“Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,
Эрхэм төрийн түшээд ээ,
Эрхэм зочид, төлөөлөгчид өө!
Хүн төрөлхтөн хүндхэн сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-д оролцож буй Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Чуулганд оролцож буй дипломат болон олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Гурван жил завсарласны эцэст цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд дэлхий даяараа онцгой анхаарч буй энэ цаг үед энэ чуулган болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.
Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлт” төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн зөвлөлдөх уулзалтаар иргэд, хувийн салбарынхны санал, зөвлөмжийг төр засаг түлхүү сонсож, тодорхой бодлого, чиглэлүүдийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.
Энэ удаагийн чуулганаар эдийн засагт үүсээд буй шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” болон бусад цаг үеийн асуудлаар тодорхой санал солилцох, гарц, шийдлийг тодорхойлно гэж үзэж байна.
Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд 3.5 хувиар агшиж, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн хүнд цохилт авсан. Мөн олон улсын хэмжээнд инфляцийн түвшин 2008 оны хямралаас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Бусад ихэнх орны адил Монгол Улсын эдийн засаг ч цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд ихээхэн хүндрэл амссан ч төр засгийн зүгээс багагүй хэмжээний төсөв, хөрөнгө зарцуулж, иргэд, хувийн хэвшил, баялаг бүтээгчидтэйгээ хамтарч ажилласны үр дүнд тодорхой сэргэлт ажиглагдсан.
2022 он гарсаар дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоотой уялдан Монгол Улсад цар тахал харьцангуй намжсан ч бүс нутгийн орнуудад цар тахлын давалгаа үргэлжлэн, мөн геополитикийн хурцадмал байдал үүсэж, дэлхий нийтийг хамарсан тээвэр, ложистикийн хүндрэл, бараа үйлчилгээний үнийн өсөлт зэргээс шалтгаалан томоохон сорилт тулгарч байна.
Сүүлийн сар гаруй хугацааны олон улсын цаг үеийн нөхцөл байдлын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг нарийн тодорхойлж, эдийн засгийн бодлогодоо шаардлагатай тохиргоо хийхэд онцгой анхаарах нь зүйтэй.
Гадаад орчны хүндхэн эрсдлүүд тулгарч байгаа ч дотооддоо үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, экспортыг богино хугацаанд сэргээх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, бүтээн байгуулалтаа эрчимжүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гаргах шаардлагатай байна.
Мөн богино хугацаанд гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал, ялангуяа хүнс, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтран шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Зөвхөн дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний өмнө тулгараад байгаа энэ хүнд цаг үеийг бид эв нэгдэл, хамтын хүчээр даван туулах учиртай. Тиймээс тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.
Мөн эдийн засгийн онцгой цаг үеийн нөхцөл байдал, суурь шалтгааны талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх зөв хүлээлт бий болгох нь болзошгүй эрсдлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй юм.
Цаашлаад ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахин, харилцан уялдаатай, түргэн шуурхай ажиллах нэн хариуцлагатай цаг үе тохиож байгааг Төрийн тэргүүний хувьд онцлон сануулъя.
Хэдийгээр цаг үеийн томоохон сорилтууд байгаа ч “Халамжаас хөдөлмөрт”, “Олборлолтоос боловсруулалтад”, “Импортоос экспортод” гэсэн эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах суурь гурван шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх ёстой.
Ялангуяа цар тахал, олон улсын геополитикийн асуудлууд нь Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа нэн яаралтай эрс сайжруулахыг тод санууллаа.
Энэ хүрээнд цар тахлын дараах эдийн засгийг сэргэлтийг эрчимжүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг оновчтой, цаг алдалгүй шийдэх, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газар боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Гэхдээ дээрх бодлого, шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдал, ялангуяа гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдал зэрэг эдийн засгийн суурь зарчмыг чанд сахих ёстойг мөн сануулъя.
Эс тэгвээс хэчнээн том бүтээн байгуулалт, үр дүнтэй шинэчлэл хийсэн ч макро эдийн засгийн тогтворгүй байдал нь Та бидний хүрэх амжилтыг агшин зуур салхинд хийсгэх эрсдэлтэйг бид бүгд үргэлж анхаарах хэрэгтэй.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүнд бэрх сорилт тулгарсан үед Монголын ард түмний эв нэгдэл сайжирч, бэрхшээлийг давах, бүтээн байгуулах их хүч улам эрчтэй ундардгийг бидний буурал түүх гэрчилдэг. Эдийн засгийн гадаад, дотоод амаргүй сорилтуудыг хамтын хүчээр давж, тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө санаа зоригоо нэгтгэн хамтран зүтгэцгээе.
Цар тахлын дараах байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй эдийн засгийн сэргэлт, цаашдын тогтвортой хөгжилд чиглэсэн эдийн засгийн бодлого, төлөвлөгөөгөө хэлэлцэж, хамтдаа шийдэл, гарцыг тодорхойлох энэ удаагийн чуулганд амжилт хүсье.
Эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогодоо Шинэ сэргэлттэйгээр ажиллахыг уриалъя.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадраг” гэжээ.