Улсын Их Хурлын гишүүн асан, гавьяат багш, Түүхийн ухааны доктор, профессор В.Алзахгүйтэй Монгол Улс байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсны 30 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа.
-Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болсон, байнгын ажиллагаатай парламентын засаглалт тогтсон 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ түүхээс ярилцлагаа эхэлье?
-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын түүх 1990 оноос эхэлдэг хэдий ч 1990 байгуулагдсан Улсын Бага Хурлыг Ардын Их Хурал байгуулсан түүхтэй. Улсын Бага Хурлын гишүүд бол ард түмнээс мандат авсан гишүүд байгаагүй. Үүгээрээ түүхэн онцлогтой. Ингээд Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ний өдөр батлагдсан. Энэ Үндсэн хууль монголын ард түмний хувь заяанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шилжих, нээлттэй улс орон болох эрх зүйн үндэс суурийг бүрдүүлж өгсөн. Тэгээд шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 оны зургадугаар сард УИХ-ын анхны сонгууль явагдсан юм. Тэгэхээр шинэ Үндсэн хуульд нийцүүлж Монгол Улсын цаашид оршин тогтнох, хөгжиж цэцэглэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хариуцлагатай үүрэг ард түмний сонгуулиар бүрдсэн анхны УИХ-ын бүрэлдэхүүнд оногдсон юм. Анхны УИХ-ыг бүрдүүлж байх үед төрийн эрх барьж байсан МАХН-д боловсон хүчний нарийн судалгаа, бодлоготойгоор бэлтгэсэн маш сайн нөөцтэй байлаа. Ийм учраас анхны УИХ хэд хэдэн онцлогтой юм. Маш сайн бүрэлдэхүүнтэй УИХ болсон. Дахиж ийм бүрэлдэхүүнтэй УИХ одоогоор байгуулагдаагүй.
-Тэгвэл та анхны УИХ-ын бүрэлдэхүүний талаар тодруулж өгөхгүй юу?
-Нэгдүгээрт хуульчдын маш сайн бүрэлдэхүүнтэй юм. Тухайлбал, Б.Чимид багш тэргүүтэй Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, Ц.Шаравдорж, С.Төмөр, С.Нарангэрэл гээд арав гаруй маш сайн хуульчид байсан. Хоёрдугаарт эдийн засагчдын хүчирхэг багтай байлаа. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Р.Цагаанхүү, Г.Цэрэндагва, С.Нямзагд гээд тухайн үеийн эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэд УИХ-ын анхны багт орж ажилласан байдаг. Гуравдугаарт энэ УИХ-д салбар бүрийн төлөөлөл байсан. Эрүүл мэндийн салбараас гэхэд академич Б.Дэмбэрэл, Д.Мөнхөө, соёл урлагийн салбараас Б. Лхагвасүрэн, Н.Жанцанноров, хүнсний салбараас одоогийн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Товуусүрэн, холбооны салбараас одоогийн гавьяат О.Шаалуу, барилгын салбараас шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Тогтох, батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллагуудын төлөөлөл болж хошууч генерал Д.Базарсад, Н.Жалбажав, малчдын төлөөлөл Ц.Намхайнямбуу, олон жил төр засагт ажилласан, геологи уул уурхайн салбарын тэргүүлэх удирдагчдын нэг Ч.Хурц, аймаг, аймгийн намын байгууллагын даргаар ажиллаж байсан Ж.Норовсамбуу, Д.Дэмбэрэл, Ч.Дашдэмбэрэл нар ажиллаж байлаа. Нийгмийн шилжилтийн чухал үед нь анхны УИХ-д МАХН-ын зүгээс өөрийн шилдэг гэж үзэж байсан боловсон хүчнүүдээр бүрдүүлсэн юм.
-Тэгэхээр энэ УИХ гол гол ямар ямар хуулиуд батлав?
-Шинэ Үндсэн хуульд нийцүүлж 400 гаруй хуулийг цоо шинээр боловсруулан баталсан. Яагаад гэвэл нийгмийн байгуулал бүхэлдээ өөрчлөгдсөн үе шүү дээ. Өмнө нь үйлчилж байсан бүх хууль Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/ татан буугдсанаар хүчингүй болсон юм. БНМАУ-ын суурь дээр цоо шинэ Үндсэн хуульт Монгол Улс гэж гарч ирсэн. Нийгмийн харилцаа нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Нэг нам удирдсан систем, дэглэмээс олон намын тогтолцоо бүхий парламентын засаглалд шилжсэн юм. Ийм учраас тэр үеийн УИХ-ын гишүүдэд шинэ Үндсэн хуульд нийцүүлэн нийгмийн харилцааны бүх суурь хуулиудыг өөрчлөх шаардлага гарч ирсэн л дээ. Тэгээд онцолж хэлэхэд салбарын хуулиудыг аль болох багцаар нь иж бүрэн шинэчлэн батлахыг эрмэлзэж байсан. Би УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж байсан багш хүний хувьд хэлэхэд Боловсролын тухай хуульд гар бие оролцон ажилласан юм. УИХ Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, Дээд боловсролын хууль, Ерөнхий боловсролын хууль гээд багцаар хэлэлцэж байлаа. Байгаль орчны тухай хууль л гэхэд усны, ургамлын хууль гээд арав орчим хуулийг нэг багц болгож тухайн салбарыг иж бүрэн, бүх нэгжийг нь хамарсан эрх зүйн орчин бүрдүүлэх гэж мэрийн ажиллаж байсан юм. Учир нь нэг хууль батлагдсаны дараа нөгөө асуудлуудыг нь зохицуулах эрх зүйн шаардагддаг талтай. Тэгэхээр энэ бүгдийг иж бүрнээр авч үзэх, Засгийн газартай хамтарч ажиллах маш том зорилт анхны УИХ-д байсан. Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа учраас эдийн засгийн салбарын бүх хуулийг эрс шинэчлэх шаардлага гарсан нь мэдээж. Тухайлбал, Төсвийн хууль, Татварын хууль, Гаалийн хуулийг олон улсын нийтлэг жишигт, олон улсын эдийн засгийн харилцаанд нийцсэн суурь хуулиуд батлан гаргахын төлөө ажилласан юм.
-Тухайн үед УИХ хэд хоног хуралдаж байж нэг хууль баталдаг байв. Ямар хуулийг хамгийн удаан хэлэлцэж, маргаан дагуулж байсан бэ?
-Тэр үед ажлын зургаан өдөртэй байлаа. Долоо хоногийн Даваа, Мягмар гарагт голдуу УИХ дахь намын Бүлэг, Байнгын хороодын хурал болно. Тэгээд Лхагва, Пүрэв, Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг, Бямба гарагт Байнгын хороод хуралдах, дутуу үлдсэн хуулийн төслүүд дээр ажиллаж байсан. Гэвч амралтын өдөр ч ажиллах үе олон байсан. Ер нь дунджаар шөнө 22, 23 цагт гэртээ харивал гайгүй эрт ажил тарлаа гэнэ шүү дээ. Ийм цаг хугацаа, ёстой нөгөө бие засах завгүй шахуу ажиллахыг шаардсан он жилүүд байлаа. Жишээ нь Иргэний хуулийг нэг сар хэлэлцэж байсан түүхтэй. Тэр олон зүйл заалтыг нэг бүрчлэн хэлэлцэнэ. Хуулийн хэмжээ, хамарч байгаа хүрээ гээд бүх зүйлээс шалтгаалан хэлэлцэж байсан. Иймд нэг хуулийг төдөн хоног хэлэлцэнэ гэсэн асуудал байхгүй юм. УИХ-ын гишүүд бие биенээсээ суралцана. Яагаад гэвэл төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байна шүү дээ. УИХ-ын гишүүд хууль бүр дээр биечлэн сууж ажиллана. Зүгээр нэг чуулганы танхимд, Байнгын хороо, Бүлгийн хурал дээр яриад орхидоггүй байсан. Ялангуяа хуульч гишүүд ямар ч хууль дээр гардан сууна. Бусад хуулиудтай хэр зэрэг нийцэж, зохицож байгааг нягтлан харна. Бас үг үсэг, утга найруулгыг нь нэг бүрчлэн үздэг, уншдаг байлаа. Ялангуяа Б.Чимид гуай аль ч салбарын ямар ч хуулийг их няхуур авч үзнэ. Хэлэлцэж байгаад хэрэв гацаанд орлоо гэхэд түүнээс гаргах тал дээр ажиллана. Яагаад гэвэл нэг хуулийн заалт нөгөө хуулийн заалттай зөрчилдөж болохгүй шүү дээ. Энэ нарийн зүйлийг гайхалтай олж хардаг хуульч байсан юм. Нэг танхимд сууж байхад Б.Чимид, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Шаравдорж, Ж.Бямбадорж зэрэг хуульчгүйгээр УИХ цаашид явахааргүй юм шиг сэтгэгдэл төрдөг байлаа. Эдийн засгийн асуудлууд дээр ч адилхан. Эдийн засагч гишүүдгүйгээр УИХ яаж ажиллах юм бол гэсэн бодол төрнө шүү дээ.
-Тэгэхээр тухайн үед УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх, хуралдаа суух идэвх их өндөр байж гэж ойлголоо. Таны хувьд бие даан санаачилсан хуулийн төслүүд бий юу?
-Миний хувьд УИХ-д 1994-1996 онд нөхөж орсон юм. УИХ-аар хэлэлцэж байгаа бүхий л хуулийн төсөлд гишүүд идэвхтэй, жигд оролцоод явдаг байсан. Хууль санаачилна гэдэг бол харьцангуй ойлголт. Жишээ нь би нэг хууль санаачилсан гэж бодъё л доо. Тэр нь нэг өгүүлбэр байх ч тохиолдол бий шүү дээ. Нэгдүгээрт их том том хуулиуд хэлэлцэж байсан учраас 1992-1996 оны УИХ-ын гишүүд цаг наргүй ажиллаж ирсэн. Хоёрдугаарт, энэ УИХ-ын гишүүдэд ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй байсан юм. Нэг ч гишүүн нь ямар ч асуудалд нэр холбогдож байгаагүй. Тухайн үед УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүн хуралдаа ирж байж ирц бүрдлээ гэж үздэг байсан. Эдгээр гишүүний олонхоор хууль баталж хүчин төгөлдөр болно. Тэгвэл 1999-2000 онд Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар УИХ-ын гишүүдийн ирцийг 39 болгосон түүхтэй. Уг өөрчлөлт Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үүргийг унагасан юм.
-Та УИХ-ын 1996 оны сонгуулиар нэр дэвшээгүй. Тухайн үеийн Гэгээрлийн яам, одоогоор Боловсрол, Шинжлэх ухааны яаманд олон жил ажилласан хүн. Өнөөдөр боловсролын салбарын хуулийг шинэчлэх асуудал яригдаж байна. Энэ салбарын хууль эрх зүйн орчин ямар хэмжээнд байна. Олон улсын жишигт нийцэж чадаж байна уу?
-Харин тийм, хүн хаана байхаа мэдрэх учиртай гэж бодож явдаг. Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан олон хүн дахин нэр дэвшээгүй. Тэгээд Гэгээрлийн яаманд очиж ажиллаад бараг өнөөдрийг хүрлээ /инээв/. Боловсролын багц хуулийг 1995 онд УИХ баталсан. Энэ хуулиар хэд хэдэн зүйлийг олон улсын түгээмэл зарчим буюу жишигт нийцүүлсэн гэж хэлж болно. Үүнээс хойш Боловсролын гурван гол хуульд маш олон удаа нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн. Өнөөдөр хүртэл Боловсролын хуулийг шинэчлэхээр ярилцаж байна. Гэхдээ дандаа дордуулсан байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын боловсролын үндэсний стандарт байхгүй болсон нь харамсалтай. Уг нь туурга тусгаар улсын үндэсний бодлогын нэг том хэсэг нь боловсролын үндэсний тогтолцоо байдаг. Хүүхэд ямар хэл дээр хичээллэх, ямар хэлийг нэгдүгээр гадаад хэл үзэх, энэ сонгосон хүүхдэд хэдэн наснаас, хэддүгээр ангиас эхэлж заах вэ гээд асуудал бий. Мөн ямар түүх судлах, ямар уран зохиол унших зэрэг нь их чухал. Зүгээр байгалийн ухааны хичээлүүд улс орон бүрт харьцангуй нийтлэг байдаг. Яагаад гэвэл Англи математик, Америк математик гэж байдаггүй шүү дээ. Математик л бол математик юм. Хими, биологи, физик бүгд адилхан. Байгалийн шинжлэх ухаан бол дэлхий даяар нэг л зүйл байдаг. Гэтэл монгол хүнийг яаж төлөвшүүлэх, үндэсний бахархал юу байх, эх орондоо хайртай иргэн болж хүмүүжих зэрэг асуудлыг Боловсролын хууль нь зохицуулна.
-Тэгвэл өнөөдөр боловсролын салбарт реформ хийх ёстой гэж ярих болсон. Одоо яриад байгаа боловсролын салбарын хуулийн төслийг та хэрхэн харж байна вэ?
-Одоо яриад байгаа хуулийн төслийг харвал ийм боломж байхгүй. Боловсролын салбарт реформ хийх шаардлага ч байхгүй. Бид өмнө Зөвлөлт холбоот улсын боловсролын системийг авч, хэрэглэж байсан. Энэ айлыг дагаад хүүхэд найман настай сургуульд ордог, 10 жилийн хугацаанд суралцдаг, эхний дөрвөн жил нь бага, дараагийн зургаан анги нь дунд боловсрол эзэмшдэг байсан. Өнөөдөр ОХУ-д хүүхэд долоон настай сургуульд орж 11 жил суралцаад 18 настай ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Боловсролын тогтолцоо нь шинжлэх ухаанд суурилсан буюу академик сургалттай. Нэг ёсондоо шинжлэх ухааны мэдлэг түлхүү олгодог гэсэн үг. Үүн дээрээ тулгуурлаад цаашдаа задарч хөгжөөд явдаг. Тэгвэл манай улсад хүүхэд зургаан настай сургуульд ороод 12 жил суралцаад 18 настай төгсөж байна. Энэ нь америк маягийн боловсролын тогтолцоо. Уг тогтолцоо насныхаа хувьд монголын орчинд зохицохгүй юм. Нийслэл болон төв суурин газарт амьдардаг хүүхэд эцэг эхийнхээ дэргэд сурч боловсорч болж байна. Харин хөдөө орон нутгийн малчдын зургаан настай хүүхэд сурч боловсроход төвөгтэй. Сургуулийн дотуур байрт ганцаараа байж чадахгүй. Учир нь эцэг, эхийнхээ өврөөс бараг гараагүй хүүхэд шүү дээ. Тэгээд хүүхдээ хараад ээж нь төв суурин, сумын төв барааддаг. Аав нь хөдөө хэдэн малтайгаа үлддэг болсон. Зөвхөн үүнээс шалтгаалж өч төчнөөн гэр бүл салж сарнисан асуудал гарч байгаа юм. Иймд боловсролын салбарт хийх шинэчлэлийг олон талаас нь авч үзэж буурь, суурьтай хандаж хийх ёстой.
-Тэгэхээр манай улс боловсролын ямар тогтолцоотой байх, хүүхэд хэдэн наснаас сургуульд орох нь зохистой гэж та үзэж байгаа юм бэ?
-Одоо яригдаж байгаа боловсролын хуулийн төсөлд хүүхэд бас л зургаан настайдаа сургуульд орох тогтолцоотой л явж байна. Хэрэв хүүхэд зургаан настай сургуульд орвол 12 жил сурахаас өөр арга байхгүй. Ийм тогтолцоонд шилжээд нэлээд хэдэн жил болчихлоо. Долоон настай сургуульд орвол 11 жил сурна. Тэгэхээр дахиад Оросын боловсролын тогтолцоонд орох гээд байгаа биз дээ. Тэгэхээр одоо ярьж байгаа хуулиар ядахдаа ганц асуудал шийдэх ёстой гэж харж байгаа.
Тэр нь Монгол Улс боловсролын үндэсний стандарттай болох явдал юм. Стандарт байх юм бол аливаа асуудлыг хэмжих боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл бичгийн цаас тал талдаа ямар хэмжээтэй байдаг билээ дээ. Түүнийг л стандарт гэдэг. Гэтэл бичгийн цаас стандартгүй, дур дураараа хийх юм бол чинийх далбагар, минийх жижигхэн болно биз дээ. Тэгэхээр боловсролын үндэсний стандартгүй болж байгаа явдал нь Монголын эмгэнэл гэж хэлж болно.
-Таны үзэж буйгаар ямар стандарттай байх ёстой юм бэ?
-Монголын ахуй, аж амьдралд зохицсон стандарт байх ёстой. Байгалийн ухааны хичээлүүд дэлхий нийтийн жишигт ойрхон байж болно. Тодруулбал, нэгдүгээр ангид сурч байгаа Англи, Америк, Япон, Оросын хүүхэд ямар тоо бодож байна түүнтэй адил байх ёстой. Тэр хүүхдүүд есдүгээр ангид ямар физик үзэж байна бас ойролцоо л явж байх учиртай. Үүнийг олон улсын стандартад нийцүүлнэ гэж байгаа юм. Ийм учраас Монгол Улсад хүүхдэд орж буй нийгмийн ухааны хичээлүүд нь үндэсний, байгалийн ухааны хичээлүүд нь олон улсын стандарт нийцэх учиртай юм. Ийм стандарттай байсан цагт Монгол Улсын боловсролын салбар нэлээд цэгцэрнэ. Гэтэл одоо өргөн барьсан Боловсролын хуулийн төсөлд дээрх зүйл алга.
-Ялангуяа бага ангийн хүүхэдтэй эцэг, эхүүд “Хүүхдийн цүнх хүнд байна” далбайсан том олон ширхэг сурах бичигтэй болсон гэдэг асуудал тавьдаг л даа?
-Энэ үнэн. Жишээлбэл би тавдугаар ангийн зээгийнхээ цүнхийг бараг даадаггүй. Гэтэл сурах бичиг далбагар том болсон. Үүнээс гадна нэг хичээлийн үндсэн сурах бичгээ дагаад хэрэглэгдэхүүн нь олширсон. Энэ бол төвөгтэй. Уг нь хүүхэд хэдэн насандаа хэдэн кг ачаа үүрч явах гэдэг нь маш нарийн асуудал юм. Боловсролын тогтвортой стандарттай болсон цагт хүүхдийн цүнхний асуудлыг шийдэж болно. Жишээ нь нэгдүгээр ангийн цагаан толгой хэдэн гр байх ёстой гээд гараад ирнэ. Ийм учраас хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, оюуны ухааны хөгжил бүгдэд нь нийцсэн үндэсний стандарт чухал байгаа юм. Би 1962 онд нэгдүгээр ангид орсон. Тэр үед хоёр гол номтой л байсан. Цагаан толгой, тооны ном шүү дээ. Тэгээд хоёр дэвтэртэй хичээлийн бусад хэрэглэгдэхүүнтэй явна. Цүнх, ачаа хүнддэнэ гэдэг асуудал байгаагүй. Энэ бүгд нь боловсролын салбарт маш их асуудал хуримтлагдсаны илрэл юм.
Үүнээс гадна хувийн сургуулийн сургалтын төлбөрийг аваад үзье. Зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдэд сургалтын төлбөрийн 10 сая төгрөг хаана яаж шингэж байна вэ гэдэг асуудал бас бий. Яагаад хувийн сургуулиудын хэмжээ хязгааргүй өндөр төлбөрийг зохицуулах механизм алга байна вэ. Энд эцэг эхийн оролцоо яагаад байж болохгүй гэж. Тэд хэрэглэгч биз дээ. Монгол Улсад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын хувийн сургуулийн хамгийн өндөр төлбөр жилд бараг 50 сая төгрөгт хүрлээ. Гэтэл дээд боловсролын хамгийн өндөр төлбөр таван сая төгрөг байна. Энэ бүгдийг хуулиар зохицуулах ёстой юм. Хуулиар зохицуулах хамгийн гол хөшүүрэг нь миний яриад байгаа өнөө стандарт шүү дээ. Дахин хэлэхэд боловсролын үндэсний стандаргүй болсон явдал нь хэмжээ хязгааргүй сургалтын төлбөрийг дэмжиж байгаа юм. Үүнээс гадна Кембриж мэтийн гадаадын сургалтын хөтөлбөр оруулж ирсэн. Яагаад танайх ийм өндөр төлбөртэй юм бэ гэхээр манайх Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гэдэг. Гэтэл тэр сургуульд Кемберижийн хөтөлбөрийн үнэр ч байхгүй. За яах вэ, заримд нь математикийн англи хэл энэ тэр гэсэн нэмэлт хичээл байж магадгүй. Тэгвэл үндэсний стандартаа авч хаячхаад гадаадын стандартыг шүтээд, түүндээ асар өндөр үнэлгээ тогтоогоод явж байгаа нь боловсролын салбарт хэрэгжиж буй луйвар, хуйвалдаан юм. Ингээд боловсролын ялгавартай байдал үүсч байна.
-Тэгэхээр хувийн сургуулиудад хэмжээ, хязгаар тогтоох нь ёстой болж байна уу?
-Хувийн маш сургалттай сургуулиуд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хувийн сургуулиуд нь улсынхаа боловсролын системийг тэр чигт нь унагасан. Хувийн сургуулиуд сайн багш нарт улсын сургуулийн төсвөөс өгч буй цалингаас илүү цалин өгч байна. Өөрийгөө худалдаж амьдардаг нийгэм тул хэн ч л гэсэн өндөр цалин өгч байгаа газарт очно шүү дээ. Ялангуяа, өнөөдөр нэг сонин зураг гараад ирсэн. Төрийн өмчийн хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид илүү сайн сурлагатай болсон. Учир нь тэнд хувийн сургуул бараг байхгүй. Байлаа гэхэд өндөр төлбөртэй сурах хүүхэд олдохгүй. Иймд багш нар нь үндсэн сургуульдаа ажиллаж байгаа юм. Тэгвэл Улаанбаатарын сургуулиудын сайн багш нарыг хувийн сургуулиуд мөнгө амлаад авчихсан. Ингээд төрийн өмчийн сургуульд шинэ залуу, яах аргаггүй эндээс тэтгэвэртээ гарна гэсэн хэдэн багш үлдсэн гэж хэлж болно. Энэ Монгол Улсын боловсролын системийг нийтэд нь доош татаж буй дүр зураг юм. манай боловсролын салбар ийм эмгэнэлтэй байдалд орчихлоо. Тэгэхээр байнгын ажиллагаатай парламенттай манай улс боловсролын салбарын энэ гажуудлаа хуулиар л засах ёстой гэж харж байна.
-Одоо шинэчлэхээр ярьж буй Боловсролын хуулийн төсөлд тус салбарын ажилчид, судлаач, эрдэмтдээс санал авсан уу?
-Санал авдаг юм шиг байгаа юм. Санал авсан уу гэдэг асуудал яах аргаггүй гарч ирнэ л дээ. Гэхдээ тэр саналыг хэнээс авах уу гэдэг нь их сонин. Жишээ нь одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал авна л гэж байна. Тэгээд Үндсэн хууль насаараа судалж буй хүмүүсийн саналыг авдаггүй. Торгон дээлтэй хүмүүсийг хоёр өдөр цуглуулж суулгаад саналыг нь авсан гэдэг тал бий. Гэтэл тэд нар нь Үндсэн хуулиа бүрэн уншсан эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Боловсролын хууль дээр бас л ийм. Гэтэл манай улс Боловсрол судлалын бүхэл бүтэн хүрээлэнтэй. Энэ салбарт насаараа ажиллаж байгаа багш нартай. Манай улсад Боловсролын их сургууль гээд багш бэлтгэдэг мэргэжлийн их сургууль нь байна. Боловсролын систем өөрөө сургуулийн өмнөх, бага, дунд, дээд, мэргэжлийнх гээд олон салбартай. Эдгээрт ажиллаж байгаа багш нараас Боловсролын хуулийн төслөөр санал асуусан нь маш цөөн. Гэхдээ санал авсан гээд хэдэн мянган хүний нэр хэлчихдэг талтай. Тэгээд хэдхэн хүн өөрийн эрх ашигт нийцүүлж хууль хийдэг нь харамсалтай. Энэ бол Монголын бас нэг том эмгэнэл.
-Та яриандаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар дурдлаа. Үндсэн хуулиа өөрчлөөд гурван жил шахуу болоогүй байхад дахиад өөрчлөх тухай ярилаа гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монголын шинэ Үндсэн хууль 30 жилийн настай. Гэтэл гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулна гээд ярих боллоо. Тэр нь 300 гаруй жилийн настай АНУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай бараг тэнцүү шахуу асуудал ярьж байх жишээтэй. Үндсэн хууль тогтворгүй байх нь нийгмийн харилцаа тогтворгүй байх гол шалтгаан юм. Гэхдээ болохгүй бол өөрчлөхөөс өөр арга байхгүй. Үндсэн хууль тойрсон асуудлыг яах аргаггүй эргэж харах ёстой. Үндсэн хуулийн зөрчил төрийн эрх мэдэл хуваарилах асуудлаас үүдэлтэй.
Энэ зарчим алдагдсан. 1992 оны Үндсэн хууль төгс сайн болж чадаагүй. Анхны УИХ 1992 онд Засгийн газраа байгуулахаас эхлээд УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдын алба хашиж болох юм уу гэдэг асуудал дээр очоод л гацсан. Учир нь Үндсэн хуульдаа “УИХ-ын гишүүн багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхээс бусад ажил хавсарч хийж болохгүй” гээд заачихсан. Гэтэл намууд УИХ-ын сонгуульд ялахын тулд гайгүй гэсэн хүмүүсээ нэр дэвшүүлчихдэг. Нөгөөдүүл нь УИХ-д сонгогддог. Нэг танхимтай парламентын засаглал сонгосон ч парламентын гишүүн нь Засгийн газарт давхар алба хашиж болохгүй гэдгийг Үндсэн хуульдаа хаачихсан. Дараа нь 2000 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүн Засгийн газарт алба хашиж болно гэсэн юм. Гэтэл УИХ-ын гишүүдээс 15, 16 нь Засгийн газарт ороод ажилладаг болсон. Ингээд энд нь УИХ хүчгүйдээд тэнд нь Засгийн газар толгой дээр нь гараад энэ харьцаа нь бас болж өгөөгүй. Үүнээс хойш 2019 онд Үндсэн хуульд дахиад өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт ажиллаж болно гээд таван хүнээр хязгаарласан. Гэтэл тав, зургаа дахь нөхөр би яахаараа сайд болж болохгүй гэсэн асуудал гарч ирсэн. Иймд Үндсэн хуулийн хямралыг өдөөж, зохион байгуулж байгаа хүмүүс нь УИХ-ын гишүүд. Одоо чухам ямар өөрчлөлт хийх юм бүү мэд. Аливаа асуудлыг шийдэхдээ олон улсын жишиг буюу туршигдаад баталгаажсан асуудлыг авч үзэх ёстой. Парламентын засаглал сонгосон тохиолдолд нэг танхимтай, эсвэл хоёр танхимтай байх зүйл байдаг. Монгол Улс Богд хаантай байх үед дээд, доод парламенттай байсан. Дээд танхим нь угсаа залгамжилсан ван, гүнгээс бүрдэнэ. Доод танхимд нь жанжин Д.Сүхбаатар гишүүнээр ажиллаж байсан түүхтэй. Ард түмний төлөөлөл орсон байна шүү дээ. Тэгээд хаантай. Гүйцэтгэх засаглалд нь Богд хааны томилсон гишүүдтэй, таван яамтай байсан. Үүнээс хойш 1990 онд Ардын Их Хуралтай /АИХ/, АИХ-аас томилон Улсын Бага Хурлын /УБХ/ гишүүдтэй байлаа. УБХ-ын гишүүд нь хууль тогтоох засаглалд ажиллана. АИХ-аас томилсон Засгийн газар гүйцэтгэх ажлаа л хийнэ. Тэр УБХ-ын гишүүдээс “Би Засгийн газарт орж ажиллая” гэж нэг ч хүн гүйгээгүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн ажил үүрэг тодорхой байна шүү дээ. Ийм ийм асуудлаас шалтгаалж Үндсэн хуулийн хямрал, түүнийг өөрчлөх хэмжээнд хүрч байна. Үүнийг л засаглалын хомсдол хямрал гэж нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: “Монголын мэдээ” 2022.06.27 /дугаар 085/5657/