Авлигатай тэмцэнэ гэдэг дан ганц төрийн хэрэг биш хүн бүрийн оролцох зүйл мөн. Тэгвэл авлига, ашиг сонирхлын зөрчил, шударга бус зүйлсээс өөрийгөө болон өрөөл бусдыг хэрхэн хамгаалах вэ?
Энэ талаар цэгцтэй мэдээлэл өгөх үүднээс бид энэ удаагийн “Онцлох зочин” буландаа Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулууныг урьсан юм.
-Ашиг сонирхлын зөрчил гэж юуг хэлэх вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
– Жирийн иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас шударга бөгөөд стандартад нийцсэн үйлчилгээг хүсэн хүлээдэг.
Төрийн албан хаагч нь төрийн нэр хүндийг өндөрт өргөж, нийтийн эрх ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж, иргэдийн итгэлийг хүлээх хариуцлагатай алба билээ. Энэ ч утгаараа төрийн албаны нэр хүнд, албан тушаалтнуудыг аливаа эрсдэлээс сэргийлэн хамгаалахад ашиг сонирхлын зөрчлийн олон хэлбэрүүдээс ангид байлгах асуудал нэн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг ойлголт манай улсад харьцангуй сүүлд буюу 2012 оноос хойш яригдаж эхэлсэн. Тус онд “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” гарч, хуульд тусгаснаар 13 төрлийн хориглолт хязгаарлалтаар төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтнуудыг эрсдэлээс хамгаалсан зохицуулалт мөрдөгдөж байна.
Хувийн ашиг сонирхлыг энгийнээр тайлбарлахад хүн бүрд өөрийн гэсэн хувийн амьдрал, хувийн үзэл бодол, итгэл үнэмшил байдаг. Надад ч хувийн сонирхол бий. Танд ч гэсэн хувийн сонирхол бий. Яагаад гэвэл, төрийн албан хаагч ч бусдын адил хүн. Танд ээж аав, ахан дүүс, ангийн анд, найз нөхөд, нутаг усныхан, дуртай болон дургүй зүйл, шүтэж биширдэг шашин гээд бүгд байгаа. Тиймээс л төрийн албан тушаалтнууд албаны эрх мэдлээ олон нийтийн эрх ашгийн төлөө бус харин өөрийн болон өөрийн гэр бүл, ах дүү, ангийн найз нөхдийн төлөө урвуулан ашиглаж байгаа олон жишээ, баримт бидний дунд ам дамжин яригдсаар байдаг. Бусад улс орнууд ч өсөн нэмэгдсээр байгаа авлигын асуудлаа “төрийн эрх мэдлийг төрийн албан хаагч өөрийн ашиг сонирхолд урвуулан ашиглах” буюу төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбон тайлбарладаг.
Гэхдээ Төрийн албанд тангараг өргөсөн албан хаагч бид албан үүргээ гүйцэтгэх үедээ Нийтийн ашиг сонирхол гэдгийг ямагт нэгдүгээрт тавьж явах ёстой. Хувийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих юм бол ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйл үүсдэг. Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол нэг уулзвар дээр ирээд мөргөлдөхийг ашиг сонирхлын зөрчил гэж энгийнээр ойлгож болох юм.
Нийтийн албан тушаалтны хашиж байгаа ажил, алба зөвхөн нийтийн ашиг сонирхолд чиглэх бөгөөд тэрээр албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг өөрийн буюу хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчмыг баримтлан ажиллах шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх үүрэгтэй гэсэн үг юм.
-Тэгвэл зарим тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэдгээ ч мэдэхгүй явж байгаа хүмүүс байдаг. Үүнээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Тэгэхээр юуны түрүүнд тухайн төрийн албан тушаалтан өөрийн гэр бүлийн гишүүн, ойрын хамаатан, төрөл садангийн хүмүүсийн эрх ашигт бага ч гэсэн үйлчилсэн, тэр нь төр, нийтийн эрх ашигт өчүүхэн төдий хохирол учруулаагүй байсан ч өндөр ёс суртахуунтай зарим улсад үүнийг ашиг сонирхлын зөрчилд тооцдог гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй юм.
Иргэд төрийн албан тушаалтнуудаас чиг үүргээ ёс зүйтэй, шударгаар, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Хувийн ашиг сонирхолтой төрийн албан тушаалтан төрийн алба хаших хугацаандаа хувийн ашиг сонирхлоо үр дүнтэйгээр удирдан зохицуулж чадахгүй бол энэ нь иргэдийн мөнөөх язгуур эрх ашигт аюул учруулж байгаа хэрэг болно. Цаашдаа ашиг сонирхлын ийм зөрчил иргэдийн нийтийн албанд итгэх итгэлийг сулруулдаг гэдгийг бид өнөөдөр бэлээхэн харж байна шүү дээ.
Тиймээс АТГ-аас олон нийтийг соён гэгээрүүлэх, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын хор уршгийг ухуулан таниулах ажлыг нийгмийн салбар, бүлэг тус бүрээр ангилан авч үзэж, тухайн салбар, бүлгийн онцлогт тохирсон агуулга, хэлбэрээр зохион байгуулан ажилладаг.
Тухайлбал, “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны явагдаж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Энэ аяныг Онцгой байдлын байгууллагын газар, хэлтэс, анги байгууллагууд маш сайн дэмжиж, нэгдэж байгаад энэ дашрамд талархал илэрхийлье.
-Баярлалаа. Төрийн байгууллага болон төрийн албан хаагч авлигаас ангид байх, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр юуг илүүтэй анхаарвал зохих талаар зөвлөмж өгөөч гэвэл?
-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь төрийн албан тушаалтнуудын хүсэл зоригтой шууд хамаатай. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг
Авлигын сөрөг үр дагаврын хохирогч болохгүйн тулд нийгмийн бүх түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ёстой. Иргэний хувьд өдөр тутмын амьдралдаа, мөн ажлын байран дээр шударга ёсыг шаардах, аливаа асуудлыг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх, авлигын шинжтэй, зүй бус яриа, хэлцэл, тохирооноос зайлсхийх гэх мэт олон арга зам бий.
Байгууллагын хувьд гэвэл алба хаагчдын дунд ёс зүйн дүрэм, журам мөрдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх бусад зохион байгуулалтыг хийх, менежментийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх гээд олон арга замаар үр дүнтэй ажиллаж болно.
Тухайлбал, эрсдэлтэй албан тушаалтныг сэлгэн ажиллуулах, гүйцэтгэх чиг үүрэг, шийдвэр гаргах эрх мэдэл, үйл явцыг ил тод болгох. Захиргааны хяналт шалгалт, санхүүгийн аудит хийх гэх мэт. Энэ төрлийн хяналт шалгалт хийх нь зөрчлийг олж илрүүлэх, түүний шалтгааныг тодорхойлох, холбогдох этгээдэд хариуцлага тооцох, улмаар алдаа дутагдлыг залруулах ач холбогдолтой.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас авлигын нөхцөл байдлыг тодорхойлох дотоодын судалгааг тогтмол хийдэг. Эдгээр судалгааны нэг нь Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ. 2021 онд хийгдсэн шударга байдлын үнэлгээнээс харахад төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ нь 72.9 хувь болж өмнөх үнэлгээний дүнгээс 1.2 пунктээр буурсан байсан. Ийнхүү буурсан үр дүнд гадаад шударга байдлын үнэлгээ 4.7 пунктээр буурсан нь нөлөөлсөн байсан.
Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид ил тод, хариуцлагатай байдал буурсан, авлигын шууд болон шууд бус тохиолдол нэмэгдсэн, албан хаагчид төрийн үйлчилгээг хүргэхдээ бусдад дарамт шахалт үзүүлдэг, ах дүү, танил талынхаа нөлөөнд автдаг, бусдад хууль бусаар давуу байдал олгодог явдал ихэссэн гэж үзсэн байна.
Тиймээс авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд ил тод байх, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, албан хаагчийн ёс зүйг сайжруулах, хуулийн хэрэгжилт, зохицуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгөх байна.
Мөн авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тэдгээрийг арилгахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Тэгэхээр иргэдийн дунд авлигын хэргийг илчилсэн хүн нь өөрөө хохирогч болчихдог болохоор авлига буурахгүй, түүнийг мэдээлэх хүн байхгүй гэсэн ойлголт түгээмэл байх шиг санагддаг?
–Эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг батлуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Олон улсын донор байгууллага, гадаад улсын судалгааны байгууллагатай тогтмол уулзалт зохион байгуулж авлигатай тэмцэх сайн туршлага, зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа тул 2022 оноос үр дүн нь харагдана гэдэгт итгэлтэй байна.
Авлигын мэдээлэл өгөхдөө нэрээ нууцлах эрх танд бий. Авлигатай тэмцэх газар нь дотоод журамдаа мэдээлэл гаргагчийг чандлан нууцлахыг албан хаагч нартаа үүрэг болгосон байдаг. Гомдол шалгаж байгаа комиссарууд гомдлыг шалгах явцад мэдээлэл өгсөн иргэнийг илчлэхгүй байхад анхаарч ажилладаг. АТГ нь иргэд, аж ахуйн нэгжээс 5 сувгаар гомдол, мэдээлэл, санал авдаг. Тодруулбал, иргэнийг биечлэн уулзаж гомдлыг авах, ярианы төлбөргүй, үнэгүй тусгай дугаарын 110 утсаар болон цахимаар гомдлыг хүлээн авах гэх мэт. АТГ-т иргэд хандаж төрийн байгууллага, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэх үүрэгтэй.
Мэдээж миний өгсөн мэдээлэл хэр сайн нууцлалтай байдаг юм бол, намайг энэ мэдээллийг өгсөн гэдгийг мэдээд эргээд надтай эвгүй харилцах вий гэдэг эмээлт иргэдэд байдаг. Тэгвэл хэн мэдээлэл өгснийг тухайн иргэний өөрийн хүсэлтээр нууцлах бүрэн боломжтой. Дуудлагаар ирсэн гомдол мэдээллийг авсан оператор нь шууд программд шивж оруулдаг. Энэ явцад тухайн иргэн анхнаасаа нэрээ нууцлах хүсэлт гаргасан тохиолдолд гомдол мэдээлэл хүлээж авсан ажилтны тэмдэглэлд ороод нийтэд ил харагдах хэсэг болон удирдлагын түвшинд танилцуулагдахдаа нэргүйгээр танилцуулагддаг гэсэн үг. Тэгэхээр иргэдийн зүгээс мэдээлэл өгөхдөө сөрөг үр дагавар гарахгүй гэж ойлгох хэрэгтэй. Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн тоо жил ирэх бүр өсөж байгаа нь Авлигатай тэмцэх газарт итгэж байгааг харуулж байна.
-Эрх бүхий албан тушаалтнуудтай тэмцэж, тэдний оффшорт нуусан хөрөнгийг олж ирж чадахгүй байж “жижиг жараахай”-нуудтай тэмцлээ гэх шүүмжлэл нэлээд явдаг. Харин сүүлийн үед гадагшаа гарсан хөрөнгийг татах ажиллагаа ахицтай байгаа гэж дуулдсан. Ямар төрлийн хөрөнгөнүүдийг оруулж ирсэн байдаг юм бол, оффшор бүсээс авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан хөрөнгө буцаан татсан тохиолдлууд хэр байдаг талаар сонирхуулж болох уу?
-Дэлхий даяаршиж, манай иргэд улс хооронд чөлөөтэй зорчих боломж, нөхцөл бүрдээд 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд иргэд гадаад улсад ажиллаж амьдрах, өмч хөрөнгөө таатай орчин бүхий улс орнуудад байршуулах, ашиг шимийг нь хүртэх, гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарч бизнес эрхлэх явдал түгээмэл болсон. Үүнтэй зэрэгцэн хууль бус эх үүсвэртэй хөрөнгө мөнгийг гадаад улсад гаргаж нуух, оффшор бүс нутагт байршуулсан явдал цөөнгүй бүртгэгдэж байна.
Гэтэл гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл боломж хязгаарлагдмал, тухайн улс оронтой эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй гээд олон хүндрэл бэрхшээл тулгардаг.
Бид авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсноор тус конвенцид нэгдсэн 190 оронтой авлигын хэргээр чөлөөтэй харилцах боломжтой болсон. Энэ хүрээнд улс орнуудтай хамтран орон сууц, хаус, бэлэн мөнгө гээд хамтын ажиллагааны хүрээнд одоогийн ханшаар 20 гаруй тэрбум орчим төгрөгийн хөрөнгө буцаах ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна.
-Энэ мэтээр авлигатай тэмцэх ажил тасралтгүй үргэлжлэх ёстой байх. Магадгүй олон хүн энэ ажлыг урт хугацаанд үргэлжилнэ гэж боддог. Тэгвэл богино хугацаанд авлигыг бууруулах боломж хэр байна вэ?
-Үнэндээ хүмүүс авлигыг бууруулахад 10 жил ч юм уу, түүнээс ч урт хугацаа шаардлагатай гэж үздэг. Тийм биш шүү гэж хэлмээр байна. Авлигыг гурван жилийн дотор мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Энэ бол зохион байгуулалттай авлигыг бууруулахад хангалттай хугацаа.
Гэхдээ авлигатай зөвхөн АТГ л тэмцэх ёстой гэсэн олон нийтийн дунд явдаг төөрөгдлийг залруулах ёстой. Филлипин улс гэхэд маш сайн хуультай хэрнээ бүх нийтээр дагаж мөрддөггүй байсны улмаас төрийн худалдан авалт хамгийн их авлигад автсан байсан түүх бий. Тэгэхээр бүх нийтээрээ авлигаас татгалзахгүй бол үр дүнд хүрэхгүй.
Нэмээд хэлэхэд жижиг авлигуудтай тэмцэх ч гэсэн маш чухал. Учир нь иргэдэд том авлигаас илүү жижиг авлигын хэргүүдийг зогсоох нь илүү ач холбогдолтой байдаг. Бүр сүлжээнд орсон авлигыг таслан зогсоохын тулд олон нийт, нийгмийн нөлөөлөл маш чухал гэдгийг мартаж болохгүй. Хүмүүсийн ихэнх нь хэн нэгнээс бэлэг авах, гар цайлгах зэрэгт багахан хэмжээний мөнгө өгөх нь зүгээр гэж ойлгодог, авлига өгөөд дадчихдаг. Жижиг зүйл авахын тулд бага хэмжээний авлига өгдөг бол том зүйл бүтээхийн тулд их хэмжээний авлига өгдөг. Энэ нь бүр нийгмийн соёл болоод төлөвших хэмжээнд хүрээд байна. Хүн болгон ингэх л ёстой юм шиг хүлээж авч байгаа энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Авлигатай тэмцэх ажиллагаанд хүн бүрийн оролцоо чухал. Төр, иргэдтэйгээ хамтарч түншлэлийн харилцаатай байж илүү үр дүнд хүрнэ. Авлигатай тэмцэхэд таны үгүй гэсэн хариулт маш чухал үүрэг гүйцэтгэхийг хэзээ ч мартаж болохгүй.
-Цаг, зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Авлига, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх үйлсэд тань амжилт хүсье.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин