарын хүмүүс байдаг. Эдгээр бүлгээсээ илүүтэй нийгмийн хүн амзүйн бүлгээсээ хүмүүс байх ёстой гэж би хардаг. Тэгж байж залуучуудын асуудал нь, тэгж байж эмэгтэйчүүдийн асуудал нь, тэгж байж гэр бүлийн асуудал нь шийдэгдэнэ. Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал шийдэгдээд ирэхээр дагаад нийгэм эдийн засгийн, бүтээн байгуулалтын асуудлууд нь шийдэгдээд ирдэг.
1992 оноос хойш 7 удаагийн сонгууль болсон. Гэтэл энэ 7 удаагийн сонгуульд буюу 28 жилийн хугацаанд 35-аас доош насны 12 хүн л парламентад сонгогдсон байдаг. Энэ тоо их байх албагүй ч цаашид нэмэгдэх ёстой. Залуучуудын хөгжлийн индексийн 5 дахь шалгуур буюу залуучуудын улс төрийн оролцоо нь Монгол Улсад маш бага байгаа нь харагдаж байна. 2016 оны сонгуулийн ирц өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулбал өндөр байсан ч 15-35 насны залуучуудын дөнгөж 45 хувь нь л саналаа өгсөн. Залуучуудын хоёр хүн тутмын нэг л саналаа өгсөн гэсэн үг.
- Таны бодлоор залуучууд яагаад сонгуульд идэвх муутай хандаад байна вэ?
Бидний хэвшмэл ойлголттой холбоотой. Нэг жишээ хэлье. Манж улсын цэрэг дайчид Монголыг эзэлж авахаар дайрч байх үед манай талаас эвэр бүрээ үлээж өрх болгоноос нум, сум, сэлмээ агссан нэг хүн гарч байсан. Үүнийг харсан Манж Улсын жанжин “Тун удахгүй дун бүрээ үлээхэд өрх болгоноос нэг ламтан гаргаж ирдэг болгоно” гэж хэлсэн. Манжийн дарлалд байх 300 жилийн хугацаанд айл бүр ламтай болсон. Ядуу ардууд, ноёд, түшмэд манжийн дарлалын эсрэг цэрэг хөдөлгөж байлдъя гэвч манж амбанаас “Танай улсын засаглалыг алтан ургийнхан л удирддаг. Алтан ургийнхан чинь хувилгаан лам болоод шашин төрийг хослон барьж байна.” гэдэг байж. Тэр үеэс эхлэн буюу 400 жилийн өмнө “Төрийн хэрэг чавганцад падгүй.”, “Төрийн төлөө оготно боож үхнэ.”, “Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр юу вэ?” гэх мэт хандлага, ойлголтыг Монгол хүний цэвэр ичимтгий, нэрэлхүү занд нь суулгачихсан. Энэ ойлголт одоо болтол байсаар л байна. Залуучууд улс төрд идэвхгүй оролцож байгаагийн нэг шалтгаан нь энэ.
Улс орон байгаа цагт төр байна. Төр байгаа цагт төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх, төрийн эрх мэдлийг авч бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх улс төрийн хүчнүүд байна. Та бид хүссэн хүсээгүй улс төрд оролцох хэрэгтэй болно. Орчин үед “Хэрвээ чи улс төр сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно”, “Хэрвээ чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэж ярьдаг болсон.
- Энэ ойлголт улс төрд орж байгаа залуучуудад ч бас нөлөөлж байгаа байх?
Залуучууд улс төрд орох гэхээр хоёр асуудал байна.
Нэгдүгээрт залуучуудын улс төрийн идэвх оролцоо муу, сонгуульд саналаа өгөхгүй байна. Сонгуульд саналаа өгөхгүй байгаа нь бас хоёр талтай. Улс төрчид муухай гэж хардаг ойлголт. Нөгөө талаар залуучууд өөрсдөө залуучуудаа дэмжихгүй байна.
Хоёрдугаарт залуучууд маань зориг гаргаж аймаг нийслэл, сум дүүрэг, УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байна. Энэ нь бас хоёр талтай. Нэг талдаа улс төрийн намууд бодлогоороо туршлагатай, санал авах магадлалтай гэдэг утгаараа 35-аас дээш насныхныг дэвшүүлэх магадлалтай байдаг бол нөгөө талдаа залуучууд өөрсдийгаа би болоогүй, миний цаг ирээгүй гээд өөрсдийгөө хойш нь татаад байдаг.
Залуучууд бие биенийгээ дэмждэг, улс төрд ордог, сонгуульд оролцдог тогтолцоог хурдан бий болгохгүй бол бас нэг эрсдэл байна.
- Ямар эрсдэл?
Монгол Улс бол бусад улс орнуудыг бодвол харьцангуй залуучуудын орон гэж нэрлэгддэг. Гэтэл залуучуудын орон биш юм шиг асуудал нь шийдэгдэхгүй байгаа. Залуучуудын орон гэж нэрлэгддэг энэ үйл явц бол 2000 оноос эхэлсэн. 2000 оныг Монгол Улсад залуучуудын жил болгож, “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэж дуулж байсныг санаж байгаа байх. Энэ үеэс эхлээд хүн амд эзлэх залуучуудын тоо нэмэгдсэн. Хамгийн оргил хэсэг нь буюу 2011 онд нийт хүн амд эзлэх залуучуудын хувь 39,2 буюу 40 хувьд дөхсөн. 2011 оноос унаж эхэлж байгаа юм. 2011 онд 15-34 настай байсан залуучууд 2040 онд яах вэ? Монгол Улс 2040 онд одоогийн Япон шиг, одоогийн Европын улсууд шиг өндөр насжилттай улс орон болно. Тийм үү?
Та бид хоёр тэтгэвэр авах гээд ирдэг. Бидний хуримтлуулсан тэтгэврийн данс хаана байна аа. Энэ үедээ бид хөдөлмөр эрхэлж чадаагүй, ажлын байр олдоогүй, эрүүл мэнддээ анхаараагүй байдаг. Ингээд тэтгэвэрт гараад эрүүл мэндийн үйлчилгээ авах болоход таны нэрийн эрүүл мэндийн даатгалд хуримтлал, тэтгэвэр авах гэхэд тэтгэврийн дансанд хуримтлагдсан мөнгөгүй болчихсон байх болов уу. Ирээдүйд ийм асуудал үүсэж болзошгүй.
Ирээдүйд ийм асуудал үүсгэхгүйн тулд залуучууд бид ажил хөдөлмөр эрхлэх, улс төрийн идэвх оролцоотой байх, нийгэм соёлын энэ тогтсон хэв маягийг өөрчлөх шаардлага байгаа учраас залуучууд улс төрд идэвхтэй оролцмоор байна. Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлага байна.
2020 оны болон цааш, цаашдын сонгуульд залуучууд идэвхтэй оролцож, залуучуудын улс төр дэх нөлөөллийг хүчтэй болгож, залуучуудын яам хүртэл бий болгох хэрэгтэй. Залуучуудын биш юм аа гэхэд Гэр бүлийн яам гэж байх ёстой. Бусад өндөр хөгжилтэй орнуудад Гэр бүлийн яам гэж байдаг.
- Хүний хөгжил сонгогчийн боловсролтой ч бас холбоотой гэж хараад байгаа?
Бие бялдар, сэтгэл зүй, оюун ухаанд нь гарч байгаа эерэг өөрчлөлтийг хөгжил гэж нэрлэдэг. Гэтэл өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэмд төдийлөн эерэг өөрчлөлт, эерэг нөлөөлөл байна уу?, адаглаад улс төрийг сонирхохгүй байгаа, улс төрд орохгүй байгаа залуучууд маань улс төрчид бохир муухай, улс төрд орсон хүмүүс авлигачид байдаг, дарга нарын хүүхдүүд улс төрд ордог, эсвэл цүнх баригч байдаг гэсэн ойлголтыг төрүүлээд байна. Яагаад гэвэл бидний түрүү үеийн улс төрчид маань ийм нөхцөл байдлыг бий болгонд байгаа. Өөрийн хүчтэй өрсөлдөгчөө нийгэмд муухай харагдуулахын тулд “энэ хүнээс өөр муу хүн хорвоо ертөнц дээр байхгүй” гэдэг ойлголтыг төрүүлж байна. Ийм муухай ойлголтыг олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд түгээж байгаа учраас залуучууд, өсвөр үеийнхэн чинь улс төр бүтэхгүй, муухай гэсэн ойлголт төрөөд байгаа юм.
- Тийм ээ, ийм байдал нүднээс далд байсан бол одоо ил болсон. Үүнийг яаж өөрчлөх вэ?
Дотор нь орж байж, “зууралдаж” байж өөрчлөнө шүү дээ. Хороо, баг, аймаг, нийслэл, дүүрэг, УИХ-ын сонгуульд залуучууд нэр дэвшдэг, идэвхтэй саналаа өгдөг болмоор байна.
Залуучууд улс төрийг сонирхоод, улс төрд орох хэрэгтэй. МАН байна уу, АН байна уу, МАХН байна уу, эсвэл шинэ нам байна уу хамаагүй. Гол нь орж ирэхдээ улс төр гэж юу юм бэ? Улс төрийн үзэл баримтлал гэж яг юу юм бэ? гэдгээ маш сайн мэддэг, ойлгодог байх нь чухал.
Хүн сонсоноо мартдаг, харсанаа санадаг, оролцсоноо сурдаг. Залуучууд аливаад оролцоотой байх юм бол бидний нийгмийн асуудал, улс орны асуудлууд шийдэгдэнэ.
- Хараад суугаад баймааргүй харамсалтай байна л даа. Улс төрд орсон залуучуудыгаа шахаж гаргадаг, санаатайгаар, зохион байгуулалттайгаар зайлуулах тохиолдол хүртэл гарсан. Улс төрд эрт орсон хашир ахмадууд нь залуучуудыгаа шахаж, хавчдаг бол залуучууд өөрсдийгөө буюу үеийнхнийгээ дэмждэггүй хандлага ажиглагддаг?
Би өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн хамгийн залуу нэр дэвшигчийн сонгуульд ерөнхий менежерээр ажилласан. Бид ялалт байгуулсан, гишүүн болсон, боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг харуулсан. Дараа нь сонгуулийн дүнг харж байхад үеийнхэн маань буюу залуучууд хамгийн бага санал өгсөн. Ихэнхи залуучууд үеийнхнийгээ дэмждэггүй нь анзаарагдсан. Гишүүн болоод удалгүй улс төрийн маш том тоглоом, маш том золиосонд орсон. Залуучууд бид олуулаа байхгүй бол энэ мэтчилэн золиос болдог. Ах нар “намначихна.” Тэр хүнийг яаж арчаагүй, адгийн шаар болгож харагдуулсан шиг дахиад дараагийн залууг ингэж харагдуулах магадлал байхыг үгүйсгэхгүй. Энэ тоглоомд нь залуучууд бид итгээд, тархиа угаалгаад, бие биенийгээ үзэн ядаад байна.
Сүүлийн 30 жилд болсон 7 удаагийн УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэл, орон нутгийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулийг харж байхад намууд сонгогчдын саналыг авахын тулд өөрсдийн үзэл баримтлалыг тод харагдуулахаа больсон. МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай социал демократ нам, АН бол баруун төвийн үзэл баримтлалтай, МАХН бол зүүн төвийн социал-демократ үзэл баримтлалтай нам. Улсын дээд шүүх дээр бүртгэлтэй байгаа 30 гаруй нам өөр өөрийн гэсэн үзэл баримтлалыг дээд шүүхэд гаргаж өгөөд бүртгүүлдэг. Тэр үзэл баримтлалынхаа дагуу л улс төрийн акц, улс төрийн үйл ажиллагаа явуулах ёстой байхад барууны үзэл баримтлалтай Ардчилсан нам нь цалинг 5 сая болгоно, нийгмийн халамжийг хавтгайруулж олгоно гээд байдаг. Ингэж болохгүй шүү дээ. Манай нам ялж л байвал юу ч гэсэн яахав гэж хандаж болохгүй. Ийм байдал нь эргээд залуучуудыг улс төрийн сонирхолгүй болгож байна. Намууд өөрсдөө улс төрийн үзэл баримтлалаа алдаад ирэхээр улс төр сонирхсон залуучууд нь таньдаг хүнээ ч юм уу, эсвэл сонгуульд ялсан намыг ч юм уу дагаад байна.
- Тэгээд яах ёстой вэ?
Залуучууд аливаа нэгэн намд элсэх гэж байгаа бол эхлээд тухайн намаа судлах ёстой. Хэдэн онд байгуулагдсан, ямар түүхтэй нам юм, улс төрийн үзэл баримтлал нь юу юм бэ гэдгийг судалж байж, өөрийнхөө үзэл бодолд тохирох намдаа элсэнэ. Улс төрийн үзэл баримтлал гээд ярихаар нөгөө л боловсролын чанарын асуудал ярих хэрэгтэй болно. Дэлхийн бусад улс орнууд ЕБС-ын сургалтын системдээ сонгуулийн тогтолцоо, улс төрийн үзэл баримтлалыг нийгмийн ухааны хичээлээр нь заагаад өгчихдөг. Хүүхдүүд ангийн даргаа сонгохдоо, сурагчдын зөвлөлөө сонгохдоо яг сонгууль өгч байгаа юм шиг байдлаар явдаг. Гэтэл манайд сурагчдын зөвлөлийн сонгууль нь ч, оюутны зөвлөлийн сонгууль нь ч, орон нутаг, УИХ-ын сонгууль нь ч ялгаагүй танил тал, ах дүүгээр сонголт хийгддэг ийм хачин тогтолцоо бий болчхоод удаж байгаа.
Үнэнийг хэлэхэд залуучуудын нийгмийн идэвх оролцоо маш муу байна. Монгол Улсад 1 сая 200 мянга орчим залуучууд бий. Оюутан, залуучуудын үүсгэж, санаачилсан 2000 орчим байгууллага байна. МЗХ, МОХ, НАМЗХ, НАМОХ, АЗХ, АОХ гэх мэтчилэн. Энэ байгууллагуудын гишүүнчлэлд дөнгөж 36-40 мянган залуучууд буюу залуучуудын дөнгөж гурван хувь нь хамрагдаж, идэвхитэй байна. Үлдсэн 97 хувь нь нийгмийн идэвх оролцоогүй байна. Оролцоог нэмэгдүүлэхийн тулд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд Залуучуудын хөгжил оролцоог дэмжих асуудлыг оруулсан.
Нийгмийн амьдралд оролцохгүйгээр хүмүүс тус бүрдээ ажил хөдөлмөр эрхлээд байвал энэ нийгэмд амин хувиа хичээсэн үзэл дэврээд, газар авчих вий. Соёл урлагийн салбарт хүртэл би буюу эгог дөвийлгөсөн уран бүтээлүүд гарч байна. Гэтэл нийгмийн амьдралын идэвх оролцоо гэдэг чинь бид байхгүй юу. Бид улс төрд идэвхтэй, амжилттай, хүчтэй байж нийгэм эдийн засгийн асуудал маань шийдэгдэнэ гэж харах ёстой гэж хувьдаа боддог юм. Хүн сонссоноо мартдаг, харснаа санадаг, оролцсоноо сурдаг. Залуучууд аливаад оролцоотой байх юм бол бидний нийгмийн асуудал, улс орны асуудлууд шийдэгдэнэ.
Гэтэл голын нөгөө талд нийгмийн идэвхгүй байгаа хэсэг нь идэвхтэй байгаа хэсгийгээ цүнх баригчид, хэнхэгтэй нөхдүүд гэж хараад байгаа. Үнэхээр цүнх барьдаг, хүн дагаж гүйж байгаад амжилтад хүрнэ гэсэн хүмүүс байгаа л байх л даа. Гэхдээ эдгээр идэвхтэй байгаа залуучууд дунд бор зүрхээрээ явж байгаа, мерит зарчмаар өсөж байгаа залуучууд маш олон бий. Жишээ нь би амьдралдаа эхнэрийнхээ цүнхнээс өөр цүнх барьж үзээгүй ш дээ.
- Тийм ээ тийм. Олон бий.
Өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадвар, эзэмшсэн мэдлэг боловсролоороо өсч дэвждэг, дарга нараас айж эмээхгүй үзэл бодлоо илэрхийлчихдэг, түүнийгээ тусгуулж хэрэгжүүлдэг, тэр нь зөв байгаад амьдралд батлуулдаг олон залуучууд байгаа. Харин голын цаад талд өмнө энэ хүн ямар замаар албан тушаалд хүрэв гэдгийг харахаасаа илүү, энэ хэзээ яаж хүрэв, хэн түүнийг авч ирээд тавьчхав аа, хэний цүнх баригч нь вэ?, хэний халаасны хүн бэ гэх мэтчилэн тэдний харах өнцөг нь өөр байгаад байна.
- Нийгмийн идэвхтэй байдаг залуучуудын нөлөөлөл яагаад бусдыгаа өөрчлөхгүй байна вэ. Бусдадаа нөлөөлж чадахгүй байна уу?
Нийгмийн, улс төрийн амьдралд идэвхтэй байгаа буюу голын наана байгаа залуучууд чинь ний нуугүй ярихад хоорондоо бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Ардын намынхан, Ардчилсан намынхан, Хувьсгалт намынхан гэж ирээд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаад байхаар яаж бусдадаа эерэгээр нөлөөлөх юм бэ. Нээрээ л цүнх баригчид, бяцхан комминустууд юм байна л гэж харагдана шүү дээ. Бид бусдыгаа идэвхтэй оролцдог болгохын тулд эхлээд бие биенээ хүлээн зөвшөөрч, талцдаггүй болох хэрэгтэй. Ядаж залуу өсвөр үедээ ийм ойлголт өгмөөр байгаа юм.
Generation Z үеийнхэнд маань давуу тал их байна. Урлаг соёл, спорт, техник технологийн салбарт хүч үзэж байна. Өөрийн гэсэн байр суурьтай болж байна. Гэхдээ зөвхөн техник технологи, бизнестээ л анхаараад байх юм бол тэдний нийгмийн асуудлыг хэн шийдэж өгөх юм бэ? Нөгөө л ах нар, өвөө нар шийдээд яваад байвал хүссэн өөрчлөлт бий болохгүй, асуудлууд шийдэгдэхгүй.
1990 онд манай улсад Ардчилсан хувьсгал ялж байх үед манайхтай ижил 40-өөд улс орон нийгэм, эдийн засгаа өөрчилж байсан. ЗХУ задран унахад бүгд өөрсдийн тусгаар тогтнолоо авсан улс орнууд бий. Монгол Улс хөгжлөөрөө эдгээр улсуудын хойно явж байгаа. Тухайн үед төмөр замаа авч үлдээгүй, байшин барилга авч үлдээгүй гээд ахуйн шинжтэй зүйлүүд байна л даа. Гол нь бид оюун санааны хувьд бэлэн биш байсан. Оюун санааг удирдаж байсан Ардчилсан хувьсгалын удирдагчид маань зөв удирдаж, чиглүүлж чадаагүй. Ардчилал гэдэг хүний эрх, эрх чөлөө байж болно. Гэхдээ дагаад үүрэг хариуцлага байх ёстой. Үүнийг тэд ойлгуулж өгөөгүй. Ардчилал гэдэг бол хязгааргүй эрх чөлөө, дураараа, хаа нэгэн газар хашаагаа татаад, гэрээ бариад амьдарч болно, дураараа хаа нэгэн газар шүлсээ, хогоо хаяад амьдарч болдог юм шиг ойлгуулчихсан. Гэтэл бид чинь нийгмийн амьдралд оролцож байгаа нийгмийн амьтан. Хоёрдугаарт ардчилал гэх зүйлийг ганцхан Ардчилсан намын эзэмших ёстой үзэл юм шиг ойлголтыг нийтэд төрүүлээд байдаг. Ардчилал бол Ардчилсан намын өмч биш, ард түмний өмч. Ардчилсн нам ардчилал гэх энэ хэмжигдэхүүн, ойлголтыг зөв ойлгуулахын төлөө ажиллахгүй, зөвхөн өөрсдийн өмч мэтээр нийгэмд харагдуулаад байгаа нь үнэн.
Ардчилсан улс оронд заавал либерал үзэл байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Социал демократ үзэл байх ёстой, ногоон үзэл баримтлал байх ёстой. Дэлхийн улс төрийн чиг хандлага жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Дөнгөж саяхан дөрөвдүгээр сарын 15-нд БНСУ-д парламентын сонгууль нь боллоо. Тус парламентад 423 гишүүн сонгогддогийн 22 нь залуу хүн сонгогдсон. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын Ерөнхий сайд Санна Марин гэх мэт залуучууд сонгогдож дэлхий нийтийн улс төрийн чиг хандлага залуучууд руу эргэж байхад Монголд яагаад өөрчлөгдөхгүй байна аа. Залуучууд нь залуучуудаа дэмжихгүй байна, залуучууд нь улс төрд зориглож орохгүй байна. Зориглож улс төрд орсон цөөн залуучуудаа намнаад байна шүү дээ.
- Улс төрд байгаа ахимаг насныхан залуучууд чадахгүй, залуучууд төлөвшөөгүй гээд байдаг. Гэтэл хувьсгалыг хэн хийж байсан юм, хэн төрийг эргүүлж байсан юм. Тухайн үеийн залуучууд л хийж байсан шүү дээ. Тэгээд яагаад одоо залуучуудыг чадахгүй гэж хараад байгаа юм бэ?
Дорнын соёлтой ард түмний хэвшмэл ойлголт нь одоо болтол салахгүй байна. Дэлхий бөөрөнхий ч 21 дүгээр зуунд хувьсан өөрчлөгдөж хавтгай болчихлоо. Гэтэл бидний дундах “Ах нь сургадаг, дүү нь сонсдог” гэх хэлц үг байсаар, ахмадууд өөрчлөгдөхгүй байна. Энэ зуунд дүүгээс сурах юм их бий. “Хүн ахтай, дээл захтай” гэдэг. “Захтай” ёстой байх ах нар маань дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу. Нөгөө талаар насаар хэмжигдэхгүйгээр залуугаар сэтгэж байгаа хүнийг залуу хүн гэж нэрлээд байна. Энэ хандлага, энэ ойлголт өөрчлөгдөж байж өөр болно.
- Дээр та залуучууд улс төрд орохгүй байгаа хоёр шалтгаан байна гэж ярьсан. Залуучуудыг улс төрд оруулахын тулд юу хэрэгтэй, яах ёстой вэ?
Нэгдүгээрт намуудад золиос хэрэгтэй. Шүүх байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийг улс төрд оруулахгүй байх. Авилга, хээл хахуульд холбогдсон хүмүүсийг тухайн намууд нь дэвшүүлдэггүй байх. Дэвшлээ гэхэд сонгодоггүй байх тогтолцоо бий болгох хэрэгтэй. Тухайн хэрэгт холбогдсон улс төрчтэй ах дүүгийн, албан тушаалын холбоотой байсан ч зориг гаргаад дэвшүүлэхгүйгээр, залуучуудаа дэвшүүлэх.
Хоёрдугаарт Сонгогчдын боловсрол чухал. Сонгогчдын боловсрол ямар үед нэмэгддэг, ямар үед зөв шийдвэр гаргадаг вэ гэдгийг бусад улс орнуудын жишээн дээрээс авч үзвэл амьдралын чанарын үзүүлэлт нэмэгдээд, дундаж давхаргатай болоод ирэхээр сонгогчдын боловсрол сайжирсан үед байдаг. Энэ нь төр тогтвортой байхтай холбоотой. Манайх шиг дөрөв, дөрвөн жилийн зайтай парламент нь, засгийн газар нь солигддог байх нь нэг талаараа зохимжгүй. 2000 оны үед эдийн засгийн үзүүлэлт муу, цалин цагтаа буудаггүй байлаа. 2000-2012 он хүртэл МАН голчлон, АН-тай хамтраад засаглаж байхад тухайн үед эдийн засаг сайжирсан. 12 жилийн хугацаанд төр тогтвортой байснаар Азидаа төдийгүй, дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс орон болсон. 2012 оноос хойш бонд гаргаад зам гүүр, байшин барилга бариад, харагдах байдал сайжраад байсан юм шиг боловч яг үнэндээ ард түмэнд наалдаагүй. Төрийн мөнгө зээлийн хүүнд гадагшаа урссан. Буцаад иргэдийн амьдралын чанар муудаж, чанаргүй зээлдэгчид өссөн.
Иргэд их мартамхай. Politainment буюу интертеймент улс төрд лүү хошуурдаг. Гэтэл улс төр гэдэг чинь бодлого, судалгаа байх ёстой.
Иргэд, сонгогчид улс төрчдийг зам тавьж, байшин барьж, худаг гаргах ёстой бүтээгч хүн гэж ойлгодог буруу хандлага бий. Гэтэл парламентад сонгогдож байгаа улс төрчид чинь тогтолцооны хувьд хууль тогтоох байгууллагын төлөөлөл байхгүй юу. Зам тавих, байшин барих, худаг гаргах ажил чинь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын хийх ёстой ажил. Засгийн газар хуулийн хүрээнд ажиллах, бүтээн байгуулалтаа хийхэд хууль эрх зүйн орчныг нь бий болгох хүмүүс нь хууль тогтоогчид буюу параламент. Үүнийг сонгогчид буруу ойлгодог учир сонгогдох гээд байгаа хүмүүс нь би зам, байшин барьж өгнө гээд сонгогддог. Уг нь тэгэх ёсгүй.
Бид хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө сугалаагаар биш, орох ёстой цэцэрлэгт нь оруулдаг, их сургуулиа төгсөөд ажлын байрандаа гарахдаа ах дүү хамаатан садан, аав ээжээрээ яриулж ордог биш тэнцвэл тэнцээд, тэнцэхгүй бол дараагийн газар луугаа явдаг болох. Улс төрчид бизнесээ хамгаалахын тулд, шоронд орохгүйн тулд, мөнгөтэй болохын тулд ордог биш шудрагаар өрсөлдөж, бодлого ярьдаг улс төрчид бий болох хэрэгтэй. Тэгж байж энэ гажуудсан тогтолцоо арилна. Ирээдүйд хэд хэдэн сонгуулийн дараа өөрчлөгдөнө гэж найдаж байна.
Манай улс бол төлөөллийн ардчилалтай улс. Залуучуудын, эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ахмадуудын төлөөлөл, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбарын төлөөллүүд хууль тогтоох байгууллагад баймаар байгаа юм.
- Та бид хоёрын ярианаас залуучуудын идэвхи оролцоо сул байгаа юм байна. Залуучуудын асуудал яагаад шийдэгдэхгүй байгаа вэ гэхээр залуучууд улс төрд байхгүй болохоор шийдэгдэхгүй байгаа юм байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө та ярьсан шигээ УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
Нэгдүгээрт маш олон залуучуудыг нэр дэвшээсэй, сонгуулийн ажил нь амжилттай болоод сонгогдоосой гэж хүсэж байна. Тийм байх боломжтой ч гэж харж байгаа. Би хувь хүн биш. Би бол МАН-ын бага хурлын гишүүн учир дэвшвэл энэ намаасаа дэвшинэ. МАН нэр дэвших 76 хүнээ бага хурлаараа шийддэг. Хэрвээ бага хурал итгэл хүлээлгээд намаа төлөөлөөд нэр дэвш гэх юм бол би нэр дэвшинэ.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцсан Б.Нямзул