Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
–Өнгөрсөн сард УИХ 2023 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж эдийн засаг амаргүй байх хандлагатай байгаа ирэх оны хувьд төсвийн бодлого нь Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлоготой хэр уялдаатай батлагдаж чадсан гэж үзэж байна вэ. Тодруулбал, эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнгээ мөнгөний бодлогод дэмжлэг болж чадах уу?
-Асуудлын шалтгаан нь манай эдийн засаг цар тахлын сөрөг цохилтоос гарч амжаагүй байхад жил хагасын өмнөөс БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого болон энэ оны эхнээс геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдсэн нөлөөнд өртсөн. Үр дагавар нь валютын урсгалд цэвэр дүнгээрээ доголдол үүсч, улмаар дотоод идэвхжлийн валютын эрэлтийг хангахад хүндрэл учирч байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцлийн хүндрэл үүссэн. Гэтэл хүндрэлийн шалтгаан нь шийдэгдээгүй байгаа үед гадаад тэнцэлтэйгээ уялдсан байдлаар дотоод идэвхжилээ тохируулах хэрэгтэй. Ирэх оны батлагдсан дүнгээр төсвийн зардал 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 38 хувьд хүрэхээр байна. Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын төлөв хатуурч буй үед дотоод эрэлтийг дэмжиж, импортыг урамшуулж, ханшийн дарамтыг нэмэгдүүлж, гадаад төлбөрийн чадварыг бууруулах, инфляцыг өдөөх, мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй гэж харж байна. Үүний зэрэгцээ төсвийн тэнцвэржүүлсэн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 орчим хувь гэдэг бол гадаад орчин муудаж байгаа үед эрсдэлтэй. Хэрэв төсвийн орлого батлагдсан дүнгээс дутвал төсвийн алдагдал хүлээлтээс өндөр гарах, түүнтэй холбоотой алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн асуудал үүсч болзошгүй. Энэ нь бизнест шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрт сөргөөр нөлөөлнө.
–Монгол Улсын ГВАН буурсан энэ үед гадаад валютын гадагшаа чиглэх урсгалийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих нь нэн чухал болж байна. Үүнд онцгой анхаарч энэ талаар мөнгөний бодлогод тусгасан гэж ойлгож байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Ирэх онд эдийн засагт үүсч болзошгүй гол эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогуудын зорилтыг ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тодорхойлж, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрээс нэн чухал зорилт болох гадаад төлбөрийн чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр үндсэндээ 3 зорилт тодорхойлж, тусгасан. Үүнд богино хугацаандаа хэрэгжүүлэх боломжтой гарах урсгалыг бууруулах чиглэлд бодлогыг хатууруулах, орох урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дунд хугацаанд уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бодлого боловсруулагчид анхаарч энэ чиглэлд хувийн секторыг дэмжих, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай. Энэ чиглэлээр яриа хэлэлцээрүүд олон улсын байгууллагуудтай эхэлсэн байна.
–Оны өдий үед ихэнх хувийн хэвшил ирэх оны бизнес төлөвлөгөөг гаргаж байгаа. Тэдний хувьд нэг анхаарах чухал асуудал нь ирэх оны бодлогын хүү болж байгаа болов уу. Цаашид бодлогын хүүг нэмэх төсөөлөл хэр их байна вэ? Мөнгөний бодлогыг хатууруулахгүйгээр бусад бодлогын ямар тохиргоо, зохион байгуулалтыг хийх вэ?
-Мөнгөний бодлого нь дангаар эдийн засгийг тогтворжуулах бололцоогүй бөгөөд ингэх гэж оролдвол хувийн секторт их дарамттай байх болно. Мөнгөний бодлогын санал нь инфляц, эдийн засгийн өсөлтийн төлвийг харгалзан шийдвэр гаргадаг. Манай эдийн засгийн идэвхжилд гадаад, дотоод орчны төлөв, цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдал, тухайлбал, банк санхүүгийн төлөв, төсвийн бодлого, экспорт, импортийн эрэлт болон үнэ, гадаад хүү гэх мэт хүчин зүйлсийг харгалзан үздэг. Сүүлийн үед олон улсын харилцааны нөхцөл байдал маш том харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон импортын шалтгаанаар өссөн инфляцтай мөнгөний бодлогын хүүг өсгөж тэмцэх нь угтаа эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөөтэй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ үнийн өсөлт олон бараа, бүтээгдэхүүнийг хамарч, эрчимжих эрсдэл байгаа учраас түүнийг дунд хугацаанд ужгируулахгүй байх зорилгоор бодлогыг чангаруулахаас өөр сонголт бидэнд үлдээгүй. Монголбанкны төсөөллөөр инфляц ирэх онд нэг оронтой тоонд орох хүлээлт байгаа боловч энэ нь зорилтоос өндөр юм. Мөн гадаад хүү өсөж, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлж, төсвийн зардал өндөр байгаа одоогийн нөхцөлд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг хамгаалах шаардлага хэвээр байна. Нөгөө талаас, зээл, санхүүжилтийн нөхцлүүд хурдтай чангарах нь бизнес эрхлэгчдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээл, санхүүжилт татах боломжийг хязгаарлах, улмаар эдийн засгийн үйл ажиллагааг хумьж, өсөлтийг улам муутгах эрсдэлтэйг байнга харгалзан үзэж байна.
-Харин иргэдийн хувьд инфляцын өндөр түвшин хамгийн тулгамдсан асуудал болж байна. Аравдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 14.5 хувь байна. 2023 онд инфляцыг Монголбанкнаас дэвшүүлсэн зорилтот түвшинд (6+/-2) хүргэхэд ямар эрсдэл (гадаад болон дотоод) хамгийн их саад болно гэж үзэж байна вэ?
-Инфляц бол бодит орлогыг бууруулдаг, бизнесийн идэвхжилийг сулруулдаг. Үнийн өсөлт дэлхийн нийтийг хамарч, олон оронд сүүлийн хэдэн 10 жилд ажиглагдаагүй өндөр инфляц бий болж байна. Энэ нөхцөл байдал манай улсад ч илэрч инфляц зорилтыг даваад байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц сүүлийн саруудад инфляц буурах трендтэй болж, 13% болсон боловч 10-11-р саруудын гурилын үнийн өсөлтөөс шалтгаалан 14.5%-д хүрч эргэн өссөн. Гэхдээ энэ нь 6-р сарын байдлаарх оргил үеэс 2.4 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Цаашид цахилгааны үнийн чөлөөлөлт ч инфляцад нөлөөлөхөөр байна. Манай улсын нийт инфляцын талаас илүү хэсгийг тээврийн зардал, тээврийн саатал, нийлүүлэлт доголдол, импортын барааний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн шууд нөлөө бүрдүүлж байгаа тул худалдааны түнш орнуудын инфляц буурах нь маш чухал. Сүүлийн улирлын байдлаар зарим эдийн засгуудад инфяц буурах, тээврийн зардал буурах, тээврийн доголдол багасах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь инфляцыг бууруулах хатуу бодлогод дэмжлэг болохоор байна. Улмаар ирэх оны сүүл, 2024 оны эхээр инфляц төв банкны зорилтын интервалд хүрч буурах хүлээлт байгаа хэдий ч үүнд дээр дурьдсан хүчин зүйлүүд болох мөнгөний бодлогын үр нөлөө, тээвэр, түүний зардал, нийлүүлэлтийн хангамж, шатахууны үнэ, цалингийн өсөлт, төсвийн зардал, валютын ханш зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.
-Нүүрсний экспортын хэмжээ сүүлийн хоёр сард нэмэгдсэн, БНХАУ-д тэг ковид бодлогын эсрэг тэмцэл гарч эхэлсэн зэрэг шинэ мэдээлэл сүүлийн үед гарлаа. Энэ бүхэн удахгүй болох Монголбанкны мөнгөний бодлогын хурлаас гарах шийдвэрт ямар нөлөө үзүүлж болох вэ?
-Энэ оны эхний хагаст зогсонги байсан нүүрсний экспорт 7-р сараас эрчимжиж, оны эхний 11 сарын байдлаар 27 сая тонн нүүрс экспортлоод байна. Мэдээж нүүрсний экспортын хэмжээ сайн байгаа нь валютын орох урсгалд томоохон дэмжлэг болж байгаа хэдий ч урсгал тэнцлийн алдагдлыг нөхөхөд хангалтгүй хэвээр байна. Мөн нүүрсний орлого бодитоор хэр хэмжээнд орж ирж байна вэ гэдэг нь чухал асуудал юм. Гаалийн мэдээ болон төлбөрийн тэнцлийн мэдээллийн хоорондын зөрүү 2 тэрбум орчим ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, дотоод эдийн засагт хэрэглэгдэх ийм хэмжээний валют, нүүрсний орлого замын дундаас өөр зүйлд зарцуулагдаж байгаа нь эдийн засагт, валютын ханшид савлагаа үүсэх шалтгаан болж байна. Хэдийгээр, БНХАУ-д “Тэг-Ковид” бодлогыг сулруулж эхлэх хүлээлт байгаа боловч тус улсад ковидын тохиолдол огцом нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлын асуудал томоохон сорилт болохоор байна. Эдгээрийг харгалзан олон улсын шинжээчид “Тэг-Ковид” бодлогод ойрын хугацаанд гэнэтийн өөрчлөлт орохгүй гэж таамаглаж байна. Товчхондоо манай улсын төлбөрийн тэнцлийн хувьд ч, урд хөршийн “Тэг-Ковид” бодлогын хувьд ч ойрын хугацаанд томоохон тохируулга хийгдэхээргүй байгаа учраас энэ сарын Мөнгөний бодлогын хорооны шийдвэрт эдгээр хүчин зүйлс төдийлөн нөлөөлөхгүй болов уу гэж харж байна.
/Эх сурвалж: mongolianeconomy.mn/