Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2021.10.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн зарлагын тухайд ирэх онд төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллахаар төсвийн төсөлд тусгасан байна. Энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор дараах зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Үүнд:
· сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх;
· дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;
· Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;
· тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх.
Төрийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр төсөв хэмнэж, иргэдэд хүргэх үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх зорилгоор бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, холбогдох зардлыг бууруулна.
Мөн захиргааны албан хаагчид долоо хоногийн ажлын нэг өдөр нь гэрээсээ цахимаар ажиллахыг зөвшөөрөх, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглахаар тусгасан байна.
Бараа, үйлчилгээний зардлыг бууруулах чиглэлээр бүх шатны төсвийн байгууллагын дараах зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж дараах байдлаар санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ. Үүнд:
-төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахуун; гадаад албан томилолт; зочин төлөөлөгч хүлээн авах; тавилга, эд хогшил худалдан авах; ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх; сурталчилгаа хийх; бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх; биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах; байгууллагын болон салбарын тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах; салбартай холбоотой киноны уран бүтээл хийх; тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага шинээр автомашин худалдан авах; албан конторын барилга шинээр барих зардлын санхүүжилтийг 100 хувь хязгаарлах.
Харин бичиг хэргийн зардал; Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлын санхүүжилтийг 50 хувь хязгаарлахаар тусгасан байна.
Засгийн газар ирэх онд нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож, халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсвийн төсөлд тусгасан. Манай улсын нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулж нийт хүн амын 80 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулаад ямар нэг тусламж, дэмжлэг хүртэж байгаа бөгөөд үүнд улсын төсвийн 30 хувийг зарцуулж байна. Халамжийн системээр олгож байгаа дэмжлэгийн 60 хувь нь хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогод хамааралтай байгаа бол халамжийн 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртдэг байна. Иймээс нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавьдаг байх зохицуулалт хийхээр төлөвлөж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэллээ.
Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, сонгосон өрхийн амьжиргааг дээшлүүлж тодорхой хугацааны дотор ядуурлаас гаргах зорилтод төлөвлөгөөг халамжийн байгууллага хэрэгжүүлж үүнд хөдөлмөр эрхлэлт, өрхийн аж ахуй, үйлдвэрлэл, орлогын менежмент, зан үйлийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогц байдлаар авч үздэг болох аж. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн боловсрол сургалтын санхүүжилтийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ.